Давхар бүртгүүлэх компаниудад хувийн бэлтгэлээ хангах л үлдлээ

Уул уурхай


Компаниуд шаардлагатай хөрөнгөө хурдан хугацаанд татах боломж бүрдэнэ


Иргэд газрын хэвлийн баялгийнхаа өгөөжийг хувьцаагаар дамжуулан хүртэх боломж дотоодын хөрөнгийн зах зээлд тун удахгүй нээгдэх гэж байна. Торонтогийн хөрөнгийн биржид бүртгэлтэй Erdene Resource Development компани Монголын хөрөнгийн биржид давхар бүртгэлтэй болоод багагүй хугацаа өнгөрч байна. Тус компанийн хувьцааг ирэх оноос иргэд биржээс шууд худалдан авах бэлтгэл ажил үндсэндээ дуусах шатандаа оржээ. Ингэснээр Монголын хөрөнгийн биржийн арилжааны цэсэнд албан ёсоор шинэ бүтээгдэхүүнтэй боллоо. Өөрөөр хэлбэл, тус компанийн хувьцаа өдөр тутмын арилжаанд оролцсоноор хөрөнгө оруулагчдад сонголт бий болох юм.

Монголын хөрөнгийн биржийг олон улсын хөрөнгийн зах зээлүүдтэй холбох давхар бүртгэлийн хүрээнд орж ирсэн анхны компанийн хувьцааг ийнхүү олон нийт цагийн зөрүүгүйгээр үндэсний мөнгөн тэмдэгтээрээ худалдан авна гэсэн үг. Одоогийн байдлаар гаднын гурван хөрөнгийн биржид Монголд үйл ажиллагаа явуулж буй 10 гаруй компани бүртгэлтэй байна. Эдгээр компани дотоодын хөрөнгийн биржид давхар бүртгэлтэй болох “салхи”-ийг Erdene Resource Development хагалсан. Тэгвэл дараа дараагийн компани ч энэ жишгээр замнахад тун ойртжээ. Давхар бүртгэлтэй холбоотой дүрэм, журам үндсэндээ цэгцэрч, эрх зүйн орчин бүрдсэн бөгөөд компаниуд хувийн бэлтгэлээ базаах л үлдэв. Эхнээсээ сонирхлоо илэрхийлсэн компаниуд бий бөгөөд зарим нь судалгааны ажилдаа хэдийн орсон байна. Тухайлбал, Монголын компаниудаас анх удаа олон улсын хөрөнгийн зах зээлд хөл тавьсан “Энержи Ресурс” хувьцаагаа Монголын хөрөнгийн биржид давхар бүртгүүлэхээр судалж буйгаа мэдэгдсэн.

Өнгөрсөн хавар Канадын хөрөнгийн биржид IPO хийж, анхдагч зах зээлээс 25 сая канад доллар татан төвлөрүүлсэн Steppe Gold компани Монгол дахь “Алтан цагаан овоо” талбай дээрээ энэ онд эрчимтэй ажиллаж буй. Тус компани энэ онд амжиж анхны олборлолтоо хийхээр зорьж байгаа бөгөөд Баянхонгор аймаг дахь “Уудам хөндий” төслийн талбайгаас алтны өндөр илэрц бүхий дөрвөн хэсгийг олж ирүүлснээ өмнө нь мэдээлсэн. Одоогоор тус компани Монголын хөрөнгийн биржид давхар бүртгүүлэх судалгаа хийж эхэлжээ.

Дараагийн боломжит компанийн тоонд австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй Xanadu Mines орж байна. “Хармагтай” ордын “Зараа” талбайд хийсэн хайгуулын дүнгээ шинэчлэн танилцуулсан тус компани хувьцаагаа Монголын хөрөнгийн биржээс гадна торонтогийн хөрөнгийн биржид давхар бүртгүүлэх сонирхолтой байгаа аж.

Эдийн засаг хоёр оронтой тоогоор өсөж, гадаадын шууд хөрөнгө оруулалтын хэмжээ дөрвөн тэрбум ам.долларт шүргэж байсан жилүүдэд Монголд үйл ажиллагаа явуулдаг, гадаадын томоохон биржүүдэд бүртгэлтэй компанийн тоо 30 хүрч байлаа. Тэгвэл сүүлийн жилүүдэд энэ дүн хоёр дахин хумигдсан билээ. Монголын хөрөнгийн биржийн гүйцэтгэх захирал Х.Алтай “Давхар бүртгэлийг дагаж монголчууд Монголын хөрөнгийн биржээр дамжуулан монгол төгрөгөөр тухайн уул уурхайн төслөөс хувь эзэмшиж, өгөөжийг нь хүртэх боломж бүрдэнэ. Харин компаниудын хувьд Монголд монгол хөрөнгө оруулагчтай байна гэдэг нь тогтвортой үйл ажиллагаа явуулах боломж нөхцөл бүрдэнэ” хэмээн онцолсон юм.

Давхар бүртгэлтэй компанийн хувьцааг арилжаалах нөхцөл бүрджээ
Өнөөдрийн байдлаар нийт 304 хувьцаат компани, 54 үнэт цаасны компани тус зах зээлд үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд Топ 20 индекс энэ оны гуравдугаар улирлын байдлаар өмнөх оны мөн үеэс 10.5 хувиар өссөн байна. Давхар бүртгэлтэй компаниуд энэ зах зээлд эрчимтэй орж ирснээр дээрх үзүүлэлтүүд илүү өсөх боломжтойг Санхүүгийн зохицуулах хорооноос онцолсон юм.

Хувьцаат компаниуд нэг болон түүнээс дээш тооны хөрөнгийн биржид үнэт цаасаа бүртгүүлснээр шаардлагатай хөрөнгө оруулалтаа хурдан хугацаанд татаж чаддаг. Энэ нь ч тухайн компанийн боломжийг нэмэгдүүлдэг. Ийм учраас Монголын хөрөнгийн бирж 2015 оноос давхар бүртгэлийн системийг эхлүүлэхээр зорьж, компаниудтай уг асуудлаар санал солилцох болсон юм.

Гадаадын томоохон хөрөнгийн биржид гарсан компаниудаас зарим нь Монголын хөрөнгийн биржид бүртгүүлэх хүсэлтээ ирүүлсэн бөгөөд давхар бүртгэлийн системээ жигдрүүлэх үйл явц өрнөж байна. Дотоодын компаниуд гадаадын хөрөнгийн зах зээлд бүртгүүлснээр хөрөнгө оруулалт татах, гадаад харилцагчтай болох, гадаад зах зээлд өөрсдийгөө таниулах боломжоор хангагдах юм. Анхны давхар бүртгэл хийлгэсэн Erdene Resource Development зургаан жил үүнд бэлдэж, түүчээний эхэнд зогсож байна. Хөрөнгийн биржид давхар бүртгэлтэй компанийн тоо нэмэгдэхийн хэрээр зах зээлийн үнэлгээ өсөж, гадаадын хөрөнгө оруулалт нэмэгдэнэ. Арилжааны идэвх сэргэж, уул уурхайн компаниудын засаглал сайжирч, санхүүгийн ил тод байдал ч улам нээлттэй болох зэрэг давуу талтай юм.
САНАЛ БОЛГОХ