Бага хэмжээний архи ч хор нөлөөтэйг тогтоов

Эрүүл мэнд


​16-49 насны эрчүүд энэ хорт зуршилд хамгийн их хохирдог ​


Архийг маш бага хэмжээгээр хэрэглэсэн ч эрүүл мэндэд хор учруулж, зүрх, хорт хавдар болон золгүй тохиолдлоор нас барах магадлалыг мэдэгдэхүйц нэмэгдүүлдэг нь тогтоогдлоо. НҮБ-ын мэргэжилтнүүдийн Lancet сэтгүүлд нийтэлсэн өгүүлэлд дэлхий даяар архины улмаас жилдээ гурван сая хүн амиа алддаг гэжээ. Вашингтоны их сургуулийн судлаач Эммануэла Гакиду “Бид энэ сэдвээр өргөн хэмжээний өгөгдөл цуглуулсан. Ингээд архи, согтууруулах ундаа нь огт хэрэглэхгүй тохиолдолд хор хөнөөлгүй гэдгийг мэдэгдэж байна. Ганц, хоёр хундага архи эрүүл мэндэд тустай гэдэг домог мэт яриа огт худал” хэмээн мэдэгджээ. Сүүлийн арван жилд шинжлэх ухааны сэтгүүлүүдэд олон судалгааны өгүүлэл нийтлэгдсэнээс үзэхэд архийг ямар ч хэлбэрээр хэрэглэх нь аль нэг эрхтэнд үүссэн хорт хавдартай холбоотой байдгийг нотолжээ. Жишээ нь, 2010 онд эрдэмтэд шар айргийг их хэмжээгээр уудаг хүний ходоодонд хорт хавдрын явц түргэсдэгийг нээсэн байна. 2013 онд спирттэй ундаа болон хөхний хорт хавдрын уялдааг тогтоов. Түүнчлэн архи, тамхийг хослуулан хэрэглэх нь спиртийн өмөн үүг өдөөх чанарыг нэмэгдүүлдгийг нотолжээ.

Гакидугийн хэлснээр олон судлаач үүний эсрэг зүйл буюу шар айраг, дарсыг бага хэмжээгээр хэрэглэдэг хүмүүс нь архаг архичид төдийгүй огт уудаггүй хүмүүсээс урт насалдаг хэмээн бичдэг аж. Иймэрхүү нотолгоо, нийтлэл эмч нарын дунд ихээхэн маргаан дэгдээдэг боловч нэг тийш болгон тайлбарлаж чадалгүй өдий хүрсэн. НҮБ-ын ивээл дор ажилладаг Гакиду болон түүний хамтрагчид дэлхийн 195 орны 25 жилийн статистикт тулгуурлан дээрх нотолгоог хамгийн өргөн хүрээнд нягталж үзсэн байна. Эрдэмтэд уг төслөөр архи эрүүл мэнд болон аль нэг улс үндэстэнд хэрхэн нөлөөлдөг 1500 орчим шинжлэх ухааны судалгааг нэгтгэн дүгнэжээ. Тэдгээрийг жишиж үзсэний үр дүнд НҮБ-ын мэргэжилтнүүд дэлхий дээр нийт хэдэн хүн архи уудаг болон галт ус хэр олон хүний амийг хөнөөдөг талаар тоо баримт гаргасан аж. Энэ тооцооноос үзэхэд дэлхийн хүн амын дөрөвний нэг нь архи уудаг буюу ууж үзсэн бөгөөд нийт тоо нь хоёр тэрбум болж байна. Сонирхолтой нь, уудаг эрэгтэйчүүдийн тоо эмэгтэйчүүдийнхээс үл ялиг илүү буюу нийт уугчдын 63 хувийг эзэлдэг гэнэ.

Хамгийн их уудаг газар бол Европ бөгөөд Данид эрэгтэйчүүдийн 95 хувь төдийгүй эмэгтэйчүүдийн 95 хувь нь спиртийн ундаа амсаж үзсэнээ хүлээжээ. Мөн Норвеги, Герман, Польш, Франц улс үүнээс нэг их дутахгүй. Олонхын боддогчлон ойрх дорнодын мусульман шашинт орнуудад спиртийн ундааг хамгийн бага хэрэглэдэг. Доктор Гакидугийн багийн тооцоолсноор жилдээ манай гараг архийг хэтрүүлэн хэрэглэсний улмаас гурван сая орчим хүнээ алддаг байна. Үүнээс 16-49 насны эрчүүд уг хорт зуршилд хамгийн их хохирдог бөгөөд энэ насныхны үхлийн аравны нэг нь архинаас шалтгаалдаг аж. Гэхдээ Европ илүү уудаг атлаа архины улмаас нас баралтын тоогоор дэлхийд тэргүүлдэггүй агаад Африк ба хуучин Зөвлөлтийн БНУ-ууд толгой цохидог байна. Муу зэрэглэлийн нэгдүгээр байрт 100 мянган хүн тутмын 140 нь архины нөлөөнд амиа алддаг гэсэн статистиктай лесото улс бичигджээ. Хоёрдугаарт Орос, гуравт нь Төв Африкийн БНУ, дөрөвт Украйн байгаа бол Латви, Литва, Казахстан, Беларус дараалсан байна. Гакиду “Эдгээр орнууд манай статистикийг маш анхааралтай үзэж, иргэд архины дуршлаа дарах буюу бүрэн татгалзахад туслах цогц арга хэмжээ авах шаардлагатай” гэж онцлон өгүүлжээ.
САНАЛ БОЛГОХ