Дэлхийн томоохон хотууд автомашинаас татгалзаж эхэлж байна
Дэлхийн хэд хэдэн томоохон хотууд ард иргэдийнхээ аюулгүй байдлыг хангах болон агаарын бохирдолтой тэмцэх зорилгоор “Автомашинаас чөлөөлөгдөх хөдөлгөөн”-д нэгдэн оржээ.
Голцуу Европын хотууд автомашинаас татгалзаж эхэлж буй бөгөөд Нью-Йорк тэргүүтэй өөр бусад тивийн хэд хэдэн хотууд мөн адил эрчимтэй арга хэмжээ авч эхэлж байна.
Автомашиныг шат дараалалтайгаар хориглохоос гадна эдгээр хотууд унадаг дугуйн хэрэглээг илүү идэвхжүүлэх хийгээд олон нийтийн эзэмшил талбайг явган хүнд илүү ээлтэй болгох тухай хуулийн төслүүдийг боловсруулж эхэлж байгаа аж.
Дэлхий дээрх хэд хэдэн жижиг хотууд автомашинаас ангижрах ажиллагааг амжилттай хэрэгжүүлсэнтэй холбогдуулан том хотууд ч бас ижил замналаар алхахаар зэхэж байна.
Автомашингүй хот болно гэдэг тийм ч амар ажил байхгүй нь лавтайяа. Хэдийгээр унадаг дугуй болон олон нийтийн тээврийн хэрэгслүүд ихэнх хотуудад өргөн дэлгэрсэн байдаг ч автомашины хэрэглээ одоо ч өндөр хэвээр байгаа аж.
Автомашины хэрэглээнд бүрэн дассан жолооч, хэрэглэгчдийн бодлыг өөрчлөх тун хэцүү гэдгийг судалгаагаар тогтоосон бөгөөд нийтийн тээврийн үнэгүй үйлчилгээ ч үүнд нэг их нөлөө үзүүлж дийлэхгүй гэжээ.
Гэлээ ч автомашинаас ялгарах утаа тортог хэтэрхий ихсэж буй бөгөөд дэлхийн нүүрсхүчлийн хийн ялгарлын 20%-ийг дангаар эзэлж байгаа аж. Түүнчлэн Оксфорд-ын явуулсан судалгааны дүнд ердөө дизель хөдөлгүүрийн утаанаас болж Европт жил тутамд 10,000 хүн байгалийн бус жамаар өөд болж байгаа нь тогтоогджээ.
Ийнхүү гарз хохирлыг бууруулах үүднээс дараах томоохон хотууд автомашины хэрэглээг хориглож иргэд олныхоо эрүүл мэндийг тэргүүнд тавьж эхэлж буй нь энэ юмсанж.
Мадрид: Хотын төвдөө хуучин автомашин явуулахыг хориглов
Өнгөрсөн оны 12-р сард Испанийн нийслэл Мадрид хотын захиргаа 2000 оноос өмнө үйлдвэрлэгдсэн хийн хөдөлгүүртэй автомашинуудын хөдөлгөөнийг, мөн 2006 оноос өмнө үйлдвэрлэгдсэн дизель автомашинуудын хөдөлгөөнийг тус тус хязгаарлажээ.
Ирэх жил гэхэд тус хотод хийн болон дизель хөдөлгүүртэй хуучны автомашинууд бүхэлдээ үзэгдэхгүй болох юм байна. Уг зохицуулалт хэрэгжиж эхэлсэн эхний өдөртөө л гэхэд Мадрид хотын замын түгжрэл 33%-аар эрс буурсан бөгөөд хотын төвд орж ирэх нийт автомашинуудын тоо 20%-иар багасах төлөвтэй байгаа аж.
Парис: Сар бүрийн эхний ням гариг автомашингүй өдөр байна.
Парис хот нь 2018 онд гаргасан судалгаагаар Европ тивийн хамгийн их агаарын бохирдолтой хотуудын жагсаалтын хоёрт бичигдсэн юм. Хотын дарга Anne Hidalgo автомашинуудад янз бүрийн хориг тавих замаар агаарын бохирдолтой тэмцэж байгаа бөгөөд 1997 оноос өмнө үйлдвэрлэгдсэн машинуудыг амралтын өдрүүдэд хотын төвд зорчихыг хориглосон билээ.
