Ажил хойш тавьдаг зуршлыг арилгах 7 алхам

UB Info

Хүмүүс яагаад юмыг хойш тавьдаг шалтгааныг сэтгэл судлаачид бүтэн 120 жилийн турш судалсаар иржээ. Америкийн сэтгэл судлалын салбарын эцэг хэмээн нэрийддэг William James хүртэл “Дуусгаагүй ажлаа тасралтгүй хойшлуулсаар байх шиг дарамттай зүйл гэж үгүй.” хэмээн ярьсан удаа бий. Тэгэхээр энэ асуудал нь чухамдаа хэр ноцтой вэ? Бидний мэдэхээр оюутан сурагчид юмыг хойш тавих асуудалтай илүүтэйгээр тулгардаг билээ. Харин үүнийг хэрхэн засах вэ? Энэ талаар дэлгэрүүлж авч үзэцгээе.

ГОЛ АСУУДАЛ

Юмыг хойшлуулах зуршил нь хаа сайгүй, хэн бүхэнд байдаг нийтлэг зүйл. Оюутан суралцагчийн 75% нь өөрсдийгөө хойш тавьдаг зуршилтай гэж үздэг бөгөөд тэдгээрийн 50% нь тогтмол шахуу ингэдэг болсон тул зүгээр зөнд нь орхиж болохооргүй хэмжээнд асуудал хүндэрсэн байгаа юм. Одоогоос 15 жилийн өмнөх сурагчид ихэвчлэн унтах, тоглох, зурагт үзэх гэх мэт зүйлсэд илүү их цаг нөхцөөдгөөс болж даалгавраа хойш тавьдаг хэмээн мэдүүлж байсан бол харин одоо ухаалаг утас, сошиал ертөнц илүү давамгай хүчин зүйлс болсон гэдэг нь илт болсон биз ээ.

Харин судлаачид юмыг хойшлуулах нь өөртөө итгэх итгэл дутмаг, иррациональ буюу мухар үзэл, алдаа гаргахаас айх, сэтгэл гутрал болон суралцах дадал муу байдагтай холбоотой хэмээн дүгнэжээ. Мөн хойшлуулах тусам улам стресстэх болж улмаар шалгалт болон дүндээ сэтгэл ханамжгүй үлдэж хоцрох хор уршигтай байдаг аж.

ЯМАР ХҮН АЖЛЫГ ХОЙШ ТАВЬДАГ ВЭ?

Өөртөө эзэн болж чаддаггүй бөгөөд мөн өөрийн академик мэдлэг чадвартаа эргэлздэг сурагчид голчлон юмыг хойш тавих нь элбэг тохиолддог. Энэ нь логикоор бодсон ч тодорхой зүйл юм. Учир нь бид мэдээж өөрсдийн хамгийн муу хийдэг зүйлсээ хамгийн адагт чихдэг бөгөөд эцэстээ хийх цаг нь ирэхэд өөр юманд сатаардгаас болж ажлаа хойш тавьдаг.

Өөртөө итгэл муутай хүмүүс юмыг хойш тавих илүү магадлалтай байдаг. Яагаад гэвэл юмыг хойшлуулах нь зарим тохиолдолд өөрийгөө зөвтгөх шалтаг болж өгдөгтэй холбоотой. Жишээлбэл ажлаа хойш нь тавьсаар бүтээж чадаагүй хүн “би огт оролдож үзээгүй болохоор бүтээгүй нь ойлгомжтой зүйл шүү дээ.” гэх маягаар. Мөн хүлээсэн үүрэг даалгавраасаа зугтах хандлагатай хүмүүс ч бас ажлаа хойш нь тавих өндөр магадлалтай байдаг.

ХАРИН ТА ЮМЫГ ХОЙШ ТАВЬДАГ ХҮН МӨН ҮҮ? ТИЙМ БОЛ БЯЦХАН ШАЛГУУРЫН АРД ГАРЧ ЧАДАХ ЭСЭХЭЭ ҮЗЭЭРЭЙ.

Хойшлуулах муу зуршлаасаа хэрхэн салах тухай 7 алхам руу орохоос өмнө та эхлээд өөрийгөө нэг сориод үзээрэй. Бид танд маш уйтгартай хэрнээ ямар нэг ач холбогдолгүй youtube бичлэгийг үзүүлэхээр энд үзэх холбоосыг нь оруулсан. Та уг нийтлэлийг уншихаа түр хойшлуулаад бичлэгийг эхэлж үзэх үү? Эсвэл үргэжлүүлэн унших уу?

Бичлэгийг ҮЗЭХ

ХОЙШ ТАВЬДАГ ЗУРШЛААСАА САЛАХ АРГА ЗАМУУД

Таны амьдралд сөрөг нөлөө үзүүлж буй уг муу зуршлаасаа ангижрах долоон алхамыг бид хүргэж байна.

1. Хийх ёстой зүйлдээ хэдхэн минут л зарцуул – Хүмүүс урдах ажлаа хойш тавиад өөр зүйлсэд их хугацаа зарцуулахаас гадна хийх ажлынхаа үндсийг зөв тавьж өгөх тал дээр учир дутагдалтай ханддаг. Энэ бол сурагчдын дунд явуулсан нэгэн судалгааны дүгнэлт юм. Профессор Richard Wiseman хүн ямар нэг ажлын эхлэлийг л тавихад тархинд нь заавал төгсгөх дохио үлддэг хэмээн тайлбарлажээ. Ажлын эхлэлийг тавих нь хамгийн хэцүү хэсэг юм. Хэрэв та ажлаа ядаж эхлүүлэхэд хамаг хүчээ зарцуулбал таны тархи заавал гүйцээх ёстой гэсэн коммандаар програмчлагддаг аж.

2. Хамгийн хэцүү болон чухал ажлуудаа нэн тэргүүнд хий – Бидний өдөр тутмын биологийн цаг буюу хоногийн хэмнэлээр бид өглөөний 10 цагт хамгийн идэвхитэй байдаг бөгөөд үдээс хойшдоо эрч нь сулардаг аж. Хийх ажлууд хүнд хэцүү байх тусам тэр хирээр эрч хүч, энергийг та зарцуулна. Тиймээс хамгийн хүнд, чухал гэсэн ажлуудаа эрч хүчтэй байгаа дээрээ түрүүлж хийх нь зөв стратеги бөгөөд хэрэв ядарсан үедээ хийхээр болбол дараа гэж хойшлуулах л зүйл болж хувирах нь баараггүй юм.

3. Хувийн менежментийг сайжруулах – Хувийн менежмент гэдэг нь өөрт хамгийн тохиромжтой гэсэн стратегийн дагуу ажиллаж, өөрөө засч сайжруулж явах чадварыг хэлнэ. Их Британийн “The Sutton Trust” хэмээх нийгмийг идэвхжүүлэх зорилго бүхий байгууллагаас энэхүү аргыг хамгийн үр дүнтэй гэж тодорхойлжээ. Хойш тавих гэдэг нь өөрөөр “Хувийн менежментгүй байх” гэдэгтэй ижил хэмээн тодорхойлогддог ч гэсэн хувийн менежментийг чухал гэдгийг мэдлээ ч гэсэн энэ нь хойш тавих асуудлыг шийдэхэд хангалттай тус болж чадахгүй хэмээн судлаачид онцолсон юм. Ямартай ч сурагчид тэдгээр арга барил, стратегиудыг хэрэгжүүлэхийн тулд өөртөө итгэлтэй байх нь уг аргыг үр дүнтэй болгох гол түлхүүр юм.

4. Орчин тойрноо зохицуул – Эргэн тойронд тань таны сонирхлыг татах зүйл байдаг бол та түүгээр өөрийгөө сатааруулж урдах ажлаа хойш тавихад хүрдэг байна. Жишээ нь, ухаалаг утсаа хэрэглээгүй байх үедээ ч хажуудаа ойр байлгах нь таны хийж буй ажлын гүйцэтгэлийг 20%-иар бууруулахад хүргэдэг хэмээн судалгаагаар тогтоогджээ. Гар утас дэргэд байснаар анхаарал төвлөрөхөд саад болдог хэмээн үзсэн байна. Иймээс ажиллаж буй орчноо анхаарал сарниулах зүйлсгүй байлгах талаар арга хэмжээ авдаг юм шүү.

5. Эцсийн хугацааг аль болох ойр товло – Урт удаан хугацаанд ажиглалт хийсний дүнд судлаач Piers Steel аливаа зүйлийн болох хугацаа хол байх тусам хүмүүс чухалчилж авч үзэх нь бага байдаг хэмээн дүгнэжээ. Хэрэв таны хийх ажил нэгэнт товлогдчихсон бол хэсэг хэсэгт хуваагаад нэг бүрчлэн ойрын хугацаанд хийж гүйцэтгэхээр дахин товло.

6. Өөртөө итгэх итгэлээ нэмэгдүүл – Авсан даалгавраа хийж чадахгүй гэж боддог сурагчид юмыг хамгийн их хойш тавих магадлалтай байдаг. Харин хийж чадна гэх итгэлийг олж авахын тулд өөр шиг нь асуудалтай хүмүүс хэрхэн үүнийгээ даван туулж байгааг харж, үлгэр жишээ авах хэрэгтэй. Сэтгэл зүйчид уг аргыг “modeling” буюу үлгэрлэх хэмээн нэрийддэг. Бусад хүмүүс хийж чадаж байхад би яагаад чадахгүй гэж хэмээн бодож эхлэх нь уг арга биелэлээ олж буйн шинж.

7. Хийж буй зүйлээ улам бүр хүндрүүл – Үүнийг сонсоод та гайхаж байж магадгүй. Даалгавар хүнд хэцүү байх тусам хойш тавихад хүргэд гэж бодож байна уу? Үгүй. Учир нь хүнд ажлын гард гарснаар тэр хирээрээ сэтгэл ханамж авдаг болох нь тогтоогдсон юм. Сурлага сайтай сурагчид хичээлээсээ уйдаж эхлэсэн үед тэдэнд арай хэцүү ажил даалгахад асуудал шийдэгдэнэ.

САНАЛ БОЛГОХ