АНУ, Хойд Солонгосын дээд хэмжээний уулзалтаас хойш харилцаанд нь ахиц гараагүй

Улс төр


Солонгосын хойгийн асуудал эсрэгээр шийдэгдвэл Зүүн хойд Азийн хөгжил улам хурдасна​


Ирэх сард Энх тайвны Нобелийн шагналыг 1985 онд хүртсэн “Олон улсын эмч нар цөмийн дайны эсрэг хөдөлгөөн”-ий Зүүн хойд Азийн салбарын ээлжит хурал Улаанбаатарт болох юм. Тус хуралд гадаадын 70 орчим төлөөлөгч оролцохын зэрэгцээ Умард Солонгосын дайныг эсэргүүцсэн Солонгосын энх тайвны байгууллагын гурван төлөөлөгч оролцоно. “Цэнхэр сүлд” ТББ энэ хурлыг “Монголын эмч нар цөмийн дайны эсрэг хөдөлгөөн” ТББ-тай хамтран зохион байгуулж буй. Солонгосын хойгт явуулж байгаа АНУ-ын бодлого хийгээд хоёр Солонгосын харилцаанд Монгол Улс ямар оролцоотой байх талаар “Цэнхэр сүлд” ТББ-ын гүйцэтгэх захирал, гавьяат хуульч, дипломатч Ж.Энхсайхантай ярилцлаа.

-Зүүн хойд Азийн асуудал, ялангуяа БНАСАУ-тай харилцах Өмнөд Солонгосын харилцаа сүүлийн үед дэлхий нийтийн анхаарлын төвд байна. Хоёр улсын харилцааны өнөөгийн байдлыг та хэрхэн дүгнэж байна вэ?

- Ноднин жил Умард Солонгос, АНУ-ын эсрэг цөмийн зэвсгээр далайлгаж байлаа. Ким Жон Ун шинэ жилийнхээ илгээлтэд Хойд Солонгосыг нэгэнт өөрийгөө бүрэн хамгаалж чадах цөмийн зэвсэгтэй болсон тул цаашид эдийн засгаа хөгжүүлэхэд анхаарах болно гэж мэдэгдсэн. Мөн энэ оны эхээр хоёр Солонгосын цэргийн сөргөлдөөнийг намжаах хэрэгтэй хэмээн тамирчдаа Өмнөд Солонгосын Пёнчаны өвлийн олимпын тоглолтод оруулахад бэлэн байгаагаа мэдэгдсэн. Хоёр Солонгосын харилцааг хэвийн болгоход анхаарч ажиллах зорилт дэвшүүлсэн Өмнөд Солонгосын шинээр сонгогдсон Ерөнхийлөгч Мун Жэ Ин тэрхүү санаачилгыг нь дэмжиж, хоёр Солонгос нэгдсэн нэг баг болж оролцсоноор харилцаанд хийхийн зэрэгцээ нааштай хандлага гарч эхэллээ. Түүнээс хойш хоёр Солонгосын дээд хэмжээний уулзалт хоёр удаа болж харилцаагаа хэвийн болгох, цаашид хөгжүүлэх талаар ярилцаж тохироод байгаа. Гурав дахь уулзалтаа ирэх сард болохын дээр Ерөнхийлөгч Мун Жэ Ин энэ онд багтаж Хойд Солонгост албан ёсны айлчлал хийхээр тохирсон. Нэг үгээр хэлбэл, хоёр Солонгосын харилцаа хэвийн болж хөгжих түүхэн боломж нээгдэж байна. Энэ нь Хойд Солонгосын цөмийн зэвсгийн асуудлыг эв зүйгээр шийдвэрлэхэд эергээр нөлөөлнө.

-Сүүлийн үед хоёр Солонгос хагацсан иргэдийн уулзалтыг ойрхон хийж байна. Харилцаанд нь хэр үр дүн өгөх вэ?

-Иймэрхүү уулзалтын давтамж нэмэгдвэл мэдээж харилцаанд эергээр нөлөөлнө. Эдгээр уулзалт харилцаа харуулсан нэгэн үзүүлэлт мөн. Шууд хохирогчдын тоо одоо эрс цөөрсөн тул хоёр, гурав дахь үеийнхний уулзалтын тухай яригддаг болж байгаа.

-БНСУ-ын зүгээс БНАСАУ-тай хийх харилцаандаа АНУ-ыг оролцуулалгүй цөмийн зэвсгээс татгалзуулах, Солонгос үндэстнийг нэгтгэх боломж байгаа юу?

-Тийм боломж өнөөгийн нөхцөлд байхгүй. Учир нь Умард Солонгос цөмийн зэвсгээсээ татгалзах асуудлыг гагцхүү АНУ-тай ярилцана гэсэн бодлоготой. Харин тэр хэлэлцээнд нь Өмнөд Солонгос АНУ-ын холбоотон гэдгээр тодорхой хэмжээгээр зуучилж болох талтай. Тиймээс Өмнөд Солонгос аюулгүй байдлын асуудлаар АНУ-тай байр сууриа зохицуулах учиртай бөгөөд АНУ тэгэхийг холбоотнуудаасаа шаарддаг. АНУ Солонгос үндэстнийг нэгдэхийг зарчмын хувьд эсэргүүцдэггүй, гол нь ямар нөхцөл болзлоор болон АНУ-д ямар ашигтай, геостратегийн үр дагавартай хэрхэхийг бодолцоно л доо.

