Татвар төлөгч таны тэтгэврийн мөнгө хаана байна вэ

Мөнгөний урсгал


Өндөр настны тоо 30 хүрэхгүй жилийн дотор 3-4 дахин өснө​


Дорж 800 мянган төгрөгийн цалинтай. Нийгмийн даатгалын шимтгэлд (НДШ) сард 88 мянга, жилд сая гаруй төгрөг төлдөг. Энэ онд НДШ-ийн хэмжээ нэг хувиар нэмэгдсэнээр Доржийн төлдөг мөнгө нэг жилд 96 мянган төгрөгөөр өсчээ. Ирэх онуудад уг шимтгэл дахин дөрвөн хувиар нэмэгдэнэ. Ингэснээр төр татварын хувь хэмжээг нэмэх нэрийн дор Доржийн халааснаас 260 мянган төгрөг чимээгүйхэн “суйлах” нь. Яг дорж шиг олон иргэн ингэж хэтэвчээ чимээгүйхэн сэгсрүүлж, ижийдээ барих аяга сүү, үрдээ өгөх тал талхны мөнгөө хагаслан, татвар төлсөөр байна. Иргэний үүргээ гүйцэтгэхээс татгалзаж, татвараа бүү төл гэж хэлэх гэсэнгүй. Гэхдээ номхноор нь далимдуулж, иргэдийн халаасанд санаснаараа гар дүрж буй төр эргээд доржийг өтлөхийн цагт дураар нь дургиулж, тэжээн тэтгэж чадах болов уу. Иргэдийн өтлөх насны амин зуулга болсон тэтгэврийн мөнгө ирэх жилүүдэд улсын төсөвт хүндхэн ачаа болно хэмээн Сангийн сайд мэдэгдэж байна. Ер нь албаныхны амыг харвал, бид жар, дал хүртлээ ачааны морь, анжисны ир шиг зүтгэлээ гээд төлсөн татвараа авч чадахгүйд хүрч магадгүй байна.

ӨНДӨР НАСТНЫ ТОО ӨСНӨ

Эдүгээ арван монгол хүн тутмын нэг нь тэтгэвэр авч, хөдөлмөр эрхэлж буй таван хүн тутамд нэг өндөр настан ногдож байна. Дэлхийн дунджаас хавьгүй доогуур манай өндөр настнуудын тоо биднийг залуусын орон болохыг батална. Гэвч цэл залуу монголын хүн амын нас өндөрсөж, тэтгэвэр авагчдын тоо нэмэгдэх нь цаг хугацааных. Манай ахмад настны тоо 30 хүрэхгүй жилийн дотор одоогийнхоос 3-4 дахин нэмэгдэх тооцоог хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас гаргаад байна. 2045 он гэхэд Монголын таван хүн тутмын нэг нь тэтгэврийн настан болно. Наанадаж л одоогоос 10 гаруйхан жилийн дараа манай өндөр настнууд хоёр дахин нэмэгдэж, 600 мянгад хүрэх төлөвтэй. Гэтэл өдгөө хүн амынх нь арванхувьд ч хүрдэггүй хөгшдийнхөө тэтгэврийг арай ядан тавьж буй төр арав гаруй жилийн дараа хагас саяас олон болох хөгшдөө сүүний мөнгөөр нь таслахгүй байж чадах болов уу.

Хүн амд эзлэх өндөр настнуудын эгнээ тэлэх хэрнээ хөдөлмөрлөх насны иргэдийн тоо хоргодож, нийгмийн даатгалын сангийн орлого буурч таарах төлөв гарсан. Ингэснээр хөгшдийн тэтгэвэр Монголын хамгийн том толгойны өвчин болохоор шинжтэй. Монгол улс 1995 онд шинэ даатгалын системд шилжсэнээс хойш тэтгэврийн санд нэг ч төгрөгийн хуримтлал үүсэлгүй олон жилийг үдсэн. Хуримтлал үүсгэх нь бүү хэл хорь гаруйхан жилийн дотор энэ сангийн өр авлага бараг 10 гаруй их наяд төгрөгт хүрчихээд байгааг албаныхан тогтоосон. Өөрөөр хэлбэл, ийм хэмжээний мөнгийг нийгмийн даатгалын шимтгэлээ сар бүр төлдөг иргэдийн нэр дээр бичиж, тэдний дэвтэр дээр хоосон бичилт хийсээр өдий хүрч байна. 20 гаруй жил иргэдийн мөнгийг хуримтлуулж буй тэтгэврийн даатгалын сан өдгөө зардлаа ч даахаа больсон. Өнгөрсөн онд гэхэд уг сан 600-гаад тэрбум төгрөгийн алдагдал хүлээжээ. Дэлхийн банкны тооцоогоор манай улсын хүн амд эзлэх ахмад настны тоо нэмэгдэхийн хэрээр тэтгэврийн даатгалын сангийн алдагдал жил бүр тэлж, 2050 онд ДНБ-ий 13 хувьд хүрэх таамагтай.

Тэтгэврийн санд үүссэн алдагдлын хар цоорхойг өнөөг хүртэл улсын төсвийн мөнгөөр нөхсөөр ирсэн. Орлогоо ч гүйцдэггүй, ядруухан улсын төсвөөс жилд дунджаар хагас их наяд гаруй төгрөг тэтгэврийн сан руу урссаар байна. Улсын төсвийг тэвдүүлж, Сангийн сайд нарыг барайлгаж буй энэ мөнгө 2030 он гэхэд нэг их наяд төгрөгтэй тэнцэнэ. Ингэснээр ядмагхан улсын төсөв маань ирэх жилүүдэд тэтгэврийн дарамтаас өндийхгүй байж мэдэх нь. Хамгийн ноцтой нь төрдөө итгэж татвараа төлсөн, 1960-1970-аад оны хүн амын огцом өсөлтийн үед төрсөн иргэдийн тэтгэвэрт эрсдэл үүсэхийг үгүйсгэх аргагүй болчихоод байна. Гэвч албаныхан нийгмийн даатгалын хувь, хэмжээг нэмэх, иргэдийн тэтгэвэрт гарах насыг уртасгах зэрэг түр зуурын гал унтраах арга хэмжээ авсаар өдий хүрлээ. Хувийн тэтгэврийн сан, нэрийн данс зэрэг чихэнд чимэгтэй шийдэл сонсогдож байгаа ч өнөө хэр хөрсөндөө буулгаагүй, ирээдүйд тэтгэвэрт гарах иргэн таны, миний тэтгэврийн асуудал зуун задгай жаран хагархай хэвээр.

ӨР БУС МӨНГӨ ҮРЖҮҮЛДЭГ САН

Зөвхөн Монгол гэлтгүй дэлхийн олон орон хүн амын насжилттай нүүр тулж байгаа бөгөөд тэтгэврийн сангаа ухаалгаар удирдахыг зорьж байна. Норвеги, Япон, АНУ зэрэг олон орон тэтгэврийн даатгалд хуримтлагдсан мөнгөө хөрөнгө оруулалтын эх үүсвэр болгон өгөөж хүртдэг. Баялгийн засаглалаар дэлхий нийтийг хошууруулдаг Норвеги улс тэтгэврийн сангийн мөнгөө ухаалгаар удирдсан тэргүүн туршлагатай. дэлхийн хамгийн алдартай Норвегийн баялгийн сан бол тус улсын тэтгэврийн сангийн ердөө нэг хэсэг нь. Тус улс 1990-ээд оны эхээр газрын тосны баялгийн сан байгуулж, 2006 оноос уг сангаа тэтгэврийн сан болгожээ. Норвегийн Засгийн газрын тэтгэврийн сан нэртэй уг мөнгөний “авдар” өдгөө дэлхийн үнэт цаасны 1.3 хувийг дангаар эзэмшиж, нэг их наяд ам.долларын хөрөнгө төвлөрүүлээд байна. Улс орнууд ингэж хүн амын бодлогоо тэргүүнд тавьж, иргэдийнхээ нийгмийн даатгалын орлогыг өр, алдагдал биш өсөлт, өгөөж, хөрөнгө болгон хувиргаж чаддаг нь бахархмаар. дэлхий дахинд тэтгэврийн том хэмжээний 300-гаад сан байдаг хэмээн Morgan Stanley-гийн тайланд дурджээ. Хөгшин Европоос эхлээд Хойд Америкийн АНУ, Канад цэл залуухан Хонконг, Сингапур зэрэг улс гэхэд л хэдийн тэтгэврийн орлогоо ухаалгаар удирдаж, мөнгөө үржүүлээд эхэлсэн.

“Хөгшдийн орон” хэмээн хочлуулаад буй Япон улс гэхэд л хүн амын насжилттай нүүр тулна гэдгээ олон жилийн өмнөөс олж харан, 50 жилийн өмнө тэтгэврийн даатгалын орлогоо эдийн засгийн идэвхтэй эргэлтэд оруулж эхэлсэн. Эдүгээ энэ улс дэлхийд томд тооцогдох тэтгэврийн санг бий болгоод буй. Уг нь тэтгэврийн даатгал бол улсад дарамт болж, төсвийг тэвдүүлдэг муу санхүүжилт биш. харин ч хэмжээ үлэмж, хугацаа урт, хэний ч сонирхол татах хөрөнгө оруулалтын эх үүсвэр. Тиймээс олон орон тэтгэврийн даатгалын сангийн мөнгөөрөө урт хугацааны том хөрөнгө оруулалт хийсээр байна. Өөрөөр хэлбэл, тэтгэврийн даатгалын хуримтлалаа үржүүлэхийн зэрэгцээ нийгэм, эдийн засгийн олон төслүүддээ хөрөнгө оруулж байна. Уг нь тэтгэврийн нөөц сангийн эрхзүйн орчин манайд хэдийн бүрдсэн. Бүр 2016 онд УИХ-аас ирээдүйн тэтгэврийн нөөц сан хэмээх итгэл дагуулсан хууль баталж, олон иргэнийг баярлуулж байв. Ирээдүйн өсөн нэмэгдэх тэтгэврийн сангийн дарамтыг хөнгөлөхийн тулд шинээр нөөц сан байгуулахаар ч тусгасан. Гэхдээ энэ санг өдгөө зарлагаа ч гүйцдэггүй тэтгэврийн сангийн мөнгөнөөс санхүүжүүлэхийг урьтал болгосонгүй.

Харин орчин цагийн хамгийн амжилттай хэрэгжиж буй хөтөлбөрүүдийн нэг болох ипотекийн зээлийн үнэт цаасны орлогоос санхүүжүүлэхээр заажээ. Хууль батлах үед 1.8, одоогоор гурван их наяд төгрөгт хүрээд буй орон сууцны ипотекийн зээлийн хуримтлалд үндэслэхээр шийдсэн нь энэ. Цаашлаад энэ сан нь нийгмийн даатгалын одоогийн сангаас ангид байх бөгөөд ирээдүйн тэтгэврийн нөөц сангийн тухай хуульд зааснаар Монголбанкаар үйл ажиллагааг нь удирдуулахаар хуульд тусгасан. Ингэснээр төр иргэдийг орон сууцжуулж, тэтгэврийн орлогоо өсгөх бөгөөд нэг сумаар хоёр туулай буудахаар зорьжээ. Гэвч одоогоос гурван жилийн өмнө баталсан уг хуулийн хэрэгжих хугацааг хэдэн жилээр сунгаснаас уг сан бараг мартагдсан юм. Тэгвэл гурван жилээр сунгасан хуулийн хэрэгжих хугацаа 2019 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэх гэж байна. Хугацаа нь дөхөж байгаа ч өнөө хэр уг санд хуримтлал үүсгээгүй хэвээр өнөөдөртэй золголоо. Сангийн бэлтгэлийн талаар Монголбанкнаас тодруулахад, Сангийн яам хариуцаж байгаа гэсэн үл мэдэх тайлбар өгөв. Харин сангийн яамнаас тодруулах гэсэн боловч хариулт авч чадсангүй. иргэдийн ирээдүйн авах тэтгэврийн мөнгийг арвижуулах нэг хувилбар болох ирээдүйн нөөц сангийн үйл ажиллагаа урагшлаагүй хэвээр. Энэ хэрээр та, бидний ирээдүйд авах тэтгэврийн мөнгөний баталгаа улам бүдгэрсээр байна.
Сэтгэгдэл
pricemonte6@gmail.com
197.234.221.193
САНАЛ БОЛГОХ