Хөөс шиг өсөлттэй 2018 он

Мөнгөний бодлого


Өсөлтийн хурд дөрвөн жилийн дээд цэгт хүрсэн ч гол үзүүлэлтүүд ахисангүй


Гацуурын бөмбөлөг шиг гял цял атлаа хэврэгхэн эдийн засгийн өсөлттэй 2018 оныг монголчууд үдэх гэж байна. Ээлжилсэн уналт, өсөлтийн дунд завсаргүй савлаж ирсэн Монголын эдийн засаг энэ оны гуравдугаар улиралд 6.4 хувиар тэлж, өсөлтийн хурд нь сүүлийн дөрвөн жилийн дээд цэгт хүрлээ. Ингэснээр Монгол улс ДНБ-ий өсөлтөөрөө дэлхийн хамгийн хурдтай тэлсэн эхний 10-ын тоонд багтав. Чихэнд чимэгтэй, чамин гэгчийн энэ өсөлт манай дарга нарын өөрийгөө магтсан сайрхлын сайхан хачир болж, эрх баригчид ч унаж явсан эдийн засгийг өөд нь татсаныгаа ам уралдан ярьцгааж байна.

Олон улсын хөрөнгө оруулагчид биднийг “хоёр чулууны эдийн засаг” хэмээн хоржоонтой нэрлэдэг нь учиртай байж. Энэ онд зэс, нүүрс хэмээх таваарын хослол олон улсын зах зээлд таатай үр дүн үзүүлсэн нь талын Монголын эдийн засгийг тэтгэв. Ялангуяа, эрчим хүч, энергийн гол түүхий эд болон нүүрсний ханш өнгөрсөн жилд эрчтэй өсөж, Монгол улсын нийт экспортын 41 хувийг дангаараа бүрдүүлэв. Ингэснээр манай улс энэ оны эхний арван сарын байдлаар нүүрснээс нийт 2.4 тэрбум ам.долларын орлого олсон нь жилийн өмнөхөөс бараг хагас тэрбум ам.доллараар өсчээ. Нүүрстэй зэрэгцээд сүүлийн хагас зуун жил Монголын эдийн засгийг нуруун дээрээ үүрч ирсэн зэсийн экспорт 1.6 тэрбум ам.долларт хүрч, бараг хагас их наяд төгрөгөөр нэмэгдэв.

Ийнхүү зэс, нүүрсний хослол Монголын эдийн засгийг энэ онд өсгөлөө. Монголыг чиглэх орлогын урсгал ч нэмэгдсэнээр макро эдийн засаг сэргэж эхлэв. Экспорт болон эдийн засгийн сэргэлттэй уралдан импортын хэмжээ тэлж, Монгол Улсын хилийн чанадаас авдаг нийлүүлэлт жилийн дүнгээр 40 хувиар өссөн нь валютын ханшид давхар цохилт болов. Гэхдээ таваарын зах зээл таатай байснаас үүдэн уул уурхайн компаниудын санхүүгийн байдал сайжирч, бизнесийн орчинд сэргэх шинж ажиглагдлаа. Бизнесийн орчны барометр болдог татварын орлого ч гэсэн энэ оны аравдугаар сард бараг 1.6 их наяд төгрөгөөр өслөө. Гэхдээ 2014 оноос эхэлсэн татварын эрхзүйн орчны шинэчлэл саарав. Уг нь сүүлийн дөрвөн жил өрнөсөн шинэчлэлийн хүрээнд худалдаа, үйлчилгээний үзүүлэлт ил тод болж, эдийн засгийн сэргэлт даган эдгээр салбар идэвхижсэн юм. Бизнесийн орчин ийн сэргэсэн ч аж үйлдвэрийн салбар нурамгар хэвээр энэ оныг үдэх гэж байна. Одоогоос 3-4 жилийн өмнө шил шилээ даран үүдээ нээж байсан шинэ үйлдвэрийн тоо эрс цөөрөв. “Анд энерги”, “Говь”, “Гоёо” зэрэг компанийг эс тооцвол дотоодын хөнгөн үйлдвэрлэлд шинэ үйлдвэрүүд төдий л өрхөө татсангүй. Харин нүүрсний экспорт өссөнөөс “Чинхуа-МАК-Нарийнсухайт", SouthGobi Sands, “Өсөх зоос” компани нүүрс угаах төслөө эхлүүлсэн юм.

