Монголын нүүрсний салбарт шинэ үе эхэлнэ
Түүхий эд
Хятадын коксжих нүүрсний зах зээлд өрсөлдөөн улам ширүүсэж байна
Нүүрсний салбарын худалдаа, хөрөнгө оруулалтын олон улсын “Coal Mongolia-2018” чуулга уулзалт, үзэсгэлэн “Шангри-Ла” зочид буудалд хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Технологийн дэвшлийг онцолсон найм дахь удаагийн чуулга уулзалт нүүрсний салбарын сорилт, боломжийг хэлэлцэж байгаа нь энэ. Өмнөх жилүүдтэй харьцуулахад өнөө жил тэр болгон яриад байдаггүй шинэ сэдэв чуулга уулзалтын хөтөлбөрт багтсан юм. Тухайлбал, нүүрсний боловсруулалт, баяжуулалтын технологи, хотын тулгамдсан асуудал болчихоод байгаа агаарын бохирдол, сайжруулсан түлшний үйлдвэрлэлд “Coal Mongolia-2018” ихээхэн ач холбогдол өгч байна. Чуулга уулзалтын үеэр уламжлал ёсоор Монгол, Хятадын нүүрсний салбарын бизнес форум хоёр дахь жилдээ болж, өмнөд хөршийн коксжих нүүрсний зах зээл, түүний цаашдын чиг хандлага, бүтцийн өөрчлөлт оролцогчдод улам тодорхой болж ирлээ. Хятадын коксжих нүүрсний импортын ойрын ирээдүйг анхааралтай ажиглахаас аргагүй цаг үе байна. Үүний “учир”-ыг чуулга уулзалтын холын зочдын нэг S&P Global Plantts компанийн Азийн бүс нутаг хариуцсан захирал Жьюлиэн Халл тайлж, одоогийн нүүрсний үнийн таатай байдал нэг хэсэгтээ л үргэлжлэхээр байгааг дуулгасан юм. Тэгвэл энэхүү “уур амьсгал”-ыг БНХАУ-ын нүүрсний аж үйлдвэрийн салбар хөгжлийнхөө явцад ялимгүй эвдэх нь. Уг өөрчлөлт уурхай болгоныг ухаалаг технологийн дэвшил рүү хөтөлж байна.
БАГА ӨРТГӨӨР ӨНДӨР БҮТЭЭМЖТЭЙ АЖИЛЛАХ ШААРДЛАГАТАЙ
Хүний оролцоо бага, байгаль орчинд хал багатай, товчлуур дарах төдийд бүхнийг амжуулчихдаг технологи нүүрсний салбарт түүхэн дээд хэмжээнд хүрч, антрацит болон эрчим хүчний нүүрсийг баяжуулж экспортолж эхэлсэн цаг үед “Coal Mongolia” болж байгааг “Гложекс Консалтинг” компанийн ерөнхий захирал, тус чуулганыг үүсгэн байгуулагч, ерөнхий зохион байгуулагч Л.Наранбаатар тодотгосон юм.
ТАВАНТОЛГОЙ-ГАШУУНСУХАЙТ ЧИГЛЭЛИЙН ТӨМӨР ЗАМ НААШАЛЖ БАЙНА
2017 оны чуулга уулзалт тээвэр ложистикийн тулгамдсан асуудлыг онцгойлон хөндөж байсан. Харин энэ удаагийнх технологийн дэвшил рүү нэлээд гүнзгий орж байна. Тэрчлэн компаниуд зөвхөн олборлолт хийх төдий бус өөрсдөө баялаг бүтээгч болохоор зорьж эхэллээ. Тухайлбал, шинээр нүүрс баяжуулах үйлдвэрүүд баригдаж, зарим нь төслийн шатандаа хэрэгжиж байна. Харин найман жилийн турш завсаргүй ярьж байгаа төмөр зам экспортын тээг болсон хэвээр. “Экспортыг нэмэгдүүлэхэд дэд сэргэсэнтэй холбоотойгоор тус салбарт үйл ажиллагаа явуулж буй компаниудын санхүүгийн байдал илт сэргэсэн өнгө аястай байв. Гэвч технологийн хоцрогдол төрийн өмчит компаниудын алдагдалтай ажиллах шалтаг шалтгаан болж байгаа нь нууц биш ээ.
