Агаарын зам ашигт малтмалаас дутахгүй орлого авчирдаг
Хөрөнгийн зах зээл
Төсвийг чиглэх навигацийн орлого сүүлийн зургаан жилд дөрөв дахин өсчээ
Агаарын зай Монгол Улсын төсөвт газрын тосныхтой дүйх, алтныхаас хоёр дахин их орлого авчирдаг гэвэл та итгэх үү. Биднийг зэс, нүүрсний ханшаа харсаар суух зуур Монголын хөх тэнгэрт цагаан зам татуулдаг агаарын тээврийн орлого улсын төсвийг олон тэрбумаар ундаалсаар ирлээ. Энэ оны эцэс гэхэд дамжин өнгөрөх агаарын тээврээс улсын төсөвт төвлөрөх мөнгө 170 орчим тэрбум төгрөгт хүрэх төлөвтэй. Энэ нь өмнөх оныхоос 20 тэрбум төгрөгөөр өндөр дүн аж. Ер нь бидний тэр бүр анзаардаггүй навигацийн орлого сүүлийн жилүүдэд тогтмол өсөж буй бөгөөд төсвийг чиглэх мөнгө сүүлийн зургаан жилд дөрөв дахин өсчээ.
Далайд гарцгүй нь Монгол Улсын тээврийн зардал өсөх, худалдаа, эдийн засгийн өрсөлдөх чадвараас чангаадаг. Гэхдээ тив холбосон, газарзүйн ашигтай байршлаараа бид агаарын орон зайгаас чамлахааргүй орлого олсоор байна. Монгол Улс нутаг дэвсгэрээрээ дайрч өнгөрсөн дотоодын болон олон улсын агаарын хөлгийн буулт, хөөрөлт, зогсолт зэрэг таван төрлийн үйлчилгээнээс навигацийн орлогоо бүрдүүлдэг. Сүүлийн жилүүдэд манай агаарын замыг дайрах далавчит хөлгийн тоо тогтмол өсчээ. Бидний дээгүүр цагт дунджаар 11-14 нислэг өнгөрдөг байна. Манай улсын нутаг дэвсгэр дээгүүр жилд дунджаар дотоодын 20, олон улсын 380 гаруй авиа компанийн агаарын хөлгүүд нисдэг. Эдгээр нь навигацийн үйлчилгээнээс олох орлогын 90 гаруй хувийг дангаараа бүрдүүлдэг юм.
Өнгөрсөн сарын байдлаар Монгол Улсын нутаг дэвсгэрийг 100 мянган нислэг дайран өнгөрчээ. Өнгөрсөн жилийн арваннэгдүгээр сарын 26-нд дамжин өнгөрсөн нислэгийн тоо 100 мянгад хүрч байсан бол энэ онд бараг сарын өмнө ийм үр дүн үзүүллээ. Ингэснээр Монгол Улсын нутаг дэвсгэрийг дайрч буй нислэгийн тоо жилийн өмнөхөөс ойролцоогоор 10 мянгаар нэмэгдсэнийг иргэний нисэхийн ерөнхий газар мэдээллээ.
Дамжин өнгөрөх тээврийн дийлэнх нь БНХАУ-аас Европыг, барууны орнуудаас урд хөршийг чиглэсэн нислэг байдаг. Эдгээр нислэгийн эхний бөгөөд эцсийн зогсоол нь Хятад Улс. Үүнээс гадна БНСУ-ын зарим агаарын тээврийн компани Европыг чиглэсэн нислэгээ Монголоор дайруулж байна. Энэ нь ч навигацийн орлого нэмэгдэхэд нөлөөлснийг албаны хүн мэдээлсэн юм. Үүгээр зогсохгүй арлын орны онгоцуудыг ч агаарын замдаа татахаар ажиллаж буй.
Манай улс PBN буюу үзүүлэлтэд суурилсан навигаци бүхий агаарын зам нэвтрүүлэхийн тулд өнгөрсөн гуравдугаар сард агаарын замаа шинэчилсэн. ингэснээр нислэгийн компаниуд илүү шулуун шугамаар нисэх боломжтой болов.
• Ирэх онд Хөшигийн хөндийн нисэх буудлыг ашиглалтад оруулснаар агаарын зайн нислэгийн тоог 126 мянгад хүргэхээр төлөвлөж байна.
• Навигацийн орлогоос 2019 онд 156 тэрбум төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлэхээр төлөвлөжээ.
• Манай улсын нутаг дэвсгэр дээгүүр жилд дунджаар дотоодын 20, олон улсын 380 гаруй авиа компанийн агаарын хөлгүүд нисэж байна.
Энэ хэрээр агаарын хөлгүүдийн туулах зам богиносож, манай навигацийн орлого буурч болзошгүй байна. Гэхдээ иргэний нисэхийн ерөнхий газар гадаадын авиа компаниудын агаарын хөлгийн хөөрөлтийн хүндийн жингээс хамааруулан, төлбөр авахаар болсон нь навигацийн орлогоо нэмэгдүүлэх боломж юм.
Түүнчлэн урд хөршийн дотоодын нислэгүүдийг манай өмнөд хэсгээр дайруулах боломж бий. Тухайлбал, Манжуураас өрөмчийг чиглэсэн онгоц хятадыг тойрон нисдэг. Энэ нь дотоодын нислэг хэдий ч өргөн уудам өмнөд хөршийг эмжин ниссээр урт, удаан зам туулдаг байна. Харин үүнийг богиносгохоор Монголын өмнөд нутгийг дайрвал цаг болоод зам хэмнэнэ гэсэн тооцоо гарчээ. Нэг нислэгийн хугацаа дунджаар 30 минутаар богиносно гэсэн тойм тооцоог ч хятадын тал хийжээ.
Ирэх онд хөшигийн хөндий олон улсын нисэх онгоцны шинэ буудлыг ашиглалтад оруулж, агаарын тээврийг либералчилснаар Монгол улсын агаарын зайн нислэгийн тоог 126 мянгад хүргэхээр албаныхан төлөвлөж байна. Ингэснээр навигацийн орлогоос 2019 онд 156 тэрбум төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлэхээр төлөвлөжээ.
Монгол бол Евразийг холбосон хамгийн дөт гарц. Үүнийгээ орлогын үүд болгож, зам ашиглуулсныхаа хариуд нь илүү “ногоон” халааслах боломж байсаар. Дамжин өнгөрөх тээвэр, ялангуяа, агаарын транзит үйлчилгээ нь олон тулгуурт эдийн засгийг бий болгоход түлхэц үзүүлэх төдийгүй аялал жуулчлал, үйлчилгээ, аж үйлдвэрийн салбарыг хөгжүүлэхэд түлхэц болохоор байна. Өөрөөр хэлбэл, Монголын агаарын тээвэр, агаарын зам биднийг ирээдүйд тэжээх бас нэг гарц болохоор байна.
САНАЛ БОЛГОХ
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй