Хүүхдүүдийн амийг нэхэх эзэн холбогдогч замхрах вий
ЗГМ: Тодруулга
Хариуцлагагүйн зуд гэмт хэргийн эзэн холбогдогчийг “залгиж” болзошгүй байна
Эмийн сангийн цахилгааны гүйдэлтэй хаалганаас барьж амиа алдсан хүүгийн ар гэрийнхэн, өмгөөлөгчид уг хэргийн эзэн холбогдогчоор “Дэлгэр” төвөөс гадна “Эко шинэс” эмийн сан, түргэний эмчийг шалгуулах хүсэлтэй байна. Хүүгийн ээж Ж.Мөнхсайхан “Тэр өдөр цагдаад байцаалт өгч уймарч, цаг алдаж зогсохын оронд би хүүгээ элсэнд булахгүй яав даа. Намайг очиход хүүгийн минь судас нь цохилж, нүд нь хараатай байсан. Гэвч түргэний эмч “Нас барсан байна. Хүрч болохгүй” гээд анхны тусламж үзүүлээгүй. Гэтэл шүүх эмнэлгийн дүгнэлтээр хэрэв анхны тусламж үзүүлсэн бол амьд гарах боломжтой гэсэн” хэмээгээд хоолой нь зангирч, харууслын нулимсаа барьж дийлсэнгүй. Хүүгийн ар гэрийнхэн, өмгөөлөгч нь анхны тусламж үзүүлээгүй эмчийг шалгуулах хүсэлтэй байгаа аж. Энэ тухайгаа хэлсэн боловч байцаагч нь шинжээчийг мэргэжлийн алдаа гаргасан хэмээн үзэж, “дэлгэр” төв барилгын эзнийг Эрүүгийн хуулийн 10.5 дугаар зүйлийн дагуу эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татахаар өнгөрсөн долоо хоногт хэргийг прокурорт шилжүүлсэн байна. тиймээс хохирогчийн тал прокурорт энэ талаар хүсэлт гаргахаар болжээ.
ЭМИЙН САНГ ХОЛБОГДОГЧООР ТАТАХ ХҮСЭЛТЭЙ
Уг нь өмгөөлөгчийн хэлж буйгаар “Эко шинэс” эмийн сан тус хэргийн эзэн холбогдогчдын нэг. Харамсалтай нь, уг хэрэгт хамааралгүй хэмээн өнгөрсөн сарын сүүлээр нүүлгэжээ. Биднийг очиход эмийн сангийн хаяг байхгүй, хаалга нь түгжээтэй байв. Хүүгийн ээжийн хэлж буйгаар байцаагч нь солигдсоноос долоо хоногийн дараа нүүлгэжээ. Ж.Мөнхсайхан “Нөхөр бид хоёрыг гачуурт руу явж байхад байрны хүмүүс араас залгаад эмийн санг нүүлгэж байгааг хэлсэн. Бид буцаад ирэхэд шинээр солигдсон мөрдөн байцаагч, “дэлгэр” төв, “Эко шинэс” эмийн сангийнхан гээд гурван талаасаа цуглаад нүүлгэж байсан” гэв. Харин өмгөөлөгчийн хэлж буйгаар эм тариа, бэлдмэлүүдийн хугацаа дуусах гээд байсан тул зөөх шаардлагатай гэдэг үндэслэлийг байцаагч нь хэлсэн байна. Хэрэгт тэдгээр бэлдмэл, эм тариа холбогдолгүй учраас татгалзах шалтгаан байгаагүй боловч эмийн сан нүүсэн талаар огт мэдээгүй аж. Шинжээчийн дүгнэлтээр уг осол нь тухайн байгууллага аюулгүй байдлаа хангаж ажиллаагүйтэй холбоотой гэж гарчээ.
