Өөртөө итгэлтэй хүмүүсийн 10 нийтлэг зуршил

UB Info

Амжилт руу таныг хөтлөх гол түлхүүр бол таны өөртөө итгэх итгэл юм. Таны итгэл хангалттай их байж чадаж байна уу?

Хориод настай байх үеэ одоо байгаа үетэйгээ харьцуулаад нэг харахад хоёр тэс ондоо хүнийг харах шиг л болдог. Эхний 5 жилд амьдрал минь ямар ч жолоодлогогүй мэт санагдаж үргэлж л юм юманд санаа зовнин явдаг байлаа. Яг л хүсээгүй амьдралаараа амьдарч буй мэт санагдаж бас дээр нь үүнийг өөрчилж, шинэчлэх ямар ч итгэл зориг надад байгаагүй юм. Гэсэн ч цаг хугацаа өнгөрсөөр 25 насны босгыг давснаас хойш би өмнөө зорилго тавьж өөрийн хүссэн амьдралаар амьдарч сурсан бөгөөд нэг үгээр би бизнес эрхлэгч болж чадахаа ухаарсан юм. Миний ойлгож авсан ганц зүйл бол би өмнө нь хэн байсан тэр үеийнхээ сэтгэлгээгээр хэзээ ч SkyBell-ийг амжилттайгаар бүтээж чадахгүй байх байсан гэдэгт л оршино.

Одоо би 32 настай. Намайг өөрийгөө өөрчлөхөд хамгийн гол нөлөөлсөн хүчин зүйл бол өөртөө итгэх итгэл минь байсан юм. Та өөрөө өөртөө л итгэлтэй байсан цагт бүх ертөнц таны өмнө дэлгээстэй ном мэт л болсон байх болно. Өөртөө итгэлтэй, амжилттай яваа олон өөр хүмүүс таныг хүрээлж эхлэх бөгөөд тэр хирээр боломж ба амжилт нэгэн зэрэг таны аманд өөрөө шар тос шиг л ороод ирэх болно.

Харин та өөртөө итгэх итгэлээр цэнэглэгдсэн хүчирхэг оюун ухааныг бүрэлдүүлж бий болгохын тулд дараах 10 арга замыг дадал болгон ашиглаарай.

1. Зорилгоо тодорхойл

Ямар нэг зүйлийг хийх эсвэл бүтээж байх үедээ яагаад үүнийг хийж буй зорилгоо мэдэхгүй бол өөртөө итгэлтэй байх талаар яриад ч хэрэггүй. Таны хийж буй ажил, таны амьдрал дахь гол зорилго юу вэ? – Та чухам үүнд л хариулт олж өөрийн гэсэн хүрэх цэгтэй болсон цагт таны өөртөө итгэх итгэл дотроосоо ундраад л эхлэх учиртай юм.

2. Бусадтай өөрийгөө бүү харьцуул

Хэн нэгэнтэй өөрийгөө харьцуулж эхлэх нь өөрийгөө ямар арчаагүй юм бэ гэх утгагүй сөрөг бодол руу л хөтлөхөөс цаашгүй. Энэ нь таны өөртөө итгэх итгэлийг шалд нь буулгадаг буруу зуршил юм шүү. Энэ хорвоод таны өөртэйгөө харьцуулах ёстой цорын ганц хүн бол таны ирээдүйд болохоор тэмүүлж буй өөрийн амжилттай яваа хувилбар тань юм.

3. Гаргалгаа нь дээр төвлөр

Хүндрэл бэрхшээлүүд үргэлж л таны замд саад хийх болно. Ганцхан бэрхшээлүүдийг л бодож шаналаад, яагаад заавал надад ийм асуудлууд тулгараад байдаг юм бэ гэх мэтчилэн шантрах аваас өөрийгөө дотроос нь үгүй хийнэ. Харин асуудал хэзээд үүснэ гэдгийг хүлээн зөвшөөрөөд гарч ирэх тоолонд нь зохих шийдлээр дарж авах дээр төвлөрөх хэрэгтэй. Бэрхшээлүүдийг даван туулах тусам өөртөө итгэх итгэл улам бүр нэмэгдсээр байхын зэрэгцээ дараа дараагийн удаад аливаа асуудлыг ядах юмгүй шийддэг болж эхэлнэ.

4. Өөрийн давуу талаа ашигла

Заримдаа бид сул талаа нөхөх гэсээр өөрт байгаа давуу талаа хөгжүүлэх тал дээр цаг алддаг. Мэдээж сул талаа нөхөх нь сайн зүйл ч гэсэн өөрт байгаа давуу хүч чадлаа улам бүр чангаруулах нь өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлдэг билээ. Өөрөөр хэлбэл та математиктаа муу бол санхүүгийн мэргэжилтэн болох шаардлага байхгүй. Зүгээр л өөрийн чаддаг зүйлээ тултал нь сайжруул.

5. Бодит зүйл болох хүртэл нь хийсвэрлэ

Хэрэв та өөрийгөө амжилтад хүрэх нэгэн биш гэсэн хуурмаг бодолд автсан бол өөртөө итгэлтэй байгаа мэт дүр эсгэ. Өөрийгөө амжилтад хүрсэн байна гэж төсөөл. Эхэндээ танд огт үнэмшилгүй мэт санагдах боловч эцэстээ таны бодлууд сэтгэл хөдлөлөө дагаж улмаар таны өөртөө итгэх итгэл нэмэгдэх болно.

6. Зүтгээд л бай

Хийж чадах зүйлийг тань хийж чадахгүй гэх сөрөг дуу хоолой дотроос тань байнга дарамтлаад байвал зүгээр л тоолгүй үргэлжлүүлэн зүтгээд л байх ёстой. Сөрөг дуу хоолойг сонсох тусам улам бүр чангардаг. Гэхдээ зүтгэх тусам дуу хоолой эерэг зүйлс ярьж эхлэх болно.

7. Гадаад төрхөндөө анхаарал тавь

Та сайхан харагдах тусам танд таатай мэдрэмж төрнө. Таатай мэдрэмж төрхийн хирээр та өөртөө итгэлтэй байх болно. Тиймээс хүссэн хувцсаа авч өмс. Гадаад үзэмждээ хөрөнгө оруул, харин гадаад үзэмж таны ажилтанд хөрөнгө оруулах болно.

8. Аливаа зүйлээс эерэг талыг нь олж хар

Сөрөг бодлууд болон гутрангуй үзэл бол өөртөө итгэх итгэлээ алдахад хүргэдэг гол хүчин зүйлс билээ. Тиймээс өөрийн сул талаа бодож суухын оронд сайн талаа бодож, алдаа оноогоо тоочих бус амжилт бүтээлээрээ өөрийгөө цэнэглэгдэг байх нь чухал. Болохгүй байгаа зүйлсийг биш болж бүтэж буй зүйлс дээр л анхаарлаа төвлөрүүл.

9. Үргэлж бэлэн бай

Амжилт гэдэг бол бэлдэх байдал болон гарч ирэх боломжоос үүсдэг зүйл юм. Тиймээс сурч мэд, дадлага хий, боломж хаалгыг тань тогших мөчид угтаж авахад хэзээд бэлтгэлтэй бай. Гагцхүү та бэлтгэлтэй болсон тохиолдолд боломжийг хэзээд ашиглаж чадна гэх итгэлээр дүүрэн байх болно.

10. Биеийн хэлээр урам зориг авч бай

Урмын үг хэлэхээс илүү биеийн хэл танд илүү урам зориг өгөх болно. Хэрэв та бага зэрэг сэтгэл санаагаар унасан бол зогсолтоо өөрчил. Хоёр мөрөө хойш татаад, толгойгоо дээш өндийлгөөд, хөлдөө томхон зай аваад, хоёр гараа дээш өргөн супермэн шиг л зогсоорой. Хүч мэдэгдэм зогсолт, биеийн хэл таны сэтгэл санааг урмаар тэтгэн, өөртөө итгэх итгэлтэй болоход тусална.

Эцэст нь...

Хоромхон зуурт л таныг өөртөө итгэлтэй хүн болгох шидтэй арга барил гэж хаа ч үгүй. Гэхдээ та аажим аажмаар зогсолтгүй урагш алхсаар байсан цагт өөрийгөө бүрэн хувиргаж чадна. Юу ч болсон бай үргэлжлүүлэн зүтгээд л байгаарай. Таны зүтгэлийн үр шим өөртөө итгэх итгэлийг тань услах болно гэдгийг санаарай.

САНАЛ БОЛГОХ