Айсуй хямрал шинэ бодлого нэхэж байна

Мөнгөний бодлого


Улс орнууд үсрэнгүй өсөлтийг хойш тавьж эхэллээ


Дэлхийн эдийн засгийг агаарын бөмбөлөгтэй зүйрлэе. Сүүлийн хэдэн жил цэнхэр өнгөтэй, хийлсэн бөмбөлгийг илүү томруулахаар эрчтэй үлээж байсан их гүрнүүд одооноос хурдаа сааруулж эхэллээ. Учир нь дэлхийн эдийн засгийг орвонгоор нь эргүүлж мэдэх хямралын сураг ажиг, тов нь тодорч эхэлсэн тул бөмбөлгийн хойноос хөөцөлдөхөө больж, хөрсөндөө бууж эхэлжээ. Өнгөрсөн оноос эхлэн мөнгөний бодлогоо хумьж, бодлогын суурь хүүгээ чангалсан АНУ-ын дуу хоолой энэ оны сүүлийн өдрүүдэд намсаж, ирэх онд алгуур бодлого хэрэгжүүлэхээ зарлаж байна. Хүчирхэг Америк, хашир Европоос эхлээд улс орнууд өсөн нэмэгдэж буй эрсдэлийн эсрэг бодлогоо чиглүүлж, үсрэнгүй өсөлтийг хойш тавьж буй нь энэ. Тэгвэл гадаад хүчин зүйлсээс хүчтэй хамааралтай, таваарын зах зээлийн шуурганд амархан өртдөг монгол улсад айсуй хямралыг анхаарах сэхээ, бэлтгэх сөхөө байна уу.

Худалдааны дайнаар сүр хүч нь улам томорч буй энэ хямралын шуурга ирэх оноос Ази даяар тархаж эхэлнэ. Ялангуяа, Хятадыг бараадан хөгжиж буй, түүхий эд экспортлогчид болох Ази, Номхон далайн орнуудад илүү хүчтэй мэдрэгдэхийг шинжээчид сэрэмжлүүлсээр. Үүний тулд үндэсний мөнгөн тэмдэгтийнхээ үнэ цэнийг хамгаалж, инфляцыг хяналтаасаа алдалгүй, өрийн хямралыг өөгшүүлэхгүй байхыг холбооны нөөцийн банкны тэргүүн асан Жанет Йеллен, АНУ-ын Сангийн сайд асан Хэнри Хэнк Полсон зэрэг элит эдийн засагчид зөвлөж байгаа юм.

Харин бид 2020 оны хямралд бэлтгэж байна уу. Хүчирхэг эдийн засгууд хүртэл хурдаа хасаад эхэлсэн байхад бид хүндрэлийг хөнгөн давчих юм шиг, хэнэггүй загнан, хээхэлзэж байгаа юм биш биз. Дэлхийн элит эдийн засагчид 2019 оныг хямралд бэлтгэж, хүндрэлийн эрсдэлийг бууруулах жил хэмээн хэдийн зарласан. Харин бид үүнийг бодлогодоо тусгасан билүү. 2019 он буюу хямралыг хохирол багатай туулахад бэлтгэх үеийн төсвийн бодлогыг гэхэд бүх цаг үеийн хамгийн богино хугацаанд баталчихсан. Энэ онд батлан ирэх оны төсөвт 2020 оны хямралын эсрэг чиглэсэн арга хэмжээг тун ховор тусгасан. Харин ч илүү өөдрөгөөр төсөөлж, зарлагаа бараг 20 хувиар өсгөсөн. Бас хоёр их наяд төгрөгөөр хэмжигдсэн алдагдлыг ирэх онд сангийн бодлогоор дамжуулан хүлээхээр төлөвлөж буй.

Тэгвэл “Мөнгөний бодлогын тухайд Монгол Улс чадлынхаа хэрээр бэлтгэлээ хангаж байгаа. 2009 оны хямралаас дэлхий дахин сургамж авч, санхүүгийн системийнхээ эрсдэлийг бууруулахад анхаарсан. Тиймээс шинэ хямрал 2008 оных шиг хүнд тусахгүй болов уу. Монголбанк банкуудад активын чанарын үнэлгээ хийсэн. Цаашид гадаад валютын албан нөөцөө зузаатгахад анхаарна” хэмээн монголбанкны дэд ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн хэлж байна.

Хямрал хэлж биш нэг мэдэхэд л хийсээд ирдгийг бид өмнө нь харсан. Харин Монгол Улс харсаар суугаад хөлд нь чирэгдсэн нь үнэн. Яг одоогийнх шиг хэнэггүй, бэлтгэл дутуу байсан Монгол Улс 2008-2009 оны дэлхийн эдийн засгийн хямралтай тулсан. Дэлхийн эдийн засгийг хөмрүүлэх дөхсөн тэрхүү хямрал манай гол түүхий эдийн ханшийг хамгийн түрүүнд хөндөж, улмаар экспортын дүн, төсвийн орлогыг цоолсон билээ. Ингэж Монгол Улс хямралыг хүчтэй мэдэрч, хохирол ч багагүй амссан. Монголын эдийн засгийн орлогын ганц тулгуур байсан зэсийн ханш 2008-2009 онд нүд ирмэхийн зуур 7000 ам.доллараас 5000 руу гулсаж байлаа. Ингэснээр эдийн засаг 1.3 хувиар агшиж, ажилгүйдлийн түвшин 12.8 хувьд хүрсэн юм.

Эдийн засгийн хямрал бол байгалийн шалгарал шиг зах зээлийн үзэгдэл. Бодит мэдээлэлгүй, өмнөх хямралыг амархан мартчихдаг хэсэг нь хялбар мөхөж, хохирол амсдаг хэмээх мэргэн үгийг эдийн засагчид сануулдаг. Тиймээс бид ч үүнд бэлэн байх, хямралтай хамт үүд тогших сонгуулийн хожил, саналын дүнгээс өмнө учирч буй эрсдэлээ тооцох нь чухал хэвээр байна.

2008-2009 онд санхүү, эдийн засгийн хямрал АНУ-аас эхэлж байсан бол айсуй хямрал хөгжиж буй зах зээлээс үүсэхээр байна. Харин үүнд бэлтгэх, эдийн засгийн дархлаагаа тэтгэж, эрсдэлээ удирдах нь бидний нэн түрүүнд анхаарах ёстой зүйл. Гэхдээ дэлхий дахин хүртэл хямралыг хохирол багатай туулах шинэ арга замыг өнөөг хүртэл олоогүй, толгойгоо гашилгаж байна. Өөрчлөгдөн хувьсаж буй дэлхийн эдийн засгийн хүндрэлийг эмчлэхэд шинэ жор, танил биш тактик хэрэгтэй болж байгаа аж.
САНАЛ БОЛГОХ