Шил архиа далдлаарай, ширээний бүтээлгээ солиорой
Нийтлэлчийн булан
Гэнэтийн шалгалтыг урьдчилан зарладаг уламжлал тогтлоо
Соц нийгмийн согогийг шүүмжилсэн “ховор хүмүүс” гэж уран сайхны кино бий. Тус кинонд “Шинэ халатаа өмсөөрэй, ширээний бүтээлгээ солиорой” хэмээн нэгдлийнхэн аймгийн төлөөлөгчийг угтахад бэлтгэж байгааг өгүүлдэг нь үзэгчдийн сэтгэлд хоногшин үлджээ. Харин үүн лугаа үйл явдал энэ төрийн өнгөнд давтагдахын чинээ бодож яваа нь хэд бол. Сүүлийн үед гэнэтийн шалгалтыг зарлан мэдэгдэж байгаад явуулдаг арга барил эргэн дэлгэрч байгаа нь ЗГХЭГ-ын үйл ажиллагаанаас тод харагдах болов. Яамны ажилтан ажлынхаа гадна цаг бусаар амиа алдсан харамсалтай хэрэг төрийн албаны хариуцлага, ёс зүйг сайжруулах гэнэтийн шалгалт зайлшгүй хийх цаг үе ирснийг Засгийн газарт тулгаж орхисон гэлтэй. Хачирхалтай нь гүйцэтгэх засаглал гэнэтийн шалгалтыг зарлаж байгаад явуулдаг соц нийгмийн гажиг тогтолцоог сэргээн дэлгэрүүлж буй нь төрийн албаны чанарт хэр нийцтэй юм бол.
ЗГХЭГ-аас 13 яам, 12 агентлаг, нийслэлийн Засаг даргын тамгын газарт шалгалт хийж, төрийн байгууллагын 830 өрөөнөөс согтууруулах төрлийн бүтээгдэхүүн 115, архи, виски, виноны шил 21 ширхэгийг илрүүлсэн. Урьдчилан сануулж, анхааруулж байгаад гэнэтийн шалгалт гэдэг нэр дор илэрсэн нь энэ шүү дээ. Мэдээж гэнэтийн шалгалтыг жинхэнэ утгаар нь хэрэгжүүлсэн бол тоон үзүүлэлт үүнээс хувь илүү гарах байсан нь дамжиггүй. Мөн УИХ-ын эрхэм гишүүд өрөөндөө архидан согтуурч, согтуу хөлчүү байнга дайвж байдгийг өнгөрсөн сонгуулиар цацагдсан парламентын гишүүн асан Л.Эрдэнэчимэгийн бичлэг нотолсоор байтал энэ шалгалтаа төрийн ордонд хийгээгүй нь бас хачирхалтай. Урьдчилсан анхааруулгатай гэнэтийн шалгалт орон нутаг руу шилжих шийдвэр аль долоо хоногийн өмнө зарлагдсан. Долоо хоног гэдэг гэнэтийн шалгалтад бэлтгэхэд хангалттай хугацаа.
Гэхдээ л ЗГХЭГ-ын дарга сайд аймгийн удирдлагуудтай цахим хурал хийх үеэрээ дахин сануулж, онцгой анхааруулав. Засгийн газраас ажлын хэсэг гарч аймаг, орон нутгийн төрийн байгууллагуудад согтууруулах ундаа, архины шилний тооллого явуулах юм байх. Түүнд нь тааруулж шил, архиа нуугаарай, ширээний бүтээлгээ солиорой гэсэн сценари бэлтгэгдсэн байх болов уу. Мөн сайдтан шалгалтын хүрээнд аймгийн удирдлагуудын гадаад, дотоод айлчлал, аяллын зорилго, зардлыг давхар шалгахаа бас л урьдчилан сануулсан мессеж илгээж байна лээ. Цаад санаа нь аялал, зугаалгынхаа баримт материалыг хуулийн хүрээнд болго гэсэн албан даалгавар гэлтэй. Ийм тохиолдолд анхааруулсаар байтал алдаа гаргавал хохь болох тул энэ шалгалтын дүн онцсайн гарах нь дамжиггүй. Дүн нь ойлгомжтой шалгалтад ажлын хэсэг томилж төсвийн мөнгө үрэх шаардлага байгаа ч уу, үгүй ч уу. шалгуулагч тал хүлээн авах зардлаас эхлээд ян тан бэлтгэхийн тулд төсвийн хөрөнгө зарцуулах нь ойлгомжтой.
Төрийн ордонд архидаж буй бичлэг байсаар атал яагаад шалгасангүй вэ
Уг нь шалгалт гэнэтийн байх тусмаа дүн нь бодит байдлыг илтгэдэг. хувийн хэвшлийнхэн төрөөс явуулж буй гэнэтийн хяналт, шалгалтад байнга өртдөг болохоор хариуцлага ньдээшилж, үйл ажиллагаа нь ч сайжирсаар байдаг. Төрөөс хувийн хэвшлийг шалгахдаа нэгэн адил урьдчилан мэдэгддэг бол улс даяараа зөрчил дутагдалгүй цэмбийж байх биз. Харамсалтай нь хяналт шалгалтын ажил хувь, хувьсгалыг ялгаварлаж эсрэг, тэсрэг хэлбэрээр явагддаг болохоор төрийн байгууллагын шалгалтын дүн гялтайж, хувийнхны зөрчил халтайж харагддаг. Хариуцлагын тогтолцоог улс даяар сайжруулъя гэж байгаа бол үүнийг өөрчлөх шаардлагатай. Өөрөөр хэлбэл, хувийн хэвшлийн хаалгыг тогшилгүй ордог хяналт, шалгалт төрийн захиргааны байгууллагад ч адил үйлчилдэг баймаар байна. Ядаж утас цохиж, урьдчилан мэдэгдэлгүй очдог болчих.
Ялангуяа, “ниргэсэн хойно нь хашхирч” буй энэ мэт шалгалтыг шууд утгаар нь гэнэдүүлж хийсэн бол төрийн сахилга, хариуцлагыг сайжруулахад сайн “гарын авлага” болох байлаа. Борооны дараа шүхэр барих мэт эл шалгалтын арга барилыг аль эрт халах ёстой атал төрийн шат шатанд амь бөхтэй оршсоор байгаа нь өнөө цагийн эмгэнэл. Хөлбөмбөгийн талбайд хүүхдийн амь эрсдэхэд сургуулийн орчны аюулгүй байдлын шалгалт боловсролын байгууллагуудыг сэрээсэн. Тогонд цохиулж хүүхэд эндсэний дараа эрчим хүчний салбарынхан “цочиж” хөдөлгөөн өрнүүлэх жишээний үйл явдлууд шилээ даран үргэлжилсэн нь саяхан. Төрийн албаны энэ мэт “орсон борооны араас цув нөмөрдөг” арга барил үргэлжилсээр байгааг салбар болгоноос харж болно. НИТХ-аар үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн үйл ажиллагааг хэлэлцэх үед ч гэсэн өрнөөд өнгөрсөн үйл явдлын араас ажил зохион байгуулж байгаа тухай ярьж л байна.
Цэцэрлэгт хүрээлэн гурван сар бужигнаж хууль бус, стандарт зөрчсөн олон үйл явдал болж, зах замбараагаа алдсаных нь дараа хийж хэрэгжүүлээгүй ажлыг намрын сэрүү орж хүний хөл татрах цагаар эхэлж байх жишээний. Дээр нь нэмээд соёл урлаг, аялал жуулчлал хариуцсан байгууллагуудыг олон нийтийг хамарсан арга хэмжээнүүд зохион байгуулахыг үүрэг болгож ч байх шиг. Урагшаа харж, ирээдүйд гарах эрсдэлийг тооцож төлөвлөгөө гаргадаг болохоос өнгөрсөн цаг хугацааны араас зохион байгуулалт хийх нь хэр оновчтой “ноу хау” юм бол доо. Ниргэсэн хойно нь хашхирах бус эрсдэлийг урьдчилан харж хяналт, шалгалт хийж хэвшвэл төрийн бодлого голдрилдоо явахын гол үндэс байлтай. Гэтэл төрийн сайд нь “одоо та нарыг очиж шалгана шүү” хэмээн ам мэдэн орилсны дараа шалгадаг жишиг тогтоож буй нь сайжрах бус хуурч, додомдохын эхлэлийг тавьж байна. Цаашлаад яам, агентлагийн удирдлагууд сармагчин лугаа дуурайн гэнэт шалгах бус урьдчилан зарладаг уламжлал халдварлавал төрийн албаны дампуурал тэр болох буй за.
САНАЛ БОЛГОХ
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй