СУМЫН СУРГУУЛЬ КЭМБРИЖТЭЙ ХОЛБОГДСОН НЬ БУЮУ ХАНБОГДЫН САЙН ЖИШИГ

UB Info

0.1 хувийн дэмжлэг, 40 жилийг “даана”

Аливаа улсын боловсролын салбарын тэгш байдал 0.1 хувиар нэмэгдэхэд 40 жилийн хугацаанд нэг хүнд ногдох ДНБ-ий хэмжээ 23 хувиар өсөх боломжтой хэмээн Боловсролын төлөөх дэлхийн түншлэл сан тооцоолсон байдаг. Ингэж үзвэл “Оюу толгой” компанийн санхүүжилтээр Ханбогд суманд баригдаж, одоо нээлтээ хийж буй 640 хүүхдийн багтаамжтай сургууль, 200 хүүхдийн цэцэрлэг иж бүрэн тохижуулсан ажлын үнэ цэнэ нь ямар том бэ гэдгийг харж болно. Яагаад вэ гэдгийг баримтаар тодруулъя.

1990 онд ашиглалтад орсон Ханбогд сумын I-р сургууль ном ёсоороо бол 640 хүүхдийн багтаамжтайгаар баригдсан. Гэтэл өдийг хүртэл 1100 сурагч шахцалдан сууж байв. Заяагдмал эрх, сурч мэдэхийн төлөө тэмүүлж ирсэн 460 хүүхдийг “Манай сургуулийн багтаамж дийлэхгүй нь” гээд буцаах аргагүй. Тийм учраас саяхныг хүртэл шахцалдан суулгаж, гурван ээлжээр хичээл орж байна. Хүний хүүхдүүдийг хүрэлцээгүйн улмаас хөөгөөд явуулчихсангүй, гурваар нь суулгаж, гурван ээлжээр ч болтугай хичээлд хамруулсан нь сайн хэрэг. Гэхдээ зөв шийдэл биш. Сурч боловсрох орчны хүртээмж муу, төр засгаас өнөө хэр нь асуудлыг шийдээгүй учраас хүүхдүүд хохирч, боловсролын тэгш байдал “хазгай” явж ирсний ердөө нэг жишээ нь Ханбогд сум. Тэгвэл нийтлэлийн эхэнд дурдсан 0.1 хувийн нэмэлт, 40 жилийн дараах өгөөжийг тэд өнөөдөр хүртэв. Сургууль цэцэрлэгийн хүртээмжгүй байдлыг Өмнөговь аймгийн Засаг даргын тамгын газраас “Оюу толгой” компанийн дэргэдэх “Говийн оюу хөгжлийг дэмжих сан”-д хүсэлт тавьснаар энэ ажил өнөөдөр биеллээ олов.


Иж бүрэн хэмээхийн цаана

Хичээлийн 29 ангитай Ханбогд сумын II сургууль, 8 ангитай цэцэрлэг шинээр ашиглалтад орохдоо орчин үеийн стандарт шаардлагад бүрэн нийцсэн, хичээл сургалтаа явуулахад шаардлагатай бүхий л тоног төхөөрөмж, тавилга, хэрэгслийг байршуулж, иж бүрэн тохижилттой болов. ИЖ БҮРЭН гэдэг үгийг бүр цааш нь дэлгэрүүлбэл дэлхийн жишгийн сургалтын систем хүртэл алс буйд сумын сургуульд нэвтэрч байгаа нь талархууштай. Энэ сургууль Кэмбрижийн сургалтын системд дүйцэх хөтөлбөрөөр цааш явна. Шинэ менежментийг Монголын хөрсөнд нутагшуулахад Улаанбаатар хотын “Шинэ эрин” сургуулийн менежментийн баг дэмжлэг үзүүлж, Кэмбрижийн жишигт нийцсэн, олон улсын сургалтын арга барил, хөтөлбөрийг шинэ сургуульд ажиллах багш нарт заан таниулах ажил хэдийнээ эхэлжээ. Ингэж шинэ сургууль жинхэнэ утгаараа иж бүрэн болж байгаа юм.

Сумын сургууль гурван ээлжээр сунайтал хичээллэхгүйгээр, ердийн голдиролд орсноор багш, сурагч нар сая нэг амьсгаа авч, сурагчид хичээлийн бус цагаар өөрийгөө хөгжүүлэх нэмэлт сургалтуудад хамрагдах, тайван хичээлээ давтах боломжтой болж буй. Нэг жилийн хугацаанд, 7.2 тэрбум төгрөг зарцуулж, 637 төрлийн нийт 10 гаруй мянган тоног төхөөрөмж, хэрэгсэл эвлүүлэн байгуулсан шинэ сургууль, цэцэрлэг ашиглалтад орсон нь 40 жилийн хугацаанд Монголын нэг хүнд ногдох ДНБ-ий хэмжээ 23 хувиар өсөхөд өөрийн гэсэн өчүүхэн хувь нэмрээ оруулах чухаг ажил юм.

Сумын сургуулиас эхтэй сайн жишиг

Сургууль цэцэрлэгийн даац хэтэрсэн, түүний улмаас сурагчид гурвуулаа сууж, гурван ээлжээр хичээлээ орж буй жишээ зөвхөн Ханбогдын сумынх биш. Нийслэл хотын сургуулиудад ч ийм асуудал өчнөөн бий. Бидний нэгэнт мэдэх жишээгээр боломжид ойр, тооны олон зэргээс шалтгаалан төвийн сургуулиуд төрийн бодлого, дэмжлэгийн хамаг дээжийг нь хүртдэг нь нууц биш. Харин энэ удаа Ханбогд сумын сургууль, цэцэрлэгийн асуудал шийдэгдсэн нь хот, хөдөөгийн амьдралын нөхцөл боломж, тэр дундаа сургалтын чанар эрс ялгаатай, дутагдалтай байдгийг шийдэх томоохон жишээ болов. Боловсролын салбарын ТЭГШ БАЙДАЛ гэж хамгийн эхэнд дурдсан маань ч бас үүнтэй нэг талаар холбоотой.



Баярлалаа, “Оюу толгой”

“Оюу толгой” компани зөвхөн өнгөрсөн жилд гэхэд Ханбогд сумын төсөвт 37.6 тэрбум төгрөг төвлөрүүлсэн байдаг. Том зургаар нь харвал сүүлийн 8 жил Монгол Улсад нийт 8.3 тэрбум ам.доллар буюу ДНБ-тэй дүйцэхүйц шахам хөрөнгө оруулжээ. Энэ бол том нөлөө. Том нөлөөний энгийн нэг, гэхдээ үр дүн нь эгэлгүй байх нэгэн жишээ Ханбогд боллоо.

Урьд нь “Оюу толгой” компанийн санхүүжилттэй “Говийн оюу хөгжлийг дэмжих сан”-аас Даланзадгад сумд гурван цэцэрлэг барьж, Сүхбаатар дүүргийн 186 дугаар, тусгай хэрэгцээт цэцэрлэгт хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд сурч хүмүүжихэд зориулсан анги танхим байгуулж байв. Түүнчлэн Налайх дүүрэгт Техник технологийн жишиг сургууль байгуулж, Даланзадгад, Чойр, Дархан хот дахь мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвүүдийг өргөтгөн шинэчлэх зэрэг мэргэжлийн сургалтыг сайжруулахад чиглэсэн ажлуудыг хийсэн билээ. “Оюу толгой” ХХК Монголын ирээдүйд чухал нэмэр болохуйц, дэлхийн хаана ч гологдохооргүй мэргэжилтнүүд бэлдэхийн зэрэгцээ хүүхэд, залуусын боловсролд чиглэсэн цогц бодлого хэрэгжүүлэн ажиллаж байна.

Баярлалаа, “Оюу толгой”. /www.ot.mn/

САНАЛ БОЛГОХ