Замын-Үүд үү, замын садаа юу

Үзэл бодол


​Сүлжээ тасарснаас болж ганц өдөрт 100 шахам хүн галт тэрэгнээс хоцордог​


Дорноговь аймгийн Замын-Үүд боомт өмнөд хөрштэй хийх худалдаа наймааны гол зангилаа бүс. Цаг үе чөлөөтэй болж, зах зээлд шилжсэн 1990-ээд оноос хойш уг боомтоор монголчууд цувж, ачаа бараа зөөж эхэлснээс хойш 30 шахам жил өнгөрчээ. Монголчуудын өргөн хэрэглээний барааны 70-80 хувь зөвхөн Замын-Үүдээр дамжин ирдэг гэж бодохоор ачаалал, хөл хөдөлгөөн ямар байх нь ойлгогдох байх. Энэ боомтоор өдөр 6-8 мянган хүн, 8001000 машин хил нэвтэрч, бидний өдөр тутамдаа хэрэглэдэг хувцас хунараас авахуулаад барилгын материал, цахилгаан бараа, хоол хүнс гээд есөн шидийн юм зөөсөөр байна. Өнгөрсөн жил Замын-Үүдээр 1.1 сая тонн ачаа төмөр замаар гарсан нь түүхэнд байгаагүй амжилт болсон гээд тус боомтын ач холбогдлыг тодотгох баримт олон. Өнгөрсөн жилүүдэд Замын-Үүд сум болон Эрээн хотын хөгжлийн ялгаа ямар түвшинд хүрсэн талаар бид олонтаа ярьсан. Тиймээс энэ сэдвийг түр орхиё. Харин хоёр боомтоор нэвтрэх хурд, үйлчилгээний чанар зайлшгүй яригдах ёстой сэдэв болоод удлаа. Манай хил, гаалийнхны хүнд суртал, техник тоног төхөөрөмжийн доголдлын талаар наймаа эрхлэгчид байнга гомдоллодог ч олигтой ахиц дэвшил гарсан зүйл огт алга.

Наймаачдын хувьд өглөөний 07 цагт Замын-Үүдэд буусан даруйд хамаг хурдаараа хил давж, бараагаа цуглуулах гэж яардаг. Өдөртөө багтаад буцан хилээр гарч, орой 18 цагт хөдлөх галт тэргэнд амжиж суухын тулд яарахаас ч аргагүй. Ингээд Эрээний захаар өдөржин хэсэж, хэдэн цаасандаа хэрэгтэй бараагаа цуглуулсны дараа Монголын хилээр нэвтрэх гэж үйлээ үзнэ дээ. Учир нь эндхийн дотоод сүлжээ ямар ч үед тасрах эрсдэлтэй тул гэнэтийн сюрпризэд бэлэн байх ёстой. Хамгийн сүүлд л гэхэд энэ сарын 12-ны өдөр интернет сүлжээ нь бараг хоёр цаг тасалдсаны улмаас олон хүн галт тэрэгнээсээ хоцроход хүрэв. “Өдрийн 16.00 цагт сүлжээ тасраад 17.40-д ирсэн. Бид урдуур сэдэв болоод удлаа. Манай хил, гаалийнхны хүнд суртал, техник тоног төхөөрөмжийн доголдлын талаар наймаа эрхлэгчид байнга гомдоллодог ч олигтой ахиц дэвшил гарсан зүйл огт алга. Наймаачдын хувьд өглөөний 07 цагт Замын-Үүдэд буусан даруйд хамаг хурдаараа хил давж, бараагаа цуглуулах гэж яардаг. Өдөртөө багтаад буцан хилээр гарч, орой 18 цагт хөдлөх галт тэргэнд амжиж суухын тулд яарахаас ч аргагүй. Ингээд Эрээний захаар өдөржин хэсэж, хэдэн цаасандаа хэрэгтэй бараагаа цуглуулсны дараа Монголын хилээр нэвтрэх гэж үйлээ үзнэ дээ.

