Бизнесийг дэмжих татварын шинэчлэл тоосонд дарагдлаа

Зах зээл


Эдийн засгийн гол хуулиуд бусдаасаа гурван жилээр хоцорлоо

Монголын эдийн засаг сүүлийн хоёр жил дараалан татварын орлого тулан өндийж байна. Оны эхний гурван улиралд манай улсын ДНБ татвар, худалдаа гэсэн хос багана түшин 6.4 хувиар өссөнийг үндэсний статистикийн хороо мэдээлэв. Хөдөө аж ахуй, барилга зэрэг салбарт түшиглэдэг байсан макро эдийн засгийн өсөлтөд 2016 оноос цэвэр татвар, худалдаа мэдэгдэхүйц нөлөөлж эхэлсэн. Энэ оны аравдугаар сарын байдлаар татварын орлого өмнөх оны мөн үеэс 1.6 их наяд төгрөгөөр өсчихөөд байна. Огцом энэ өсөлтөд олон улсын зах зээл дэх таваарын ханш түлхэц болсон нь мэдээж. Гэхдээ 2016 оноос эрчээ авсан татварын шинэчлэлийн хоёр давалгаа давхар хүч өгснийг тоон үзүүлэлтүүд баталж байна.

Монгол Улс 2006 оноос хойш гар хүрээгүй татвар, бүртгэлийн хуулиуддаа 2014 оноос салхи оруулж, татварын шинэчлэлийн ээлжит давалгааг эхлүүлсэн. Эхний ээлжинд буюу одоогоос дөрвөн жилийн өмнө НӨАТ болон Нягтлан бодох бүртгэл, аудитын тухай хуулиудаа шинэчлэн баталж, 2016 оноос хэрэгжүүлжээ. Уг гурван хуулийн шинэчлэлээр манай санхүүгийн ил тод байдал сайжирч, эдийн засаг, бизнесийн орчны эд эс бүрийг бүртгэлжүүлж, далд мөнгийг сөхөж эхэлсэн. Ингэснээр сүүдэрт нуугдсан, бүртгэлээс зугтсан нэгж, хэсгүүдийг сөхөж, татварын орлогыг эрс нэмэгдүүлсэн юм. НӨАТ-ын шинэ хууль 2016 оноос хэрэгжиж эхэлснээс нэг жилийн дараа уг татварын орлого хагас их наяд төгрөгөөр өсөж байжээ. Эдийн засгийг ил тод, эрх тэгш босгосны үр дүн ингэж илэрсэн. Үүгээр зогсохгүй худалдаа, үйлчилгээний орлого өсөж, манай улсын дотоод худалдаа 2016 онд 400 тэрбум төгрөгөөр дээшилсэн юм. Өнөөдөр ч эдгээр салбар эдийн засагт юу юунаас илүү дэм болж байна.

Тэгвэл сүүлийн хоёр жил Монголын бизнесийн орчинд үр дүнгээ үзүүлсэн татварын шинэчлэлийн галт тэрэг гацаад байна. Уг нь шинэчлэлийн зураглал ёсоор татварын багц хуулиуд болох аж ахуйн нэгжийн орлогын албан татвар (ААНОАТ), хувь хүний орлогын албан татварын (ХХОАТ) хуулиудад нэмэлт өөрчлөлт оруулах учиртай. Мөн энэ хүрээнд Жижиг, дунд үйлдвэрийн тухай хуулийг ч тодотгохоор төлөвлөсөн. Энэ нь ч учиртай. 2016 оноос хэрэгжүүлсэн санхүү, бүртгэлтэй нягт холбоотой НӨАТ, Нягтлан бодох бүртгэл, аудитын тухай хуулиуд нь эдийн засгийн эд эс бүрийг бүртгэж, мөнгөний урсгалыг шилэн болгож, эдийн засгийн эрх тэгш шударга байдлын хөрсийг бүрдүүлэхэд чиглэсэн. Үүний дараа буюу эдийн засгийн эрүүл хөрсөн дээр татварын шинэ хуулиуд хэрэгжүүлж, эрх тэгш, бизнесийг дэмжсэн татварын тогтолцоо бий болгохоор зорьжээ.

