Эрсдэлд ойрхон 200 мянган хүүхэд байна

ЗГМ: Зочин


Хүүхэд хамгаалал, хүүхдийн аюулгүй байдалтай холбоотой 180 гаруй стандарт бий


“Хүүхдийн эрх хамгаалал төв” ТББ-ын захирал Д.Ундраатай хүүхэд хамгааллын өнөөгийн байдал, хууль дүрэм анхан шатандаа хэрхэн хэрэгжиж байгаа талаар ярилцлаа. Тэрбээр өмнө нь хүүхдийн тусламж үйлчилгээний утас 108-ын захирлаар ажиллаж байв.

-Золгүй тохиолдлын улмаас амиа алдсан, гэмтэж бэртсэн хүүхдийн тоо жил ирэх тусам нэмэгдэж, олон нийтийг бухимдуулж байна. Зарим нь үүнийг хууль эрх зүйн орчинтой холбон тайлбарладаг. Энэ чиглэлээр олон жил ажиллаж буй та ямар байр суурьтай байдаг вэ?

-2017 онд 261 хүүхэд гаднын шалтгаант нөлөөллийн улмаас нас барсан. Харин энэ оны эхний зургаан сарын байдлаар дээрх шалтгаанаар 151 хүүхэд нас бараад байна. Нэг ёсондоо томчууд бидний, төрийн байгууллагуудын ажил үүргээ сэтгэлээсээ хийгээгүйн төлөөсийг ийм олон хүүхэд амссан байна. Монгол улс НҮБ-ын хүүхдийн эрхийн конвенцид 1990 онд нэгдсэн. Ингэснээр насанд хүрсэн хүн бүр, Засгийн газар, бүх салбарын байгууллага хүүхдийн аюулгүй байдлыг хамгаалах үүрэг хүлээсэн. Гэтэл бид гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар (ГБХЗХГ) гэсэн ганц байгууллага руу дайрч, тэднээс ажлын үр дүн нэхээд байдаг. Монгол улсад 7000 гаруй стандарт байна. Үүн дотор хүүхэд хамгаалал, хүүхдийн аюулгүй байдалтай холбоотой 180 гаруй бий. Эдгээрийг хувь, хувьсгалын бүх л байгууллагад мөрдүүлж байж Монгол улс хүүхдээ хамгаалж чадна. УИХ-ын эмэгтэй гишүүд санаачлан хөөцөлдсөний ачаар 2017 онд хүүхэд хамгааллын зардлыг таван тэрбум болгон нэмэгдүүлж чадсан. Үүн дээр нэмээд 1.4 тэрбумыг улсаас төсөвлөөд өгчихсөн. Гэхдээ энэ 6.4 тэрбум төгрөг хангалттай хүрч байна уу гэвэл үгүй. НҮБ-ын хүүхдийн сангийн хийсэн судалгаагаар Монголын 1.1 сая хүүхэд, тэр дундаа эрсдэлт нөхцөлд амьдарч байгаа 200 мянган хүүхдийг бүгдийг хамгаалъя гэвэл 22 тэрбум төгрөг шаардлагатай гэж гарсан.

-Шаардлагатай санхүүжилтийн дөрөвний нэгийг олгоод байгаа юм байна. Энэ мөнгийг үр дүнтэй зарцуулахад хамтарсан баг болон анхан шатны нэгж хэр зэрэг ажиллаж байгаа бол?

-ГБХЗХГ төсөвлөж өгсөн мөнгөндөө тааруулаад тодорхой хэмжээний ажил хийж байна. Гэтэл сум, баг, хороодод хүрч ажиллах хөл байдаггүй. Аймгуудад хүүхдийн асуудал хариуцсан 2-3 мэргэжилтэн л бий. Баян-Өлгий аймаг гэхэд 100 гаруй мянган хүнтэй, үүний 40 мянга орчим нь хүүхэд. Гэтэл хүүхэд хамгааллаар ажилладаг хоёрхон мэргэжилтэнтэй. Монгол улсын Засгийн газар хүүхэд хамгааллын чиглэлээр хууль, эрх зүйн орчныг бүрдүүлэх чиглэлээр багагүй ажил хийсэн. Тухайлбал, 2016 оны хоёрдугаар сард хүүхдийн эрхийн хууль, хүүхэд хамгааллын тухай хууль баталж, дагаж мөрдөх дүрэм журам, хөтөлбөр үндсэндээ гүйцэж байна. Гэхдээ эдгээрийг хэрэгжүүлэх ёстой яам, агентлаг, анхан шатанд байгаа сумын Засаг дарга, ИТХ, хамтарсан баг гэж нэрлээд байгаа хуулиар үүрэг хүлээсэн нөхдүүдийг ажиллуулах механизм дутагдалтай. Хамтарсан багийг зангидаж ажиллах ёстой Засаг даргынх нь мэдлэг боловсрол дутаад байна.

-Та тодорхой жишээтэй хэлэхгүй юу?

-“Хүүхдийн эрх хамгаалал төв” хагас жилийн хугацаанд 300 гаруй хамтарсан багийг чадавхжуулах ажил хийлээ. Хүүхдийг аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлэхэд иргэн бүрийн үүрэг оролцоо чухал. Жишээ нь, ил задгай цахилгааны утас, онгорхой нүх зэрэг хүүхэд гэмтээж магадгүй аюултай нөхцөл байдлыг харсан бол хүүхдийн тусламжийн 108 утсанд мэдэгдэх хэрэгтэй. 108 утас зөрчлийг цааш холбогдох газруудад дамжуулдаг. Энэ ажлыг зөвхөн төрийн албан хаагчдад даатгаж орхиод байвал хэзээ ч шийдэгдэхгүй. МХЕГ-ын даргын 2017 оны арваннэгдүгээр сарын 1-ний А179 тоот тушаал байна. Энэ тушаалын дагуу сургалт, хүмүүжлийн байгууллагууд эрүүл ахуй, халдвар хамгаалал, гадна тохижилтын дүрмийг мөрдөх ёстой. Өнгөрсөн зун сургуулийнхаа хөлбөмбөгийн талбайн хаалганд хүүхэд даруулж үхсэнийг та бүхэн мэдэж байгаа. Хэрэв сургуулийн удирдлага МХЕГ-аас гаргасан дүрэм журмаа мөрдөж ажилласан бол нэг хүүхэд амь насаараа хохирохгүй байлаа. Нөгөө талаар мэргэжлийн хяналтын газрын хүүхэд хамгаалсан байцаагч нь баталсан журмынхаа чиглэлээр хэдэн сургууль, цэцэрлэгийг хянасан юм бэ. Журмаа хэрэгжүүлэх ажлыг огт хийгээгүй л байхгүй юу. Би сая Сүхбаатар аймгийн сургуулиудын нийгмийн ажилтан, дотуур байрны багш нарт сургалт хийгээд ирлээ. Энэ журмаа мэдэхгүй байна. Энэ мэтээр салбар хоорондын уялдаа холбоо манай төрд маш их дутагдаж байна. Монгол улс хүүхэд хамгааллын чиглэлээр аян, зөвлөгөөн, хурал олныг хийж байгаа. Гэвч гарсан шийдвэрийн хэрэгжилтэд хяналт тавих, явцын үнэлгээ хийх ажил орхигдсон. Аль нэг сумын Засаг даргатай уулзахад малын тоо толгой, хорогдлыг цээжээрээ мэдээд байна. Тэгсэн хэрнээ 0-17 насны хэдэн хүүхэд суманд нь байгааг мэддэггүй. Тэр суманд тураалтай хүүхдүүд байна. Төрөлхийн тэмбүүтэй хүүхэд гурав, дөрвөөрөө төрж байна. Энэ асуудалд хэн хяналт тавьж ажиллах ёстой юм. Нийгмийн бодлогын түшмэл гээд байгаа төрийн захиргааны албанд мэргэжлийн нийгмийн ажилтан, гэр бүл судлаач хүмүүсийг тавихгүй бол хүүхэд хамгааллын ажил анхан шатан дээрээ явахгүй байна.

-Нийгмийг хамгийн их бухимдуулж байгаа хэрэг бол хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийлэл. Ар араасаа гарсан аймшигт хэргүүдийн дараа дээр дооргүй бага ч атугай хөдөлж эхэллээ. Үр дүн хэр байна вэ?

-Та бүхэн санаж байгаа, ой найман сартай эрэгтэй хүүхэд хүчирхийлүүлсний дараа хүмүүс талбай дээр жагсаад бөөн юм болсон. Харин одоо энэ талаар ярьж байгаа хүн байна уу. Жагсаалын үр дүн юу байв, энэ чиглэлээр авч хэрэгжүүлсэн ажил байна уу. Гэтэл одоо бэлгийн хүчирхийлэлд өртсөн хүүхдийн нөхөн сэргээх төв Монголд байхгүй хэвээр. Харин муу хэлэгддэг төрийн бус байгууллагынхан л хүчирхийлэлд өртсөн хүүхдэд тусалж байна. Сая Ерөнхийлөгч хүүхэд хамгааллын чиглэлээр ажилладаг төрийн байгууллага, хүний эрхийн комиссынхныг дуудаж уулзлаа. Энэ үеэр сүүлийн хоёр жилд бага насны 298 хүүхэд бэлгийн хүчирхийлэлд өртсөн тухай ярьж байна. Зөвхөн 2017 онд 245 хүүхэд бэлгийн хүчирхийллийн золиос болжээ. Нэг аймагт л гэхэд энэ төрлийн гэмт хэрэг 30, 40 гарсан тохиолдол байна. Эдгээр хүүхдэд нөхөн сэргээх ямар үйлчилгээ үзүүлсэн нь бүрхэг. Хүчирхийлэлд өртсөн хүүхдэд тусламж үйлчилгээ үзүүлэхэд шаардлагатай төсөв мөнгийг сангийн яам одоог хүртэл батлахгүй байгаа нь харамсалтай.

Хүүхэд гэмтээх аюултай нөхцөл байдлыг 108 утсанд мэдэгдээрэй
УИХ-ын гишүүд хүүхэд хамгааллын асуудалд анхаарлаа хандуулж эхэлсэнд баярлаж байна. Гэхдээ хүүхэд хамгаалал бол салбар бүрийн уялдаа холбоо шаардсан ажил. ХНХЯ, БОАЖЯ, ЗТХЯ, УУХҮЯ хүртэл тодорхой үүрэг хүлээсэн байгаа шүү дээ. БХЯ гэхэд дэргэдээ “Тэмүүжин өрлөг” гээд ерөнхий боловсролын сургуультай. Олон мянган эмэгтэй алба хаагчтай. Мөн хилчдийн үр хүүхэд гээд хил дээр амьдардаг олон хүүхэд бий. Гэтэл бүхэл бүтэн яам хүүхэд, эмэгтэйчүүд хариуцсан мэргэжилтэнгүй байна. ГБХЗХГ-т хүүхдийн асуудал хариуцсан зургаахан хүн бий. Тэд нэг сая гаруй хүүхдийн асуудлыг хариуцах үүрэгтэй. Аймаг, дүүрэг дээр ч ялгаагүй, нэг юм уу хоёр хүн л байдаг. ХНХЯ-нд хүүхдийн асуудал хариуцсан ганцхан мэргэжилтэн бий гээд бод доо.

-Хуулийг хэрэгжүүлэх үүрэгтэй албан тушаалтнуудын сэтгэл дутаад байна гэж таны ярианаас ойлголоо...

-Яг үнэн. Хүүхдийн хүчирхийлэл, хамгааллын чиглэлээр ажиллахад хүмүүсийн сэтгэлийн хандлага хамгийн чухал. Сум, хороо, анхан шатан дээр очиход “Мөнгөгүй болохоор ажил хийж болохгүй байна” гэсэн шалтаг хэлдэг. Гэтэл зарим хамтарсан баг мөнгөгүй хэрнээ сэтгэлээрээ ажиллаад, үр дүнд хүрээд байна. Би өөрөө хүүхдийн тусламжийн утас 108-ын даргаар ажиллаж байсан. Нийт ирсэн дуудлагад анализ хийж, хүүхдийн эсрэг хүчирхийлэл хаана хамгийн их үйлдэгдэж байна вэ гэдгийг судалсан. Гэр бүлийн орчин хамгийн эхэнд бичигдэж байна. Үүний дараа боловсрол, сургуулийн орчин, эрүүл мэндийн орчин орсон. Суманд болсон бэлгийн хүчирхийллийн хэргийн анхны үзлэгийг хийсэн эмч 108 утсанд мэдэгдэлгүй өнгөрөөж байна. Хүчирхийлэлд өртсөн тавдугаар ангийн хүүхэд долоон сартай жирэмсэн болж, Эх нялхас дээр ирсний дараа мэдэх жишээний. Бүх эрүүл мэндийн төв дээр нийгмийн ажилтан бий. Гэтэл тэд юу хийхээ мэдэхгүй сууж байна. Тэд яагаад суманд нь байгаа тураалтай, өсөлтийн хоцрогдолтой хүүхдэд кэйс нээх ёстойг мэдэхгүй сууж байна вэ. Кейс нээх гэдэг нь эмчээр яривал өвчтөний түүх, цагдаагаар яривал хувийн хавтаст хэрэг гэсэн үг. Гэтэл үүнийг жинхэнэ ёсоор нь бүрдүүлж ажилладаг нийгмийн ажилтан маш ховор. Сургуулийн нийгмийн ажилтнуудын 60-70 хувь нь мэргэжлийн бус хүмүүс. гэхдээ юм бүхнийг харлуулж болохгүй. Сайн ажиллаж байгаа Засаг даргаар ахлуулсан хамтарсан баг байна. Жишээ нь, Баянхонгор аймгийн Баянцагааны хамтарсан баг 42 хүнийг архинаас гаргасан байна. Мөн сэлэнгийн Мандал сумын хамтарсан баг хөгжлийн бэрхшээлтэй, амьдралын боломж тааруу иргэдийг орон байраар хангах ажлыг жил бүр хийж байна. Энэ бол хамтарсан багийнхан ажил үүргээ ойлгосон байна гэсэн үг.

-Хамтарсан багийг иргэд харьцангуй сайн мэддэг, авах ёстой үйлчилгээгээ нэхдэг болж. Гэвч хамтарсан багийн чадавх хангалтгүй байгааг таны яриа бас бидний авсан мэдээлэл ч нотолж байна?

-Тогтолцооны хувьд эрх зүйн орчин тодорхой хэмжээгээр бүрдээд явж байна. Харин үүнийг анхан шатанд хэрэгжүүлэх үүрэгтэй нөхдийг чадавхжуулах зайлшгүй шаардлагатай байгаа нь үнэн. Юу хийх ёстойгоо ч ухаараагүй хорооны Засаг дарга дэндүү олон байна. Бид өнгөрсөн жил 609 хамтарсан багийн 4800 гаруй гишүүнд сургалт хийсэн. Гэтэл энэ жил аймгуудаар явахад сургалтад суусан хүмүүсийн 60 хувь нь өөрлөгдчихөж. Тэгэхээр энэ ажил үр дүнд хүрэхгүй байна. Тиймээс төрийн албан хаагчдын тогтвортой байдалд анхаарч туслаач ээ гэж л хэлмээр байна. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөл гэж ХЗДХЯ-нд бий. Би буруу сонсоогүй бол улсаас 1.8 тэрбум төгрөгийг энэ зөвлөлд хуваарилж өгсөн гэсэн. Хуульд зааны дагуу гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөл хамтарсан багуудыг удирдлага, арга зүйгээр хангах ёстой. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлийн дарга нь аймгийн ИТХ-ын дарга, дэд дарга нь сумын ИТХ-ын дарга нар байдаг. Харин тэд хүүхэд хамгааллын чиглэл рүү огт орохгүй байна. ийм үүрэгтэйгээ ч мэддэггүй хүн олон бий.

-Хүүхэд хамгааллын тухай хуульд засаж сайжруулах зүйл юу байна вэ?

-Монгол улс 1990 онд хүүхдийн эрхийн конвенцид нэгдэн орсноор хүүхэд хамгааллын хуультай болох шаардлага тулгарсан. Ингээд 1996 онд анхны хуулиа баталсан юм. Гэхдээ энэ хууль тунхагийн шинжтэй, хэн юу хийж, хариуцлагыг хэн үүрэх нь тодорхойгүй байсан. Тиймээс 2016 онд хүүхдийн эрхийн тухай хууль, хүүхэд хамгааллын тухай хуулийг баталсан. Хүүхдийн эрхийн тухай хууль нь нэлээд сайн үүрэгжүүлж, эцэг эх, төрийн байгууллагууд юу хийх ёстойг тодорхой зааж өгсөн. Харин хүүхэд хамгааллын хууль нь илүү процессын шинжтэй. Би хувьдаа хүүхэд хамгааллын хуульд сум, баг, хамтарсан багт ажиллах бүтэц, албан тушаалтныг тодорхой зааж өгөх хэрэгтэй байж гэж боддог. Жишээ нь, ГБХЗХГ-ын бүтцийг тусгасан хууль алга.
САНАЛ БОЛГОХ