Саваагүй "ногоон"-ы савлагааг намжаана

Мөнгөний бодлого

2019 оны эхний улиралд шил шилээ дарсан ам.долларын багц Монголыг чиглэнэ


Ханшаас хувийн хэвшил “айж” байна. Ялангуяа, энэ оны өнгөтэй, өөдтэй өсөлт бүрийг арчих дөхсөн арваннэгдүгээр сараас хойш иргэд төдийгүй бизнесийн салбарын хүлээлт итгэл найдвараас илүү эрсдэл, болгоомжлол руу шилжжээ. Төв банк он гарсаар 1.2 тэрбум ам.долларын интервенц хийж, валютын нөөцийнхөө гуравны нэгтэй тэнцэх ам.долларыг зах зээлд нийлүүлсэн ч төгрөгтэй харьцах ам.долларын ханш есөн хувиар суларлаа. Тиймээс ханш хэмээх “хадны мангаа” хааш чиглэхийг хувийн хэвшил хамгийн их сонирхож буй. Энэ асуултад төв банкны дэд ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн “Ирэх онд төгрөгийн ханш огцом сулрах суурь шалтгаан байхгүй” хэмээн хариуллаа.

Шинэ оны өмнө мэргэжлийн нүдээр Монголын санхүү, эдийн засгийг тольдох боломж олгодог Bloomberg Finance чуулган өчигдөр боллоо. Чуулганаар Монголын санхүүгийн салбарын хамгийн анхаарал татсан сэдвүүдийг хөндсөн юм.

Ирэх онд төсвийн зарлага өсөж, эдийн засаг руу цутгах төгрөгийн хэмжээ нэмэгдэх нь тодорхой болсон. Нэгэнт эдийн засагт мөнгө нийлүүлдэг хос цоргоны нэг болох төсвийн бодлогыг УИХ, Засгийн газар сул тавьчихсан. Тиймээс нөгөө цоргоны аман дээр сууж буй төв банк төгрөгийн нийлүүлэлтээ татахаас өөр аргагүйд хүрлээ. Одоогоос 20 хүрэхгүй хоногийн хугацаанд төв банкны Мөнгөний бодлогын хороо гэнэт хуралдаж, зах зээлийн жишиг хүүгээ нэг суурь нэгжээр чангалсан. Мөн өнгөрсөн баасан гарагт энэ хүүгээ хэвээр үлдээв. Төв банкны эдгээр шийдвэр нь мөнгөний бодлогын орон зай шахагдсаны тод илрэл. Ирэх жилд ч төв банк төгрөгийн ханшаа тууштай хамгаалах нь тодорхой болов.

Төв банк он гарсаар 1.2 тэрбум ам.долларын интервенц хийжээ
Үүнээс гадна ам.долларын эрэлтийг өдөөдөг импорт, түүний эх үүсвэр болдог хэрэглээний зээлийг ирэх оноос хязгаарлана. Ам.долларын эрэлтийг автоматаар дэмждэг импортыг хазаарласнаар төгрөгийн ханшид дэм болно гэж төв банк үзэж байна. Мөн Монголоос гарах валютын урсгалыг огцом өсгөдөг том хэмжээний өр төлбөр 2019 онд харьцангуй бага тул төгрөгийн ханшийг цочоох гэнэтийн дарамт ховор байх нь.

Үүнээс гадна Дэлхийн банк хөгжлийн бодлогын хоёр дахь зээлээ 2019 оны эхээр олгох бол ОУВС-гийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн санхүүжилт нааш чиглэнэ. Мөн “Оюутолгой”-н далд уурхайн бүтээн байгуулалтын санхүүжилт үргэлжлэх бол газрын тос боловсруулах үйлдвэрийн мөнгө ч ирэх оны эхээр Энэтхэгээс наашилна. Монголд оруулж буй санхүүжилтийн гүйцэтгэлээрээ Азийн хөгжлийн банк дээгүүрт бичигдэж байна. Тус банк энэ онд нийт 500 гаруй сая ам.долларын санхүүжилт хийжээ. Ирэх онд 100-150 сая ам.долларыг төсвийн хөрөнгө оруулалтад хийхээс гадна 200 гаруй сая ам.долларын төсөл хэрэгжүүлнэ гэж тус банкны эдийн засагч Л.Амар хэлсэн юм. Үүнээс гадна энэ оны эцэст 20 тоннд хүрэх төлөвтэй алтны экспортын орлого ирэх оны эхээр манай улсад орж ирнэ. Товчхондоо, 2019 оны эхний улиралд шил шилээ дарсан ам.долларын багц Монголыг чиглэх нь.

Засгийн газар, төв банкны бодлого зохицуулалтууд болон Монголоос гарах болон орох мөнгөний урсгал зэрэг ам.долларын ханшид хүчтэй нөлөөлдөг суурь хүчин зүйлс ханшийн тогтвортой байдал руу зааж байна.
САНАЛ БОЛГОХ