• Монголын бизнесийн орчинд санхүүгийн бүртгэлийн хуулиуд шинэ зарчмаар үйлчилж байгаа бол татварын хуулиуд хуучирч элэгдсэн дугуй адил, хэмнэл, хурдтай хөл зэрэгцэж чадахгүй байсаар.
• Монголын бизнесийн орчинд үр дүнгээ үзүүлсэн татварын шинэчлэлийн галт тэрэг гацав.
• НӨАТ-ын шинэ хууль 2016 оноос хэрэгжиж эхэлснээс нэг жилийн дараа уг татварын орлого хагас их наяд төгрөгөөр өсөж байжээ.

Гэвч татварын шинэчлэлийн өрнөл болгохоор төлөвлөсөн татварын багц хуулиуд болон Жижиг, дунд үйлдвэрийн тухай хуулийн төслүүд өнөө хэр УИХ-аар хэлэлцэгдэх хугацаагаа хүлээсээр байна.

“Энэ хэрээр татварын шинэчлэл удааширч, Монголын эдийн засгийн гол хуулиуд бусдаасаа гурван жилээр хоцорчихсон явна” гэж Монголын бизнесийн дуу хоолой болох МҮХАҮТ-аас мэдээлж байна.

Монголын бизнесийн орчинд санхүүгийн бүртгэлийн хуулиуд шинэ зарчмаар үйлчилж байгаа бол татварын хуулиуд хуучирч элэгдсэн дугуй адил, хэмнэл, хурдтай зэрэгцэж чадахгүй байсаар.

Монгол Улс сүүлийн арав гаруй жилд татварын хуулиудаа багцаар нь буюу бүрэн шинэчлээгүй. Гэтэл энэ хугацаанд Монгол Улсын макро эдийн засаг зургаа дахин тэлж, бизнесийн орчин, хувийн хэвшлийн хүчин чадал нэмэгдсэн. Мөн олон улсын хувьсан өөрчлөгдөж буй шинэчлэл өөрчлөлттэй хөл нийлүүлэн алхах шаардлага тулгарсан. Эдийн засаг нь харьцангуй хурдтай өсөн өндийдөг хөгжиж буй орнууд 10 жил тутам татварын бодлогоо шинэчлэх шаардлагатай тулгардаг гэж судлаачид үздэг. Учир нь татварын орчин нь эдийн засагтаа “жижигдэх” магадлал өндөрсдөг байна.

Татварын орлого өмнөх сард 2017 оны мөн үеэс 1.6 их наяд төгрөгөөр өссөн

Монгол Улсад 160 мянга орчим аж ахуйн нэгж бүртгэлтэй. Үүний 90 хувийг 1-9 ажилчинтай жижиг, дунд бизнес эзэлж буй. Манай бизнесийн орчинд жин дарж буй жижиг бизнес эрхлэгчдийг өсөн өндийх боломж олгоход татварын шинэчлэл чиглэж байгаа гэж хууль боловсруулагчид хэлж байна. “Бизнес эрхлэгчдийн анхаарлын төвд буй ААНОАТ-ын хуулийн шинэчилсэн төсөл нь бизнесийг дэмжиж, татварын ил тод байдлыг хангаснаараа онцлог” хэмээн Сангийн яамны төсвийн орлогын хэлтсийн дарга Б.Тэлмүүн тайлбарлав. Мөн жижиг компаниудад хөнгөлөлт үзүүлж, шатлалыг нэмжээ. 

Одоо үйлчилж буй хуулийн хүрээнд улсын төсөвт 500 гаруй тэрбум төгрөгийн татвар төлдөг “Эрдэнэт үйлдвэр”, гудамжны буланд үйл ажиллагаа явуулдаг найман нэрийн барааны дэлгүүр хоёр яг ижилхэн нэг маягтаар татвараа тайлагнадаг. Харин шинэчилсэн найруулгын хүрээнд татвар төлөгчдийг ангилж, бичил, жижиг, дунд, том татвар төлөгчдийн онцлогт нийцсэн маягтаар тайлагнадаг болохоор зохицуулжээ.

“Татварын хялбаршуулсан зохицуулалт хийх нь зөв алхам. Бид хуулийн төсөл хэлэлцүүлэх үеэр саналаа сайн илэрхийлж хэлсэн. Ер нь энэ татварын хуулийн шинэчлэлийн гол цөм нь цөөн хүн татвар төлөх биш бүгд бага гэлтгүй төлөх шударга зарчим рүү чиглэхэд оршиж байгаа. Тиймээс эсэргүүцэх зүйл алга хэмээн “Коёотэ” компанийн гүйцэтгэх захирал Д.Бямбасайхан хэлсэн юм.

