Хямралын үүл хүрээгээ тэлнэ

Мөнгөний бодлого


Гадаад зах зээлийн гэнэтийн “бэлэг”, дотоод эдийн засгийн заяагдмал боломжуудын ачаар энэ оныг хөнгөхөн давсан монголчуудыг 2019 онд юу хүлээж байна вэ. Дотоод зах зээлийн өнгийг ажвал сонгууль угтсан шуугиант улс төр ирэх оны эдийн засгийн индексүүдийг тайван байлгахгүй нь тодорхой болов. Гэтэл үүнтэй зэрэгцээд дэлхийн улс төр, эдийн засаг ч таамаглахад тун бэрх болж, санаанд оромгүй өөрчлөлт, шинэчлэлүүд өрнөсөөр байна. Гадаад ч, дотоод ч тэр тогтворгүй байдал нэмэгдэх эрсдэлтэй 2019 оны эдийн засгийн ерөнхий өнгийг шинжээчдийн таамагласнаар тоймлон хүргэж байна.

ДОТООД:ТОГТВОРГҮЙ БАЙДАЛ ДААМЖИРНА

Ирэх онд өрнөх улс төр иргэн таныг уйдаахгүй нь энэ жилээс тодорхой болов. Улс төрийн савлагааг даган бизнес, эдийн засгийн гол үзүүлэлтүүд ч уналт, өсөлтийг ээлжлэн үзүүлэх нь. Монголын эдийн засгийн 2019 оны гол сорилтуудын эхэнд улс төрийн тогтворгүй байдал эрэмбэлэгдэж байна.

Харин үүний араас экспорт, түүнээс “төрсөн” төсвийн эрсдэл бичигдлээ. Энэ онд биднийг “аварсан” зэс, нүүрс, алтны экспорт ирэх онд урам хугалж магадгүй нь. Ийм дохиог манай улсын гол худалдан авагч болох Хятад улс нэг биш удаа анхаарууллаа. Гэтэл бид чухал хөршийнхөө сануулгыг үл тоон, ирэх онд зэс, нүүрснээс нийт экспортын орлогынхоо бараг 70 хувийг олохоор төлөвлөчихсөн суугаа. Ялангуяа, нүүрсний экспортоос бүх цаг үеийн хамгийн их хэмжээний орлого олохоор төлөвтөө тусгачихсан. Гэтэл БНХАУ энэ түүхий эдийн хэрэглээгээ хумих бодлого баримталж буй төдийгүй хэзээ л бол хэзээ хязгаарлалт тавихад бэлэн гэдгээ бидэнд баталсаар буй. Нүүрсний экспортын хэмжээ ийн хязгаарлалттай нүүр тулахаар буйгаас гадна үнэ нь ч уруудах таамагтай.

Үүнээс гадна зэсийн ханш өсөхгүй нь. Хэдийгээр ирэх онд зэсийн баяжмал дахь алтны агууламж сэргэх ч үнийн бууралт үүнийг баллуурдаж болзошгүй. Энэ хэрээр 2019 онд экспортын болон төсвийн орлого төлөвлөсөн хэмжээнд хүрэхгүй байх эрсдэл бодитой оршиж байна хэмээн Bloomberg-ийн эдийн засагчдын клубийн шинжээчид дүгнэлээ.

Ийм эрсдэлтэй үед зориг гарган, шинэ хөрөнгө оруулалт хийх, үйлдвэрлэл эхлүүлэх дотоодын бизнес эрхлэгчид ч цөөн байх нь. Монголын эдийн засгийг сэвхийтэл босгодог мега төслүүд ирэх онд “унтсан” хэвээр байх бол эрчим хүчний хангамж “Тавантолгой”-н цахилгаан станцыг эс тооцвол дээсэн дөрөөн дээр дэнжгэнэхээр байна. Мөн барилгын салбарт удаашрал үргэлжлэхээр буй. Уг салбарыг сэрээдэг ипотекийн зээлийн санхүүжилтийг нэмсэн гэх ч энэ нь хамрагдах хүсэлтэй нийт иргэдийн эрэлтийн хаана ч хүрэхгүй мөнгө. Дээрээс нь төсвийн орлого тасарч мэдэх эрсдэлтэй байгаа тул иргэдийн орлого, цалин тэтгэвэр өсөх найдвар ч тун бага байна.

