UFC-гийн түүхэн дэх хамгийн дуулиант тулаан

Спорт


Ялагч Нурмагомедовыг холбооноос хөөх асуудал яригдаж эхэллээ​


Тулааны урлагийн бүх л төрлөөр үзэлцэхийг зөвшөөрдөг UFC холбооны тоглолтууд сүүлийн жилүүдэд олны сонирхлыг асар их татах болсон. Хамгийн алдартай тулааны төрөл гэгддэг мэргэжлийн боксын байр суурийг UFC булаан авлаа гэж ярьдаг нь ч үнэний ортой. Тэгвэл уг холбоонд дэлхий даяар нэр алдар нь түгсэн хоёр тод од байсан нь Коннор Макгрегор, Хабиб Нурмагомедов нар. Ертөнцөд нэг л нар байдагтай адил тулааны спортод нэг л ялагч байх ёстой. Тиймээс UFC олны хүсэл сонирхол, хандлагыг зөв мэдэрч, хоёр шилдэг одыг хооронд нь тулалдуулах тохироонд хүрсэн нь өчигдөр биеллээ оллоо. Уг тулааныг Монголын спортын хорхойтнууд ч шимтэн үзсэн бөгөөд хөлбөмбөгийн ДАШТ болон лигийн тоглолтуудтай адил жирийн үзэгчдийн дунд ч сэтгэл догдлон үздэг спорт болж буйг онцолъё.

ИХ ТУЛААНЫ ӨМНӨ

Ирланд эр Макгрегор бол холимог тулааныг алдаршуудахад үнэтэй хувь нэмэр оруулсан, энэ холбооны нүүр царай болсон тамирчин. UFC-д 24 тулаан хийснээс 21-т нь ялсан үзүүлэлттэй. Гэвч сүүлийн хоёр жилийн турш нэг ч тулалдаагүй болохоор холбооноос аваргын бүсийг нь хураан авсан. Энэ хооронд Дагестан гаралтай Орос эр Хабиб бүсийг нь өөрийн болгоод байв. Коннорын хувьд 12 настайгаасаа боксоор хичээллэсэн нэгэн. Улмаар 17-тойдоо холимог тулаанаар хичээллэх болж, 2013 онд UFC-д анхны тулаанаа хийжээ. Домогт боксчин Флойд Мейведертэй тулахын тулд хэдэн сарын турш боксын бэлтгэлдээ анхаарч байв. Энэ хэрээр боксын ур чадвар нь илт сайжирсан болохоор өрсөлдөгчөө нам цохиж чадна гэж хөгжөөн дэмжигчид нь найдаж байв. Хабибын хувьд ихэнх Дагестан хүүхдийн нэгэн адил чөлөөт бөхөөр үндэс сууриа тавьсан. Хожим байлдааны самбо бөхөөр хичээллэж, дэлхийн аварга цол хүртсэн амжилттай. Тэр ч утгаараа өрсөлдөгчөө бөхийн мэхээр унагаж, боох, өчих нь түүний давуу тал.

Түүний чөлөөтийн багш нь дэлхийн хошой аварга Сажид Сажидов, боксын багш нь олимпийн мөнгөн медальт Нурмагомед Шанавазов гээд бодохоор мундаг хүмүүсийн удирдлага дор өсөж дэвжсэн байна. Өмнө нь холимог тулааны спортоор 26 удаа хүч үзэж бүгдэд нь ялалт байгуулжээ. Тэдний тулаан UFC холбооны түүхэнд хамгийн өндөр шагналын сантай болох нь эртнээс тодорхой болоод байв. Холбооны зүгээс албан ёсоор Коннорт гурав, Хабибд хоёр сая ам.долларын шагнал өгсөн. Харин телевизийн шууд дамжуулалтаас орж ирэх мөнгө болон бусад орлогыг тооцвол энэ мөнгө огцом нэмэгдэнэ. Тодруулбал, Коннор тулаанаас нийт 30 орчим саяыг халаасалсан бол Хабиб 10 гаруй саяыг олсон гэнэ. Тэдний тулааныг шууд үзэх эрхийг гурван сая хүн худалдан авсан нь UFC-гийн түүхэнд дээд амжилт болжээ. Төлбөртэй зөвшөөрлийг 1.6 сая хүн худалдан авч байсан нь өмнөх дээд амжилтад тооцогдож байв. Харин интернэт болон бусад сувгаар үзсэн хүний тоог гаргавал тэрбумаар яригдах болно. Хоёр тамирчин 70.3 кг-ын жинд тулалдах ёстой. Уг жинд орохын тулд Хабиб 18 кг, Коннор найман кг хассан гэнэ. Эндээс харвал хабиб өрсөлдөгчөөсөө хавьгүй биерхүү болох нь ойлгогдоно. Тулаан эхлэхийн өмнө Лас Вегасын 20 мянган хүний суудалтай T-Mobile ордон хөл гишгэх зайгүй дүүрсэн байлаа.

БОКСЫН ЭСРЭГ БӨХ

Ингээд хүсэн хүлээсэн тулаан эхэллээ. Тэд таван минутаар таван үе үзэлцэх ёстой. Тулаан эхлээд удаагүй байхад Хабиб давхар хамах мэхээр өрсөлдөгчөө унагааж авав. Дээрээс нь дарж байгаад цохих зэргээр давамгайлсаар энэ үеийг дуусгалаа. Коннор эхний үед ялагдаж эхэлсэн ч сандарсан шинж алга. Шийдсэн ганц цохилтоор тулааныг дуусгаж болно гэдгийг тэр сайн мэдэж байгаа. Гэтэл хоёрдугаар үе эхлээд удаагүй байтал тэр өөрөө Хабибын хүчтэй цохилтод өртөж тэрийн хадан унах нь тэр. Хабиб тэр даруй дээр нь гарч аваад нүдэж эхлэв. Мөн өчих мэхний оролдлого хийсэн нь амжилтад хүрэх тун дөхлөө. Ийнхүү хоёрдугаар үе тэр чигээрээ Хабибын давамгайлал дор болж өнгөрөв.

Тэдний тулааныг шууд үзэх эрхийг гурван сая хүн худалдан авсан
Дараагийн таван минутад Коннор өмнөхөөс хавьгүй дээр үзэлцсэн. Овоо өгөө аваатай үе боллоо гэж дүгнэж болно. Гэхдээ тэд таван үе дуустал тулалдах учиргүй байжээ. Дөрөвдүгээр үе талдаа орж байхад Орос эр Хабиб өрсөлдөгчийнхөө ард гарч, боолтонд оруулсан нь тулааны хувь заяаг шийдэв. Хүнд байдлаас гарах боломжгүйг ойлгосон Коннор бууж өгөхөөс аргагүйд хүрсэн юм. Хэрэв гүрийгээд байвал ухаан алдаж унан дэлхий даяар шившиг болох байлаа.

ДУУЛИАНТ ТУЛААНЫ ДУУЛИАНТ ТӨГСГӨЛ

Ийнхүү Хабиб Нурмагомедов 27 дахь тулаандаа дараалан ялж, аваргын бүсээ хамгаалж үлдэв. Гэвч энэ өдрийн гол дуулиан тулааны дараа дэгдэх нь тэр. Тулаан дуусаад удаагүй байтал Хабиб хашлага давж, үзэгчдийн дунд байсан Коннорын багийнхан руу дайран орж зодоон үүсгэв. Гэтэл түүний бэлтгэл хангагч чечень эр хашлага даван рингэнд орж ирээд Коннорыг хэд хэд цохиод авлаа. Ийм юм болно гэж төсөөлөөгүй байсан зохион байгуулагчид сандран гүйлдэж үймээнийг намжаахаар оролдож байгаа харагдана. Коннорын багийнхан түүнийг ордноос аван гарч явснаар эмх замбараагүй байдал намжлаа. Удалгүй UFC энэ тулаанд Хабиб ялалт байгуулсныг албан ёсоор зарлав. Гэхдээ түүнд аваргын бүсийг нь өгсөнгүй. UFC-гийн босс Дана Уайт “Ийм үймээн дэгдээсний дараа чамд аваргын бүс гардуулбал ордонд байгаа үзэгчдийн дургүйг хүргэнэ.

Магадгүй тэд чам руу дайрч, эмх замбараагүй байдал үүсгэж ч мэднэ” хэмээн тайлбарласан юм. Ийнхүү UFC “Зууны” гэх тодотголтой нэгэн супер тулааныг зохион байгуулж, өөрийн холбоог дэлхий нийтэд сурталчилсан ч төгсгөл хэсэг үймээн зодоонтой болсон нь харамсалтай. Эмх замбараагүй байдал үүсгэсэн хэргээр Хабибын багийн гурван ч хүнийг барьж, тэр даруй шоронд хийсэн мэдээ байна. Тэдний АНУ-д хөл тавих эрхийг насан туршид нь хасах гэнэ. Хабибын хувьд Коннорын хэлсэн үгийг марталгүй өс санаад явсан бололтой. Хэвлэлийн бага хурлын үеэр Коннор “Дагестанчууд бүгд новшийн хүмүүс” гэх зэргээр үндэс угсаагаар нь доромжилсон нь гал дээр тос нэмж орхисон юм. Тиймээс Хабиб тулаанд ялсан ч түүндээ ханалгүй дахин зодоон үүсгэсэн байх талтай. Гэвч түүний болчимгүй үйлдэл UFC дахь карьерийг нь бүрмөсөн дуусгаж магадгүй байна. UFC-гийн нэр хүндийг унагасан хэргээр түүнийг буруутгаж, холбооноос хөөх асуудал яригдаж эхлээд байгаа юм.
САНАЛ БОЛГОХ