“Эдгээр хуулийн төсөл НӨАТ-ийн системтэй адил, бүртгэлд суурилсан. Засгийн газар ажлаа хийлээ. Одоо УИХ бүрэн эрхээ хэрэгжүүлэхийг л хүлээж байна. Шинэ хуулиудыг дагаж 40 журам гаргана. Иргэн бүрт хамаатай дүрэм журмуудыг олон нийт, аж ахуйн нэгжүүдэд таниулахад дахиад хугацаа хэрэгтэй. Тиймээс цаг хугацаа алдаж болохгүй нөхцөл үүсчихээд байна” хэмээн МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч Б.Лхагважав анхааруулж байна.

Монгол Улс татварын хоцрогдсон хуультай дахиад оны босгыг давж магадгүй болчихоод байна. МҮХАҮТ-аас өнгөрсөн долоо хоногт төрийн гурван өндөрлөгт хандан мэдэгдэл гаргасан. Уг мэдэгдэлдээ ч эдгээр хуулийг яаралтай батлахыг шаардсан юм.

Сангийн яам өнгөрсөн хавар татварын багц хууль болон Жижиг, дунд үйлдвэрийн тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барьсан. Гэвч УИХ-ын чуулганы босго даваагүй л байна. Энэ намрын чуулган нээлтээ хийгээд хэдийнэ сар хагасын хугацаа өнгөрөөд буй ч улсын хөгжлийн амин сүнс болох татварын шинэчлэлийн талаар ам нээж буй төрийн түшээ алга байна. Төрийн бодлого, улсын хөгжлийн үндэс болдог татвар, түүнийг зохицуулах хуулиуд УИХ-ын тамгын газрын шүүгээнд тоосонд дарагдан хэвтэж байна шүү.

СЭЗИС-ийн багш, дэд профессор Ж.Дэлгэрсайхан
Өнгөрсөн хавар өргөн барьсан татварын хуулиудад олон сайхан боломж тусгасан. Шударга татвар төлөгчийг бий болгож, татварын байцаагч нарын үүрэг нэмэгдэж байгаа юм. Миний санаа зовж буй ганц зүйл нь татварын тэгш бус байдлыг дэмжсэн асуудлуудыг хэрхэн шийдэх вэ гэдэг бодлогын асуудал орхигдсон санагдсан. Хууль хэрэгжсэнээр эерэг үзүүлэлт гарна. Гэхдээ сөрөг талууд бас гарахыг үгүйсгэхгүй.

Сангийн яамны Төсвийн орлогын хэлтсийн дарга Б.Тэлмүүн
Татварын шинэчлэлээр бид төсвийн орлогыг урьтал болгоогүй. Харин эдийн засгийн сууриа нэмэгдүүлж, тэгш, шударга орчин бүрдүүлж, жижиг аж ахуйн нэгжүүдэд өсөн дэвжих орон зай олгоход чиглэсэн. Эдгээр аж ахуйн нэгж өргөжин дэвжихийн хэрээр татварын тогтвортой бааз суурь нэмэгдэнэ гэж үзэж буй.

Ган хийц” компаний ерөнхий захирал М.Даваасүрэн
Хуулийн өмнө хүн бүхэн тэгш эрхтэй. Хүн бүр татвар төлдөг байх ёстой гэсэн зарчим өнөөг хүртэл орхигдсоор ирсэн. 200-300 хүн цалинжуулж буй бидэн шиг аж ахуйн нэгжүүд татварын хяналт шалгалтад байнга орж байхад “Нарантуул” зах дээр бараа зардаг худалдаачид НӨАТын татвар төлдөггүй. Ийм шударга бус зарчим үйлчилж буй татварын бааз суурийг өргөтгөж, шинэчлэх хэрэгтэйг уг хуулийн төсөлд тусгуулахаар оны эхнээс л илэрхийлсэн. Шинэчилсэн хуулийн төсөл олон боломжийг нээнэ гэж найдаж байна.
САНАЛ БОЛГОХ