Бодлогын хүүг нэмсэн гол шалтгаан нь төсвийн алдагдал
ЗГМ: Сэдэв
Бодлогын хүүг нэг нэгжээр нэмж, 11 хувь болголоо
Мөнгөний бодлогын хороо мягмар гарагт ээлжит бус хурлаа хийж, бодлогын хүүг нэг хувиар нэмэх шийдвэр гаргалаа. Ингэснээр төв банкны бодлогын хүү 11 хувьтай тэнцэж байна. Бодлогын хүүгээ энэ он гарсаар хоёр удаа хэвээр хадгалж үлдсэн Мөнгөний бодлогын хорооны шийдвэрт Засгийн газрын 2019 оны төсвийн бодлого нөлөөлжээ. Төсвийн ДНБ-д эзлэх алдагдал харьцангуй өндөр байсан тул ийнхүү мөнгөний бодлого нэг хувиар чанга төлөвт шилжиж байна.
2020 оны сонгууль угтсан улсын нэгдсэн төсвийн тэлэлт 2019 оны мөнгөний бодлогын жолоог хумихаар болж байгаа нь энэ. Өөрөөр хэлбэл, мөнгөний нийлүүлэлт багасах нь гэсэн дохиог дээрх шийдвэр зах зээлд өгч эхэллээ. Тэрчлэн эдийн засагт сорилт болж буй гадаад зах зээлийн эрсдэл мөнгөний бодлогыг энэ удаа “тодотгох” үндэслэл болов. Тодруулбал, АНУ-ын холбооны нөөцийн банк мөнгөний бодлогын суурь хүүгээ нэмэгдүүлсэн, БНХАУ нүүрсний зах зээлдээ хязгаарлалт хийж эхэлсэн нь манай улсын мөнгөний бодлого өөрчлөгдөх ээлжит шалтгаан болсон байна. Эдгээрээс үүдэн мөнгөний бодлогоо хатууруулах алхмыг Мөнгөний бодлогын хороо хийлээ. Дээр дурдсан эрсдэл төлбөрийн тэнцэлд сөргөөр нөлөөлж, төгрөгийн ханшид дарамт учруулж байгаа тул бодлогын хүүгээ нэг хувиар нэмэгдүүлсэн гэж Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан тайлбарлаж байна. Гадаад эрсдэл улам гүнзгийрсээр байвал бодлогын хүү нэмэгдэх эрсдэл ч тэр хэрээр зузаарах нь.
Эдийн засгийн өсөлтөө дунд хугацаанд тогтвортой хадгалах, нөгөө талаас гадаад зах зээлийн тодорхой бус байдлыг харгалзаж хүүгээ өөрчлөх төв банкны шийдвэр төсвийн тэлсэн бодлогыг сөрөхөөр болж байгаа нь энэ. Инфляц энэ оны аравдугаар сарын байдлаар улсын хэмжээнд 6.3 хувьтай тэнцэж, Монголбанкны зорилтот түвшнээс 1.7 хувиар нам түвшинд байна. Энэ нь бодлогын хүүг нэмэгдүүлэх үндэслэл болсонгүй.
Мөнгөний бодлого өнгөрсөн хугацаанд нэмэгдэхэд инфляцын өсөлт голлон нөлөөлж байсан билээ. Эдийн засаг энэ оны гуравдугаар улиралд 6.7 хувиар өссөн. Хэдий тийм боловч гадаад орчны эрсдэл нэмэгдэж байгаа нь цаашид ч бодлогын хүү өсөх учир шалтгаан болж магадгүй байна. БНХАУ, АНУ-ын хооронд өрнөж буй худалдааны маргаан хэрхэн шийдэгдэх эсэх нь одоо ч бүрхэг хэвээр. Тоймлон хэлбэл, сангийн тэлэх бодлогын эсрэг мөнгөний хумих бодлого бодитоор хэрэгжиж эхэллээ. Хэрэглээний зээлийг хумих төв банкны шийдвэр мөнгөний бодлоготой хосолж байна. Гэхдээ бодлогын хүү нэмэгдсэн нь бизнесийн зээлийн өсөлтөд сөргөөр нөлөөлж болзошгүй юм. Эдийн засгийг тэнцвэржүүлэх төв банкны оролдлого бодлогын хүүгээс цааш хэтрэхгүй боломжгүй гэдэг. Нөгөө талаасаа бодлогын хүү нэмэгдсэнээр мөнгөний нийлүүлэлт хумигдах нь. Мөнгөний бодлогын хорооны энэ удаагийн шийдвэр инфляцын зорилттой нийцэж байгаа төдийгүй цаашид төгрөгийн ханшийн уналтыг зогсоох, үндэсний мөнгөн тэмдэгтэд итгэх итгэлийг хамгаалж, эдийн засгийн тогтвортой байдлыг хадгалахад үндсэндээ чиглэж байна.
Монголбанк ирэх сараас эхлэн төв банкны 28 долоо хоногийн хугацаатай үнэт цаас арилжаалах шийдвэр мөн гаргалаа. Харьцангуй урт хугацаатай санхүүгийн хэрэгслийг мөнгөний зах дээр бий болгох үүднээс Монголбанк 2013 оноос дөрвөн долоо хоногийн хугацаатай төв банкны үнэт цаасыг нэвтрүүлсэн. Монголбанк долоо хоногтой үнэт цаасны хүүгээр дамжуулан зөвхөн богино хугацааны хүүнд нөлөөлөхийг оролддог бол дөрвөн долоо хоногийн хугацаатай төв банкны үнэт цаасны хүү нь ирээдүйн арилжаа, эрсдэлийн болон нөөцийн үнийн хүлээлт зэрэг хүчин зүйлстэй уялдаж, банк хоорондын захын хүү тодорхойлогддог байна. Төв банкны үнэт цаасны арилжаа нь Монголбанкны мөнгөний бодлогыг хэрэгжүүлэх үндсэн арга хэрэгсэл юм. Монголбанкны зарласан хаалтын ханшаар ам.доллар 2603 төгрөгтэй тэнцэж байна. Ам.долларын ханш сүүлийн нэг сарын турш тасралтгүй өсөж, дээрх түвшинд ирлээ. Энэ он гарснаас хойш 979 сая ам.долларын интервенц төвбанк хийсэн байна.
Бодлогын хүүг нэг хувиар өсгөсөн нь зээлийн хүү өсөх суурь шалтгаанд тооцогддог. Бодлогын хүүг нэг хувиар өсөхөд зээлийн хүү 0.3 хувиар өсдөг гэсэн тооцооллыг Монголбанк танилцуулсан юм. Нөгөө талаасаа төгрөгийн бусад валюттай харьцах ханшийн уналт дан ганц гадаад худалдаанд алдагдал болоод зогсохгүй манайх шиг импортлогч оронд инфляцыг хөөрөгдөх нэг үндсэн нөхцөл болдог. 2019 оны төсвийн хэт өндөр алдагдал мөнгөний бодлогыг хөлдөө ийнхүү чирлээ. Хэрэв төсвийн алдагдлыг хумьж, орлого, зарлагын тооцооллыг илүү бодитой зурагласан бол мөнгөний бодлогыг хөндөх шаардлага байхгүй гэж Мөнгөний бодлогын хорооны зарим гишүүн үзэж байгаа юм. Засгийн газар төсөвт 42 сая тонн нүүрс экспортолж, 1.3 тэрбум ам.доллар олохоор орлогоо тооцсон. Гэвч худалдан авагч БНХАУ-ын шийдвэр ирэх оны төсөвт тодотгол хийх хэмжээнд эрсдэл үүсгээд байна. Азийн хөгжлийн банк болон ОУВС, дэлхийн банк манай улсын ирэх оны эдийн засгийн төлөвийг энэ оныхоос илүү өөдрөг зурагласан. Гэвч төсвийн тэлэлт, мөнгөний бодлогын шийдвэр бизнесийн орчны хүлээлтийг энэ янзаар өөрчилж мэдэхээр байна.
САНАЛ БОЛГОХ
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй