Эндсэн хүүхэд, зүдэрсэн иргэдийн төлөө дуу хоолойгоо нэгтгэлээ

ЗГМ: Сэдэв


​Бодлого тодорхойлогчдын сонорт хүргэж, үр дүнд хүртэл шаардлага тавина ​


Монголчуудын амьдралыг өөд нь татахад юу хэрэгтэй вэ. Нийгмийн өмнө тулгамдаж буй маш олон асуудал бий ч улс төрийн сонирхол, хэн нэгэн эрх мэдэлтний эрх ашиг, дуу хоолой давамгайлж байгаагаас энгийн иргэдэд хамаатай чухал асуудлууд орхигдож байна. Тиймд Монголын өдөр тутмын сонинуудын холбоо (МӨТСХ)-ны хоёрдугаар форумд оролцогчид иргэдийн амьдрал, нийгмийн хөгжлийг доош чангааж буй 10 чухал сэдвийг онцоллоо. Тус форумд өдөр тутмын 11 сонины удирдлагууд, сэтгүүлчид итгэл тавьсан юм. Мөн нийтлэлч Баабар, Б.Цэнддоо, СУИС-ийн захирал Э.Сонинтогос, Монгол Улсын Ерөнхийлөгчийн соёл, шашны бодлогын зөвлөх Ц.Хулан, Itoim.mn сайтын эрхлэгч Г.Отгонбаяр, “Монголын үнэн” сонины эрхлэгч Б.Ганболд нар хэлэлцүүлэгт оролцлоо. “Нийгмийн чухал асуудлуудаар форум зохион байгуулахад ард нь ямар улс төрийн нам байгаа вэ гэж хүмүүс их асуусан.

Энэ онд цаг бусаар амиа алдсан 151 хүүхдээс ямар намын гишүүн байсныг нь асуу л даа. Хорт хавдрын улмаас хорвоог орхисон хүмүүсээс бас ямар намынх байсныг нь асуух уу. Бид өнөөдөр өвчтэй, өлсгөлөн, ажилгүй, хагас мансуурсан иргэдийнхээ өмнөөс дуугарч байна” гэж МӨТСХ-ны Ерөнхийлөгч Э.Долгион хэллээ. Форумд оролцогчид хүүхэд хамгаалал, цахим орчин дахь хүүхэд хамгаалал, монголчуудын эрүүл мэнд, хүнсний аюулгүй байдал, ядуурал, ажилгүйдэл зэрэг нь манай нийгэмд хамгийн их тулгамдсан асуудал гэдгийг онцлов. Мөн дотоодын аж үйлдвэрлэл, сургууль, цэцэрлэг болон орон сууцны хүртээмж, хар тамхины эрсдэл, боловсролын тогтолцооны гажуудлыг нийгмийн хөгжлийг гацааж буй, нэн яаралтай шийдвэрлэх ёстой асуудлаар нэрлэлээ. Өнөөдөр зургаан хүн тутмын нэг нь эрүүл, шим тэжээлтэй хүнс хэрэглэж чадахгүй байна.

Хар тамхи, сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэдэг хүний тоо 90 мянгад хүрсэн. Монголчуудын гурван хүн тутмын нэг нь ядуу бөгөөд тэд өдөрт хүнсэндээ дөнгөж 1350 төгрөг зарцуулж байна. Монголчуудын амьдрал ийм байдалд хүрсэн нь нэг нь нөгөөгөөсөө хамааралтай, нэг нь уруудахад нөгөө нь дагаж доройтдог дээрх 10 асуудлыг шийдвэрлэхгүй өнөөдрийг хүрсэнтэй холбоотой гэж оролцогчид дүгнэлээ. Боловсролын тогтолцооны гажуудлаас ажилгүйдэл нэмэгддэг. Харин ажилгүйдэл өсөж, аж үйлдвэрлэл буурснаар ядуучуудын тоо өснө. Ядуу иргэд эрүүл мэнд, амьдрах орчин, цаашлаад хүүхдүүддээ тавих анхаарлаа сулруулж, тэднийг эрсдэлд оруулж байна. “Өнөөдөр” сонины эрхлэгч Б.Номинтүшиг “Өнгөрсөн онд Хүүхэд хамгааллын тухай хууль батлагдаж, улсын хэмжээнд 609 хамтарсан баг байгуулсан. Гэтэл сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хорооны хамтарсан багийн нэг ажилтан 3600 хүн хариуцдаг.

• Монголчуудын гурван хүн тутмын нэг нь ядуу бөгөөд тэд өдөрт хүнсэндээ дөнгөж 1350 төгрөг зарцуулж байна.
• Манай улсын эдийн засаг өнгөрсөн 30 жилийн хугацаанд 40 дахин томорч, улсын төсөв 50 дахин нэмэгдсэн ч ажилгүйдэл, ядуурал буурсангүй.
• Нийт өрхийн 75 хувь нь инженерийн шугам сүлжээнд холбогдоогүй гэр болон байшинд амьдарч буйд анхаарлаа хандуулах шаардлагатай.

Төсвөөс ямар ч дэмжлэг үзүүлэхгүй байгаагаас энэ хууль бодит байдалд хэрэгжихгүй байна. Тиймээс төсвийн мөнгө хэрэгтэй хүндээ очдог, хууль бодитоор хэрэгждэг байхаар Хүүхэд хамгааллын тухай хуулийг шинэчлэн батлах шаардлагатай” гэв. Харин “Өдрийн сонин”-ы сэтгүүлч Н.Гантулга цахим орчны эрсдэл, ялгаварлан гадуурхалтаас болж олон хүүхэд амиа алдаж буйг дурдсан бол “нийгмийн шуудан” сонины эрхлэгч С.Энхтуул эмэгтэйчүүдийн үргүйдэл 15 хувьд хүрч, монголчуудын удмын санд ноцтой аюул учирсныг санууллаа. Тэрбээр Монголд үргүйдлийн эмчилгээ, оношилгооны хүртээмж маш тааруу байгаа учраас цогц эмнэлэг шаардлагатайг онцолсон. Мөн “Үнэн” сонины сэтгүүлч Д.Мөнхжаргал монголчууд хүнсний бүтээгдэхүүнийхээ 40-50 хувийг БНХАУ-аас импортолж буй нь иргэдийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж буй баримтуудыг дурдсан юм.

Манай улсын эдийн засаг өнгөрсөн 30 жилийн хугацаанд 40 дахин томорч, улсын төсөв 50 дахин нэмэгдсэн. Гэвч ажилгүйдэл, ядуурал буурсангүй. “Өнгөрсөн жилүүдэд манай улсын эдийн засаг өссөн ч тогтворгүй, савлагаа ихтэй байснаас үр ашиг нь иргэдэд наалдахгүй байна. Уг нь эдийн засгийн өсөлт ажилгүйдэл, ядуурлыг бууруулах ёстой байтал Монголд эсрэгээрээ. Эдийн засгийн өсөлтийг бодлогоор зөв зохицуулж чадахгүй бол инфляц нэмэгдэж, иргэдэд улам дарамт болдог жишээ нь манай улс болж байна” гэж “Засгийн газрын мэдээ” сонины сэтгүүлч Г.Байгал илтгэлдээ дурдав. Уг нь тогтвортой эдийн засгийг бүрдүүлэх үндэс нь дотоодын аж үйлдвэрлэлийг дэмжих явдал байдаг. “Засгийн газрын мэдээ” сонины эрхлэгч Б.Дуламхорлоо “Дотоодын үйлдвэрлэлийг ямар ч өртгөөр хамаагүй дэмжих ёстой. Аж үйлдвэрлэлийн хөгжлийг бодлогоор төлөвлөж болдог давуу тал бий.

Нийгэмд тулгамдсан эдгээр сэдвийг нэг удаа яриад өнгөрөхгүй
Нэг үйлдвэрлэл сэргэхэд түүнийг дагасан олон салбар гинжин урвалаар хөгждөг. Ингэвэл мэргэшсэн ажилтны тоо нэмэгдэж, иргэдийн цалин өснө. Орлого нэмэгдвэл хуримтлал өсөж, банкуудын зээл олголт сайжирч, аж ахуйн нэгжүүдийг дэмжих боломжтой. Ингэснээр төсвийн орлого ч нэмэгдэнэ” гэв. Хамгийн сүүлд буюу 2015 онд хийсэн хүн ам, орон сууцны тооллогоор Монголд 886 мянган өрх амьдарч байна. Нийт өрхийн 4200 нь хаусанд, 212 мянга нь орон сууцанд, 232 мянга нь гэр хорооллын байшинд амьдарч буйг “сургууль цэцэрлэг болон орон сууцны хүртээмж” сэдвээр илтгэл тавьсан “Монголын мэдээ” сонины сэтгүүлч Б.Бундхорол танилцуулав. Нийт өрхийн 45.4 хувь нь нүүдэлчдийн уламжлалт гэрт амьдардаг, нийт өрхийн 75 хувь нь инженерийн шугам сүлжээнд холбогдоогүй гэр болон байшинд амьдарч буйд анхаарлаа хандуулах шаардлагатайг тэрбээр дурдсан юм. Хүн амын өвчлөлийн гол эх үүсвэр болсон утааны асуудлаа шийдэх хүртэл орон сууцны хүртээмжийг анхаарлаасаа салгаж болохгүй гэсэн санааг түүний илтгэлээс харж болно.

Хар тамхины аюул Монголын залуу үеийг онилж байгаа тухай “Зууны мэдээ” сонины сэтгүүлч С.Уянга илтгэлдээ онцлов. Энэ төрлийн гэмт хэрэгт холбогдож буй хүмүүсийн 80 хувь нь 18-34 насныхан байгаа нь яах аргагүй анхаарал татсан асуудал болж байна. Хар тамхи, мансууруулах бодисоос иргэдийг хамгаалах нийгэмлэгийн хийсэн судалгаагаар дөрвөн сурагч тутмын нэг нь хар тамхи хэрэглэж үзсэн харамсалтай тоо баримт ч байна. Хамгийн сүүлд “Үндэсний шуудан” сонины эрхлэгч Э.Даваахүү боловсролын тогтолцооны гажуудлын талаар илтгэлдээ хөндлөө. Бид арван жилийн турш дунд сургуульд номын дуу сонсдог ч ирээдүйд ямар мэргэжилтэй болохоо шийдэж чадалгүй төгсдөг нь өнөөгийн боловсролын салбарын нийтлэг дүр төрх. Гэтэл өндөр хөгжилтэй ихэнх улс оронд найм, есдүгээр ангидаа хэдийнэ мэргэжлээ сонгосон байдаг. Монголчууд мэргэжил сонголтондоо ийм тоомжиргүй хандаж байгаа нь чанаргүй боловсон хүчин бэлтгэгдэх нэг үндэс болсон гэдгийг тэрбээр онцолсон юм.

Хэвлэл мэдээллийн хэрэгсэл бол нийгмийн тулгамдсан асуудлыг хөндөж, тэдгээрт олон нийт, шийдвэр гаргагчдын анхаарлыг хандуулах үүрэгтэй байдаг. Тиймээс эдгээр сэдвийг нэг удаа яриад өнгөрөх бус, цаашид ч нэгдсэн нийтлэлийн бодлогоороо бодлого тодорхойлогчдын сонорт хүргэж, бодит үр дүн гартал шаардлага тавьж ажиллахаар төлөвлөж буйгаа Монголын өдөр тутмын сонинууд дуу нэгтэйгээр илэрхийлж байна. Үүний эхний арга хэмжээ нь энэ удаагийн форум байлаа. Гэхдээ сэтгүүлчид шийдвэр гаргагчид биш. Харин нийгмийн энэ олон давхарга дунд төрийн бодлогоос гээгдсэн, эсвэл илүү их анхаарал тавих, оновчтой бодлого хэрэгжүүлэх шаардлагатай энэ мэт асуудлууд байна шүү гэдгийг гаргаж тавих нь сэтгүүлзүйн үүрэг. Хүний эрхийг дээдэлдэг, чөлөөт хэвлэл хөгжсөн өндөр хөгжилтэй орнуудад ч хэвлэл мэдээллийн байгууллага энэ зарчмаар ажиллаж, төрийн байгууллагын бодлого шийдвэрт нөлөөлдөг жишиг бий.

БАЙР СУУРЬ

ХҮҮХЭД ХАМГААЛЛААР ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЭХЭЭР ЯРИЛЦАЖ БАЙНА

Ерөнхийлөгчийн соёл, шашны бодлогын зөвлөх Ц.Хулан

-Өнөөдрийн форумаар нийгмийн ийм чухал 10 асуудлыг улс төржсөн, намжсан фракцуудын бүлэглэлийн төлөөлөлгүйгээр, сэтгүүлчид өөрсдөө хэлэлцэнэ гэдэг нийгмийн сэтгэлгээний том дэвшил. Өнөөдөр бухимдал төрүүлсэн олон асуудлаар бүтэн нэг жилийн хугацаанд Ерөнхийлөгчийн зүгээс эхлүүлсэн маш олон ажил бий. Прокуророос авсан мэдээллээр жилд зөвхөн амиа хорлодог хүүхдийн тоо 120 байна. сүүлийн таван жилд үндсэндээ 600 орчим хүүхэд амиа хорлосон гэсэн үг. Хүүхэд хамгааллын чиглэлээр Засгийн газартай үндэсний хөтөлбөр хэрэгжүүлэхээр ярилцаж байна. Үнэндээ өнөөдөр Монголын төрд сэтгүүлчдэд л итгэхээс өөр арга байхгүй. Эдийн засаг нь өсөөд байхад ажилгүйдэл, ядуурал улам газар аваад байгаа сэтгүүлчид төдийгүй сэтгэгчид гэж өргөмжлөгдөөд байгааг хүмүүс ч бодож эргэцүүлэх ёстой. Соёлын довтолгоо, ёс зүйн хувьсгалыг аж үйлдвэр, эдийн засгийн хөгжилтэй нь хамт хийх хэрэгтэй байна.

БИДНИЙ ХОТЖИХ, ХАМТРАН АМЬДРАХ ТУРШЛАГА МАШ БАГА

Соёлын гавьяат зүтгэлтэн, нийтлэлч Б.Цэнддоо

-Бид өмнө нь хуарангийн дэглэмд байсан улс шүү дээ. Бидний хотжих, хамтран амьдрах, төр засгаа өөрсдөө байгуулах туршлага маш бага. Харин 1990 онд шинэ зам руу орсноос хойш алдаж оноод л явж байна. Нийгэмд хамгийн их тулгамдаж буй 10 асуудлыг өнөөдөр ярьж байна. Тухайн үеийн нийгэмд ямар асуудал байна, түүнийг гарган тавьж, олон түмэнд нээж өгөх нь угаас сэтгүүл зүйн үндсэн үүрэг. Харин тэгэх нь зөв, ингэх нь буруу гэж зам заах учиргүй. Өнөөгийн бидэнд тулгамдаж буй асуудлууд юунаас үүдэлтэй вэ гэвэл олон зүйлийг хэлж болно. Шилжилтийн үед бий болсон эдийн засаг, улс төр, нийгмийн түвшинд бид өөрсдөө хэр бэлтгэгдсэн байв. Үндсэндээ хувь заяагаа сонгох чадвар маань аль хэр байхад шинэ зам руу орсон бэ гэдгээс л үүссэн зөрчил шүү дээ.

ХАМГИЙН ИХ НӨЛӨӨЛЖ БУЙ ХҮЧИН ЗҮЙЛ НЬ ЁС СУРТАХУУНЫ ДОРОЙТОЛ

Соёлын гавьяат зүтгэлтэн, шог зураач С.Цогтбаяр

-Хүмүүс эдгээр уруудал, доройтлыг материаллаг зүйл, хөрөнгө мөнгөний боломжтой холбож ярих дуртай. Харин миний бодлоор үүнд илүү их нөлөөлж буй хүчин зүйл нь ёс суртахууны доройтол. Бидний үнэт зүйл алдагдсан байна. Үнэт зүйлд уламжлал, ёс заншил, шашин, боловсрол, гоо зүй гээд бүх зүйл хамаарна. Хүн төрөлхтөн энэ олон дайн тулаан, өлсгөлөн зовлонг материаллаг гэхээсээ илүү сэтгэлийн хат, ёс зүйгээрээ л давж гарсан байдаг. Тиймээс бид хүүхдийн боловсрол, хүмүүжил, зөв хүн болгох тал дээр илүү анхаарч байж энэ бүх хүндрэлийг даван туулах боломжтой. нөгөө талаар зах зээлийн давалгаанд цаасан хэвлэл яаж тэсэж үлдэх вэ гэдгээ ярих нь сонинуудын хувьд энэ арваас илүү чухал сэдэв байх. Өөрсдөө хүчирхэг, хараат бус байж эдгээр асуудлын талаар дуугарсан шиг дуугарч, бусдад нөлөөлж чадна.

СУРГАЛТЫН ТӨЛБӨР ТӨДИЙГӨӨР БОЛОВСРОЛЫГ ХАРЖ БОЛОХГҮЙ

СУИС-ийн захирал, доктор Э.Сонинтогос

Өнөөдөр чухалгүй сэдэв Монголын нийгэмд алга. Гэхдээ хүний амьд явах эрх, улс үндэстний цаашид оршин тогтнох асуудалтай холбоотой нь өнөөдрийн форумаар зонхилон ярьж байгаа эрүүл мэнд, хүүхэд хамгаалал, боловсролын асуудал юм. Тиймээс энэ бүхнийг тойрон ярилцаж, нийтлэлийн томоохон сэдэв болгож авч явж байгаа нь үнэхээр чухал юм. Цаашид ч олон жил ийм чухал үүрэг оролцоотой байна. Тиймээс өдөр тутмын сонины сэтгүүлчид бичиж байгаадаа асар хариуцлагатай хандаж, гүехэн бичмээргүй байна. Тухайлбал, намар болж, сургалтын төлбөр яригдангуут л боловсролын сэдвийг хөнддөг. Гэтэл багшийн хөгжил, хандлага, сургалтын орчин гэх мэт маш чухал сэдвүүд орхигдоод байна шүү дээ. Дэлхий нийтэд их сургуулиуд нэг бол улсаас нь асар өндөр татаас өгдөг учраас үнэгүй боловсрол олгож байгаа, нөгөө хэсэг нь маш өндөр төлбөрөөр чанартай боловсрол олгож байгаа. Бид альнаар нь явах ёстой юм бэ.

ӨДӨР ТУТМЫН СОНИН БОДЛОГО ТОДОРХОЙЛОХОД ЧУХАЛ ОРОЛЦООТОЙ

МҮОНРТ-ийн ерөнхий захирал Л.Нинжжамц

-Өдөр тутмын сонинуудын энэ жилийн форумыг харж байхад сэдвийн агуулга маш өргөн болж байна. Урьд жилүүдэд сонинуудын эдийн засгийн чадавх, боловсон хүчний бааз, нийгмийн нөхцөл байдал, хэвлэлийн эрх чөлөөний талаар хөнддөг байсан. Тэгвэл энэ жил онцолсон дээрх 10 чухал сэдвээр мэргэжлийн сэтгүүлчид, өдөр тутмын сонинууд цэгцтэй, дэс дараалалтай, цувралаар төр засаг, холбогдох албан тушаалтнуудад шийдвэр гаргах түвшинд хүртэл нь хүргэж байж эдгээр асуудлыг шийдэх цаг нь болжээ гэдгийг анхаарч эхэлсэн байна. Өдөр тутмын сониныг зөвхөн сэтгүүлчдээр нь бус асуудлыг шийдвэрлүүлэх, бодлого тодорхойлоход чухал үүрэгтэй хэрэгсэл байсаар ирсэн гэдэг нь өнөөдрийн форумаар харагдаж байна. Түүнээс гадна өдөр тутмын сонин сошиал медиа, дижитал хувьсгал, телевизийн урлаг, радиогоос ялгаатай нь сэтгүүлчдийн бүтээл цаасан дээр үлддэг. Тиймээс сэтгүүлчид бичиж буй сэдэвтээ мэргэжлийн үүднээс хандаж, хариуцлагатай байх хэрэгтэй.

СЭТГҮҮЛЧДЭД ИТГЭХ ИТГЭЛИЙН ИНДЕКС ЯМАР БАЙГААГ БИД ЯРИХ ЁСТОЙ

itoim.mn сайтын эрхлэгч Г.Отгонбаяр

-Нийгэмд тулгамдаж буй шалтгааныг олж, түүнийг шийдвэрлэх арга замыг заах нь сэтгүүлчдийн хувьд нэгдүгээр асуудал биш. Харин ийм асуудал нийгэмд байна шүү, тийм зүйл болохгүй байна, үүнийгээ шийдээч ээ гэдгийг гаргаж тавих нь чухал. Өөрөөр хэлбэл, шийдвэр гаргах шаардлагыг төр засагт дамжуулах үүрэгтэй хүмүүс. Харин дүгнэлтийг нь олон нийт хийх учиртай. Сэтгүүл зүйн хувьд чухал сэдэв, чухал бус сэдэв гэж байх ёсгүй гэж би боддог. Харин нийгэмд чухал сэдэв, чухал бус сэдэв гэж бий. Үүнийг сэтгүүл зүй өөрөө ялгах ёстой. Сэтгүүлч хүн гэдэг өнөөдөр эмч, хуульч, шүүгч зэрэг мэргэжлийн хүмүүстэй адил олон түмнээс итгэл хүлээдэг. Хүн өвдөхөөрөө очоод эмчийн тавьсан оношинд итгэдэг шиг сэтгүүлч хүний үгэнд олон түмэн итгэдэг. Тэгвэл өнөөдөр сэтгүүлчдэд итгэх итгэлийн индекс ямар байгааг бид ярих л ёстой.
САНАЛ БОЛГОХ