Аж үйлдвэртэй адил барилгын салбар ч саарч, энэ зах зээлийн өсөлтийн цөм болдог ипотекийн зээлийн санхүүжилт хумигдсан нь иргэд төдийгүй бизнес эрхлэгчдийн урмыг хугалав. Мөн макро эдийн засгийн тоон үзүүлэлтүүд мэдэгдэхүйц сайжирсан хэдий ч энгийн иргэний амьжиргааг илтгэдэг ажилгүйдэл, ядуурал буурсангүй. Ажилгүйдлийн түвшин өнөө хэр долоон хувь шүргэсээр буй бол Монголын гурван хүн тутмын нэг нь ядуурлын шугамаас доогуур хэвээр байна.

ОУВС-тай хамтран хэрэгжүүлж буй зургаа дахь хөтөлбөр хоёрдахь жилийнхээ нүүрийг үзлээ. Энэ онд уг хөтөлбөрийн хүрээнд нийт 800 сая ам.доллар Монголын эдийн засгийг чиглэж, төсөв, төлбөрийн тэнцлийг ундаалжээ. Экспортын өсөлт болон хамтарсан хөтөлбөрийн дэмжлэгээр төсвийн нөхцөл байдал сайжирсан тул олон улсын үнэлгээний S&P агентлаг Монгол Улсын урт хугацааны зээлжих зэрэглэлийг "B-"-аас "B" болгон дээшлүүлсэн юм. Гэхдээ төсвийн алдагдал үргэлжлэн тэлсээр, хоёр их наяд төгрөгт хүрээд байна.

2018 оныг тун өөдрөгөөр эхлүүлж, сүүлийн хэдэн жил харагдаагүй өсөлт үзүүлсэн Монголын эдийн засаг энэ жилийг харин эрсдэлээр үдэх гэж байна. Ялангуяа, энэ онд Монголын эдийн засаг сэргэх гол шалтгаан болсон нүүрсний экспорт оны эцэс хүртэл зогсохоор болов. Мөн Монголын экспортын гол гарцад ч саатал учирсан хэвээр байна.

СЭЗИС-ийн багш, эдийн засагч Ж.Дэлгэрсайхан "Эдийн засгийн өнгөрсөн саруудын сэргэлт эмзэг байсныг одоо харж байна. Улс төрийн очны маргаан, нэг улсаас хамааралтай байдал манайд хүчтэй нөлөөлж байна” гэж хэлэв. Харин эдийн засагч Ч.Хашчулуун энэ жил эдийн засгийн дийлэнх салбар өслөө. Ялангуяа, санхүүгийн зах зээлийн өсөлт онцгой байна хэмээн дүгнэв. Өөрөөр хэлбэл, биднээс үл хамаарсан хүчин зүйлс, ялангуяа, гадаад зах зээлийн таатай байдал болон олон улсын байгууллагуудын түншлэлийн хүрээнд Монголын эдийн засагт сэргэлт ажиглагдсан. Гэхдээ энэ нь иргэдэд наалдаж, эдийн засгийг тэтгэх хүртлээ чанартай, хүртээмжтэй өсөлт бус эгшин зуурын үзэгдэл байсныг 2018 оны сүүлийн улирлын үйл явдлууд баталсаар байна. Товчхондоо, өсөлт нь өндөр хэдий ч хэзээ ч хагарч мэдэх хэврэгхэн, хөөс мэт үр дүн үзүүлсэн жил болж байна.
САНАЛ БОЛГОХ