ХОЙД ХӨРШ НҮҮРСНИЙ САЛБАРЫН ШИНЭ ӨРСӨЛДӨГЧ БОЛОВ
Монголд экспортын баримжаатай 20 гаруй уурхай бий. Тэд нийлээд жилд 100 орчим сая тонн нүүрс олборлох хүчин чадалтай. Хэдий тийм боловч дэд бүтэц, эрчим хүч, техникийн байдлаас боломжоо бодитоор нь ашиглаж чадахгүй байна. Үүнийг чуулганд оролцогчид энэ удаа бас л хөндсөн юм. Тэгвэл нүүрсний зах зээлд манай гол өрсөлдөгч хойд хөрш болж ирлээ. ОХУ-тай манай улс нүүрсний нэг зах зээлд цаашид өрсөлдөх нь. БНХАУ дэлхийн хамгийн том нүүрс үйлдвэрлэгч, хэрэглэгч, импортлогч. Энэ зах зээлд манай улс аман хүзүүдэж, бидний араас ОХУ нэхэж явна. Оросын давшингуй байдал биднийг тайван суух аргагүй болгох нь. тэдний явуулж буй худалдааны нарийн бодлого, нүүрсний хэмжээгээ өсгөх оролдлого өмнөд хөршийн зах зээлд хүч түрэн орж ирэхэд ойр байгааг “Фэнвэй Энержи информэйшн сервисез” компанийн дэд ерөнхийлөгч Сара Лиу хэллээ. БНХАУ нүүрсний илүүдэл хүчин чадлаа танах бодлого баримталж байна.
Оны эхний долоон сарын байдлаар 20.5 сая тонн нүүрс экспортолжээ
Тухайлбал, энэ онд нийт 150 сая тонноор дотоод олборлолтоо бууруулахаар төлөвлөжээ. Азийн коксжих нүүрсний зах зээлд Монгол гэдэг шинэ брэнд үүссэн цаг үе бол 2010 он. Энэ үед манай улс жилд 10 орчим сая тонн нүүрс экспортолж байв. Тэгвэл 2017 оны байдлаар 30 гаруй сая тонн нүүрс экспортолж, эдийн засгийн тулгуур салбар нь уул уурхай, түүний дотор нүүрс болжээ. Бид Индонез, Австрали, Канад, АНУ, ОХУ-тай нүүрсний зах зээлд өрсөлдөж байна. Өрсөлдөөн ширүүсэж буй энэ цаг үед “Тавантолгой” төсөл бүхэлдээ урагшилж, төмөр замын бүтээн байгуулалт хэзээ мөдгүй эхлэх гэж байна. Олон улсын хөрөнгийн зах зээлд “Эрдэнэс Тавантолгой”гарахаар зодоглож байгаа нь дотоодын нүүрсний салбарт маш том боломж байгааг улам бататгах аж. Ингэснээр Монголын нүүрсний салбарт шинэ үе айсуй. Үүнийг тодотгох ирэх 10 жилд нүүрс дагасан төмөр зам, эрчим хүч, баяжуулах үйлдвэрийн төслүүд одооноос эрчимтэй хэрэгжиж, эдийн засаг тэлэхэд бүрэн боломжтойг “Coal Mongolia-2018” сонордууллаа.
