Хүчирхийллийн хохирогч хүүхдүүд очих газар, итгэх төвтэй боллоо
Нийтлэлчийн булан
Нөхөн сэргээх төвтэй болсноор хүүхэд хамгааллыг нэг шат ахиуллаа
Харилцуурын цаанаас тусламж эрсэн хүүхдүүдийг хамгаалах үйлчилгээгээ төр өргөтгөлөө. Тодруулбал, хүүхдийн тусламжийн 108 утсанд бүртгэгдсэн бэлгийн хүчирхийллийн хохирогч болсон бага насны хүүхдүүдийг урт хугацаанд байрлуулж, нөхөн сэргээх үйлчилгээ үзүүлэх “Үжин” төв үүдээ нээгээд байна. Ингэснээр хохирогч хүүхдүүдийг ээж, асран хамгаалагчийнх нь хамт нийгэмд эргэн нэгтгэх цогц үйлчилгээг мэргэжлийн түвшинд үзүүлж, хүүхэд хамгааллын салбарт ахиц гарч байна гэсэн үг. Бид “Үжин” төвийн үйл ажиллагааг сурвалжилахаар зорьж очлоо. “Үжин” төвийн үүдээр ороход гутлаа тайлахаас эхлээд яг л гэртээ ирж буй мэт тав тухтай мэдрэмж төрөв. (Аюулгүй байдлын үүднээс байршил болоод бусад нарийвчилсан мэдээллийг нууцлав) Биднийг очиход тус төвийн тэргүүн Д.Ундраа “Олон улсын хүүхдийн найрамдал төв ор хандивлахаар боллоо. Гал тогооны болон ахуйн хэрэглээний зүйлс, хоол хүнс зэрэг наад захын бэлтгэлээс эхлээд тавилга, эд хогшил гээд бүхий л зүйл хэрэгтэй болж байна. Улсаас эхний ээлжийн санхүүжилт орж ирсэн. Мөн сайхан сэтгэлт хүмүүсийн хандив тусламжаар энэ бүхэн босож байна даа” хэмээв. Үүдний өрөөний тохижилтыг эс тооцвол энд хүн урт хугацаагаар амьдрахад шаардлагатай бүхий л зүйл бий.
Гэхдээ угаалгын машин, гал тогооны тавилга хэрэгсэл, бага насны хүүхдийн хувцас, тоглоом, ном товхимол гээд авах хэрэгцээгтэй зүйл мундахгүй их бий. Бэлгийн хүчирхийллийн хохирогч хүүхдүүд ихэвчлэн охид байдаг тул тэдэнд зориулсан хувийн ариун цэвэр сахих суултуур, усан эмчилгээний ванн зэргийг маш нарийн бодож төлөвлөн тохижуулсан байна. Хүүхдүүдийн сэтгэл санааг өргөж, болж өнгөрсөн муу муухайг аль болох хурдан мартуулахын тулд гэр бүлийнх шиг халуун дулаан уур амьсгал бүрдүүлэх нь хохирогчийн эрүүл мэнд, сэтгэл санаа хурдан нөхөн сэргэхэд тустай аж. Таван өрөө бүхий хувийн орон сууцанд байрладаг тус төв нэг дор 5-8 хүүхэд хүлээж авах бөгөөд жилд 60 хүүхдэд нөхөн сэргээх цогц үйлчилгээ үзүүлэх хүчин чадалтай. Сэтгэл зүйч, сэтгэл засалч, нийгмийн ажилтнаас гадна өмгөөлөгч, зөвлөх гээд мэргэшсэн 10 хүний бүрэлдэхүүнтэй баг хохирогчдод үйлчилнэ. “Хүүхэд хэдий чинээ бага насандаа бэлгийн хүчирхийлэлд өртөх тусам төдий чинээ гүн эмгэгтэй болдог. Харин аль болох яаралтай, эрт шатанд нь нөхөн сэргээвэл сэтгэл зүй, сэтгэцэд нь үлдсэн шарх эргэж сэдрэх нь бага. Тиймээс бид үйлчилгээгээ 13 хүртэлх насныханд чиглүүлэхээр болсон” хэмээн бэлгийн хүчирхийлэлд өртсөн хүүхдүүдэд мэргэжлийн тусламж үйлчилгээг 10 гаруй жил үзүүлсэн Д.Ундраа тайлбарлалаа.
• Тус төв нэг дор 5-8 хүүхэд хүлээж авах бөгөөд жилд 60 хүүхдэд нөхөн сэргээх цогц үйлчилгээ үзүүлэх хүчин чадалтай.
• Сэтгэл зүйч, сэтгэл засалч, нийгмийн ажилтнаас гадна өмгөөлөгч, зөвлөх гээд мэргэшсэн 10 хүний бүрэлдэхүүнтэй баг хохирогчдод үйлчилнэ.
• Хохирогч хүүхдүүдийн сэтгэл зүйг эмчлэхдээ ердийн аргатай усан болон бүжгийн эмчилгээг хослуулахаар төлөвлөжээ.
Бид өнгөрсөн арванхоёрдугаар сард хүүхдийн тусламжийн 108 утас болон түр хамгаалах байрнаас бэлтгэсэн сурвалжилга, нийтлэлээрээ бэлгийн хүчирхийлэлд өртсөн хүүхдүүдийг хамгаалах, сэтгэл зүйн болон бусад төрлийн үйлчилгээ тун хангалтгүй байдгийг хөндөж байсан. Өнөөг хүртэл бэлгийн хүчирхийлэлд өртсөн хүүхдүүдийн хэрэг шүүхийн шатандаа замхарч, яллагдагчид ашигтай байдлаар шийдэгдэж, хохирогч хүүхдийн мэдүүлгийг зөвхөн хэрэгтнийг яллахад нотлох баримт болгон ашигласаар ирсэн. Мөн олон нийтийн буруу хандлагын улмаас хохирогч давхар хохирч, тухайн орчиндоо амьдрах аргагүй болдгийн улмаас гэрээсээ явж, амь амьдралаа улам их эрсдэлд оруулдаг. 2003 оноос хойш “Хүйсийн тэгш эрхийн төв”-өөр үйлчлүүлсэн хүн худалдаалах гэмт хэргийн хохирогч болох 400 эмэгтэйн 80 хувь нь бага насандаа бэлгийн хүчирхийлэлд өртсөн гэдгийг тус төвийн тэргүүн Г.Ганбаясах хэлсэн юм. Тиймээс ийм хохирогч хүүхдүүдийг аль болох хурдан нөхөн сэргээж, эргээд нийгэмтэй мөр зэрэгцэн явах чадавхтай болгож, туслалцаа үзүүлэх нь чухал гэдгийг хүний эрхийн мэргэжилтнүүд хэлдэг. Харамсалтай нь өнөөдрийг хүртэл манай улс ийм үйлчилгээг хохирогчдод үзүүлж байгаагүй юм.
Түр хамгаалах байр гэхэд хохирогчдыг долоо хоногоор л байрлуулдаг. Гэтэл хохирогч хүүхдүүдийн ихэнх нь ураг төрлийн хэн нэгнийхээ хүчирхийлэлд өртдөг тул хохирогчид түр хамгаалах байрнаас гараад очих газаргүй болдог. Нөгөө талаар, хүүхдийн бие, сэтгэл зүйн шархыг аниулахын тулд наанадаж гурван сар чанартай эмчилгээ, үйлчилгээ үзүүлэх шаардлагатай. Харин “Үжин” төв нээгдсэнээр энэ бүхнийг тодорхой хэмжээгээр шийдэх эхлэл болж байгаа нь сайшаалтай. Төвийнхөн хохирогч хүүхдүүдийн сэтгэл зүйг эмчлэхдээ ердийн аргатай усан болон бүжгийн эмчилгээг хослуулахаар төлөвлөжээ. Харин сэтгэцийн хүнд цочролд орсон хүүхдүүдийг СЭМҮТ-д эмчлүүлэх аж. Мөн орон нутгаас ирсэн болон тухайн орчноос нь заавал холдуулах шаардлагатай хохирогчдын сурч боловсрох эрхийг нь тасралтгүй хангахын тулд дүүргийн боловсролын газартай гэрээ байгуулж, цэцэрлэг, сургуульд хамруулахаар болсон байна. Бас амьдрах ухаан, хөгжлийн олон талын сургалтад хамруулна. Төвийн тэргүүн “Хүүхдийн шархыг мартуулахын тулд завгүй байлгах нь хамгийн үр дүнтэй. Мөн хөгжсөн хүүхэд хамгаалагддаг гэдэг зарчмын дагуу бид хүүхдэд эрхээ хамгаалах, аюул тохиолдсон үед ямар арга хэмжээ авахыг ч зааж сургахаар төлөвлөсөн” гэв.
Үүнээс гадна шаардлагатай тохиолдолд асран хамгаалагчийг ажил мэргэжлийн чиг баримжаа олгох сургалтад хамруулах, ажилд зуучлах, халамжийн үйлчилгээнд нь холбон зуучлах гэх мэт нийт 30-аад төрлийн үйлчилгээ үзүүлэх аж. Төвийн үйл ажиллагааны санхүүжилт сард 15-20 сая төгрөг гэж тооцож байна. Хөнгөн хэлбэрийн хохирогчтой бол зардал 15 сая орчим байна. Харин бэлгийн замын янз бүрийн өвчний халдвар авсан, ар гэрийн нөхцөл байдал өндөр эрсдэлтэй хүүхдүүд их байвал зардал үүнээс ихэсдэг аж. Бэлгийн хүчирхийллийн хохирогч анхан шатны тусламж үйлчилгээнд хамрагдахад дунджаар 1.5-1.7 сая төгрөгийн зардал гардаг бөгөөд үүнийг ихэнх хохирогч төлж дийлдэггүй тул зүрхэндээ гүн шархтай, сэтгэлдээ хар толботой хоцордог. Тиймээс цаашид энэ төвийн үйл ажиллагааг тогтвортой авч явахын зэрэгцээ өргөтгөх зайлшгүй шаардлага бий. Энэ оны эхний найман сарын байдлаар хүүхдийн тусламжийн 108 утсанд бүртгэгдсэн бэлгийн хүчирхийллийн дуудлагын тоо 300 давжээ. Эдгээр хохирогч бүгд нөхөн сэргээх үйлчилгээнд хамрагдах ёстой. Харин одоогийн байгаа бүтэц, нөөц боломж хохирогч хүүхдүүдийн 20 хувьд л дөнгөж хүрэлцэнэ. Тиймээс нэг ч гэсэн хүүхдийн ирээдүйн төлөө төр татвар төлөгчдийн мөнгийг зориулж, цаашид уг үйлчилгээний цар хүрээг улам тэлэх шаардлагатай.
САНАЛ БОЛГОХ
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй