27 насандаа хорт хавдраар өөд болсон бүсгүйн захиас олны сэтгэлд оч үсэргэв

UB Info

Хүн бүхэн л хорвоогийн мөнх бусыг хэзээ нэгэн цагт үзэх жамтай төрдөг. Гагцхүү эцсийн замыг тань үдэж өгөх хэн нэгэнгүйгээр ганцаараа үхэлтэй нүүр тулгарах нь хамгийн хэцүү юмсанж. Аз болох нь ээ ихэнх хүмүүс нас өндөр гарч үр хүүхдүүдээрээ хүрээлүүлсэн үедээ энэ талаар санаа зовох зүйлгүй болдог. Гэвч Холли Бутчер шиг цэл залуу насандаа үхэлтэй нүүр тулгардаг бусад олон хүмүүс байдаг нь дэндүү харамсалтай юм.

Хорин зургаан насандаа үхлийн хорт хавдартай хэмээн онош тогтоолгосон цагаасаа хойш Холли үхлийн талаар маш их эргэцүүлэн бодох болжээ. Тэрээр өөд болохынхоо өмнөхөн буюу 2018 оны нэг сарын 3нд Фэйсбүүк хуудсаараа дамжуулж сүүлчийн захидлаа олонд хүртээж уншсан хүн бүрийн зүрхийг шимшрүүлж одов.

Захидлаа бичсэнээс нэг өдрийг ч өнгөрөөж амжилгүйгээр тэрээр ойр дотны хүмүүсээрээ хүрээлүүлэн тэнгэрт залран одсон юм. Түүний эцсийн үгс одоо дэлхийн зон олонд хүрсээр байгаа бөгөөд уншсан хүн бүрийн нүдийг усалж, сэтгэлд нь оч үсэргэн явсаар л...

Холли- гийн сүүлчийн захидал бүрэн эхээр:

“Дөнгөж 26 насандаа амьдрал чинь төгсөх гэж байгааг мэдээд, үүнийг ойлгож хүлээн зөвшөөрнө гэдэг үнэхээр хачин зүйл. Энэ бол өдөр тутмын амьдралдаа зүгээр л тоолгүй хаядаг зүйлсийн нэг болж хувирна. Эхэндээ өдөр хоног өнгөрөх тоолонд амьдрал чинь яг энэ чигээрээ үргэлжлээд л байх мэтээр санах боловч эцэстээ өвдөлт ирэх мөчид горьдлого чинь тасарна. Би уг нь хайрт найз залуутайгаа гэр бүл зохиогоод зөндөө олон үр хүүхэдтэй болоод өтөл насны аз жаргалыг мэдэрч байна гэж үргэлж төсөөлдөг байсан. Би үүнийг одоо ч үнэхээр их хүсч байна, гэвч одоо миний хувьд боломжгүй.”

“Амьдрал бол ийм л зүйл. Амьдрал хэврэг, үнэ цэнэтэй, тааварлашгүй зүйл бөгөөд өдөр бүхэн амьдралаас өгч буй бэлэг болохоос чамд олгогдсон эрх биш.

Би одоо 27 настай. Би үхмээргүй байна. Би амьдралдаа хайртай, аз жаргалтай хүн. Өөрийн хайртай хүмүүсийнхээ ачийг хариулах үүрэг надад бий. Гэвч давагдашгүй хүчин зүйл миний өмнө байна. Энэ захидлыг бичих болсон учир нь хүмүүсийг үхлээс айгаасай, болгоомжлоосой гэж хүссэн юм биш. Яг үнэндээ хүмүүс бид ихэнх цаг үед үхлээс санаа зовдоггүй байдаг нь тийм ч буруу зүйл биш. Харин энэ талаар үг цухуйлгах үед хүмүүс үүнийг цээрлэж, үхэл гэдэг зүйл өөрсдөд нь хэзээ ч тохиолдохгүй мэтээр хүлээж авдаг нь надад бага зэрэг бэрхшээлтэй санагдсан.

Би зүгээр л хүмүүсийг утгагүй, жижиг зүйлсээс болж ганц олдох амьдралаа БИТГИЙ стресс бухимдалтай өнгөрүүлээсэй гэж, эцэст нь бүгд нэгэн ижил заяа төөргөөр төгсөх тул үлдсэн бүх цаг хугацаагаа үнэ цэнэтэй, аз жаргалтай өнгөрүүлээсэй гэж л уг захиаг бичсэн юм.

Өнгөрсөн хэдэн саруудад надад амьдралын талаар тунгаан бодох их хугацаа байсан болохоор энэ захидалдаа олон ч зүйл тусгалаа. Мэдээж ихэвчлэн шөнө дунд эдгээр янз бүрийн бодлууд толгойд орж ирсэн л дээ.

Хэрэгцээгүй жижиг сажиг асуудлаас болж хүмүүс бие биедээ тасралтгүй гомдоллож, гонгинож байдгийг сүүлийн хэдэн сарын хугацаанд л анзаарлаа. Хэрэв та ч бас тэгдэг бол үнэхээр тэсвэрлэшгүй бэрхшээлтэй нүүр тулж байгаа хэн нэгнийг ажиглаад үзээрэй. Тэгээд өөрт байгаа тэрхүү жижигхэн асуудалдаа талархаад ард нь гар. Хэдий жижиг асуудал заримдаа үнэхээр төвөгтэй санагддаг ч гэсэн удаан зууралдах шаардлагагүй бөгөөд бусад хүмүүст ч хир халдаах хэрэг байхгүй шүү дээ.

Харин үүний дараа зүгээр л 4 хананаас өөрийгөө чөлөөлөөд цэвэр агаарт гарч уушги дүүрэн урт гэхчинэ гүнзгий амьсгаа авах үедээ тэнгэрийг хараад ямар сайхан цэнхэр юм бэ гэж, моддыг хараад ямар үзэсгэлэнтэй ногоон юм бэ хэмээн магтаж амьдралын амтыг үз. Зүгээр л өөрийгөө амьсгалж байна, чадаж байна гэдгээ бодоод та ямар их азтай хүн гэдгээ мэдрээрэй.

Магадгүй та өнөөдөр замын түгжрэлд орсон байж болно эсвэл хүүхэд тань шөнөжин уйлаад амарч чадаагүй байж болно эсвэл үсчин таны үсийг хэтэрхий богино тайрсан ч байж болно. Хиймэл хумс чинь таалагдахгүй, хөх чинь хэт жижиг, гуя чинь дэндүү мяраалаг, бэлхүүс чинь аймар цулцагнуур байж болно.

Хараал идсэн зүйлсийг бүгдийг нь орхи цааш нь... Би амлая, таны явах цаг болсон үед тэдгээр асуудлуудын талаар танд секунд ч бодож зарцуулах шаардлага гарахгүй. Амьдралыг бүхэлд нь том зургаар харах үед тэдгээр бүх зүйлс шалихгүй юмс гэдгийг та харна. Эхээс төрсөн бие минь нүдний минь өмнө устаж үгүй болж буйг хараад өөрийн зүгээс юу ч хийж чадахгүй байх энэ мөчид миний хүсэх зүйл бол ердөө л дахиад ганцхан удаа гэр бүлтэйгээ хамт төрсөн өдрөө тэмдэглэх, зул сар хийх, бүр болдоггүй юмаа гэхэд ядаж ганцхан өдөр л хайртай хүнтэйгээ хамт байхыг л хүсэх энэ хүсэл. Дахиад ганцхан л удаа...

"Ажил ямар новшийн юм вэ" гэж хүмүүсийн бувтнахыг, "дасгал хийх яасан хэцүү юм вэ" гэж тэдний гомдоллохыг би сонсдог. Зүгээр л ажил ч бай дасгал ч бай үүнийг хийх боломж бололцоотой бие цогцостой байгаадаа таларх. Алийн ч хийх боломжгүй болох хүртэл бүх зүйл давагдашгүй даваа мэт санагддаг.

Би эрүүл амьдралаар амьдрахыг хичээсээр ирсэн бөгөөд энэ ч амьдралын минь гол зорилтуудын нэг байсан. Харин та эрүүл биедээ үргэлж талархаж яваарай. Галбираа таалдаггүй байсан ч хамаагүй эрүүл үйл ажиллагаатай байгаад нь баярлаж, ямар гайхамшигтай зүйл болохыг нь ухаарч ойлгоорой. Тиймээс хөдөлгөөн сайн хийж, тэжээллэг хүнсээр тэтгэх хэрэгтэй юм шүү.

Гадаад үзэмжийг арчлахаас илүү эрүүл саруул оюун ухаанд илүү их арчилгаа хэрэгтэйг санаж явахад илүүдэхгүй. Өөрийн оюун санаа, сэтгэл хөдлөл, сүнслэг ертөнцийн амар амгаланг олж авах хүртлээ хичээгээд л байдаг юм шүү. Тэгснээр та магад энэ сошиал ертөнцөд зургаар постлодог өөрийн төгс галбирлаг биенээс илүү чухал зүйл юу болохыг анзаарч мэдэх юм... Сошиал ертөнц гэснээс нээрэн, таны news feed дээр гарч ирээд танд сөрөг мэдрэмж төрүүлдэг тэдгээр утгагүй зүйлсээс өөрийгөө ангижруулаарай. Тэр нь таны найз байсан ч хамаагүй шүү, өөрийнхөө төлөө хатуу чанга байх ёстой шүү.

Өвчин зовлонгоос ангид байгаа өдөр бүрт баярлаж яваарай. Магадгүй ханиад хүрэх, нуруу өвдөх, шагайгаа мултлах азгүй тохиолдлууд гарч болох хэдий ч үүнийг зүгээр л хүнд зүйл гэж хүлээж авалгүйгээр аминд халтай биш байгаад нь баярлах хэрэгтэй.

Гомдоллохоо багасга, хүмүүсээ! .. оронд нь нэг нэгэндээ илүү тус хүргэ.

Өг, өг бас дахин өг. Өөрөөсөө илүү бусдын төлөө юм хийх нь амьдралыг илүү аз жаргалтай болгодог гэдэг бол яг үнэн. Би бусдын төлөө илүү их зүйл хийсэн ч болоосой.

Хорт хавдартай болсон цагаасаа хойш би маш олон гайхалтай өглөгч, энэрэнгүй хүмүүстэй таарсан. Мөн найзууд, гэр бүлийнхэн маань болон үл таних хүмүүс хүртэл миний буцааж хариулж хэзээ ч чадахааргүй тийм их урам зоригийг надад өгч, хайр энэрлээр намайг тэтгэсэн. Би үүнийг хэзээ ч мартахгүй бас тэдгээр хүмүүст үргэлж талархаж явах болно.

Үхэх өдрөө мэдэж байх үед мөнгөтэй байх нь их сонин. Мэдээж ийм үед дэлгүүр хэсэж материаллаг юмс худалдаж авах нь утгагүй зүйл. Чухам энэ үед л та ердөө л нэг хувцас болон эд хэрэглэл авах гэж их хэмжээний мөнгө үрдэг нь ямар ч утгагүй зүйл болохыг бүрэн ухаарна.

Хуриманд зориулж найздаа даашинз эсвэл үнэтэй гоёл чимэглэл авч өгөхийн оронд илүү сайхан зүйл өг. Үнэндээ таны нэг даашинзаа хоёр удаа өмссөн чинь хэнд ч хамаагүй. Магадгүй та найзыгаа сайхан хоолоор дайлж, сайхан массажанд оруулж, цэцэг ургамал эсвэл нөхөрлөлийн бэлэг тэмдэг болгож лаа ч болтугай өгөөд найздаа хайртай гэдгээ хэлж болно шүү дээ.

Бусдын цагийг өөрийн мэт үнэлж байгаарай. Чи өөрөө цаг баримталж чаддаггүй гээд бусдыг хүлээлгэж болохгүй шүү. Хэрэв тэгдэг бол эртхэн бэлэн болох хэрэгтэй шүү, найзууд тань тантай цагийг өнгөрүүлэх гэж байгаад бас л таларх.

Энэ жилийн зул сараар манай гэр бүл гадуур гарч бэлэг сэлт гэж дор бүрнээ төвөг удаж байхын оронд бие биедээ сэтгэлийн үгээ шингээсэн карт бэлэглэхээр тохирцгоосон юм. Надад бэлэг өглөө гээд би өөртөө хадгалж чадахгүй буцаад гэр бүлд минь очих нь тодорхой, тийм биз дээ... инээдтэй ч юм шиг. Сэтгэлийн үгтэй карт бэлэглэх нь бага зэрэг жул санагдаж мэдэх ч миний хувьд энэ ямар ч бэлэгнээс илүү үнэ цэнэтэй байсан юм. За ямартай ч цааш үргэлцлүүлцгээе...

Мөнгөө материаллаг зүйлсэд үрэхийн оронд зугаатай дурсамж бүтээхэд зарцуулаарай хүмүүсээ.

Ажил, ажил гэж хойшлуулсаар очиж чадаагүй далайн эрэг рүүгээ яг одоо очоод өөртөө цаг гарга. Усанд хөлөө дүрээд элсэн дээр хэвт. Нүүрээ давстай усаар шавш.

Байгалтай илүү ойр амьдар.

Дэлгэцний цаанаас харж нүдээ хуурахаар жинхэнэ орчинд нь ирээд бодитоор мэдэр.

Амьдрал бол дэлгэцээр өнгөрүүлчих зүйл биш мөн харсан болгоноо хальсанд буулгахын нэр ч биш юм. Алтан агшныг бүх эд эсээрээ мэдэр, зураг дарахаа урьтал болго.

Таниас нэг зүйл асууя. Үсээ янзалж, нүүрээ будах гэж өчнөөн цаг зарцуулаад хөгжилдөхөөр гарсан тэр ганц шөнө таны амьдралыг илүү дээр болгож чаддаг уу? Би энэ давтамжийг хэзээ ч ойлгож байгаагүй. Зарим өдөр эртлэн босоод шувуудын жиргээг сонсонгоо мандаж буй нарны туяа орчлон ертөнцийг өнгөөр гийгүүлж байгаа гайхамшигт дүр зургийг ажиж байгаарай.

Хөгжим сонс.. яг чиг сонс. Хөгжим бол эмчилгээ. Хуучных нь бүр ч сайн.
Нохойгоо эрхлүүл. Би ч түүнийг санана даа. 
Найзуудтайгаа ярилц. Утсаа доош нь тавь. 
Ажиллахын тулд амьдрах биш амьдрахын тулд ажил. 
Юу таныг аз жаргалтай болгодог түүнийгээ л хий. 
Гурилан амттанд дуртай бол ид, араас нь битгий шанал. 
Хэлэхийг үнэхээр хүсээгүй бол битгий хэл.

Бусдын хүрсэн гэх оргилд чи заавал хүрэх ёстой гэж бодож өөрийгөө бүү шах. Чи магадгүй дунд зэргийн амьдралд ч сэтгэл хангалуун байж чаддаг нэгэн ч байж болно. Боломж олдох бүрт өөрийн ойр дотны хүмүүстээ хайртай гэдгээ хэлж бай. Тэднийг байгаа бүхнээрээ хайрла.

Хэрэв ямар нэг зүйл чамайг аз жаргалгүй болгож байвал үүнийг өөрчлөх хүч чамд бий. Зүгээр л өөрчлөх зориг тэвчээртэй бай. Чиний амьдрах хугацаа хязгаартай тул амьдралаа аз жаргалтай өнгөрүүл.Энэ үгийг хүн болгон л хэлдэг гэдгийг мэдэж байна, гэхдээ энэ үнэхээр үнэн юм шүү.

Ямартай ч энэ бол жирийн л нэг залуухан эмэгтэйн амьдралын зөвлөгөө. Та сонсож болно эсвэл тоохгүй өнгөрч болно. Надад хамаагүй шүү дээ.

Өөө нээрээ, нэг зүйлийг хэлэхээ мартах шахаж. Хэрэв танд боломжтой бол та миний төлөө болон нийт хүн төрөлхтний төлөө өөрийн цусаа тогтмол хандивлаж байгаарай. Бусдын амийг аврах нь танд сайн сайхныг мэдрүүлнэ. Нэг удаагийн цусны хандив 3 хүний амийг авардаг гэдгийг тэр болгон хүмүүс мэдээд байдаггүй юм шиг санагддаг. Энэ бол маш том тус бөгөөд хийхэд ч тийм хэцүү зүйл биш.

Цусны доноруудын ачаар л би нэг жил илүүтэй амьдарч чадсан. Энэ нэг жил бол гэр бүл, найз нөхөд, нохойтойгоо хамт энэ дэлхийд амьдарсан хамгийн талархууштай цаг хугацаа байлаа.

Таныг хүндэтгэсэн..
Холли

Холлигийн бичсэн үгс бүрийг уншаад би нулимсаа барьж тэвчсэнгүй. Түүнийг зөвлөмжүүдийг бодит байдал дээр бүрэн хэрэгжүүлэх хэцүү байж мэдэх ч, бид бүгдээрээ багахан ч болов амьдралыг түүний бичсэн өнцгөөс хардаг болбол энэ ертөнц илүү дээрдэх байсан болов уу, хүн төрөлхтөн бид бага ч болов илүү аз жаргалтай байх байсан болов уу.

САНАЛ БОЛГОХ