Тэрээр мөн сар бүрийн эхний ням гаригт өглөөний 10 цагаас 18 цаг хүртэл хотын төвд автомашин явуулахыг хориглох шийдвэр саяхнаас гаргах болсноо зарласан юм.
Нью-Йорк: Төв паркт автомашин зорчихыг хориглов
Хэдийгээр Европын хотуудын дэргэд автомашинаас татгалзах санаачлагаар хоцорч байгаа ч гэсэн Нью-Йорк хот нь улсдаа тэргүүлсээр байгаа юм.
Хотдоо алдартай “Times Square”, “Madison Square Park”, Herald Square”, зэрэг газруудад зөвхөн явган хүн зорчих зориулалттай зам, талбайг бий болгоод зогсохгүй жилд 42 сая хүний холхидог Төв паркийнхаа дотор гудамжнуудад автомашин нэвтрэхийг хориглосон нь дорвитой том алхам болсон билээ. Түүнчлэн 2018 онд унадаг дугуйн замууд нэмж барьсан юм.
Осло: Хотын төв бүхэлдээ автомашингүй бүс болох цаг ойртож байна
Гэсэн ч зарим улс төрчид үүнд таатай хандахгүй байгаа. Норвегийн нийслэл Осло хот 2030 он гэхэд ямар ч нүүрсхүчлийн хий агаар мандалд цацахгүй гэсэн зорилт тавин ажиллаж байгаа билээ. Эл зорилтод хүрэхийн тулд автомашины хэрэглээг хязгаарлах нь хамгийн чухал зүйл хэмээн тэд үзэж байгаа ажээ.
Энэ 2019 онд Осло хотын захиргаа хотын төвөө автомашингүй бүс болгохоор шат дараалалтай арга хэмжээ авч эхлэх бөгөөд үүнд нь хотын төв рүү нэвтрэх хувийн автомашинуудын тоог хязгаарлаж, зогсоолуудын тоог танаж, явган хүний зорчих замыг нэмэгдүүлэх зэрэг алхмууд багтжээ. Осло хотын орлогч дарга 2020 он гэхэд хотын төв автомашингүй бүс болно хэмээн мэдэгдсэн юм.
Лондон: Хотын төвийн тал хэсгээ автомашингүй бүс болгох төлөвтэй
Өнгөрсөн оны 10-р сарын туршид Лондон хотын төв хэсгийн зарим замууд явган хүний бүрэн давуу эрхтэй бүс болсон байдаг. Цаашлаад хотын захиргаанаас эдгээр бүсд автомашин, такси, автобусны хөдөлгөөнийг хориглохоор зэхэж байгаа аж.
Мөн 2019 оны 04-р сараас эхлэн Uber болон жижиг таксинуудыг хотын төв рүү ороход түгжрэл үүсгэсний төлбөр гэж 14.70 доллар төлдөг хувийн автомашинуудын жагсаалтад нэмж оруулахаар болжээ.
Уг төлбөрийн тухай хууль 2003 онд хэрэгжиж эхэлснээс хойш Лондон хотын төв рүү нэвтрэх автомашинуудын тоо 30 хувиар эрс буурсан юм.
Мехико: Бямба гариг бүр автомашин явуулахыг хориглосон боловч мэдэгдэхүйц үр дүн гараагүй
Нэгэн цагт дэлхийн хамгийн бохирдолтой хот хэмээгдэж байсан боловч жолоочдийг долоо хоногт нэг удаа автомашин хэрэглэхийг хориглох бодлогыг хэрэгжүүлснээс хойш агаарын чанар нь ялимгүй сайжирсныг дурдах юун.
Уг бодлогоо чангаруулахын тулд 2008 оноос эхлэн бямба гариг бүр автомашины хөдөлгөөнийг хориглосон билээ. Ингэснээр автомашинаас ялгарах утааг 15 хувиар бууруулна гэж тооцоолж байсан боловч 2017 онд гарсан судалгаагаар тус хотын агаарын чанарт мэдэгдэхүйц өөрчлөлт илрээгүй болох нь тогтоогджээ.
Копенгаген: дугуйнд ээлтэй орчин тойрон автомашин унах сонирхлыг бууруулж байна
Дани улсын орон даяар 2030 оноос эхлэн автомашины борлуулалтыг зогсоох бодлого тус улсын нийслэл хот Копенгагенд ашиг тус үзүүлж мэдэхээр болж байна.
Тус хот нь бүхэлдээ унадаг дугуйн орон бөгөөд нийт хүн амынх нь тал хувь нь ажил гэрийн хооронд унадаг дугуйгаар зорчдог ажээ. Ийм болгоход нөлөөлсөн гол хүчин зүйл нь аль эрт 1960-аад оны үед бий болсон унадаг дугуйн хурдны замууд болон явган хүний замууд юм. Одоогоор Европ тив дахь хамгийн бага автомашин эзэмшилтийн индекстэй хот болоод буй юмсанжээ.
Брюссель: Гудамжны камер ашиглан хуучны автомашинуудад торгууль ногдуулж байна
Бельги улсын нийслэл Брюссель хотын төв хэсэгт дизель хөдөлгүүртэй автомашинаар зорчсон тохиолдолд 400 долларын торгууль оноох тухай шийдвэр саяхнаас хэрэгжиж эхэлжээ. Үүнтэй холбогдуулан хотын төвөөр зуу зуун хяналтын камерууд ажиллаж байгаа юм. Гэлээ ч мэргэжилтнүүдийн хэлж буйгаар энэ нь хотын нийт автомашинуудын тоог ердөө ганцхан хувиар л бууруулах болно гэжээ.
Харин 2030 он гэхэд хотын захиргааны зүгээс дизель автомашинуудад бүхэлд нь хорио тавих болно гэдгийг эх сурвалж онцолсон байна.
Мөн түүнчлэн агаарын бохирдол их байх өдрүүдэд нийтийн тээврийн үйлчилгээг бүх иргэдэд үнэгүй болгох тухай арга хэмжээ хэрэгжих шатандаа хүрч ирээд байгаа билээ.
Милан: Олон тооны хориг арга хэмжээг хэрэгжүүлэхээр зэхэж байна
Мөн л 2030 он гэхэд дизель хөдөлгүүрийн чимээнээс ангид болох зорилгын хүрээнд ажиллаж буй тус хот нь ирэх он жилүүдэд хэд хэдэн хориг арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа юм.
Тухайлбал нэг дүгээр сарын 21-ээс эхлэн амралтын өдрүүдэд дизель хөдөлгүүрт хуучин автомашинуудын хөдөлгөөнийг хориглох бөгөөд цаашлаад уг хориогоо илүү өргөн цар хүрээтэй болгох ажээ.
Ром: Түүхийн дурсгалт газруудаа аварч үлдэхийн тулд дизелиэс татгалзана
Италийн нийслэл Ром хотын агаарын чанарын үнэхээр тааруу байдгаас болж энэ нь тус хотын гайхамшигт түүх дурсгалын газруудын насыг элээх үйл явцыг хурдасгаж байгаа билээ. Ром хотын түүх өв соёлын яамнаас гаргасан 2017 оны судалгааны дүнд 3600 чулуун хөшөө, 60 хүрэл уран баримлууд агаарын бохирдлоос болж тусгаарлагдах өндөр эрсдэлтэй байгааг тогтоожээ. Иймд, хотын захиргаанаас 2024 он гэхэд хотын төвийг дизель хөдөлгүүрээс бүрэн ангижруулна хэмээн тангарагласан юм.
Афин: 2025 он гэхэд дизелийг хориглох тангарагт нэгджээ
Грекийн нийслэл Афин хотын дарга Giorgos Kaminis Парис болон Мехико хотын дарга нарын нэгэн ижил 2025 он гэхэд дизель хөдөлгүүртэй автомашинуудаас хотоо бүрэн ангижруулна хэмээх тангарагт 2016 оны 12-р сард нэгдэн орсон байдаг. Үүнтэй холбогдуулан хотын төвийн зарим гудамж, талбайд дизель автомашинуудын хөдөлгөөнийг дугаарын хязгаарлалтаар хориглосон ажээ.
Дээд Шүүх Франкфурт хотыг 60,000 автомашины хөдөлгөөнд хориг тавь гэж тушаажээ
Холбооны Бүгд Найрамдах Герман улсын Үндсэн Хуулийн Шүүх байгууллага 2018 оны 9-р сард тус улсын санхүүгийн гол түүчээ болсон Франкфурт хотыг хуучны бүх дизель хөдөлгүүрт автомашинуудынхаа хөдөлгөөнийг ирэх жилийн дотор хоригло хэмээн тушаал өгчээ. Энэ нь нийт 60,000 автомашин болно гэсэн үг юм.
Гэхдээ Германы Канцлер Ангела Меркел уг саналын эсрэг байр суурьтай буйгаа илэрхийлсэн бөгөөд түүнчлэн Германы автомашин хөдөлгүүр үйлдвэрлэгч бизнес байгууллагууд эрс буруушааж байгаа юм.
Энд дуулгахад Герман улс нь иргэдийгээ хэтэрхий их агаарын бохирдолд өртүүлж байгаа хэргээр Европын Холбооны шүүх танхимд дуудагдсан 6 орны нэг болоод буй юм.
Берлин: Дээд шүүхээс мөн л ижил тушаал хүлээн авчээ
Франкфурт хотод тушаал ирснээс нэг сарын дараа Германы нийслэл Берлин хотод ч бас 2015 оны сүүл хагасаас өмнө үйлдвэрлэгдсэн бүх дизель хөдөлгүүрт автомашинуудын хөдөлгөөнийг бүсчлэн хязгаарла хэмээх Дээд Шүүхээс тушаал иржээ. Харин хориг ирэх 4-р сард хэрэгжиж эхлэх бөгөөд нийт 200,000 орчим автомашинд үйлчлэх аж.
Мөн автомашинаа түлшний хэмнэлттэй болгон өөрчилж тоноглож буй иргэдэд засгийн газраас урамшуулал олгохоор болсон байна.
Богота: Ням гариг бүр 7 цагаас 14 цагийн хооронд замуудаа хааж байна
Колумбын нийслэл Богота хот 1974 оноос хойш “Ciclovia” гэгч автомашинаас ангид байх хөтөлбөрөө хэрэгжүүлсээр л байна. Тухайлбал ням гариг бүр 120.7 км орчим зам талбайг автомашинаас чөлөөлж, 1.7 сая орчим явган зорчигчийн хөдөлгөөнийг идэвхжүүлж байгаа аж. Тус хот нь 6,7 сая хүн амтай билээ.
Түүнчлэн Богота хотын захиргаанаас “Pica y Placa” хэмээх тэгш сондгойгоор нь дугаарын хязгаарлалт хийх хөтөлбөрийг хэрэгжүүлдэг юм байна.
Амстердам: 2030 он гэхэд утаа ялгаруулдаггүй тээврийн хэрэгслийг л хүлээн зөвшөөрнө
Голландын засгийн газраас 2030 он гэхэд зөвхөн утаа ялгаруулдаггүй авто тээврийн хэрэгслийг л хөдөлгөөнд оролцохыг зөвшөөрөх бодлого боловсруулж байна.
Уг бодлогынхоо хүрээнд тэд мотоцикл ийн зам болон зогсоолыг сайжруулах үүднээс 115 сая долларын хөрөнгө төсөвлөж дээр нь 282 сая долларыг унадаг дугуйн дэд бүтцийг хөгжүүлэхэд зориулж тус тус төсөвлөжээ.
Хэдийгээр Амстердам хотод унадаг дугуй нь түгээмэл хэрэглэгддэг ч гэсэн улсын дэд бүтэц хариуцсан нарийн бичгийн дарга унадаг дугуйчдын тоог дахиад 200,000-аар ихэсгэх бодолтой буйгаа мэдэгдсэн юм.
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй