Үйлдвэрлэлийн салхи эргэлээ

Үйлдвэрлэл


Зүүн Өмнөд Ази үйлдвэрлэлийн төв цэг байхаа больж эхэллээ


Үйлдвэрлэлийн салхи эргэж байна. Ингэхдээ зүүнээс баруун тийш чиглэсэн энэ салхи нүд ирмэхийн зуур эрчлэн хуйларч, зүгээ өөрчилсөнгүй. Харин алгуур аажмаар тэнхлэгээ эргүүлэн, төв цэгээ сольж байна. Өнгөрсөн 20 жилийн хугацаанд эх газрын Хятадад үндэслэж, Зүүн өмнөд Ази даяар түгсэн үйлдвэрлэлийн төвлөрөл задарч, цэнхэр дэлхийгээр нэг сарьниж эхлэв. Ингэснээр Зүүн өмнөд Ази үйлдвэрлэлийн төв цэг байхаа больж хөгшин Европ эргэн моодонд орж эхэллээ.

Өнгөрсөн хэдэн жилийн хугацаанд дэлхийн үйлдвэрлэлийн эзэд хөдөлмөрийн хямд хүч, үйлдвэрлэлийн бага өртөгт нь амтшин Зүүн өмнөд Азийн орнуудад үүрээ засаж, үйлдвэрээ эхлүүлсэн. Ингэснээр БНХАУ, Бангладеш, Вьетнам зэрэг орон “дэлхийн үйлдвэр” хэмээх нэр зүүх хүртлээ, өсөн дэвжээд байсан юм.

Гэвч улс орнуудын худалдааны өрсөлдөөн улам ширүүссэнээр нэмүү өртгийн гинжин хэлхээ үр ашиггүй болж, дэлхийгээр нэг тархсан үйлдвэрлэлийг мухардалд хөтөлж эхэллээ. Бас хүний хүчийг роботууд орлож эхэлсэн нь хямд ажиллах хүчинд дулдуйдан, харь орныг зорьж байсан үйлдвэрлэгчдийг эх нутгаа эргэн зориход хүргээд байна. Тиймээс тэд сүүлийн хэдэн жил ээнэгшин, дасаад байсан азийг орхин, ирсэн замаараа төрсөн нутгаа зорьж эхэллээ.

Ийнхүү АНУ, Европын компаниуд гэр лүүгээ эргэж эхлэхэд уугуул нутаг нь ч тэднийг элгэсгээр хүлээн авч байна. Тухайлбал, АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп энэ нүүдлийг угтан, бизнесийн орчноо улам таатай болгож эхэлсэн. Тэрбээр америкийг дахин бизнесийг дэмжсэн улс болгохоо тунхаглан, татварын хуулиа шинэчилж, аж ахуйн нэгжийн орлогын албан татварын хувь хэмжээг 14 хувиар бууруулсан юм. Бизнесүүдийг далласан Дональд Трампын бодлого үр дүнгээ үзүүлж, эх нутгаа зорьсон бизнесийн нүүдлийг америкийн аварга компаниуд түүчээллээ. Тухайлбал, дэлхийн хамгийн үнэ цэнтэй компаниудын нэг Apple ирэх таван жилд америкт 30 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхээ энэ оны эхэнд мэдэгдлээ. Аpple-ийн араас автомашин үйлдвэрлэгчид залгав.

Тодруулбал, тус улсын автомашины Ford компани Мексикт байгуулах гэж байсан үйлдвэрийн төслөө цуцалж, харин Мичиган дахь үйлдвэрлэлээ 700 сая ам.доллараар өргөжүүлэхээр болов. Тэгвэл General Motors Мексик болон Ази дахь үйлдвэрлэлээ хумьж, Техас болон Мичиганд дахь салбараа тэлэхээр төлөвлөж байна. Эдгээрээс гадна General Electric, Amgen, Merck & Co, Harley-Davidson, Element Electronics зэрэг АНУ-ын томоохон үйлдвэрлэгчийн хараа эрх чөлөөний орныг чиглэж эхлэв. Тэгвэл энэ хөдөлгөөн германд ч өрнөөд байна. Тус улсын био технологийн AMSilk түүчээлээд нисэх онгоц, бэлэн хувцасны компаниуд эргэн ирж байгаа аж. Дэлхийн бизнес, эдийн засгийн хамгийн нөлөө бүхий зөвлөх компани болох McKinsey-гийн тооцоогоор дорноос өрнийг чиглэсэн энэ нүүдэл сүүлийн 10 жил үргэлжилнэ. Зөвхөн бэлэн хувцасны салбарт гэхэд энэ зах зээлийн нийт үйлдвэрлэгчдийн талаас илүү нь 2025 он гэхэд борлуулалтын зорилтот зах зээл рүүгээ илүү ойр байрлана гэж тус компани таамаглаж байна. Ингэснээр үйлдвэрлэгчид нь гол хэрэглэгчид болон аНу болон Европын орнууд руу илүү дөхнө.

Бизнесүүдийг далласан Дональд Трампын бодлого үр дүнгээ үзүүлж эхэлжээ
Энэ нь учиртай. Нэгдүгээрт, Зүүн өмнөд Азийн хөгжиж буй орнуудын эдийн засаг тэлж, иргэдийн амьжиргаа нь дээшилснээр эдгээр улсад хөдөлмөрийн хөлс сүүлийн 10 жилд мэдэгдэхүйц дээшилсэн. 2005 онд тус бүс нутгийн хөдөлмөрийн дундаж хөлс АНУ-ын үзүүлэлтийн арав хуваасны нэгтэй тэнцсэн бол өдгөө гурав хуваасны нэг болтлоо өсчээ.

Ингэснээр нэгэн цагт Зүүн өмнөд Азийн хямд ажиллах хүчийг түшиглэн уг бүс нутгийг зорьж байсан үйлдвэрлэгчид өдгөө цалингийн өсөлттэй нүүр тулгараад байна. Үүнээс гадна үйлдвэрлэлийн үндсэн хөшүүрэг болдог хөдөлмөрлөх хүч хэмээх ойлголт өдгөө хувьсан өөрчлөгдөж, хүнээс техник рүү шилжиж эхэлсэн. Хүний хүчийг роботууд орлож эхэлсэн тул үйлдвэрлэгчдийн хувьд ажиллах хүч, хөдөлмөрийн хөлс, цалин зэрэг нь цаашид толгойн өвчин байхаа болиход ойрхон байна. McKinsey-гийн судалгаанд оролцсон бэлэн хувцасны үйлдвэрлэгчдийн 80 хувь нь 2025 он гэхэд бүрэн автомат хэлбэрт шилжинэ хэмээн дүгнэжээ.

Сүүлийн 20 жил дэлхийн үйлдвэрлэл хаана л хямд өртөг байна, тэнд үйл ажиллагаа явуулж, тив, дэлхийгээр нэг тархацгаасан. Гэтэл нэмүү өртгийн гинжин хэлхээнд тулгуурласан энэ зүй тогтол нь эргээд үйлдвэрлэлийн зардлыг өсгөж эхэлжээ. Шинжээчид байршил, тээврийн зардал, цаг хугацаа яагаад чухал болохыг хос жинсний жишээгээр тайлбарласан.

Германы шинжээчид хос жинсэн өмд үйлдвэрлэж, борлуулах нийт өртгийг үйлдвэрлэлийн байршлаар нь тооцоход тус бүтээгдэхүүнийг Хятадад үйлдвэрлээд Германд экспортлох нь Туркт бүтээж, Германд борлуулснаас гурван хувиар өндөр өртөгтэй байжээ.

Мөн нэг жинсэн өмдийг Хятадад үйлдвэрлэж, АНУ-д борлуулахад 11.4 ам.доллар. Харин бүрэн автомат төхөөрөмж ашиглан Мексикт үйлдвэрлээд АНУ-д борлуулах нь 10 ам.долларын өртөгтэй аж. Азиас барууны орнууд рүү экспорт хийхэд далайгаар 30 хоног зарцуулдаг байна. Өөрөөр хэлбэл, өмд үйлдвэрлээд түүнийгээ хил дамнан, далай гатлах борлуулах нь тээвэрлэлтээс гадна асар үнэтэй цаг хугацаа, түүнийг дагасан зардал үүсгэдэг. Тун энгийнээр тайлбарлавал, цаг хугацааг товчилсноор мөнгө хэмнэнэ гэсэн дүгнэлтэд хүрсэн байна.

Энэ мэт дэлхийн үйлдвэрлэлийн салбарт бий болж буй хувьсал өөрчлөлтийн улмаас үйлдвэрлэгчид байршлаа солин, нүүдэллэж эхлээд байгаа нь энэ. Хамгийн гол нь үүнийг даган дэлхийн мөнгөний урсгал ч зүгээ өөрчлөөд байна. Ийнхүү дэлхийн үйлдвэрлэлд өөрчлөлт хөдөлгөөн өрнөхийн хэрээр улс орнууд ч энэ хөдөлгөөнөөс давуу тал олж, бизнес эрхлэгчдийг даллан дуудахаар аль байдгаараа хичээж байна. Агуу Америк хүртэл орлогоо татвараа бууруулан, үйлдвэрлэгчдэд хошуугаа дэвсэж буйгаас харахад энэ өрсөлдөөн хэр ширүүн өрнөж буйг харж болохоор байна.

Дэлхийн бизнесийн орчны нэгээхэн хэсэг болсон Монгол Улс ч энэ өөрчлөлтөөс хоцрох ёсгүй. Тэр тусмаа роботуудаар хүч сэлбэсэн үйлдвэрлэлийн шинэ эрин бидний сул талыг нөхөж буй. Учир нь хүн ам, хөдөлмөрийн хүчээр Монгол Улс Зүүн өмнөд Азийн орнуудаас харьцангуй доогуурт тооцогддог нь манай улсад үйлдвэрлэл хөгжүүлж, зах зээлээ тэлэх нэг сорилт болдог. Тиймээс дэлхийн үйлдвэрлэгчид биднийг төдий л тоодоггүй байсан нь энэ. Тэгвэл дэлхийн үйлдвэрлэлээр роботуудаар хүч сэлбээд эхэлбэл хүн цөөнтэй гэх бидний сул талыг амархан нөхчихөөр байна. Энэ хэрээр задарч буй дэлхийн үйлдвэрлэлийг өөртөө татах боломж нээгдэх юм.
САНАЛ БОЛГОХ