Нийслэлийн Засаг даргыг Ж.Батбаясгалан түр орлохоор боллоо

Улс төр


НИТХ дахь МАН-ын бүлэг засаг даргад нэр дэвшигчийг ээлжит бус хурлаар сонгоно


С.Батболд нийслэлийн Засаг даргын албан тушаалаа өгөхөө мэдэгдсэнээс хойш өчигдөр бүрэн эрхээ дуусгалаа. Түүний өргөдлийг хүлээн авснаас 14 хоногийн дараа Ерөнхий сайд захирамжаа гаргасан нь энэ юм. Тэрбээр чөлөөлөгдөх хүсэлтдээ Нийслэлийн 2019 оны төсвийн төслийг хэлэлцэж дуусах хүртэл буюу энэ сарын 10 хүртэл ажиллах шаардлагатай байгаагаа давхар уламжлаад байсан юм. Түүний хүссэнчлэн НИТХ төсвөө хэлэлцэж баталсан. Ерөнхий сайд захирамж гарган, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Сундуйн Батболдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө. Ерөнхий сайдын захирамжийг ЗГХЭГ-ын тэргүүн дэд дарга Г.Баясгалан НИТХ болон нийслэлийн Засаг даргын тамгын газрынханд танилцуулж, үүрэг гүйцэтгэгч томилж байгааг мэдэгдэв. Нийслэлийн Засаг даргыг шинээр томилох хүртэл түүний бүрэн эрхийг Нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдлыг бууруулах асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан гүйцэтгэхээр болж байна. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32.7-д “Засаг даргыг чөлөөлсөн, огцруулсан бол Засаг даргыг шинээр томилох хүртэлх хугацаанд түүний бүрэн эрхийг нь Засаг даргын орлогч хэрэгжүүлж хариуцлагыг нь бүрэн хүлээнэ” гэсэн заалт бий. Тус заалтын дагуу дөрвөн орлогчоос Ж.Батбаясгаланг сонгосон байна.

НИТХ дахь МАН-ын бүлгээр хотын орлогч нарыг солих эсэхийг шийднэ
Нийслэлийн Засаг даргын орлогчоор түүнээс гадна П.Баярхүү, Ш.Анхмаа, Д.Энхтөр нар ажилладаг юм. Ерөнхий сайд С.Батболдыг албан тушаалаас нь чөлөөлөх захирамж гаргаснаар дараагийн Засаг даргыг сонгох эрх, үүрэг НИТХ-ын өмнө үүслээ. Үүний дагуу НИТХ-ын тэргүүлэгчид хурлаа лхагва гарагт хийхээр товлосон бөгөөд тус хурлаар дараагийн Засаг даргыг сонгох ээлжит бус VI хуралдааныг зарлах юм.

Харин НИТХ ээлжит бусаар хуралдах хүртэл нийслэлийн МАН-ын хороо хотын мээрт нэр дэвших хүнээ сонгох юм. Улмаар НИТХ дахь МАН-ын бүлгээр хэлэлцэх хуулийн заалттай. Мөн МАН-ын бүлгийн хурлаар С.Батболдын багт ажиллаж байгаа Засаг даргын орлогч нарыг солих эсэхийг шийдвэрлэх тухай бас яригдах аж. Хотын даргад нийслэлийн МАН-ын хорооноос НИТХ-ын дарга С.Амарсайханыг нэр дэвшүүлэхээр бүлгийн гишүүдийнхээ саналыг тандаж байгаа бол хотын фракц одоогийн Засаг даргын орлогч Ж.Батбаясгаланг нэр дэвшүүлэхээр ярилцаж байгаа гэх. Зарим эх сурвалжийн мэдээллээр “Оюутолгой” ХК-ийн ТУЗ-ийн гишүүнээр ажиллаж байсан Б.Мөнхбаатарын нэр ч сонсогдоод эхлэв. Хэрэв Ж.Батбаясгалан жинхэлбэл одоогийн орлогч нар албан тушаалдаа үлдэх магадлал өндөр. Харин Б.Мөнхбаатар, С.Амарсайхан нар Засаг даргаар сонгогдвол багаа шинээр бүрдүүлэх тухай яригдаж байгаа юм. Хэн ч нэр дэвшсэн Ерөнхий сайд У.Хүрэлсүхээс батламжаа гардах учраас нийслэлийн МАН-ын хорооны шийдвэр голлох үүрэгтэй байх нь ойлгомжтой.

Өнгөрсөн долоо хоногт НИТХ дахь МАН-ын бүлэг хуралдаж даргаараа Р.Дагвыг сонгосон бөгөөд дараагийн Засаг даргыг сонгох хүртэл бүлгийн гишүүдийн эв нэгдлийг бэхжүүлэхэд анхаарч ажиллахыг даалгасан дуулдаж байна. НИТХ дахь МАН-ын бүлэг 34 төлөөлөгчтэй боловч дээрх хоёр фракцад тэнцүү хуваагдсанаас хурлын даргаа томилж чадалгүй удтал толхилцож байсан удаатай. Энэ удаад Нийслэлийн МАН-ын бүлгээс дэмжигдсэн нэр дэвшигчийг талцалгүй батлах чиглэлийг төлөөлөгч бүрт үүрэгдэх бололтой. Харин Нийслэлийн АН-ын бүлэг Засаг даргад хэн нэр дэвшихээс шалтгаалж НИТХ-д оролцох эсэхээ шийдэхээ мэдэгдсэн юм.
САНАЛ БОЛГОХ