Сайжруулсан түлшний борлуулалт удааширчээ

ЗГМ: Сэдэв


Хувийн үйлдвэрүүд ямар ч түүхий эдгүй болж, гацжээ


Нийслэлийн гэр хорооллын өрхүүдийн түүхий нүүрсний хэрэглээг хориглосон шийдвэр хэрэгжиж эхлэхэд зургаахан сар үлдлээ. Ирэх өвөл нүүрсний оронд хэрэглэх түлшээ туршиж үзэх хүсэлтэй иргэд ч цөөнгүй байна. Тиймээс манай сонин нийслэлийг сайжруулсан түлшээр хангах бэлтгэл ажил ямар шатандаа явж буй талаар сонирхлоо. Улаанбаатарын 220 гаруй мянган өрх жилд 600 мянган тонн сайжруулсан шахмал түлш хэрэглэнэ гэсэн тооцоо гарсан. Энэ хэрэгцээг төрийн өмчит “Тавантолгой түлш”-ээс гадна “Монголын шахмал түлш үйлдвэрлэгчдийн нэгдэл”-ийн гишүүн 12 үйлдвэр хангахаар төлөвлөсөн. Энэ үйлдвэрүүд энэ сард бүтээгдэхүүнээ борлуулалтад гаргана гэж байсан ч өнөөдрийн байдлаар нэг нь ч албан ёсоор шахмал түлш борлуулж эхлээгүй байна.


УЛСЫН ДӨРВӨН ҮЙЛДВЭРТЭЙ БОЛНО

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн дэргэдэх “Тавантолгой түлш” компани нийслэлчүүдийн шахмал түлшний хэрэглээний 70 хувийг дангаараа хангахаар зорьж байна. Тус компани сайжруулсан түлшний дөрвөн үйлдвэр ажиллуулахаар төлөвлөж буй. Эхнийх нь өнгөрсөн наймдугаар сараас үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн “ТЭЦ-2”-ын дэргэдэх шахмал түлшний үйлдвэр. Шаардлага хангаагүй, технологийн зөрүүтэй тоног төхөөрөмж авчирч суурилуулснаар үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон уг үйлдвэрийн зөвхөн шахах цехийг “Тавантолгой түлш” компани ашиглаж байгаа юм. Харин энэ онд багтаж Сонгинохайрхан дүүрэг дэх толгойтод шахмал түлшний хоёр том үйлдвэр ашиглалтад оруулах бөгөөд эхнийх нь энэ баасан гарагт нээлтээ хийнэ. Түүнчлэн Налайх дүүрэгт бас ахин нэг үйлдвэр ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. Биднийг Баянгол дүүргийн 20 дугаар хороонд, “ТЭЦ-4”, “ТЭЦ-2”-ын ойролцоо байрладаг “Тавантолгой түлш” компанийн агуулахад очиход наймдугаар сараас хойш 350-360 тонн буюу 14 мянга гаруй шуудай шахмал түлш нөөцөлсөн байлаа. Туршилт хийхэд багагүй хугацаа шаардсан тул төдийлэн их нөөц бүрдүүлж чадаагүй юм байна. Харин баасан гарагт нээлтээ хийх толгойт дахь үйлдвэрийн хашаанд мөн ийм хэмжээний шахмал түлш бий аж. Өөрөөр хэлбэл, “Тавантолгой түлш” компани одоогоор нийт 700 орчим тонн шахмал түлшний нөөцтэй байна. Нэг өрх жилд 2.5-3 тонн сайжруулсан шахмал түлш хэрэглэдэг гэж тооцвол энэ нь 280 орчим өрхийн л жилийн хэрэгцээг хангах хэмжээ юм. Гэхдээ тус компанийнхан шинэ үйлдвэрүүд ашиглалтад орчихвол ирэх намар гэхэд нийслэлчүүдийн нүүрсний хэрэглээний 70 хувийг хангахуйц нөөцтэй болж чадна гэж тооцож буй аж. “Тавантолгой түлш” компани бүтээгдэхүүнээ энэ сард багтаж худалдаанд гаргах юм байна. Нийслэлийн хороо бүрт 3-4 борлуулах цэг байгуулах тул борлуулагч нартай гэрээ байгуулж эхэлжээ. Хэрэв “Тавантолгой түлш”-ийн шахмал түлшийг хэрэглэж үзье гэвэл агуулахаас нь очиж авахаас өөр аргагүй. Одоогоор энгийн шуудайнд савласан бөгөөд албан ёсоор борлуулахаар бол тусгай лого бүхий шуудайнд ууталж зарах аж. Саяхан тус компанийн шахмал түлшийг нэгэн хувийн компани өөрсдийнхөө үйлдвэрлэсэн түлш хэмээн иргэдэд сурталчилж, зарсан тохиолдол ч гарсан юм байна. Тиймээс худалдаанд гаргахаас өмнө багагүй бэлтгэл шаардаж буйг “Тавантолгой түлш” компанийн төлөөлөл хэллээ. 

“Тавантолгой түлш” энэ сард багтаж шахмал түлшээ борлуулж эхэлнэ

Уг түлшийг нийслэлийн агаарын бохирдлын нэгдүгээр бүсэд багтдаг Сонгинохайрхан дүүргийн 10 орчим хорооны өрхөд туршиж байгаа аж. “Уг нь бид одоо байгаа нөөцөө зарж, борлуулахад бэлэн. Гэхдээ Засгийн газраас шахмал түлш борлуулах үнийг яг таг тохирсон шийдвэр гараагүй байгаа. Хэрэв энэ шийдвэр гарчихвал борлуулж эхэлнэ. Одоогоор нэг шуудайг нь 3750 төгрөгөөр борлуулна гэж байгаа ч үнэ нь дээшээ, доошоо бага зэрэг хэлбэлзэж магадгүй байна” гэж тус компанийн мэргэжилтэн Н.Янжмаа хэлсэн юм.

ХУВИЙН ҮЙЛДВЭРҮҮДЭД НЭГ Ч ШУУДАЙ ТҮЛШНИЙ НӨӨЦ АЛГА

Дорноговь, Дархан, Говьсүмбэр, төв аймагт байсан шахмал түлшний үйлдвэрүүдийг өнгөрсөн хавар нийслэлийн Налайх болон Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороонд төвлөрүүлсэн. ингэснээр тээврийн зардал багасаж, бүтээгдэхүүний үнэ ч буурна гэж тооцсон. Гэвч Монголын шахмал түлш үйлдвэрлэгчдийн нэгдлийн эдгээр 10 гаруй үйлдвэрт одоогоор нэг ч шуудай шахмал түлшний нөөц алга. Үйлдвэрүүд техник, технологио шинэчилж, бэлтгэлээ хангаад буй ч түүхий эдээ авч чадаагүйгээс ийнхүү зогсонги байдалд оржээ. Хувийн үйлдвэрүүд нэг тонн шахмал түлшээ 150 мянган төгрөгөөр худалдаална. Харин үйлдвэрлэсэн нэг тонн тутамд нь 50 мянган төгрөгийн татаас олгохоор олон сар ярьсан. Энэ асуудал өнгөрсөн даваа гарагт л шийдэгдэж, уржигдар БОАЖЯ болон Монголын шахмал түлш үйлдвэрлэгчдийн холбоо гэрээ байгуулжээ. Гэхдээ татаасаа гурав хувааж олгохоор болсон байна. Эхний ээлжинд үйлдвэрүүдэд татаасны 30 хувийг олгох бөгөөд үлдсэнийг нь бүтээгдэхүүнээ борлуулж эхэлмэгц 40 ба 30 хувиар хувааж өгөхөөр гэрээлжээ. Тиймээс дээрх үйлдвэрүүд эхний ээлжийн санхүүжилтээ хүлээж байна. Гэхдээ санхүүжилт орж ирсэн ч бас нэг бул хар чулуу үйлдвэрүүдийн ажлыг гацааж, дөнгөлчихөөд байна.

