Дэлхийд данслагдах түүхэн боломж

Мөнгөний бодлого


“Эрдэнэс Тавантолгой”-н цэвэр ашиг хагас их наядыг давлаа


Санхүүгийн хүнд үеэ давж гарсан “Эрдэнэс Тавантолгой” компани ирэх оны эхний хагаст багтаж олон улсын хөрөнгийн зах зээлд IPO хийхээр зэхэж байгаа. Хэрэв бүтвэл тус компанийн түүхэнд төдийгүй Монгол Улсын хувьд энэ нь онцгой үйл явдал. 2009 оноос хойш өнөөг хүртэл Тавантолгойг эдийн засгийн эргэлтэд бүрэн оруулахаар ярьж ирсэн. Тэгвэл энэ хүсэл, олон жилийн хүлээлт 2019 онд биеллээ олох нөхцөл бүрдээд байна.

“Эрдэнэс Тавантолгой”-г дахин хөрөнгийн зах зээлд зүтгүүлэх бэлтгэл ажил наймдугаар сараас эрчимтэй хийгдэж эхэлсэн. Нийт хувьцааныхаа 30 хүртэлх хувийг гадаад, дотоодын хөрөнгийн биржээр дамжуулан арилжаалж, дэд бүтцийн төслүүдээ санхүүжүүлэх зорилгоор хамгийн багадаа гурав орчим тэрбум ам.доллар босгохоор төлөвлөж байгаа юм. Бэлтгэл ажлын хүрээнд компанийн засаглалыг сайжруулах цөөнгүй ажил хийгдсэн бөгөөд компанийн бүтэц, зохион байгуулалтыг өөрчилж, үйл ажиллагааны дүрэм, журамд ч өөрчлөлт оруулжээ.

Ирэх оны эхээр олон улсын андеррайтер болон холбогдох хөрөнгө оруулалтын зөвлөх үйлчилгээ үзүүлэх, санхүүгийн аудит хийх, компанийн засаглал, татварын асуудлаар дүгнэлт гаргах мэргэжлийн оролцогчдыг шалгаруулж дуусна хэмээн уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд мэдэгдлээ. Мөн дотоодын хөрөнгийн биржид бүртгүүлэхэд шаардлагатай бүх оролцогчдыг энэ үед тодруулсан байхаар төлөвлөсөн байна. “Эрдэнэс Тавантолгой” Монголын хөрөнгийн бирж болон гаднын хөрөнгийн биржид бүртгэлтэй болсноор олон улсын хөрөнгийн зах зээлтэй холбогдох үүд хаалга нээгдэх юм. Тус компанийн үйл ажиллагааг магадлан шинжлэх ажил үргэлжилж байгаа бөгөөд мэргэжлийн оролцогчдод шаардлагатай мэдээллийг ил тод болгохоор “дундын мэдээллийн сан”-г бий болгохоор болжээ.

У.Хүрэлсүхийн Засгийн газрын 2019 онд амлаж авсан томоохон ажлын нэг нь “Эрдэнэс Тавантолгой”-н IPO. Үүнийг зохион байгуулахад гол үүрэг гүйцэтгэх дөрвөн үндсэн мэргэжлийн оролцогчдын шалгаруулалт эхэлсэн байна. 2018 онд цэвэр ашгийн хэмжээгээ хоёр дахин нэмэгдүүлж, хагас их наядыг давуулахаар “Эрдэнэс Тавантолгой” зорьж буй. Тус компани нүүрсний худалдан авалттай холбоотой гэрээгээ ил тод болгож, сонгон шалгаруулалт нээлттэй явуулж эхэлсэн. IPO угтсан өөрчлөлт компанийн үр ашгийг нэмэгдүүлж, худалдан авалт болон ажил, үйлчилгээний тендерийн нөхцөлд багагүй ахиц гарсан байна. Нүүрсний худалдан авалтын гэрээнд өөрчлөлт орсноор 59.33 ам.доллар байсан үнийг 61 ам.доллар болгон өсгөсөн юм. Энэ нь компанийн ашигт ажиллагааг нэмэгдүүлэх сайн нөхцөл болсон юм.

Шаардлагатай мэдээллийг “Дундын мэдээллийн сан”-гаас авч болно
“Эрдэнэс Тавантолгой”-н нийт хувьцааны 15 орчим хувийг 2.5 сая иргэн, 486 аж ахуйн нэгж эзэмшдэг ба үлдсэн 85 хувь нь төрийн халаасанд байгаа юм. Монгол Улсын нүүрсний нийт экспортын 25 хувийг 2017 онд дангаар хангасан тус компани энэ онд 13 сая тонн нүүрс гаргахаар төлөвлөж буй. Үндэсний статистикийн хорооны мэдээллээр, энэ оны 11 нэгдүгээр сарын байдлаар манай улс нийт 44.4 сая тонныг олборлож, өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 1.9 хувиар биет хэмжээ нь өссөн байна. Энэ хугацаанд нүүрс олборлолт 3.7 их наяд төгрөгт хүрчээ.

“Эрдэнэс Тавантолгой” түүхэн боломжийн өмнө ирээд байна. Үүний хамгийн том эрсдэл нь эрх баригч нам дотор өрнөж буй улс төрийн эрсдэл. Хөрөнгө оруулагчдын итгэлийг олж, гурван тэрбум ам.доллар босгох гэж байгаа орны хувьд улс төрийн тогтворгүй байдал газар авах тусам хөрөнгийн зах зээлээс хөрөнгө татан төвлөрүүлнэ гэдэг амаргүй сорилт. Үүнээс гадна 2019 он сонгуулийн өмнөх жил гэдэг утгаар улстөржих, хөрөнгө оруулалтын орчныг дордуулсан шийдвэр гаргах эрсдэл, тээг өндөр байдаг. Эдгээрийг эс тооцвол “Эрдэнэс Тавантолгой” дэлхийн энтэй компани болоход ойрхон байна. Уул уурхайн компаниуд голлох хөрөнгийн биржүүд дээр IPO хийх хандлага сүүлийн жилүүдэд нэмэгдэж буй. 2015 оноос хойш дэлхийн уул уурхайн компаниудын хөрөнгө босголт нэмэгдэж, 2017 он гэхэд 18.4 тэрбум ам.долларт хүрсэн. Торонто болон Австрали, Хонконг, Лондоны хөрөнгийн бирж IPO хийсэн болон бүртгэлтэй уул уурхайн компанийн тоогоор тэргүүлж байна.

“Эрдэнэс Тавантолгой” компани лондон болон Хонконгийн хөрөнгийн бирж дээр хувьцаагаа хөрөнгө оруулагчдад санал болгохоор эхний хувилбарууд яригдаж байна. Хонконгийн хөрөнгийн бирж дээр 2017 онд нийт 440 гаруй компани IPO хийж, 37 орчим тэрбум ам.долларын санхүүжилт татсан. Үүний 30 гаруй хувь нь уул уурхайн салбарын компаниуд байсан. Тус биржийн хамгийн том хөрөнгө оруулагчид нь хятадууд байна. “Эрдэнэс Тавантолгой”-н борлуулалтын орлого 1.8 их наяд хүрсэн бөгөөд энэ онд 1.2 их наяд төгрөгийн орлого олно гэж төлөвлөж байснаас давжээ. Ингэснээр цэвэр ашиг хоёр дахин нэмэгдэж, 678 тэрбум төгрөгт хүрсэн байна. Цэвэр ашгийн хэмжээ эрс нэмэгдсэн нь IPO амжилттай болоход эерэг мессеж.
САНАЛ БОЛГОХ