-Саяхан АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп “Ким бид хоёр дахин уулзахаар болсон” гэж мэдэгдлээ. Д.Трампын Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй бүс болгох ажил хэр урагштай байна вэ?

-АНУ, Умард Солонгосын дээд хэмжээний анхны уулзалтаас талууд Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулахын төлөө ажиллана гэж тохирсон. Харин түүнийхээ агуулгын талаар тохиролцоонд хүрээгүй, хүрэх ч боломжгүй байсан. Түүнээс хойш өндөр болон экспертийн хэмжээнд хэд хэдэн удаа уулзсан ч ямар ч ахиц гараагүй байна. АНУ-ын Ерөнхийлөгч Трамп энэ асуудлыг холбоотнууддаа дарамт шахалт үзүүлэх, тэр ч байтугай АНУ-ын дотоод бодлогодоо ашиглах, тухайлбал өөрийг нь тойрсон зарим асуудлаас анхаарлыг нь сарниулахад ашиглаж байхыг үгүйсгэхгүй. Мөн Умард Солонгос цөмийн зэвсгээсээ бүрмөсөн татгалзана гэдэгт итгэх хүн тун ховор байгаа. Зэвсгийнхээ зарим нэг хэсгийг хорогдууллаа гэж бодоход АНУ, түүний холбоотнууд түүний хариуд нь Умард Солонгост ашигтай ямар буулт хийх вэ гэсэн асуулт гарч ирнэ. Мөн түүний эсрэг авч ирсэн эдийн засгийн хоригийг цуцлах, хоёр тал буулт хийхээр тохирвол тэр нь ямар шатлалтай байх вэ гэсэн олон асуулт гарна. Яриа хэлэлцээ эхлэлийн шатандаа л байна. АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Помпейн энэ долоо хоногт Пхеньянд хийх ажлын айлчлал цуцлагдсан гэж дуулсан, түүнээс үзэхэд яриа хэлэлцээг жинхэнэ ёсоор эхлүүлэхэд ч хэцүү байгаа нь тодорхой. Яриа хэлэлцээг эхлүүлэхэд зарим бусад улс орны оролцоо, нөлөө чухал, тухайлбал Өмнөд Солонгос болон Хятадынх.

Улаанбаатарт болсон Солонгосын нэгдлийг хангах олон улсын хурал үр дүнгээ өгсөн
-Ер нь БНАСАУ-ыг Кимийн удирдлагаас салгалгүйгээр цөмийн зэвсэггүй болгох боломж бий юу?

-Энэ асуулт бол таамаглалд багтах асуудал юм. АНУ энэ асуултад ерөнхийдөө хариугаа өгсөн гэж хэлж болно. Сингапурын дээд хэмжээний уулзалт болохоос өмнө АНУ Кимийн дэглэмийг янз бүрээр муулж шүүмжилж байсан. Дээд хэмжээнд уулзахдаа Кимийн дэглэмийг угтаа хүлээн зөвшөөрсний дээр Д.Трамп Ким Жон Уныг өөрийг нь маш их магтсан. АНУ одоо Кимийн дэглэм байх эсэхийг цөмийн зэвсгийг хураах асуудалтай шууд холбохоо больсон. Гэвч улс төрийн байдал яаж ч эргэж болохыг амьдрал харуулдаг.

-Манай улсад өнгөрсөн хавар “Хурцадмал байдлыг намжааж, итгэлцлийг бэхжүүлэх замаар Солонгосын нэгдлийг хангах нь” сэдэвт олон улсын хурал болсон. Тэр хурлын ач холбогдол үр нөлөө мэдрэгдэж байна уу?

-Ирэх онд Солонгост Японы түрэмгийллийн эсрэг хөдөлгөөн гарсны 100 жилийн ой болно. Улаанбаатарт хийсэн хурал тэрхүү 100 жилийн ойг тэмдэглэх хэд хэдэн хурлын эхлэлийг тавьсан. Түүнээс хойш Нагоя, Токио, Осакад мөн хуралдсан. Энэ оныг дуустал Ази, Африк, Латин Америк, АНУ-д бүсийн хэмжээний хурал болно. Улаанбаатарын хурлаас Солонгосын нэгдлийн асуудлаар мэдэгдэл гаргаж дараа дараагийн хуралд оролцогсдод хүргэж байгаа. Гол хэдэн санааг дурдвал ирэх онд тэмдэглэх ойг зөвхөн тэмдэглээд өнгөрүүлэх арга хэмжээ биш харин хоёр Солонгосын нэгдлийн үйл явцыг эхлүүлэх, иргэний нийгмийн чухал арга хэмжээ болгож, түүнд бусад улс орон, НҮБ ч оролцох хэрэгтэй гэж цохон тэмдэглэсэн. Мөн хоёр Солонгосын дээд хэмжээний уулзалтаас гарсан Панмунжоны тунхаглалыг бүрэн дэмжиж байгаа нь төрийн бус байгууллагуудын бараг анхны олон улсын мэдэгдэл байсан. Тэр мэдэгдэлд улс орондоо түүхэн өөрчлөлтийг энхийн аргаар хийсэн монголын туршлагыг зохих ёсоор харгалзахаас эхлээд умардын цөмийн зэвсгийг хураах, Зүүн хойд Азид цөмийн зэвсэггүй бүс байгуулахад Монгол Улс сайн санааны туслалцаа, төвийг сахисан улсынхаа хувьд тодорхой үүрэг гүйцэтгэж болох талаар дурдсан.

-Зүүн хойд Азийг хамарсан эдийн засгийн бүс байгуулах асуудал олон улсын анхаарлыг татаж байна. Манай улс ашиг олох боломжтой юу?

-Зүүн хойд Ази угаасаа маш түргэн хөгжиж байгаа бүс. Энд Хятад, Япон, Өмнөд Солонгос, тэр байтугай эдийн засгийн нэгж гэж тооцогддог Тайвань ч багтаж байгаа. Хэрэв Солонгосын хойгийн улс төрийн асуудал эергээр шийдэгдвэл, хөгжлийн хурдац нь улам нэмэгдэнэ. Тиймээс манай улс энэ бүсэд багтдагийнхаа хувьд өөрийн гэсэн орон зайтай болох хэрэгтэй. Энэ талаар төрийн цэгцтэй бодлого, санаачилгатай үйл ажиллагаа хэрэгтэй байгаа.

-Манай геополитикийн давуу тал Хойд Солонгосоор дайрах төмөр замын болон Бүс ба зам төслөөс бидэнд боломж олгож байна уу?

-Дээр дурдсан төрийн бодлогод энэ асуудал тусгалаа олох хэрэгтэй. Дэд бүтцийг хөгжүүлэх гэсэн Хятадын Бүс ба зам бодлогод манай улс өөрийн гэсэн бодлоготой оролцох нь чухал. Тэр нь хөрш хоёр оронтойгоо харилцаагаа хөгжүүлэх, худалдаа тээврийн үнэ өртгийг бууруулахаас гадна манай улсыг гадаад ертөнцөд гарах, тэгэх тусмаа гуравдагч хөршүүдтэйгээ хамтын ажиллагаагаа өргөжүүлэхэд тун хэрэгтэй. Ер нь судлаачид бид хөрш хоёр орон, мөн гуравдагч орнуудтай харилцахдаа гурвалсан хамтын ажиллагааг хөгжүүлэхэд, өөрөөр хэлбэл ашигтай гэж үзсэн тохиолдолд гуравдагч оронтой хамтрахдаа хөрш орны аль нэгийг нь татаж оролцуулах саналтай байгаа. Тухайлбал, Европын холбооны орнуудтай хамтарч ажиллахдаа Оросыг ямар нэгэн хэлбэрээр татаж оролцуулах хэрэгтэй. Мэдээж хэрэг хамтын ажиллагаа нь аль аль талдаа ашигтай байх тохиолдолд. Крымийн байдлаас болж эдийн засгийн хориг арга хэмжээтэй орос улс түүнийг дэмжинэ гэж үзэж байна. Мөн Япон, АНУ, Өмнөд Солонгос зэрэгтэй хамтарч ажиллахдаа Хятадыг татаж оролцуулах нь транзит тээврээс эхлээд ашигтай. Судлаачид энэхүү саналаа ГХЯ, УИХ-ын байнгын хороонд хүргүүлсэн.

-Монгол-БНАСАУ-ын харилцааны талаар таны үнэлэмж ямар байна вэ?

-Ерөнхийдөө хэвийн хөгжиж буй гэж бодож байна. Би харилцааны асуудлыг тусгайлан хариуцдаггүй болохоор нэмж тодруулж ярих зүйл хомс байна. Миний мэдэхээр БНАСАУ-ын төлөөлөгчид Улаанбаатарын яриа хэлэлцээнд оролцдог. төрийн бус байгууллагуудын шугамаар зарим нэг ажил хийгдэж байгаа. Тухайлбал, Зүүнхойд Азийн аюулгүй байдал, мөн тус бүс нутагт цөмийн зэвсэггүй бүс байгуулах асуудлыг хэлэлцдэг Улаанбаатарын үйл явц хэмээх хуралд Хойд Солонгосын хөдөлмөрийн намын дэргэдэх Солонгосын үндэсний энх тайвны хорооны төлөөлөгчид оролцдог. Энэ жил Улаанбаатарын үйл явцын ээлжит хурлыг Пхеньянд хийлгэх нөхцөл болзол, хугацаа, хэлэлцэх асуудлын талаар ярилцаж байна.
САНАЛ БОЛГОХ