Бараан жагсаалтуудын сүүдэр Монголоос холдсонгүй

Мөнгөний бодлого


Монгол Улс “гэрийн даалгавар”-аа хийхдээ хойрго хандаж байна


Терроризмтэй тэмцэх саарал жагсаалт

Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх олон улсын нэгдэл буюу FATF-аас Монголыг мөнгө угаах эрсдэлтэй орны тоонд оруулсан. Ингээд санхүүгийн салбараа ил тод болгож, мөнгөний тогтолцоог шилэн болгох 15 сарын хугацааг 2017 онд өгсөн. Монгол Улс энэ хугацаанд холбогдох хуулиуддаа өөрчлөлт оруулан, хар, саарал жагсаалтаас гарах гэж хичээж, манай улсад дахин нэг жилийн хугацааг өнгөрсөн долдугаар сард олгосон юм.

Бид Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх төлөвлөгөө болон түүний хэрэгжилтийг дахин сайжруулж ирэх сарын 30-наас өмнө FATF-д дахин хянуулна. Улмаар тус нэгдэл ирэх оны долдугаар сард эцсийн хариуг гаргах юм байна. Хэрэв энэ шалгалтад бүдэрвэл Монгол Улсыг хар эсвэл саарал жагсаалтад оруулж, санхүүгийн терроризмтой тэмцдэггүй орон хэмээн цоллоход ойрхон байна.

Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан 2019 оны Мөнгөний бодлогын үндсэн чиглэлийн төсөлд мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх асуудлыг чухалчилж авч үзсэн гэж мэдэгдсэн юм. Мөн өнгөрсөн хаврын чуулганаар УИХ-аар Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийг өөрчлөн баталсан. Засгийн газраас тусгай төлөвлөгөө баталж, энэ дагуу ажил өрнөж байгаа. Гэхдээ хэрэгжилт, ялангуяа, бохир мөнгөтэй тэмцэх холбогдох байгууллагуудын уялдааг илүү сайжруулах хэрэгтэй гэж FATF үзсэн байна. Өөрөөр хэлбэл, энэ тэмцэл нь зөвхөн банк санхүүгийн байгууллагад хамаарахгүй бөгөөд үл хөдлөх хөрөнгө, үнэт эдлэл, хууль сахиулах байгууллага зэрэг олон салбарын огтлолцол дээр биеллээ олохоор байгаа аж. Тиймээс энэ жагсаалттай холбогдуулан Санхүүгийн зохицуулах хороо, Цагдаагийн ерөнхий газар, Авлигатай тэмцэх газар зэрэг байгууллага ажиллаж буй. Тухайлбал, Санхүүгийн зохицуулах хороо гэхэд саарал жагсаалтад орж болзошгүй хүндрэлийг хамтын хүчин чармайлтаар давахын тулд банкнаас бусад салбарын хууль эрхзүйн орчин болон боловсон хүчний мэдлэгийг дээшлүүлэхээр ажиллаж буйгаа тус хорооны дэд дарга Д.Баярсайхан хэлсэн юм.

“Саарал жагсаалт”-д орох нь санхүүгийн системд ноцтой эрсдэлтэй
“Саарал жагсаалт”-д орох нь санхүүгийн системд ноцтой эрсдэл учруулна гэж төв банкнаас мэдээлж байна. 2013 онд FATF Монголыг мөнгө угаах өндөр эрсдэлтэй орноор нэрлэж, саарал жагсаалтад оруулсан. Үүнээс үүдэн Монгол Улсын гадаад төлбөр тооцоо гурван сар саатаж, иргэд, бизнес эрхлэгчдэд хүндрэл учруулж байжээ. 2011 оноос хойш нийт 4345 иргэнийг мөнгө угаасан байж болзошгүй хэмээн шалгаснаас 46 хэрэг мөрдөн байцаалтад шилжжээ. Үүнээс хоёр хэргийг анхан шатны шүүхээс буруутайг нь тогтоосон ч хариуцагч талууд давж заалдсаар улсын дээд шүүхээр хэрэгсэхгүй болгожээ.

Санхүү, татварыг сөхөх саарал жагсаалт

Европын холбооноос гаргасан татварын ил тод бус тогтолцоотой улс орнуудын хар жагсаалтад Монгол Улс багтаж, өнгөрсөн оны өдийд шуугиан тарьсан билээ. Тус холбоо “Панамын баримтууд”-аас сургамж аван, татвараас зайлсхийхийг таслан зогсоохын тулд хяналтаа чангатгаж, улс хоорондын хамтын ажиллагаагаа бэхжүүлж эхэлсэн юм. Энэ хүрээнд хамтран ажилладаг орнуудаа татварын ил тод, нээлттэй байдлаар нь жагсаахад Монгол Улс хар жагсаалтад багтсан юм. Үүний эсрэг Засгийн газар яаралтай арга хэмжээ авч, татварын орчноо сайжруулах амлалт, үүрэг авч, Монгол Улс “хар”-аас “саарал” руу шилжсэн.

Тэгвэл Монгол Улсын татварын орчныг сайжруулахын тулд өнгөрсөн гуравдугаар сараас эхлэн Европын холбооны мэргэжилтнүүд манайд ажилласан байна. Мөн Европын Парламентаас энэ чиглэлээр төлөвлөгөө боловсруулжээ.

Монгол Улс “Татварын зорилготой ил тод байдал, мэдээлэл солилцооны дэлхийн форум”ын гишүүнээр элсээгүй, холбогдох хэлэлцээрт гарын үсэг зурж, соёрхон батлаагүй, “Татварын бааз гувчуулах, ашиг зувчуулахын эсрэг” зэрэг шалтгаанаар хар жагсаалтад багтсан. Тиймээс эдгээр дутагдлаа сайжруулахын тулд өнгөрсөн оны эхээр "Татварын ил тод байдал, мэдээлэл солилцооны дэлхийн форум"-ын 148 дахь гишүүнээр элссэн байна.

Түүнчлэн санхүүгийн ил тод байдлыг хангахын тулд татварын ерөнхий хуулиуддаа өөрчлөлт оруулахаар тусгасан. Ялангуяа, Европын холбооны чиглэл, саналыг Аж ахуйн нэгжийн орлогын албан татвар (ААНОАТ), Хувь хүний орлогын албан татварын (ХХОАТ) хуулийн шинэчилсэн төслүүдэд тусгаснаа Сангийн яам мэдээлсэн. Мөн эдгээр төслөө УИХ-д өргөн барьжээ. Гэвч УИХ хэзээ хэлэлцэх нь тодорхойгүй хэвээр байна. Ингэснээр манай улсын татварын шинэчлэл удаашраад зогсохгүй олон улсад хүлээсэн бидний үүрэг амлалт ч хойшлоод байгаа юм. Цаашлаад манай худалдааны гурав дахь том түнш болсон Европын холбооны худалдаа, хамтын ажиллагаанд эрсдэл учирч мэдэхээр байна.

Орсон борооны хойноос цув нөмрөх бус одоо л үүргээ биелүүлэх нь чухал
Сүүлийн жилүүдэд дэлхийн гурван том зах зээлийн нэг болох Европын холбоо болон Монгол Улсын худалдааны эргэлт эрс нэмэгдсэн бөгөөд нэг тэрбум ам.долларт дөхөж байгаа. Сүүлийн 28 жилд Европын холбооны орнууд Монгол Улсад нийт долоон тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийжээ. Мөн Монголын зарим бараа бүтээгдэхүүнийг гишүүн орнуудаа гаалийн татваргүй нэвтрүүлэх боломжийг ч тус холбоо олгосоор байгаа юм. Гэвч бид түншээсээ авсан “гэрийн даалгавар”-аа хойрго хийж байна.

Хэнэггүй зан бидэнд эрсдэл, сөрөг үр дагавар авчрахаас хэтрэхгүй. Тэр тусмаа Монгол Улс сүүлийн хэдэн жил найдваргүй, тогтворгүй, хэлснээсээ буцдаг түнш хэмээх имижийг олон улсад хэдийн зүүчихээд байгаа үед. Ийм эмзэг үед санхүү болон татварын хар, саарал жагсаалтууд бидэнд нэмрээс илүү нэрмээс л болж, Монголын нэр хүнд, хөрөнгө оруулагчдын итгэл буурна. Тиймээс орсон борооны хойноос цув нөмрөх бус одоо л үүрэг амлалтаа биелүүлэх нь чухал байна.
САНАЛ БОЛГОХ