ТЭЭВЭРЛЭЛТ АЖИЛ ГАЦАХ ГОЛ ШАЛТГААН БОЛЖЭЭ

Улаанбаатарт хэрэглэх шахмал түлшийг зөвхөн “Энержи ресурс” болон “Тавантолгой” ХК-ийн баяжуулсан эрчим хүчний нүүрсний медлинг буюу завсрын бүтээгдэхүүнээр хийхээр болсон. Өөрөөр хэлбэл, дээрх компаниуд баяжуулсан эрчим хүчний нүүрсний хэмжээ жижигтэй учраас шигшигдэж үлдсэнийг нь шахмал түлшний үйлдвэрүүдэд үнэгүй өгөхөөр болсон юм. “Энержи ресурс” компанийн хашаанд гэхэд одоогоор 2.4 сая тонн ийм нүүрс овоолоостой бий. Гэвч үүнийг тээвэрлэх ажлыг зөвхөн төрийн компани гүйцэтгэнэ гэсэн шийдвэр гарсан нь ажил гацах гол шалтгаан болжээ. Өмнөговь аймгийн Цогтцэций суман дахь Ухаахудаг, Тавантолгой орд Улаанбаатар хотоос 500 гаруй км зайтай. Хувийн жижиг үйлдвэрүүдэд тээврийн зардал хүндээр тусч, бүтээгдэхүүний үнэ нэмэгдэхээр байгаа тул төр зохицуулах хэлэлцээрт хүрсэн юм. Гэвч бизнес эрхлэгчид баярлан хүлээж авсан энэ шийдвэр хувийн компаниудад одоо тус биш ус болчихоод байна. Үйлдвэрүүд түүхий эдээ татъя гэхээр “Төрийн компани зохион байгуулах учраас хувийн компаниудад тээвэрлэх зөвшөөрөл өгөхгүй. Та нар хүлээж бай” гэсэн хариуг холбогдох албан тушаалтан өгчээ. Үйлдвэрлэгчид энэ шийдвэрийг хүлээхгүйгээр чанарын шаардлага хангасан өөр нүүрсээр түлшээ үйлдвэрлэе гэсэн ч мөн л хориглосон аж. Төрөөс татаас авах дээрх үйлдвэрүүдийг зөвхөн ухаахудаг, тавантолгойн медлингийг ашиглахыг шаардаж буй. Хэрэв өөр нүүрсээр шахмал түлш үйлдвэрлэсэн тохиолдолд мэргэжлийн хяналтын байгууллага шалгаж, үйлдвэрийг нь хаах хүртэлх арга хэмжээ авна гэжээ. Тиймээс үйлдвэрүүд ямар ч нүүрсгүй, агуулах нь хов хоосон байгааг “Монголын шахмал түлш үйлдвэрлэгчдийн нэгдэл”-ийн төлөөлөл хэллээ. Уг нь эдгээр үйлдвэр жилд 150 мянган тонн шахмал түлш үйлдвэрлэх хүчин чадалтай. хэдийгээр “Тавантолгой түлш” компанийн дөрвөн үйлдвэрийн хүчин чадал нийлээд 600 мянган тонн буюу нийслэлийг 100 хувь хангах чадалтай ч энэ бол зөвхөн онолын хэмжүүр. Бодит байдал дээр үйлдвэрүүд хүчин чадлынхаа дөнгөж 50 хувийг л ашигладаг учраас нийслэлчүүдийг түлшээр хангахад хувийн үйлдвэрүүдийн хүч, оролцоо шаардлагатай гэдгийг эх сурвалж хэллээ. Тэгээд ч төлөвлөсөн дөрвөн үйлдвэрийн нэг нь “ТЭЦ-2”-ийн цех, хоёр нь ашиглалтад орох болоогүй байгаа учраас үүргээ бүрэн гүйцэтгэнэ гэж тооцоход бэрхтэй.

• Хувийн үйлдвэрүүдийн шахмал түлшний тонн тутамд 50 мянган төгрөгийн татаас олгоно.
• Нийслэлийн хороо бүрт 3-4 борлуулах цэг байгуулах тул борлуулагч нартай гэрээ байгуулж эхлээд байна.
• Төр, хувийнх гээд нуруу нуруугаа харуулаад суучихгүй, ирэх жилийн өвөл ойрхон гэдгийг санаж ажлаа хурдан урагшлуулмаар байна.

Ийнхүү түүхий нүүрсийг орлох шахмал түлшний улсын болон хувийн үйлдвэрүүд төрийн шийдвэрийг хүлээж сууна. Тэрнээс, энэнээс болсон гээд хөлөө жийлцээд ажлаа урагшлуулахгүй байвал төсвийн хэдэн тэрбум төгрөг үрэгдэж, иргэд өвлийн хүйтэнд түлх түлшгүй хоцрох вий. Төр, хувийнх гээд нуруу нуруугаа харуулаад суучихгүй, ирэх жилийн өвөл ойрхон гэдгийг санаж ажлаа хурдан урагшлуулмаар байна. Сайжруулсан түлш гэдэг үгийг мянгуужингийн үлгэртэй адил төсөөлөхөд хүргэсэн өмнөх бүтэлгүй түүхүүдийг давтахгүйн тулд шахмал түлшний үйлдвэр, нөөц бүрдүүлэх ажилд эртнээс анхаарах шаардлагатай байна.
САНАЛ БОЛГОХ