Хүүхэд хамгааллын төсвийг ₮5.6 тэрбумаар нэмж батлав

Улс төр


​ЖДҮ-ийг хөгжүүлэх санд 47 тэрбум төгрөг төсөвлөжээ​


Хуулиараа энэ сарын 15-ны дотор баталсан байх ёстой ирэх жилийн төсвийг УИХ өнгөрсөн баасан гарагт баталлаа. Хуулийн хугацааг тулгаж баталдаг байсан өмнөх жишгийг эвдсэн энэ удаагийн төсвийн хуулийн эцсийн хэлэлцүүлэгт сөрөг хүчин оролцсонгүй. Мөн 65 гишүүн бүхий үнэмлэхүй олонх МАН-ын бүлгийн гишүүдийн тал нь л чуулганы хуралдаанд сууж байв. Хуулийн төслүүдийг гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх Байнгын хорооны танилцуулгад, Сангийн сайдын төсвийн багцад туссан гадаад зээл, тусламжийн ашиглалт, санхүүжих зардлыг 129,2 тэрбум ам.доллараар бууруулж батлав. Мөн агаар, орчны бохирдлыг бууруулах арга хэмжээнд төлөвлөсөн санхүүжилтийг 80 тэрбум төгрөгөөр, Боловсролын зээлийн санд төлөвлөсөн санхүүжилтийг 42 тэрбум төгрөгөөр, гаалийн шинэчлэлд зориулсан хөрөнгө оруулалтын санхүүжилтийг 212 тэрбум төгрөгөөр тус тус бууруулахаар болсон.

Хүүхэд хамгааллын зардлыг 5.6 тэрбум төгрөгөөр нэмж батлав
Харин хүүхэд хамгааллын арга хэмжээнд зарцуулахаар төлөвлөсөн санхүүжилтийг 5.6 тэрбум, Жендерийн тэгш байдлыг хангах үндэсний хорооны урсгал зардлыг 512.4 сая, үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн урсгал зардлыг 149.5 сая, УИХ-ын тамгын газрын урсгал зардлыг гурван тэрбум, хүний эрхийн үндэсний комиссын урсгал зардлыг 93.9 сая, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд төсөвлөсөн санхүүжилтийг найман тэрбум төгрөгөөр тус тус нэмсэн юм. Мөн Монгол улсын хүн ам, орон сууцны тооллого хийх зардалд 1.8 тэрбум, хэлмэгдэгсдийн ар гэрийнхэнд хуулийн дагуу олгох нөхөх олговрын санхүүжилтэд таван тэрбум, Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас олгох хөнгөлөлттэй зээлд 47 тэрбум нийслэлийн Баянгол дүүргийн 141 дүгээр сургуулийн урсгал зардалд зориулж дөрвөн тэрбум төгрөгийг төсвийн төсөлд нэмж тусгахаар болов.

Төсвийн хуулийг баталсны дараа Сангийн сайд Ч.Хүрэлбаатараас зарим зүйлийг тодрууллаа.

-2019 оны төсвийг баталлаа. Сангийн яамнаас боловсруулсан төсвийг УИХ хэр өөрчилсөн бэ?

-Орлого, зарлага, төсвийн алдагдлын хэмжээг өөрчлөөгүй. Харин дотор нь зарим хөдөлгөөн хийсэн. Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр тавьсан мөнгөнөөс бүрэн шаталтыг дэмжих индукцин төхөөрөмжийн зардлыг хассан. Мөн Монголын хилээр гарч байгаа баялгийг бүрэн хянадаг, ашигт малтмалын татвараа бүрэн авдаг болоход зориулагдсан гаалийн шинэчлэлээс 20 орчим тэрбум төгрөг хаслаа. Гадаадын зээл тусламжаар хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрүүдээс 130-аад тэрбум төгрөг хасаж, бусад зүйл рүү шилжүүлсэн. Үүнээс гадна 189 тэрбум төгрөгийг орон нутгийн иргэдийн хурал өөрсдөө мэдэж шийдвэрлэхээр тусгасан байсныг УИХ дээр нэр төрлөөр нь задлах шаардлагатай гэж үзээд задалж баталлаа.

-Төсвийн тогтвортой байдлын зөвлөлөөс зөвлөмж гаргасан. Энэ зөвлөмжийг хэр тусгасан бэ?

-Засгийн газар УИХ-д төсвийн төслийг энэ оны есдүгээр сарын 28-нд өргөн мэдүүлсэн. Өргөн мэдүүлснээс хойш төсөв УИХ-ын мэдэлд очдог. Төсвийн алдагдлыг Засгийн газрын өргөн мэдүүлсэн хэмжээнд баталлаа. Анх 2.1 их наяд төгрөг байна гэж тооцож байсан төсвийн алдагдлын хэмжээг оруулж ирэхдээ 1.9 их наяд болгон бууруулсан. 200 орчим тэрбум төгрөгөөр буулгасан гэсэн үг. Дээрээс нь төсвийн алдагдлыг өндөр хүүтэй арилжааны зээл авахгүйгээр санхүүжүүлэх боломжтой гэж тооцсон байсан. Төсвийн алдагдал гэдэг өр юм. Харин өмнө нь тэр хэмжээгээрээ зээл авдаг байсан. Тэгвэл энэ удаа 1.9 их наядын 1.3-ыг гадаадын зээл тусламжаас санхүүжүүлнэ. Харин үлдэж байгаа 600 тэрбум нь зээл авахгүйгээр шийдэх боломжтой гэж тооцож оруулсан.

2021, 2022, 2023 онд эрсдэлүүд үүсч эхэлнэ
-Монгол Улс ойрын хугацаанд олон улсын зэх зээл дээр бонд гаргах уу?

-Сая хөгжлийн банк 7.25 хувийн хүүтэй, Засгийн газрын баталгаагүй 500 сая ам.долларын бонд гаргасан. Засгийн газрын баталгаагүйгээр ийм хэмжээний хүүтэй бонд гаргана гэдэг сайн үзүүлэлт. Нийт 500 сая ам.долларын бонд гаргахад 4.1 тэрбум ам.долларын захиалга ирсэн юм билээ. Эндээс харахад Монголын эдийн засгийн бодлого зөв явж байна. Монгол улсын зээлжих зэрэглэл 2018 оны эхнээс хойш хоёр шатлалаар нэмэгдсэн. Цаашид ч нэмэгдэх төлөвтэй байна. Хоёр, гурав хоногийн өмнө ОУВС-гийн захирлуудын зөвлөл хуралдаад, Монголын Засгийн газрын эдийн засгийн бодлого зөв байна гээд дэмжчихсэн. Энэ нь олон ч зах зээл дээр маш эерэг мэдээлэл болж байгаа. ОУВС-гийн жилийн уулзалт дээр би АНУ-ын Сангийн яам, ОУВС, дэлхийн банкнаас гадна зээлжих зэрэглэл тогтоодог компаниудын удирдлагуудтай уулзсан. “Эдийн засгийн хувьд зөв голдрилоор явж байна, эерэг үр дүнгүүд гарч байгаа” гэдэгт санал нэгтэй байна. Энэ нь бондын хүүнд нөлөөлсөн. Цаашид Засгийн газар бонд гаргах эсэх асуудал байгаа. 2019, 2020 онд Засгийн газрын өмнө тулгамдаж байгаа өр зээл байхгүй. Хамгийн ачаалалтай нь 2018 он байлаа. Бид энэ онд 6.1 их наяд төгрөгийн өр барагдуулсан. Үүнээс 4.9 их наяд нь үндсэн өр, 1.2 нь зөвхөн хүүгийн төлбөр. 2019-2020 онд ингэж төлөх өр байхгүй. 2016 оны сүүлээр дотоодын бонд 6.5 их наяд төгрөг байсан. Ирэх жилийн төгсгөл дээр бид 1.5 их наяд руу буулгачихаж байгаа. Харин 2021, 2022, 2023 онд эрсдэлүүд үүсч эхэлнэ. 2021 онд 2016 оны сонгуулийн өмнө гаргасан “Мазаалай” бондын үндсэн төлбөрийг төлөх ёстой. 2020 онд 2012 оны төгсгөлд гаргасан “Чингис” бондын нэг тэрбум ам.долларын үндсэн төлбөрийг төлнө. 2023 онд 2017 онд гаргасан “гэрэгэ” бондын үндсэн төлбөрийг төлөх үүрэг байгаа. Засгийн газар энэ асуудал дээр ажиллаж байгаа.
САНАЛ БОЛГОХ