Учир нь эндхийн дотоод сүлжээ ямар ч үед тасрах эрсдэлтэй тул гэнэтийн сюрпризэд бэлэн байх ёстой. Хамгийн сүүлд л гэхэд энэ сарын 12-ны өдөр интернет сүлжээ нь бараг хоёр цаг тасалдсаны улмаас олон хүн галт тэрэгнээсээ хоцроход хүрэв. “Өдрийн 16.00 цагт сүлжээ тасраад 17.40-д ирсэн. Бид урдуур зогсож байсан тулдаа вагондоо ам мөлтөс амжиж суусан юм. Бидний ард хорь, гучин машин үлдсэн гээд бодохоор 100 шахам хүн тэр өдөр вагондоо сууж чадалгүй хоцорсон” хэмээн Нарантуул захад бэлэн хувцас зардаг Мөнх хэмээх бүсгүй ярив. Харин Бөмбөгөр захад хувцасны лангуу түрээсэлдэг 32 настай Б “Замын-Үүдэд сүлжээ байнга тасардаг. Үүнээс болж хүмүүс вагоноос хоцрох нь энгийн үзэгдэл болсон. Би хүртэл нэг удаа хоцорч байлаа. Бараг долоо хоног бүр сүлжээ нь тасардаг юм билээ. Заримдаа хурдан янзалчихна. Харин заримдаа хоёр цаг ч хүлээх тохиолдол бий. үнэхээр хэцүү. Биднийг хилээр гарах болгонд орон нутгийг хөгжүүлэх санд орно гээд мянган төгрөг хураадаг. Ядаж тэр мөнгөөрөө сүлжээгээ янзалж, чирэгдэлгүй үйлчилж болдоггүй юм байх даа” хэмээн бухимдангуй өгүүлэв.

Хил дээр саатаж, галт тэрэгнээсээ хоцорсон хүмүүсийн хувьд тэндээ хоноглох, эсвэл 15-20 мянган төгрөгөөр такси хөлслөн Сайншанд хүртэл давхиж, галт тэргээ гүйцэх гэсэн хоёр сонголттой тулгардаг байна. Хэрэв сумын төвд үлдэхээр бол зочид буудлын хөлс, хоолны зардлаас гадна хамгийн гол нь бүхэл бүтэн нэг хоног алдана. Иймд хүмүүс ихэвчлэн хоёр дахь замыг сонгодог аж. Сайншанд хүртэл шунгинах таксинууд хэдийнэ байраа эзлээд тэднийг хүлээж байдаг гэнэ. Өдөр болгон л хүмүүс хилийн арчаагүй байдлаас болж хэдэн арваараа галт тэрэгнээс хоцордог болохоор үйлчлүүлэгч ихтэй байдаг аж. Нэг хүн хамгийн багадаа 15 мянгын нэмэлт зардал ийнхүү гаргаж байна. Тэгээд ганц өдөрт 100 шахам хүн хоцорч байна гэхээр сүлжээний доголдлоос болж ямар их үргүй зардал урсаж буй нь харагдах байх. Энэ байдал долоо хоногт 1-2 удаа давтагддаг хэмээн наймаачид гомдоллож буй. Тэгэхээр жижиг мэт асуудлын цаана том дарамт бий болж, жирийн иргэдийн мөнгө хий дэмий урссаар байгаа юм.

• Монголчуудын өргөн хэрэглээний барааны 70-80 хувь зөвхөн Замын-Үүдээр орж ирдэг.
• “Замын-Үүдэд сүлжээ байнга л тасардаг. Үүнээс болж хүмүүс вагоноос хоцрох нь энгийн үзэгдэл болсон” гэв.
• Хоцорсон хүмүүс 15-20 мянган төгрөгөөр такси хөлслөн Сайншанд хүртэл давхиж, галт тэргээ гүйцдэг.

Уг нь Замын-Үүд бол Монгол орны бусад 330 гаруй сумтай харьцуулахад онцгой бүс нутаг. Бидний өргөн хэрэглэдэг ихэнх бараа энэ боомтоор орж ирдэг болохоор анхаарлаа сайн хандуулдаг, түргэн үйлчилдэг, бэрхшээл гарахад шуурхай шийддэг байх ёстой. Эрээн хот шиг өндөр хөгжилтэй болгоотох гэж шаардахаа больё. Ядаж интернет сүлжээгээ асуудалгүй болгочихвол бага ч гэсэн дэвшил авчрах гээд байна. Энэ талаар Замын-Үүд сумын Засаг дарга Н.Алдарбаяртай холбогдож тодруулахад “Хил хяналтын байгууллага босоо удирдлагатай байдаг. Хил хамгаалах ерөнхий газрын харъяа Замын-Үүдийн шалган нэвтрүүлэх 0108 дугаар анги яг энэ сүлжээний асуудлыг хариуцаж байгаа. Шилэн кабелийнхаа хүчин чадлаас болоод сүлжээ доголдох, саатах асуудал гардаг. Үүнийг хүлээн зөвшөөрнө. Орон нутгийн зүгээс энэ асуудлыг шийдэхэд эрх мэдэл хүрдэггүй болохоор яах ч аргагүй байна” хэмээн тайлбарлалаа.

Харин асуудлыг гардан хариуцаж буй 0108 дугаар ангийн дарга, хурандаа А.Энхтөртэй холбогдоход “Наад гомдол гаргасан хүнээ Замын-Үүдэд дагуулж ирээд ямар учир шалтгаантайг асууж тодруулаарай” гэсэн үл бүтэх хариу өгөөд утсаа таслав. Уг нь тэднийг газар дээр нь тулгарсан асуудлыг шийд гэж энэ албан тушаалд томилсон баймаар. Гэвч иргэдэд асар их түвэг чирэгдэл учруулчихаад санаа зовсон шинжгүй утсаар даналзаж байгаа нь дэндүү харамсалтай. Өнгөрсөн зун Ерөнхий сайд У.Хүрэлсүх Замын-Үүдэд очиход дарга нар нь орон нутагт хийгдэж буй бүтээн байгуулалтаа ам уралдан магтаж, чухам л жаргалын диваажин болсон мэт мэдээлэл өгч байв. Бүс нутгийн ложистикийн төвийн бүтээн байгуулалт 85 хувьтай байгаа л гэнэ. 15 МВт-ын нарны цахилгаан станц ашиглалтад орлоо л гэнэ. Харин Ерөнхий сайдыг ирэхэд том том бүтээн байгуулалт ярьж угтдаг хурган дарга нарын ажил бодит байдал дээр ямар байгааг хүн бүр хэлж байна.

“БНХАУ-ын Эрээний боомтоос Монгол Улсын Замын-Үүдийн боомт руу нэвтрэхэд жижигхэн лонх руу орж ирж байгаа юм шиг санагддаг. 1990-ээд оны үйлчилгээ, нөхцөл байдал яг хэвээр байна. Хоёр автобус буюу 90 орчим хүн орж ирэхэд л жижиг заал нь дүүрчихдэг. Гэтэл зорчигчдын урсгал нэмэгдсээр. Тийм учраас Замын-Үүд боомтын хүчин чадлыг сайжруулах талаар онцгой анхаарах ёстой” хэмээн тус сумын Засаг дарга Н.Алдарбаяр нэгэн ярилцлагадаа өгүүлж байв. Үнэхээр түүний хэлсэнчлэн Эрээний боомтын цэлийсэн заалнаас гараад Монголын хилээр орж ирэхэд оготны нүх шиг санагддаг нь нууц биш. Яарч адгасан хүмүүс энэхүү жижиг зааланд “алаан” болж, нэгнийхээ урд орчих гээд үзэж тарна. Гэтэл дайран дээр давс гэгчээр сүлжээ нь байсхийгээд тасалдаж, олныг зутраасаар байна. Сүлжээний доголдол гэх өчүүхэн асуудлаа шийдэж чадалгүй өнөөг хүрч байгаа нөхөд монголчуудыг хэдэн онд аялуулаад байна вэ. Чаддаггүй нэгний ажлыг чаддагт нь шилжүүлэх цаг болсон бус уу.
САНАЛ БОЛГОХ