Хэдийгээр макро эдийн засгийн өсөлтийн төлөвийг албаныхан төдийгүй олон улсын байгууллагууд өөдрөгөөр төсөөлж буй ч ирэх оноос ихийг хүлээгээд нэмэргүй нь одооноос харагдсаар. Сонгууль угтсан харалган шийдвэрүүд, тогтворгүй байдал зэрэг дотоод эрсдэл нэмэгдэж, экспортын орлого буурч буй учраас хөнжлийнхөө хэрээр хөлөө жийхийг бодит байдал бидэнд сануулж байна. Цаашлаад улс орон гэлтгүй айл өрх бүр төсвөө бодитоор төсөөлж, орлогоо зохистой зарцуулах нь зүйтэйг эдийн засагчид анхааруулж байна.

ГАДААД: ХЯМРАЛ АЙСУЙ

Дэлхийн худалдаа хумигдаж, мөнгөний нийлүүлэлт саарахын хэрээр олон улсад хүндрэл дагуулах санхүүгийн ээлжит хямралын хугацаа ойртож буйг элит шинжээчид анхааруулах болов. Хямралын хар үүл хэдийн хуралдаж эхэлжээ. Хямрал яг хэзээнээс эхлэх вэ. Энэ асуултад шинжээчид хэсэг зуур маргасан ч 2020 оныг хамгийн магадлалтай хувилбараар нэрлэж эхэллээ.

Энэ үед дэлхийн эдийн засаг, мөнгөний урсгалын том хоёр “жанжин” болох АНУ, БНХАУ-ын маргаан даамжирсан нь айсуй хүндрэлийг улам дэврүүлэв. Гэтэл хэн хэн нь ийм эгзэгтэй үед түрүүлж буулт хийх хүсэлгүйгээ удаа дараа илэрхийлсээр. Үүнээс үүдэн сүүлийн арван жилийн доод цэгт хүрчихээд буй БНХАУ-ын ДНБ-ий өсөлт улам удаашрах нь. Худалдааны дайн АНУ, Хятадын хооронд өрнөж, эдгээр улсын голлох үзүүлэлтийг хөндөж буй ч ирэх онд Азийн орнуудад эрчтэй хүрээгээ тэлэх нь. Ялангуяа, Хятадыг бараадан хөгжиж буй, түүхий эдийн экспортод суурилсан эдийн засагтай Ази, Номхон далайн бүсийн Монгол, Австрали зэрэг орнуудад илүү хүчтэй мэдрэгдэнэ гэж шинжээчид үзэж байна. Дэлхийн эдийн засаг ийн тавгүйтэж буй нь эргээд тодорхойгүй, тогтворгүй байдлыг улам дэвэргэх юм.

Дэлхийн бизнес эрхлэгчдийн өмнө ирэх онд тулгарах хамгийн том сорилтоор тогтворгүй байдал нэрлэгдэж байгаа юм. Ялангуяа, улс төрөөс хамаарсан аливаа зохицуулалт, зөвшөөрөл уул уурхайн салбарын эрсдэлүүдийн нэгдүгээрт бичигдсэнийг Ernst & Young танилцууллаа. 2009 оноос хойш өндийж, сүүлийн арав орчим жилийн дээд цэгт хүрсэн дэлхийн эдийн засгийн өсөлтийн хурд саарч эхэллээ. ОУВС-гийн тооцоогоор дэлхийн эдийн засаг 2019 онд 3.7 хувиар өсөхөөр байгаа нь таамгаас дутсан дүн. Тиймээс эдийн засгийн шинэ бодлого хэрэгтэй хэмээн санхүүгийн хэд хэдэн хямралыг даван туулсан, хашир эдийн засагчид сануулсаар байна. Холбооны нөөцийн банкны тэргүүн асан Жанет Йеллен “Дэлхийн санхүүгийн хямралыг даван туулах, хохирлыг нь бууруулах бодлогын хэрэгслүүд хангалтгүй байна” хэмээн анхааруулжээ. Тиймээс валютын нөөцөө нэмэгдүүлэх, төсөв, мөнгөний бодлогоо чангатгах замаар хямралыг хохирол багатай туулахад бэлдэхийг энэ онд болсон эдийн засгийн чуулгануудаар шинжээчид санууллаа.

2019 он дэлхий нийтийн хувьд валютын ханшаа хамгаалах бодлогыг хэрэгжүүлж, хямралд бэлтгэх үе байх нь. Өөрөөр хэлбэл, энэ онд Монголын эдийн засгийн өсөлтийн нэг хөдөлгүүр болсон гадаад зах зээл ирэх онд биднээс нүүр буруулж магадгүй. Монгол шиг эмзэг эдийн засагтай, гадаад зах зээл ялангуяа, нэг улсын эдийн засгаас хэт хамааралтай улсын хувьд биднийг хүндхэн жил хүлээж байна.
САНАЛ БОЛГОХ