Хоёр дахь С.Ганбаатар одоо хэрэггүй

Нийтлэл

Тэр өчигдөрхөн халамжийн бодлогыг халах тухай санал нэгдэж байсан


Сонгууль болдгоороо боллоо. МАН УИХ-ын сонгуульд 65 суудал авч, үнэмлэхүй ялалт байгуулав. Тэд ялахыг хүсэж, бас найдвар тээж байсан ч энэ хэмжээний амжилт үзүүлнэ хэмээн төсөөлөө ч үгүй биз. Сонгуулийн оргил үетэй зэрэгцсэн ч эрх ашгийн эрэмбээрээ түүнээс илүү байж мэдэх нэгэн үйл явдал мөн болсон нь “Эрдэнэт” үйлдвэр дэх Оросын мэдлийн 49 хувь Монгол Улсын мэдэлд шилжсэн явдал. Тодруулбал, ОХУ-ын “Ростех” төрийн өмчит корпораци Монгол, Оросын хамтарсан “Эрдэнэт үйлдвэр” ХХК болон “Монголросцветмет” ХХК-ийн Оросын талын хувьцааг Монголын талд худалдсан түүхэн хэлцлийг баталгаажуулсан юм. Энэ нь Монгол Улс өөрийн улс дахь бусдын мэдлийн баялгаа 100 хувь эзэмших эрхтэй боллоо гэсэн үг.
Шийдвэр гарах цаг хугацааны хувьд сонгуультай давхацчихсанаас биш хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр, хоёр талын корпорациудын зөвшилцөл, Ташкент дахь ШХАБ-ын дээд хэмжээний хэлэлцээр гээд “Эрдэнэт” үйлдвэрийн Оросын мэдлийн 49 хувийг Монголын үндэсний хөрөнгө оруулагчид худалдан авах хэлэлцээр шат дараатай үргэлжилсэн. Бүх үйл явц хууль, журмын дагуу нэгэнт болоод өнгөрсөн, олон нийт түүнийг хангалттай мэдэж байгаагаас хойш нэмж нурших нь илүүц биз.
Харин үндэсний аж ахуйн нэгж нэгээр нэмэгдсэн энэхүү үйл явцыг сонгуулийн дуулианаар харлуулж байсан хүмүүс одоо нураахын төлөө хөөрөлхсөн мэдэгдлүүдийг хийх боллоо. Тэдний нэг нь “Хас”- ын гэх тодотголтой Ч.Ганхуяг. МАН-ын урдаа барьдаг эдийн засагч, боловсон хүчнүүдийн нэг гэгддэг түүнийхээр бол “Эрдэнэт”-ийн 49 хувийг Тавантолгойн хувьцааны адилаар ард иргэдэд тарааж өгөх ёстой гэнэ. Тэгэхдээ Лондоны хөрөнгийн бирж дээрээс IPO хийж, мөнгө босгох аж.
МАН-ын сонгуулийн мөрийн хөтөлбөрт “Төсвийг хэмнэлтийн горимд оруулж, төсвийн алдагдлыг нөхөхийн тулд зээл авахаас татгалзана” хэмээн тодорхой тусгасан. Хэрэв МАН ялбал дараагийн дөрвөн жилд шинээр татвар авахгүй, нэмэхгүй гэсэн бодлого баримталж энэ удаагийн сонгуульд оролцсон. Энэ бодлого нь ч тэднийг ялалт байгуулах бас нэгэн хөшүүрэг болж таарсан. Улмаар тэд бизнесийн орчныг сайжруулах, бизнес эрхлэгчдийг дэмжих бодлого баримталж, жилийн 1.5 тэрбум төгрөгөөс бага орлоготой аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг нэг хувь болгоно гэж хөтөлбөртөө тусгасан байгаа. Гэтэл Ч.Ганхуяг зээл авч, халамж тараахын тулд үндэсний аж ахуйн нэгжийн худалдаж авсан хувьцааг хурааж авах талаар ярьж сууна. Ердийн иргэншсэн оронд үүнийг төрийн дээрэм гэж нэрлэдэг.
Одоогоос дөрвөн сарын өмнө Ч.Ганхуягийн өдөр тутмын нэгэн сонинд өгсөн ярилцлагаас энд эшлэе. “Бид хөрөнгөө аваад ирье гэж байсан хүмүүсээ “амжилттайгаар” хөөгөөд явуулчихсан. Г.Уянга, С.Ганбаатар тэргүүтэй хоосон толгойтнууд “Засгийн газраа унагана” гээд явж байгаа хүмүүсийн аманд нь орчихлоо. Энэ хүмүүсээр хувь заяагаа шийдүүлж байна. Гэтэл бизнес эрхэлж, шударгаар хөдөлмөр эрхэлж байгаа хүмүүс Монголдоо байх уу, эсвэл бүх зүйлээ хаяад дүрвээд явах уу гэдэг сонголтын өмнө ирчихлээ. Бусад оронд зэр зэвсгийн дайн болж байхад манайд популизмын дайн болж, популистуудад зодуулаад дууслаа”.
Ингэж ярьж байсан хүн өнөөдөр үзэл бодлоосоо шууд ухарч, ярьсныхаа эсрэг үйлдэл хийхээр зэхэв. Дөрвөн сарын өмнөх энэ яриа байтугай дөнгөж гурав хоногийн өмнө дэвшүүлж байсан намынхаа мөрийн хөтөлбөрөөс ч тэр ухарлаа. Дөнгөж өчигдөрхөн ийнхүү өр зээл тавьж, халамжийн бодлогыг халах тухай журмын нөхөдтэйгөө санал нэгдэж байсан тэрбээр өнөөдөр 180 градус эргээдэхэв. Угтаа бол өөрөө өр тавьж, халамж өгөхөөр ярьж байгаа нь инээдтэй. Тэр тусмаа гаднынхны эзэмшлээс эх орондоо авчирсан үндэсний компанийн өмчийг шүү.

“Надад олдохгүй бол чамд ч үгүй, надад ч үгүй” гэсэн мунхаг зарчим баримтлав
Ч.Ганхуягийг өндөр боловсролтой, гадаадад сурч, эрүүл бизнесийн зарчимд суралцсан, ер нь л юм үзэж нүд тайлсан, зөв хүн гэж дүгнэдэг байлаа. Харин тэр “Надад олдохгүй бол чамд ч үгүй, надад ч үгүй” гэсэн мунхаг зарчмыг оросуудаас худалдаж авсан “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувь дээр баримтлав.
Ингэснээр тэр өөрөө шүүмжлээд байсан С.Ганбаатарын замыг сонгож, түүний өрөөсөн дугуй болсноос ялгаагүй харагдаж байна. С.Ганбаатар бол масст хандаж улс төр хийдэг, түүнээс илүү дэмжлэгтэй улстөрч байсан. Гэхдээ тэр нь хол яваагүй. Хаана ч сэхээтнүүд, бизнесмэнүүд нийгмээ удирдаж, массаа авч явдаг нь бодит үнэн юм. Тиймээс Монголд “эх оронч”- ийн дүр эсгэсэн, хоёр дахь С.Ганбаатар бүр ч хэрэггүй. Монголчууд популистуудын ачаар хангалттай алдагдал хүлээж, тэдний хоосон хийрхлээс залхсан. Одоо хангалттай.


САНАЛ БОЛГОХ