Хүүхдэд “дайн” зарласан улс Монголоос өөр алга

Нийтлэлчийн булан


Хүүхдийн тоглоомын талбайн 80 шахам хувь нь хүүхдийг гэмтээх эрсдэлтэй ​


Дэлхий даяар өдөрт 2270 хүүхэд гэнэтийн ослын улмаас амиа алддаг гэсэн НҮБ-аас гаргасан статистик байна. Энэ тоо жил ирэх тусам нэмэгдсээр байгаа нь харамсалтай. Базаахгүй энэ үзүүлэлтэд цөөхөн хүн амтай монголчууд багагүй хувь нэмэр оруулж байгаа нь бүр ч харамсалтай. Тоон мэдээлэлд анхаарлаа хандуулъя. Зөвхөн 2017 онд 1752 хүүхэд гэмт хэргийн золиос болон хохирч, 187 хүүхэд бэлгийн хүчирхийлэлд өртөж, 128 хүүхэд золгүй байдлаар нас барсан тухай төрийн тэргүүн холбогдох албаныхантай уулзах үеэрээ хэлсэн. 2018 оны эхний зургаан сарын байдлаар ослын улмаас хохирсон хүүхдийн тоо өнгөрсөн жилийн мөн үетэй харьцуулахад 40 хувиар өссөн дүнтэй байна. Мөн оны эхний долоон сарын байдлаар 500 гаруй хүүхэд зам тээврийн осолд өртсөнөөс 24 нь нас барж, 95 хүүхэд хүнд гэмтэл авсан гэх мэт базаахгүй жагсаалтыг бичээд байвал цааш үргэлжилж өгнө. Ялангуяа, өнгөрсөн зуны гурван сар хүүхэд багачуудад тун халгаатай болж өнгөрлөө. 11 настай хүү сургуулийнхаа хөлбөмбөгийн талбайд тоглож байгаад төмөр хаалганд даруулж амиа алдсан бол үүнээс хэдхэн хоногийн дараа есөн настай хүү эмийн сангийн хаалганы тогонд цохиулж, ертөнцийн мөнх бусыг үзүүлсэн.

Мөн нэгэн барилгын гадна ухсан нүхэнд ус дүүрч, түүнд нь нэгэн хүүхэд живсэн бол өөр нэг хүүхэд өндөр барилгаас унаж амиа алдав. Үүнээс гадна хүүхэд усанд живсэн, машинд дайруулсан гэх аймшигт мэдээ өдөр алгасалгүй дуулдах боллоо. Хүн нэмэгдвэл хүнс нэмэгдэнэ гэж бэлгэшээдэг монголчууд хэзээнээс ийм хүүхдэд ээлгүй болчихов оо. Хамгийн харамсалтай нь хүүхдийн золгүй осол, гэнэтийн үхэл цаашид буурна гэх итгэл огт төрөхгүй байна. Муу амлаж байгаа юм биш шүү. Гэхдээ дээрээс өгсөн үүрэг даалгавар шат шатандаа огт хэрэгждэггүй Монголын өнөөгийн байдал ийм гунигтай бодол тээхэд хүргэлээ. Хоёр сарын өмнө Ерөнхийлөгч Х.Баттулга хүүхэд хамгааллын чиглэлээр холбогдох байгууллагуудад үүрэг өгч, түүнийхээ хэрэгжилтийг хэд хоногийн өмнө шалгав. Гэтэл хүрэлцэн ирсэн албан тушаалтнууд нь багшдаа асуугдах гэж байгаа тааруухан оюутнууд шиг дүлэгнэж суусаар гарч одов. Үнэнийг хэлэхэд Ерөнхийлөгчийн хэлж сануулсан ажлуудаас хэрэгжсэн зүйл нэгээхэн ч алга байв. “Ил задгай цахилгааны утсыг аюулгүй болгох ажил юу болсон бэ” гэхэд л хариулж чадахгүй шилээ маажих жишээний.

• Зөвхөн 2017 онд 1752 хүүхэд гэмт хэргийн золиос болон хохирч, 187 хүүхэд бэлгийн хүчирхийлэлд өртөж, 128 хүүхэд золгүй байдлаар нас барсан.
• Төрийн тэргүүний үгийг ийнхүү чихнийхээ хажуугаар өнгөрөөж байгаа нөхөд бусдын шаардлагад яаж хандах нь тодорхой.
• Сургууль, цэцэрлэгийн хичээлийн шинэ жил өнөөдрөөс албан ёсоор эхэлж байна. Энэ бол хүүхдийн аюулгүй байдалд хамгийн их анхаарах ёстой үе.

“Үүрэг өгснөөс хойш ердөө 79 тоглоомын талбайд шалгалт хийжээ. Тэдгээрээс сүүдрэвч хөдөлсөн 15, суурь нь хөдөлсөн 17, аюулгүй байдал хангаагүй тоглоомын талбай зургаа байсан байна. Ядаж энэ зөрчлүүдийг арилгасан уу” гэх асуултад бас л хариулж чадахгүй суув. Төрийн тэргүүний үгийг ийнхүү чихнийхээ хажуугаар өнгөрөөж байгаа нөхөд бусдын шаардлагад яаж хандах нь тодорхой. Хүүхэд гадаа тоглож байгаад тогонд цохиулж нас барсан хэрэг өнгөрсөн зун хоёр ч удаа гарсан. Тухайн үедээ нийгэм тэр чигээрээ шуугисан ч тэгсгээд л мартагдаад өнгөрөв. Одоо цахилгааны утас нь сэрийгээд гарчихсан, хүүхэд байтугай том хүнийг хэзээ л бол хэзээ нөгөө ертөнц рүү илгээчихэж мэдэх утаснууд хаа сайгүй нүдэнд харагддаг. Эцэг, эхчүүд л хий дэмий бухимдаж, аюултай нөхцөл байдлыг сошиал сүлжээгээр зарлаж байгаа харагдах юм. харин мэдээллийн дагуу арга хэмжээ авдаг эсэх нь эргэлзээтэй.

Хүүхэд хамгаалалд ахиц гарахгүй байсаар хичээлийн шинэ жилтэй золголоо
Сургууль, цэцэрлэгийн хичээлийн шинэ жил өнөөдрөөс албан ёсоор эхэлж байна. Энэ бол хүүхдийн аюулгүй байдалд хамгийн их анхаарах ёстой үе. Өнгөрсөн жил л гэхэд наймдугаар сарын 20-ноос есдүгээр сарын 20 хүртэлх ганцхан сарын хугацаанд 11 хүүхэд золгүй байдлаар хорвоогоос одож, 18 хүүхэд хүнд гэмтэл авч байв. Харин энэ жил таны, бидний үр хүүхэд сургууль, цэцэрлэгтээ аюулгүй байх нөхцөл, бололцоо байна уу. Хүүхдүүд л болсон хойно зуны турш уулзалдаагүй найзуудыгаа хараад баярлана, нийлж гүйлдэж тоглоно. Гэтэл нийслэл хот дахь хүүхдийн тоглоомын нийт талбайн 80 шахам хувь нь хүүхдийг гэмтээх эрсдэлтэй гэсэн судалгаа гарсан байна лээ. Хүүхэд тоглох талбай нь ийм байхад бусад газар ямар байх нь тодорхой. “Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн сагсан бөмбөгийн талбайн хашаан дээгүүр өргөст төмөр тор татчихсан байх юм. Хүүхэд гүйж байгаад нүүрээрээ унаж магадгүй шүү дээ” хэмээн нэгэн ээж сошиалд бичсэн бол Яармагийн Сансар худалдааны төвийн гадна богино төмрүүдийг дээш арзайлган хаалт хийсэн зураг ч цахим ертөнцөд явж байна. Гүйж байгаа хүүхэд бүдэрч унавал гэдсээ шууд сүлбэчихээр юм. Үүнээс гадна ил задгай цахилгааны утасны зураг бол хаа сайгүй.

Мөн нэгэн орцны цахилгааны шитний хамаг утас арзайгаад гараад ирчихсэн зураг байхыг харлаа. Учраа мэдэхгүй хүүхдүүд өнөөхөөс нь зуурч аваад тогонд цохиулах эрсдэл бэлхнээ байна. Хүүхэд гэдэг гэнэн томоогүй амьтан. Аль нь аюултай, юу нь эрсдэлтэй болохыг мэдэхгүй, мэдрэхгүй дэгдэж яваа бяцхан хүүхэд өч төчнөөн. Тиймээс тэднийг эрүүл, аюулгүй орчинд амьдруулах нь томчууд бидний үүрэг. Гэвч энэ үүргийг хүлээсэн түшээд нь өгсөн үүрэг даалгаврыг хэрхэн биелүүлснээ тайлбарлаж чадалгүй үхээнц царайлаад дүлэгнэж суухыг хараад хэлэх муу үг ч олдохгүй юм. Уг нь эцэх эх, сургууль, цэцэрлэг, хороо, дүүрэг, нийслэл, яам, Засгийн газар гээд дор бүрнээ сэтгэл гаргаад зүтгэвэл эрүүл, аюулгүй орчин бүрдүүлэх нь тийм ч хэцүү ажил биш. хариуцсан байгууллага нь цахилгааны утсаа янзлахаас, сургууль, цэцэрлэгийн удирдлага нь орчин тойрондоо санаа тавихаас, СӨХ бүр тоглоомын талбайгаа шинэчилж засахаас хүүхэд хамгаалал эхлэх учиртай. Энэ талаар хүн бүр сануулан бичиж, шаардлага тавьж байгаа ч дорвитой ахиц дэвшил гарахгүй байсаар хичээлийн шинэ жилтэй золголоо. Гадаа аюултай гээд гэртээ хориод байлтай биш. Гэвч бидний хүүхдийг алхам тутамд аюул осол отож байгаа гэж бодохоор гунигтай. Хэдэн хүүхэд амиа алдсаны дараа, хэдэн хүүхэд гэмтэж бэртсэний дараа ухаан орж, ажлаа хийх юм бол. Хичээл эхлэх мөчийг гурван сарын турш хүлээсэн алаг үрс маань осол эндэгдэлгүйхэн шиг сурч боловсроосой билээ.
САНАЛ БОЛГОХ