Тиймээс дүгнэлтэд эзэмшигч буруутай гэж заасан болохоос биш “дэлгэр” төв, “Эко шинэс” эмийн санг нэр цохоогүй байна. Иргэний болон бусад холбогдох хууль тогтоомжоор эзэмшигч гэдэг нь түрээсээр тухайн барилга байгууламжийг эзэмшиж байгаа этгээдийг заасан байдаг тул хоёр байгууллагын аль аль нь буруутай хэмээн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч үзэж байгаа юм. Эмийн санг холбогдогчоор татаагүй байгаа нь хууль зөрчиж буй үйлдэл. Тиймээс үүнийг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ хохирогчийн тал хэлж байна. Өмнө нь хүн тогонд цохиулж байсныг эмийн сан үл хайхарсан. Өөрөөр хэлбэл, олон хүний хариуцлагагүй байдлаас үүдэн осол гарч, хүүгийн амь эрсэдсэн гэж дүгнэж болохоор байна. Нөгөөтэйгүүр, хүү зургадугаар сарын 25-нд цахилгааны гүйдэлд цохиулж, амиа алдсан. Дараа өдөр нь хүүгийн ар гэрийнхэн СБД-ийн цагдаагийн I хэлтсийн даргатай уулзахад эмийн сангийнхан мэдүүлэгтээ “хаалга цахилгааны гүйдэлтэй байсныг мэдэж байсан. Тиймээс хөлөөрөө онгойлгож, хаадаг байсан” гэж мэдүүлж байсныг хэлсэн байна. Уг мэдүүлэг хавтаст хэргийн материалд байх ёстой бөгөөд байгаа эсэхийг хохирогчид мэдэх хүсэлтэй байгаа аж.
ТӨМӨРТ ДАРУУЛСАН ХҮҮ ТАРХИНДАА БИТҮҮ ГЭМТЭЛ АВСНААС НАС БАРСАН ГЭВ
Энэ зуны бас нэгэн эмгэнэлт хэрэг болох 79 дүгээр сургуулийн хөлбөмбөгийн талбайд төмөрт даруулж амь эрсэдсэн 11 настай хүүгийн буруутныг тогтоох ажил ямар шатанд үргэлжилж байгааг бид асууж тодрууллаа. Хүү тархиндаа битүү гэмтэл авсан учраас нас барсан гэдэг дүгнэлт шүүх эмнэлэг гаргасан байна. Хариуцсан байцаагч нь долдугаар сард ээлжийн амралтаа авсан учраас хэрэг нь өөр байцаагчид шилжиж удааширсан тухай хүүгийн авга эгч Т.Алтантуяа ярилаа. Тэрбээр “Шүүх эмнэлгийн дүгнэлт гарсан. Биднийг дуудаж, албан ёсоор танилцуулна гэсэн боловч одоо болтол дуудаагүй байна. Тийм ч амархан шийдэгдэхгүй гэсэн. Зарим хүн энэ хэргийн эзэн, холбогдогчгүй болж өнгөрөх вий гэж болгоомжлуулж байгаа. Үнэндээ бид яах ёстойгоо мэдэхгүй юм. Өмгөөлөгч ч аваагүй байгаа” гэсэн юм. Өнгөрөгч зургадугаар сарын 18-нд болсон уг хэргээс гурав хоногийн дараа сургуулийн захирал Ш.Болор-Эрдэнийг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Тус хэргийн яллагдагчаар сургуулийн захирлыг татаж шалгуулахаар прокурорт шилжүүлэх гэж буйгаа БЗД-ийн цагдаагийн II хэлтсийн хариуцсан байцаагч нь хэллээ. Харин хүүхдийн байгууллагын зарим төлөөлөгчийн хэлж буйгаар сургуулийн захирлаас гадна хөлбөмбөгийн талбайн аюулгүй байдлыг хариуцах үүрэг хүлээсэн ажилтан, хичээл амарсан үед хүүхдүүдийг сургуулийн хашаанд орохыг зөвшөөрсөн манаачид ч хариуцлага тооцох хэрэгтэй гэж үзэж байна. Шат шатандаа хариуцлага алдаж, хүүхэд хамгаалах ажил хаа хаанаа цалгардсан учраас хариуцлагагүйн зуд олон хүүхдийн амийг авч, олон хүн гэмтнүүдийн эгнээнд шилжих эрсдэлтэй болж байна. Ослын дараа сурагч хүүхдүүдийн аюулгүй байдлыг хангах ямар арга хэмжээ авсан талаар сургуулийн удирдлагаас тодрууллаа.
ЗГМ ТОДРУУЛГА
У.Дугармаа: Хүүхдийн аюулгүй байдлыг бүх талаар хангасан
-Тухайн өдрөөс хойш хичээлийн гурван байранд аюулгүй байдлыг хангаж, гадаад болон дотоод орчинд хүүхэд эрсдэлд орж болзошгүй бүхнийг засаж янзлан, аюулгүй болгож, анхааруулга, санамжууд байрлуулсан. Онцгой байдал, мэргэжлийн хяналт, дүүргийн боловсролын хэлтсээс зөвлөгөө, үүрэг даалгавар авч, биелүүлээд байна. Мөн манай сургууль эрчим хүчээ хоёр дэд станцаар авдаг. Нэг нь манай сургуулийн өмчлөлийнх биш. Харин нөгөөг нь дүүргийн эрчим хүчний хэлтэст шилжүүлж, аюулгүй байдлыг хангахаар бэлтгэж байгаа. Үүнээс гадна Монголын хөлбөмбөгийн холбооноос манай сургуулийн хөлбөмбөгийн талбайг талийгаач хүүгийн нэрэмжит болгож, стандартын дагуу тохижуулах санал тавьсан. Энэ ажил одоогоор хоёр тал харилцан санал солилцох шатанд байна.
БАЙР СУУРЬ
Эзэн холбогдогчгүй болох вий гэхээс эмээж байна
Хүүгийн ээж Ж.Мөнхсайхан
-Одоогийн байдлаар “Дэлгэр” төв, эмийн сангаас хэнийг байцааж байгаа ямар ч мэдээлэл алга. Байцаагч нь наймдугаар сарын 23-нд ээлжийн амралтаа авч, хэрэг өөр байцаагчид шилжсэн. Шинэ байцаагч хэргийг хүлээж авснаас хойш долоо хоногийн дараа эмийн санг нүүлгэсэн. Тэр өдөр нөхөр бид хоёр гачууртад ажилтай явж байхад хүмүүс утасдаж, нүүлгэж буйг дуулгасан. Бид тэр даруй ирээд лац хөндсөн учрыг лавлахад байцаагч нь “хэрэгт холбогдолгүй” гэх хариулт өгсөн. Лацыг нь эмийн сан, “Дэлгэр” төвийг хариуцдаг хүмүүс байцаагчтай хамт авсан гэсэн. Гэхдээ лацыг нэлээд олон хоногийн өмнө авсан байсан. Бид хоног хураахдаа өдөр бүхэн эмийн сангийн хаалганы бариулаас хадаг зүүдэг байсан. Зүүгээд л явангуут тэд авчихдаг байсан. Бас мэргэжлийн хяналтаас цахилгааны утас нь шалбархайгүй, үзүүрийг нь лентээр боогоогүй гэх зэрэг эргэлзээтэй олон дүгнэлт гарсан. Шүүх эмнэлгээс цахилгааны гүйдэлд цохиулсан гэдэг дүгнэлт гарчихаад байхад цахилгааны утас шалбархайгүй гэж үзэж байгаа нь ойлгомжгүй байна. Манай хүн прокурорт энэ бүхнийг дахин нягтлах хүсэлт тавьсан. Өмгөөлөгч маань дахин шалгуулахаар өргөдөл бичиж өгөхөөр болсон. Тэгэхгүй бол эзэн холбогдогчгүй болгож, хэргийг хаах вий гэж эмээж байна.
САНАЛ БОЛГОХ
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй