Ханшийн эрсдэл мөнгөний бодлогыг чангалж магадгүй

Мөнгөний бодлого


​Төсөв, мөнгөний бодлого эсрэг зүгт явахаас аргагүй боллоо​


Мөнгөний бодлого мөчлөг сөрөхөөс аргагүй болж эхэллээ. Ирэх оны төсвийн тэлсэн бодлогын эсрэг бодлогын хүүгээ бага багаар чангалахгүй бол инфляц, ханшийн дарамт эдийн засгийг улам туйлдуулж гүйцэх нь. Эдийн засагч Х.Батсуурь төсөв, мөнгөний бодлого хоорондоо уялдахгүй байгааг тэмдэглэсэн юм. Энэ байдал ханшийг хөөрөгдөх эрсдэл гэж тэрбээр тодорхойлсон. Төсөв, мөнгөний бодлого хэт тэлэлттэй энэ хэвээр удаан явбал иргэдийн худалдан авах чадварт сөргөөр нөлөөлж, өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлтийг өрдөх эрсдэл ч ойрхон байна. Үүнээс сэргийлэхийн тулд бодлогын хүүгээ эргэж харах зөвлөмжийг Азийн хөгжлийн банк болон дэлхийн банк аль аль нь Монголбанкинд байнга өгсөөр байна. Мөнгөний бодлого эдийн засагт дохио болдог. Манай улсад “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр” хэрэгжүүлж байгаа ОУВС мөн адил бодлогын хүүгээ өсгөж, төв банк төсвийн шинжтэй үйл ажиллагаа явуулахыг хатуу хориглосон билээ. Төв банкны мөнгөний бодлогын хүү сүүлийн найман сарын турш 10 хувь дээр тогтвортой хадгалагдаж буй. Энэ оны есдүгээр сард хуралдсан Мөнгөний бодлогын хороо бодлогын хүүг дээрх түвшинд хэвээр үлдээж, эдийн засгийн өсөлтийг дэмжих зорилгоор мөчлөг дагахаар шийдсэн нь ердөө хоёр сарын өмнө. Харин ирэх оны төсвийн өндөр зардлаас шалтгаалан нөхцөл байдал өөрчлөгдөж, төв банк мөнгөний бодлогын “жолоо”-гоо татахад хүрч магадгүй байна. Өөрөөр хэлбэл, урсгал сөрөхөөс аргагүй боллоо.

Эдийн засгийн өсөлт илүү эрчимжих хүлээлттэй 2019 онд мөнгөний нийлүүлэлтийг алгуур хумьж, ам.долларын ханшийг тогтоон барих амаргүй “даалгавар”-тай Монголбанк золгож байна. Инфляц, валютын ханшаа алдахгүйн тулд эс хүссэн ч тэд бодлогын хүүгээ тодотгох шаардлагатай. Төсөв өөрөө огцом тэлсэн нь ийнхүү мөнгөний бодлогын гар, хөлийг чөдөрлөж орхилоо. 2019 онд нийт 2.5 их наяд төгрөгийн төсөвт өртөгтэй 880 гаруй төсөл, барилга байгууламжийг Засгийн газар төсвт суулгасан. үүний тал нь он дамжин үргэлжилнэ. Энэ нь импортыг тэр хэмжээгээр тэлж, валютын гадагшлах урсгалыг нэмэгдүүлэхээр байгаа юм. Тиймээс төсөвтэй зэрэгцээд мөнгөний зөөлөн бодлого хэрэгжүүлэх нь төдийлэн оновчтой биш хэмээн зарим эдийн засагч үзэж байна. ДНБ царцанги байсан 2017, 2018 онд төв банк мөнгөний бодлогоо зөөллөж, эдийн засгаа дэмжихийн тулд одоогийн 10 хувьд авчирсан. Гэвч ам.долларын ханш огцом өссөн, зээлийн хэмжээ хурдтай нэмэгдсэн, хугацаа хэтэрсэн болон чанаргүй зээлийн хэмжээ дорвитой буурахгүй байгаа зэрэг шалтгаан нь бодлогын хүүгээ өсгөх ээлжит тайлбар болж байна. Мөн шатахууны үнийн нэмэгдэл, нийт зээлд эзлэх хэрэглээний зээлийн өсөлт бодлогын хүүг чангатгахад “ташуур” болох нь. Тэрчлэн уул уурхайн зарим томоохон төслийн хувь заяа, гадаадын шууд хөрөнгө оруулалт нэмэгдэх эсэх нь тодорхой бус хэвээр байна. Төсвийн орлогыг бүрдүүлэх учиртай эрдэс түүхий эдийн экспортын хил дээрх түгжрэл мөнгөний бодлогын “хувь заяа”-г эргүүлж мэдэхээр байгаа юм. Банкны систем дэх зээлийн долларжилт нэмэгдэх эрсдэл байна.

• Төв банкны мөнгөний бодлогын хүү сүүлийн найман сарын турш 10 хувь дээр тогтвортой хадгалагдаж буй.
• Инфляц, валютын ханшаа алдахгүйн тулд эс хүссэн ч бодлогын хүүгээ тодотгох шаардлагатай.
• Мөнгөний бодлогыг чангатгах гадаад эрсдэлийн эхэнд АНУ-ын Холбооны нөөцийн банкны хүлээгдэж байгаа шийдвэр орж байна.

Энэ болгон 2019 оны мөнгөний бодлогын сорилт төдийгүй эрсдэл болж байна. Төсөв байгаа боломжоосоо данхайсан нь мөнгөний бодлогын орон зайг хумьж, эсрэгээрээ эдийн засагт дарамт бий болгохоор байгаа аж. Нээлттэй нийгэм форумаас гаргасан төсвийн зарлагатай холбоотой судалгаанд хүртэл энэ талаар дурдсан. Мөнгөний бодлогыг чангатгах гадаад эрсдэлийн эхэнд АНУ-ын холбооны нөөцийн банкны хүлээгдэж байгаа шийдвэр орж байна. Дэлхийн зах зээл дээр ам.долларын ханш сүүлийн хэдэн сарын турш чангарах үзэгдэл ажиглагдаж байгаа. Холбооны нөөцийн банк 2008 оноос хойш хэрэгжүүлсэн мөнгөний хэт зөөлөн бодлогоо аажмаар чангаруулж, ам.долларын эсрэг улс орнуудын үндэсний мөнгөн тэмдэгт дэлхий нийтээр суларч эхэллээ. Холбооны нөөцийн банк бодлогын хүүгээ шинжээчдийн таамаг, хүлээлтээс илүү хурдтай өөрчилж, нэмэгдүүлж байгаа нь хөгжиж буй орнуудад томоохон дарамт үүсгэх болсон. Тус банк 2015 оноос хойш бодлогын хүүгээ нийт найман удаа, энэ он гарсаар гурав дахь удаагаа 2.25 хувь болгож өсгөөд байна. Энэ хэрээр ам.долларын өгөөж өсөж, хөрөнгийн урсгал хөгжиж буй улсуудаас гадагшлах болсон. Дэлхий нийтээр ам.долларын нийлүүлэлт багасаж байгаа нь улс болгоны мөнгөний бодлогын өмнөх төлөвийг эвдэж байна. Мөн АНУ, БНХАУ-ын хооронд үргэлжилж буй худалдааны зөрчилдөөн дэлхийн эдийн засагт, ялангуяа Хятадаас хамааралтай бүс нутгийн эдийн засагт томоохон эрсдэлд тооцогдох болов.

Худалдааны маргаан даамжрах нь экспортын гол бүтээгдэхүүний эрэлт болон үнэ өөрчлөгдөх эрсдэл бас агуулж байгаа юм. Үүнийг 2019 оны мөнгөний бодлогод эрсдэл хэмээн үзсэн байна. Сингапурт энэ сарын 6,7-нд болсон дэлхийн улс төр, бизнесийн нөлөө бүхий тэргүүлэх эрхмүүд саатсан “Шинэ эдийн засгийн чуулган” 2020 онд дэлхийн санхүүгийн дараагийн хямрал тохиож мэдэхээр байгааг анхааруулсан. 2008 оны хямралаас давсан эрсдэл энэ үед отож байгааг сануулсан дээрх чуулганы оролцогчид валютын нөөцөө нэмэгдүүлэх, төсөв, мөнгөний бодлогоо чангатгах замаар хямралыг хохирол багатайгаар даван туулах дээр санал нэгдсэн юм. Төсөв, мөнгөний бодлогоос улбаалан компаниуд үйл ажиллагааныхаа цар хүрээг хумих, тэлэх арга хэмжээ авдаг. Эдийн засгийн өсөлтийн үед бизнесээ тэлж, зах зээлд эзлэх байр сууриа нэмэгдүүлэхийг хувийн хэвшил хичээдэг. Эдийн засаг ийм өрнөлтэй үед хэрэглээ, хөрөнгө оруулалт тэлэх тул эрэлтийн гаралтай инфляцын дарамт ч нэмэгддэг. Энэ шалтгаанаар инфляц өсөж байгаа нөхцөлд төв банк мөнгөний бодлогыг хатууруулж, инфляцыг зорилтот түвшинд хадгалах гэж оролддог. Тэгвэл төсөв болон гадаад орчны эрсдэл давамгайлж байгаа энэ үед мөнгөний бодлогоор дамжуулан хувийн хэвшилд тэлэх боломж олдохгүй байх дүр зураг эндээс харагдаж байна. Бодлогын хүү хөдлөхөд түүнийг дагаад арилжааны банкуудын хадгаламжийн хүү, улмаар зээлийн хүүнд өөрчлөлт орох магадлал өндөр. Монголбанкны хувьд өмнө нь төсвийн тэлэлтийн эсрэг мөнгөний бодлого чангалж байсан удаатай. тэгвэл энэ явдал дахин давтагдаж магадгүй байна.
САНАЛ БОЛГОХ