Ажил хаялт хүрээгээ тэлнэ

Байр суурь

Баасан гараг гэхэд бүх сургууль ажил хаяна гэв​

Нийслэлийн 84 дүгээр сургуулийн анги, танхим хичээлийн анхны өдөр нам гүм. Нэгдүгээр ангид орж, сургуулийн сурагч болно гэж догдлон хүлээсэн багачууд “Хичээл орохгүй” гэсэн хариу аваад урамгүйхэн буцаж байлаа. Хичээлийн нээлтийн үеэр сурагчдын багш нартаа барьсан баглаатай цэцгүүд Хоосон анги, танхимд харагдана. Харин багш нар “Багшийн ажлыг бодитоор үнэлье”, “Цалингаа нэм” зэрэг уриа барин урлаг зааланд сууцгааж байв. 5000 гаруй сурагчтай 84 дүгээр сургууль бол өчигдөр тодорхойгүй хугацаагаар ажил хаясан нийслэлийн 28 сургуулийн нэг. Нийслэлийн Баянгол дүүргийн гурав, Хан-Уул дүүргийн зургаа, Сонгинохайрхан дүүргийн найм , Баянзүрх дүүргийн 11 сургуулийн багш нар өчигдөр ажил хаяж, хичээл нь орсонгүй. Маргааш ахин нийслэлд 35-36 сургууль ажил хаяхаар болжээ. Өнгөрсөн баасан гарагт төрийн өмчийн 112 сургуулиас 86 нь ажил хаялтад оролцоно гэдгээ албан ёсоор мэдэгдээд байсан юм.

Харин зарим нь хурлаа хийгээгүй, хийсэн ч ажил хаяхаар заасан хуулийн хугацаа нь болоогүй байгаа аж. Ирэх баасан гараг гэхэд үлдсэн сургуулиудын хурлын тэмдэглэлийн хугацаа гүйцэх учраас нийслэлийн 112 сургууль бүгд ажил хаяна гэдгийг Монголын боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбооны Ажил хаялтын ажлын хэсгийн ахлагч З.Цогтгэрэл хэллээ. Өнгөрсөн сарын 22-нд эрүүл мэнд, соёл урлаг, боловсрол, шинжлэх ухааны салбарынхны цалинг 8-30 хувиар нэмэх шийдвэр гарсан. Гэвч эдгээр салбарынхны цалинг ялгавартайгаар нэмснийг МҮЭХ эсэргүүцэж буй. Тухайлбал, эрүүл мэндийн салбарынхны цалин 8-30, соёл урлагийнх 8-27, боловсрол болон шинжлэх ухааны салбарынхны цалинг 8-12.3 хувиар нэмэх шийдвэр гарсан. Ийнхүү багш, эрдэм шинжилгээний ажилчид дөрвөн жил цалингаа нэмүүлэхийн төлөө тэмцсэн ч дөнгөж 8-12.3 хувиар нэмэхээр болсон юм. МҮЭХ-ны Ерөнхийлөгч Х.Амгаланбаатар “Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд инфляц 40 хувиар нэмэгдсэн.

Багш нар цалингаа 15 хувиар нэмэхийг шаардаж байна

Тиймээс бид бусад хүчин зүйлийг тооцоод багш нарын цалинг 50 хувиар нэмэх шаардлага тавьсан. Гэвч төр хэлэлцээрийг түр зогсоосон атлаа цалинг 8-30 хувиар ялгавартай нэмэх шийдвэр дангаараа гаргасан. Угтаа бол гурван талт хэлэлцээрийн дагуу талууд хамтдаа зөвшилцөж байж шийдэх ёстой. Тиймээс багш нар аргагүйн эрхэнд ажил хаяж байна. Гэхдээ ажил хаялтыг даамжруулахгүйгээр, олон сургууль, цэцэрлэг хамруулахгүйгээр зөвшилцөж, шийдээч ээ гэж хүсэж байна” гэлээ. Өчигдрийн байдлаар орон нутгийн сургууль болон улсын бүх цэцэрлэг ажил хаялтад нэгдээгүй байлаа. Нийслэлийн 192 цэцэрлэгийн 89 нь ажил хаяна гэдгээ МҮЭХ-нд албан ёсоор мэдэгджээ. Сургуулийн өмнөх боловсролын үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга Д.Саранцэцэг “Нийслэл болон дүүргүүдийн боловсролын газраас өнгөрсөн бямба гарагт цэцэрлэгийн эрхлэгч нарыг дуудаж уулзсан.

Ажил хаяхгүй байхыг дээд удирдлагаас тулган шаардсан байна лээ. Боловсролын салбарынхан ямар дарамтанд ажилладаг нь үүнээс харагдаж байгаа юм. Уг нь хамт олны 3/2 нь оролцсон хурлаар ажил хаялт хийх шийдвэр гаргадаг. Гэтэл хамт олны шийдвэрийг дээрээс дарамтлаад болиулчихаж байна. Багш, ажилчдын нөхцөл үнэхээр хүнд байна” гэлээ. Ажил хаялтад оролцож буй багш нар сурагчдаа бодоод хичээлээ заамаар байгаа ч төрийн үл тоомсорлосон байдлыг эсэргүүцэхээс өөр аргагүй байгаа гэдгээ хэлж байлаа. Багш нар өмнө нь цалингаа 50 хувь нэмэхийг шаардаж байсан бол одоо 15 хувиар л нэмсэн тохиолдолд ажил хаялтаа зогсоох юм байна. Төрөөс шинжлэх ухааны байгууллагын ажилтнуудын цалинг мөн хамгийн бага буюу 8-12.3 хувиар нэмэхээр болсон. Тиймээс өнгөрсөн баасан гарагт ШУА-ийн харьяа 12 хүрээлэн мөн ажил хаяна гэдгээ МҮЭХнд албан ёсоор мэдэгдсэн ч өчигдрийн байдлаар бүх хүрээлэнгийн үйл ажиллагаа хэвийн явагдаж байлаа.

САНАЛ БОЛГОХ