БАЙР СУУРЬ
ХУВЬЦААГ ГАДНА, ДОТНЫН ХӨРӨНГИЙН БИРЖИД БҮРТГҮҮЛЭХ АЖИЛ ИД ӨРНӨЖ БАЙНА
Д.Сумъяабазар /Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд/
-Нүүрсний салбар бол манай улсад орчин үеийн уул уурхайн салбарын үндсийг тавьсан төдийгүй нүүрс нь стратегийн чухал ач холбогдолтой экспортын бүтээгдэхүүн. Тавантолгойн болон бусад томоохон нүүрсний ордуудыг иж бүрэн ашиглах, бүс нутгийн дэд бүтэц, эдийн засгийн интеграцид үндэслэсэн хамтын ажиллагааны хүрээнд бидэнд харилцан ашигтай хамтран ажиллах өргөн боломжууд бий гэдгийг онцлон тэмдэглэхийг хүсэж байна. Тавантолгойн сайн чанарын коксжих нүүрсний ордын тусгай зөвшөөрлийг эзэмшдэг компанийн хувьцааны 30 хүртэл хувийг гадна, дотнын хөрөнгийн биржээр арилжаалах шийдвэр гарсан. Хувьцааг гадна, дотнын хөрөнгийн биржид бүртгүүлэх бэлтгэл ажил ид өрнөж байна. Тавантолгойн ордыг түшиглэсэн нүүрс-химийн үйлдвэр, нүүрс баяжуулах үйлдвэрүүдийг ашиглалтад оруулж, цаашид нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх нь бидний зорилтын нэгэн томоохон хэсэг.
ЭНЭ САЛБАРТ АЛДСАН ЗҮЙЛ ГЭВЭЛ ЦАГ ХУГАЦАА
Л.Наранбаатар /“Coal Mongolia-2018” чуулганы үүсгэн байгуулагч, ерөнхий зохион байгуулагч/
-Чуулган зохион байгуулсан найман жилд Монголын нүүрсний зах зээл уналт, сэргэлтийн аль алиныг үзлээ. Алдаа, оноо сургамж авсан он жилүүд байлаа. Сургамж нь олборлолтын тоо хэмжээг нэмэгдүүлснээс илүү нүүрсний зах зээл үргэлж таатай байдаггүйг салбарынхан төдийгүй Монголын ард түмэн ойлгосон. Уул уурхайн бизнес, тэр тусмаа нүүрсний бизнес үнийн өсөлтийг дагаж урсгалаар явдаггүйг ухааруулсан он жилүүд байсан юм. Нүүрсний бизнесийг уул уурхайн гэхээс илүүтэй тээвэр логистикийн бизнес гэдгийг ухааруулсан он жилүүд байлаа. Тээвэр логистикийн ухаалаг шийдэлгүйгээр экспортлох боломжгүйг ойлгосон. Энэ ухаарал нь нүүрсний үнийн уналтын үед бидэнд илүүтэй мэдрэгдсэн. Энэ салбарт цаг хугацаа хэмээх юугаар ч нөхөх аргагүй боломжийг бид алдлаа.
БОЛОМЖОО АШИГЛАХЫН ТУЛД ГАРЦАА ОЛОН БОЛГОМООР БАЙНА
Г.Батцэнгэл /“Энержи Ресурс” компанийн гүйцэтгэх захирал/
-Монголын эдийн засагт нүүрсний экспорт том байр эзэлнэ. 2017 онд нийт экспортын орлогын 40 хувийг нүүрснээс олсон. Нүүрс, зэсийн салбар Монголын эдийн засгийг чирч байна. Энэ бол улстөржилтөөс хол байх ёстой салбар юм. Манай компани хагас жилд дөрвөн сая тонн нүүрс экспортолсон. үйлдвэрлэлээ 15 хувь нэмэгдүүлэх боломжтой ч хил, гаалийн нэвтрүүлэх чадамж тааруугаас чадахгүй байгаа юм. 2016 онд өдөрт хилээр 1100-1200 нүүрс тээсэн машин нэвтэрч байсан бол энэ хэмжээ 2017 онд 700 болж буурлаа. Хилээр нэвтрэх машины тоо, хэмжээг хязгаарласнаар бид нэг тонн тутамд 10 ам.доллар алдаж байна. Бид дэд бүтэц, хилээр нэвтрэх чадвараа сайжруулахгүйгээр нүүрсний зах зээлд гарсан хоёр дахь том боломжийг ашиглаж чадахгүйд хүрнэ. Боломжоо ашиглахын тулд гарцаа олон болгомоор байна.
САНАЛ БОЛГОХ
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй