Алт Монголд тэрбум ам.доллар авчирна
Үзэл бодол
Санхүүгийн тусгаар тогтнолын баталгааг алт хангадаг
Өдгөө улсыг тэжээж, төсвийг ундаалж буй зэс, нүүрсний үүц задрахаас ч өмнө Монголын эдийн засгийг нуруун дээрээ үүрч явсан, одоо ч түшиж буй алтны салбарынхан анхаарал нэхэж байна. Аргаа барж, тартагтаа тулах үедээ бид алтаар амь тариа хийдэг атлаа энэ салбарын тогтвортой хөгжлийг боомилж, татвар, тусгай зөвшөөрлөөр хавчсан нь цөөнгүй. Энэ хэрээр Монголын эдийн засгийн хүнд үеийн хувиршгүй багана болдог алтны салбарын эрэл хайгуул, олборлолт ганхаж, савласаар өдий хүрээд байна. Уг нь ойрын таван жилд энэ салбарыг ухаалгаар хөгжүүлбэл шар металл тэрбум ам.доллар олж, зэс, нүүрстэй зэрэгцэхүйц орлогыг Монголын эдийн засагт авчрах бүрэн боломж бий. Гэвч тэнгэрийн тоо мэт сонсогдож буй тэрбум ам.долларт хүрэхэд энэ салбарт хэд хэдэн тээг тэгнэжээ. Монгол улс 1990 оноос алтны нөөцийн үүцээ задалж, орд уурхайнх нь үүдийг нээсэн. Эдүгээ газрын гадаргатай ойр алтны шороон ордын нөөц шавхагдах дөхсөн.
Ахиад алт олборлоё гэвэл газрын гүнийг ухахаас өөр аргагүй болсныг уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Геологийн бодлогын газрын дарга Б.Мөнхтөр хэлж байна. Тиймээс энэ салбарын эрэл хайгуулыг эрчимжүүлэх нь шийдлээ хүлээж буй сорилтын эхэнд эрэмбэлэгдэх болов. Ойрын жилүүдэд алтны томоохон орд, бүсийг илрүүлэх суурь судалгаануудыг эхлүүлэхээр төлөвлөж байна. Монгол орны зүүн болон баруун хэсэгт алтны илэрц их ч гүйцэд судлагдаагүй өдий хүрчээ. Мөн шороонд тулгуурлаж буй алтны салбарыг үндсэн ордуудад шилжүүлэх нь чухлыг салбарынхан хэлж байна. Үүнд дор хаяж таван жил шаардлагатай аж. Бас алт үйлдвэрлэгчид санхүүгийн гачигдалтай нүүр тулжээ. Алтны салбарын аж ахуйн нэгжийн талаас илүү нь өдгөө үйл ажиллагаагаа зогсоочихоод байгаа. Тэдний дийлэнх нь төслийн санхүүжилт, эргэлтийн хөрөнгийн дутагдлаас болж үүдээ хаажээ. Монголын алт үйлдвэрлэгчдийн холбооны гүйцэтгэх захирал С.Бадарч “Алт олборлогч компаниудыг санхүүгийн эх үүсвэрээр дэмжихээр “Алт-2” хөтөлбөрт заасан ч одоогоор бодит ажил хэрэг болоогүй байна” хэмээн учирлав.
САНХҮҮГИЙН ТУЛАХ ЦЭГ
Манай улсын санхүүгийн салбарын гол үзүүлэлт болох гадаад валютын улсын албан нөөц наймдугаар сарын байдлаар 2.8 тэрбум ам.доллартай тэнцэж байна. Үүний 475 сая ам.доллар буюу 17 хувь нь мөнгөжсөн алт болохыг төв банк мэдээллээ. Сүүлийн зургаан жилд эх орны алт улсын валютын нөөцийг 2.74 тэрбум ам.доллараар тэтгэжээ. Энэ онд ч 700-800 сая ам.долларыг Монголын эдийн засагт авчрах төлөвтэй. Алт ийнхүү сүүлийн хэдэн жил Монгол улсын эдийн засагт үлэмж хэмжээний валютын давалгаа дагуулсаар. Ингэснээр Монгол улсын санхүүгийн тусгаар тогтнолын баталгаа, үндэсний мөнгөн тэмдэгтийн үнэнч хамгаалагч болж байна. Эх орны грамм алт бүр монгол өрхийн зүсэм талх, атга элсэн чихрийн үнийг хямдруулдаг. Алтны нөөцөө өсгөж, ам.долларын ханшийг тогтоон барьснаар төгрөгийн үнэ цэнийг хамгаалж, импортын барааны үнийг тогтоон барьдаг.
Чуулганы сэдэв цаг үеэ олсон тул оролцогчийн тоо хүлээлтээс хол давсан юм
Ам.долларын ханш монгол айл өрхийн хэтэвчийг хэрхэн цоолдгийг ганцхан жишээгээр хүргье. Сүүлийн таван жилд төгрөгтэй харьцах ам.долларын ханш 50.5 хувиар чангарчээ. Тодруулбал, 2013 оны есдүгээр сард 1662.45 төгрөгтэй тэнцэж байсан ам.долларын ханш өдгөө 2550.04-т хүрээд байна. Харин энэ хугацаанд Монгол улс 100 хувь импортоор авдаг элсэн чихрийн үнэ 51 хувиар дээшилж, килограмм нь 1656 төгрөгөөс 2505-д хүрсэн байгаа юм. Чухам ийм л учраас төв банк, салбарын яам, хувийн хэвшил “ногоон”-ы ханшид улаан гэрэл асаахын тулд алтны салбарыг дэмжих нь зүйтэй хэмээн үзэж байна. Монгол улсын Засгийн газраас стратегийн ач холбогдолтой шар металлын салбарыг дэмжихийн тулд “Алт-2” хөтөлбөр хэрэгжүүлж буй. Энэ хүрээнд дотоодын алтны үйлдвэрлэлийг жил бүр 2-3 тонноор нэмэгдүүлж, 2020 он гэхэд 25 тоннд хүргэх зорилго тавиад байгаа аж.
Мөн алтны эрэл хайгуулыг нэмэгдүүлж, Монгол улсын алтны нөөцийг 100-150 тонноор өсгөхөөр уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас төлөвлөжээ. Монгол улс эдийн засгийн эрсдэлээ бууруулахын тулд сүүлийн таван жил алт түшсэн бодлого хэрэгжүүлсэн. 2012 онд Алтны нөөц ашигласны төлбөрийг бууруулж, борлуулалтын орлогоос 2.5 хувиар тооцохоор болсон. Ингэснээр Монголбанкинд тушаасан алтны хэмжээ сүүлийн таван жилд долоо дахин нэмэгдсэн. Энэ бол 2012 онд баталж, 2013 оноос хэрэгжүүлж эхэлсэн алтны татварын хууль, бодлогын өөрчлөлт дагасан бодит үр дүн юм. Монгол улс алтны салбарын татварын орчныг өрсөлдөхүйц болгосноор хөгжлийг нь нэг шат ахиулсан. Гэхдээ Монголын макро эдийн засгийн тэнцвэрийг хангахад чухал нөлөө үзүүлсэн татварын хуулийн үйлчлэх хугацаа энэ оноор дуусна.
Тэгвэл төв банк, уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, эдийн засагчид, холбогдох мэргэжлийн холбоод уг хуулийн хэрэгжилтийг дахин таван жилээр сунгаж, 2024 он хүргэх саналтай байна. Уг саналаа ч хуулийн төсөл болгон, УИХ-д өргөн барих гэж байна. Ирэх саруудад төгрөгийн ханшаас эхлээд Монголын эдийн засгийн өнгийг тодорхойлох энэ хуулийг сунгах, эсэхийг ирэх өдрүүдэд УИХ шийдэх болно. Монголын эдийн засгийн ирэх оны өнгийг хэлэлцэх гэж буй энэ үед уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Монголбанк, Bloomberg Tv Mongolia телевиз хамтран “Алтны форум” зохион байгууллаа. Уг чуулганы сэдэв нь цаг үеэ олсон байсныг хүлээлтээс хол давсан олон хүн оролцсоноос харж болно. Мөн ажил хэрэгч, үр дүнтэй уулзалт болсныг оролцогчид онцолж байв. Алтны салбарын өнөө, ирээдүйг хэлэлцсэн энэ чуулганд Сангийн яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Цагдаагийн ерөнхий газар, тагнуулын ерөнхий газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар зэрэг төрийн байгууллага, алт үйлдвэрлэгч компаниуд болон судлаач, шинжээч зэрэг 200 гаруй төлөөлөгч оролцлоо.
ЗГМ: ТОДРУУЛГА
Үндсэн ордуудаас татвар авахад анхаарах хэрэгтэй
Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын зөвлөх М.Дагваас зарим асуултад хариулт авлаа.
-Алтны дунд зэргийн, хэд хэдэн ордыг ашиглаж буй энэ үед тус түүхий эдийн нөөц ашигласны төлбөрийг нэмж, төсвийн орлогыг дэмжих нь зүйтэй гэж салбарын зарим хүн хэлдэг. Та ямар байр суурьтай байна вэ?
-Алтны шороон ордуудын нөөц шавхагдаж байгаа. Энэ үйл явц удаан үргэлжлэхгүй. Алтны татварыг өсгөж, 5-10 хувь болголоо гээд улсын төсвийн орлого огцом нэмэгдэхгүй. Харин татвар өсгөснөөр сүүлийн жилүүдэд ил тод болсон алт олборлолтын сүлжээг дахиад далд хэлбэр лүү түлхэж болзошгүй. Тиймээс одоо шавхагдаж буй шороон ордууд бус харин алтны үндсэн ордуудаас ахиу хэмжээний татвар авахад анхаарах хэрэгтэй.
-Эдийн засгийн хүндрэлийн үед аминд ордог алтны салбар өдгөө санхүүгийн хомсдолтой нүүр тулж буйг олборлогчид хэлж байна. Цаашид энэ салбарын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхийн тулд юу хийх хэрэгтэй вэ?
-Алтны шороон ордод олборлолт хийж буй компаниудад улирлын шинж чанартай зээл өгөх хэрэгтэй гэж зарим хүн хэлдэг. Нөгөө талд банкууд барьцаа хөрөнгийн баталгаанд өндөр шаардлага тавьдаг тул алтны компаниудад таатай нөхцөлтэй зээл олдохгүй байна. Гэхдээ үүнийг бид богино хугацааны сорилт гэж харж байна. Харин Монголд Гацуурт шиг арваад орд нээхийг, Бороо шиг 3-4 ордыг тогтмол ажиллуулж, жилд дунджаар 10-15 тонн алт тогтвортой олборлох боломжийг олгоход анхаарч байна. Үүний тулд дотоодын санхүүжилтийн боломжийг ашиглахаас гадна гадаадын хөрөнгө оруулалтыг хэрхэн ухаалгаар татах вэ гэдгийг бодох хэрэгтэй. Мөн үндсэрхэг үзэлтэй холбоотойгоор алт бол олборлоход хялбар түүхий эд, бид өөрсдөө ухчихна гэсэн хандлага хүчтэй газар авч байна. Мэдээж бид шороон ордын нөөцийг олборлож чадна. Гэтэл бидний хүсэж буй алт болох 200-300 тонн нөөцийг олоход хайгуулын эрсдэл, өртөг өндөр. Энэ чиглэлд төрийн мөнгийг зарцуулах бус харин олон улстай өрсөлдөхүйц бизнесийн орчин бий болгож, гадаадаас санхүүжилт татах нь зүйтэй гэж үзэж байна.
-Хөгжиж буй орнууд алтны нөөцөө өсгөж эхэллээ. Үүнийг та хэрхэн дүгнэж байна вэ?
-АНУ-ын шинэ засаг захиргааны бодлого, их гүрнүүдийн худалдааны дайнаас үүдэн дэлхийн санхүү, эдийн засгийн суурь ойлголтууд өөрчлөгдөж байна. Энэ хэрээр зарим орны валют савлаж байна. Тогтворгүй байдал хүрээгээ тэлж буй учраас алтыг сонирхож байна. Таамаглахад түвэгтэй байгаа ч урт хугацаанд алтны үнэ нэмэгдэж, богино хугацаанд сулрах төлөвтэй байна.
САНАЛ БОЛГОХ
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй