УБЕГ, ШШГЕГ нь Засгийн газрыг хууль зөрчсөн нөхцөл рүү түлхэж байна

Улс төр


Дээд шүүхийн тогтоолыг хэрэгжүүлэхийн төлөө тууштай ажиллана


Улсын дээд шүүхээс энэ оны есдүгээр сарын 19-нд “Эрдэнэт үйлдвэр”, “Монголросцветмет” нэгдлийн эзэмшлийн маргааныг хэлэлцээд, “Монголын зэс” корпорацын талд эцэслэн шийдвэрлэсэн. Тэгвэл хүчин төгөлдөр шийдвэр гараад гурван сарын хугацаа өнгөрөөд буй энэ үед Улсын дээд шүүхийн тогтоолын биелэлт хэрхэн хэрэгжиж буйг “Монголын зэс” корпорацын гүйцэтгэх захирал Ц.Пүрэвтүвшингээс тодрууллаа.

-Улсын дээд шүүхийн шийдвэр гараад хэдийн гурван сарын хугацаа өнгөрлөө. Энэ хугацаанд “Эрдэнэт үйлдвэр”, “Монголросцветмет” нэгдлийн 49 хувийн эзэмшлийг эцэслэн шийдсэн Дээд шүүхийн шийдвэр хэрхэн биелж байна вэ?

-Дээд шүүхээс “Эрдэнэт үйлдвэр”, “Монголросцветмет” нэгдлийн 49 хувийн эзэмшлийн маргааныг энэ оны есдүгээр сарын 19-нд эцэслэн шийдвэрлэж, хууль ёсны хувьцаа эзэмшигч нь “Монголын зэс” корпорац гэж үзсэн. Шүүхийн шийдвэр гараад бараг гурван сарын хугацаа өнгөрч буй ч хэрэгжилт нь гацаад байна. Монгол Улсын үндсэн хууль болон Захиргааны ерөнхий хууль, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар улсын дээд шүүх аливаа маргааныг эцэслэн шийдвэрлэмэгц иргэн, хуулийн этгээд, төрийн захиргааны байгууллага хэн боловч дээд шүүхийн шийдвэрийг эцэслэн биелүүлэх үүрэгтэй. Гэвч шүүхийн тогтоол биелэгдэхгүй байгаа учир манай компани шүүхэд хүсэлт тавьж, уг шийдвэрийг албадан биелүүлэх хүсэлт гаргасан. Энэ дагуу шүүхээс 2018 оны арваннэгдүгээр сарын 16-ны өдөр улсын дээд шүүхийн тогтоолыг албадан гүйцэтгэх захирамж гарсан юм. Улмаар 2018 оны арваннэгдүгээр сарын 30-ны дотор сайн дураар биелүүлэх захирамжийг улсын бүртгэлийн ерөнхий газар (УБЕГ), төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газарт (ТӨБЗГ) өгсөн. Гэвч энэ хугацаанд шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй. Мөн сайн дураар биелүүлэхийг заасан хугацаа буюу өнгөрсөн арваннэгдүгээр сарын 30-наас хойш одоо 15 гаруй хоног өнгөрөөд буй ч шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагууд шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулалгүй, ямар ч ажиллагаа хийхгүй хууль зөрчиж байна. Өөрөөр хэлбэл, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага албан тушаал эрх мэдлээ хэтрүүлж, бусдад буюу УБЕГ, ТӨБЗГ-т давуу байдал бий болгож байна гэж үзэх үндэслэл бий.

-Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага бусдад давуу байдал бий болгох нь өөрөө гэмт хэргийн шинжтэй үйлдэл. Энэ тухайд таны байр суурь ямар байна вэ?

-Давуу байдал бий болгох нь Эрүүгийн хуулийн 22.1-д заасан гэмт хэргийн шинжтэй үйлдэл. Ялангуяа, төрийн захиргааны албан тушаалтан буюу шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага шүүхийн тогтоол биелүүлэхгүй байгаа нь гэмт хэргийн шинж агуулж буй. Тиймээс манай компани авлигатай тэмцэх газарт (АТГ) гомдол гаргасан. Энэ дагуу тус газраас холбогдох ажиллагааг хэрэгжүүлж, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын холбогдох албан тушаалтнуудыг шалгаж эхэлсэн. УБЕГ ч шүүхийн шийдвэр биелүүлээгүй тул мөн АТГ-т гомдол гаргасан. УБЕГ-ын дарга нь улсын ерөнхий бүртгэгч гэдэг утгаараа хуулийн хариуцлага хүлээх учиртай. Шийдвэр гүйцэтгэгчид, түүний удирдлага мөн адил. Түүнчлэн шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага, УБЕГ нь хууль зүй, дотоод хэргийн яамны харьяа агентлаг болохыг бид мэднэ. Өөрөөр хэлбэл, тус яамнаас ерөнхий удирдлагаар хангадаг гэсэн үг. Гэхдээ шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль болон улсын бүртгэлийн тухай хуульд зааснаар үндсэн чиг үүргийн асуудлаа эдгээр байгууллага хуулийн дагуу биелүүлэх үүрэгтэй. Харамсалтай нь, дээд шатны удирдлагаас хууль бусаар нөлөөлж, манай компанитай холбоотой шийдвэр биелэгдэхгүй, шийдвэр гүйцэтгэгч нар нь ажлаа хийхгүй, манай компанийн төлөөллийг хүлээн авч уулзахгүй байдал үүсчихээд байна. Тийм учраас дээд шатны удирдага буюу харьяа яамнаас шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар (ШШГЕГ), УБЕГ-т нөлөөлж байж болзошгүй гэж үзэн, авлигатай тэмцэх газарт гомдол гаргаад байгаа. Хэрвээ нөлөөлсөн нь тогтоогдвол холбогдох албан тушаалтнууд болон манай компанийн эрх ашгийг зөрчиж буй ШШГЕГ болон УБЕГ-ын эрх бүхий албан тушаалтнууд хуулийн хариуцлага хүлээх үндэслэл бүрдэнэ. Шүүхийн тогтоол биелэгдэхгүй байгаа учраас манай компани шүүхэд хандсан холбогдох хуульд зааснаар шүүхийн тогтоолыг хүлээн авснаас хойш гурав хоногийн дотор шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас мэдэгдэл хүргүүлэх ёстой. Гэтэл энэ оны арваннэгдүгээр сарын 30-наас албадан гүйцэтгэх ажиллагаа эхлэх ёстой байтал шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас ямар ч бичиг гаргаагүй байгаа юм.

-Энэ хэрээр цаг хугацаа алдана. Ялангуяа, бизнесийн байгууллагын хувьд оны эцэс нь тайлан тооцоогоо нэгтгэж дүгнэх, ирэх оны төлөвлөгөөгөө боловсруулах үе. Гэтэл энэ чухал үед шүүхийн шийдвэрийн гүйцэтгэл удааширч буй нь бизнесийн үйл ажиллагаанд нөлөөлж байна уу?

-Мэдээж хэрэг. Тухайлбал, “Эрдэнэт үйлдвэр”-ийн ТУЗ энэ оны нэгдүгээр сард хуралдсанаас хойш албан ёсоор нэг ч удаа хурал хийгээгүй. Тиймээс энэ оны эхээр баталсан компанийн дүрэм журам, үйл ажиллагааны тайланг хэлэлцэх, шинэ оны төлөвлөгөөг батлах хугацаа тулчихаад байгаа. Энэ мэт “Эрдэнэт үйлдвэр”ийн эрх ашиг, мөн үйлдвэрийн ажилчидтай холбоотой олон асуудал хүлээгдээд байна. “Эрдэнэт үйлдвэр”-ийн ТУЗ-ийн гишүүдийн зүгээс шүүхийн шийдвэр биелсэн нөхцөлд хуралдаж, холбогдох асуудлаа хэлэлцэнэ гэсэн нэгдсэн байр суурьтай байгаа. Гэвч холбогдох байгууллагууд нь ийн илт хууль зөрчсөн үйлдэл хийсээр байна.

-Ер нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага шүүхийн тогтоолыг үг дуугүй биелүүлэх үүрэгтэй газар. Ингэж удаашруулж, гацаах нь ямар эрсдэл дагуулах бол?

-Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын үндсэн бөгөөд цорын ганц үүрэг нь шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх. Гэтэл улсын дээд шүүхийн хүчин төгөлдөр тогтоол гарчихаад байхад нэг ч үйлдэл хийхгүй байна. Ялангуяа, албадан гүйцэтгэх захирамж гараад сар орчмын хугацаа өнгөрөөд байна. Шийдвэр гүйцэтгэх байгууллагын нэр бүхий удирдлагууд дээд шатны байгууллагаас хууль бусаар үүрэг даалгавар авсан байж болзошгүй гэсэн мэдээлэл бий. Тодруулбал, “Монголын зэс” корпорацитай холбоотой улсын бүртгэлийг гацаах даалгавар өгсөн гэх мэдээлэл бидэнд ирсэн. Бид энэ талаар АТГ-т хандсан. Хэрэв эрх бүхий албан тушаалтан хууль зөрчсөн бол эрүүгийн хариуцлага хүлээнэ. Түүнчлэн УБЕГ ч ялгаагүй бүртгэх үүрэгтэй. Гэтэл улсын дээд шүүхийн тогтоол гарчихаад байхад тус байгууллагаас үүнд тайлбар хэлэх хууль зүйн ямар ч үндэслэл байхгүй. Эцэст нь хэлэхэд, эдгээр байгууллагын хууль бус үйлдэл нь эргээд Засгийн газрыг хууль зөрчсөн нөхцөл байдал руу түлхэж байна. Манай компани дээд шүүхийн тогтоолыг хэрэгжүүлэхийн төлөө шат шатны байгууллагуудад хандан, тууштай ажиллана. Эрх бүхий байгууллагуудад хуулийн дагуу шийдэх хүсэлт тавьсаар байх болно.
САНАЛ БОЛГОХ