Гадны хүн орохыг хориглосон дэлхийн хамгийн ер бусын 10 газар

UB Info

Хэдийгээр дэлхий даяаршиж, технологи хөгжиж, хэн ч хаана ч аялах боломжтой цаг үе ирсэн боловч дэлхийд одоо ч нэвтрэхийг хориглосон нууцлаг газрууд байсаар л байна.

Дэлхий дээр одоог хүртэл судлагдаагүй үлдсэн болон бүр мартагдаад удсан газрууд тоотой хэд үлдсэн.

Харин тэр дундаас бид уншигч та бүхэндээ зориулж гадны хүн орохыг хориглосон хамгийн гайхалтай 10 газрыг жагсааж бичлээ.

Хойд Солонгос 39-р өрөө

Маш цөөхөн буюу онцгой эрх бүхий хүмүүс л энэ оффист нэвтэрч байсан юм.

Глобал сэтгүүлч Kelly Olsen “39-р өрөө бол дэлхийн хамгийн нууцлаг улсад байрладаг хамгийн нууцлаг байгууллага юм.” Хэмээн өгүүлж байсан удаатай билээ. Тэртээ 1970-аад оны сүүлээр бий болсон энэхүү 39-р өрөө нь Пхеньяны ажилчдын намын барилга дотор оршдог хэмээн яригддаг аж. Энэ байгууллага эсвэл хэлтсийн талаар ямар ч албан ёсны бат мэдээлэл байхгүй хэдий ч хуулийн болон хуулийн бус замаар худалдаа наймаа явуулж хөрөнгийн сан босгодог гэх таамаг түгээмэл тархсан байдаг бөгөөд тухайлбал хар, тамхи, алт зэвсгийн наймааг хуурамчаар үйлддэг хэмээн ярих нь элбэг.

Энэхүү бизнесийн том урсгал нь Хойд Солонгост жилд ойролцоогоор 2 тэрбум орчим долларын орлого оруулдаг болохыг тооцоолжээ.

АНУ дахь Coca-Cola компанийн агуулах

Хэн эсвэл хэдэн хүн coca-cola-ны жорыг мэддэг болохыг компаниас хэзээ ч дэлгэж байгаагүй билээ.

Бидний амтархан ууж хэрэглэдэг кока коланы жор бол дэлхий дээрх хамгийн нууц зүйлсийн нэг хэмээн тооцогддог бөгөөд тус компани нь энэхүү нууцаа маш том агуулахад нууц болгон хадгалдаг ажээ.

John Pemberton гэгч хүн анх 1886 онд уг жорыг бүтээснээс хойш энэ нь маш өндөр нууцлалд хамгаалагдсаар ирсэн бөгөөд маш цөөн тооны хүн л үүнийг нүдээр харж үзсэн байдаг.

Компанийн зүгээс уг нандин жороо хэд хэдэн удаа томоохон банкнуудад хадгалуулж байсан бөгөөд эцэстээ 2011 онд Атлантагийн музейд байршуулах шийдвэрт хүрсэн байдаг. Маш олон жуулчин тус музейгээр зочилдог боловч маш цөөхөн тооны онцгой эрхтэй хүмүүс л агуулахын хаалгаар нэвтэрч харагддаг ажээ.

Бразил улс дахь Могойн арал

Зөвхөн Бразил улсын тэнгисийн цэргийнхэн болон тодорхой шинжээчид л энэхүү аюултай арал руу нэвтрэх эрхтэй байдаг.

Бразилийн Sao Paulo мужийн эргээс 100 километрийн зайд оршдог уг арал нь аялахад хамгийн жигтэй газар мэт сонсогдож болох ч үнэндээ маш үхлийн хортой могойнуудаар дүүрсэн байдаг тул энд маш олон жилийн турш хүн оршин суугаагүй юм.

Уг арлын нэг метр квадрат талбай тутамд 1-ээс 5 могой явж байдаг бөгөөд хамгийн аймаар нь тэдгээр нь дэлхийн хамгийн хортой могойнууд байдаг ажээ. Ийм учраас Бразилийн засгийн газраас уг арал руу зорчхыг эрс хориглосон байдаг юм.

Энэтхэгийн Хойд “Sentinel” арал

Хойд Sentinel бол Энэтхэгийн далайн Андаманы бүлэг арлуудын тоонд багтдаг арал юм.

Бусад арлууд нь илүү том бас олонд танигдсан байдаг бол Хойд Sentinel нь шүрээр хүрээлүүлсэн, мангро мод битүү ургасан арал бөгөөд үндсэндээ гадна ертөнцөөс тусгаарлагдсан онгон Байгалтай газар юмсанж. Магадгүй диваажин шиг л сонсогдож байж болох ч үнэндээ яг ч тийм биш юм.

Газар зүйн байрлалын хувьд хамгийн тусгаарлагдсан газруудын нэгт тооцогддог энэхүү аралд мөн гадаад ертөнцөөс ангид амьдардаг овог аймгийн хүмүүс оршин суудаг аж. Уугуул иргэдтэй тулгарсан хэд хэдэн тохиолдлууд ихэвчлэн цус урсгаж дууссан бөгөөд тодруулбал 2006 онд тус арал дээр далайн урсгалд түрэгдэн ирсэн хоёр загасчин уугуул оршин суугчдын гарт амиа алдсан байдаг.

Үүнээс үүдэн тус арлын ойр орчимд 4.8 километрээс ойр зайд нэвтрэхийг хориглосон шийдвэр гарсан билээ. Мөн Энэтхэгийн засгийн газраас тэдгээр хүмүүстэй ямар нэг харилцаа тогтоох талаар ямар ч арга хэмжээ авахгүй байх буюу тэднийг зөнд нь орхих шийдвэр гаргасан юм. Гадны ямар нэг халдварт өвчин тус овог аймгийн газар нутагт тархвал тэдэнд эсэргүүцэх дархлаа байхгүй тул тэдгээр хүмүүсийн дэлхийгээс тусгаарлагдах хүслийг хүндэтгэхээр шийдсэн нь тэр аж.

Энэтхэг Бангарх хэрэм (Bhangarh Fort)

Бангарх хэрэм бол Энэтхэгийн хамгийн муу ёр шүглэсэн газар хэмээгддэг.

Энэ бол нэгэн цагт мандан бадарч явсан гайхамшигт хаант улсаас үлдсэн балгас юм. Энэ хэрмийг удирдагч Amber Kachwaha 1573 онд өөрийн хүүдээ зориулж бариулсан бөгөөд 1783 онд их өлсгөлөн тус газрыг нөмрөн авах хүртэл оршин суугчид аажим аажмаар багассаар л байсан юм. Тухайн үед зонхилж байсан энэхүү хаант улс мөхөж одсон шалтгаан нь уг хэрэм хараалтай байснаас болсон гэж нутгийн домгууд тайлбарладаг.

Энэтхэг дахь цорын ганц муу ёр шүглэсэн хэмээн улсад хүлээн зөвшөөрөгдсөн энэхүү газарт шөнийн цагаар нэвтрэхийн тулд засгийн газрын тусгай зөвшөөрлийг авсан байх шаардлагатай байдаг. Гэхдээ зөвхөн зэрлэг амьтдын дайралт болон гэрэлтүүлэг маш бага байдгаас болж шөнө нэвтрэхийг хориглосон байдаг гэж ярьдаг. Гэлээ ч тас харанхуй шөнө хараагдсан балгас дунд амьтдаас өөр юу нуугдаж байхыг хэн мэдлээ.

АНУ North Brother арал

North Brother арал орхигдоод 55 жилийн хугацаа өнгөрч байна.

Нью-Йорк хотын өнцөг бүрийг үзэж харахаар жил тутам олон сая жуулчид тус хотыг зорин ирдэг билээ. Гэхдээ тэд зөвхөн энэ газрыг л алгасдаг юм. Урьтаж зөвшөөрөл авахаас нааш North Brother арал руу нэвтрэхийг хориглодог бөгөөд үүний шалтгаан нь тус газар дахь хуучирч хэмхэрсэн барилгууд юм. Нэгэн цагт карантин эмнэлэг байсан уг газар байгалийн жамаар элэгдэж идэгдсээр одоо юу ч үгүй балгас болон хувирч байгаа юм.

Хамгийн анх 1614 онд эзэмшил болон ашиглагдаж эхэлсэн цагаасаа тус газар нь халдварт өвчин болон үхлийн үүр болсон байдаг. Нэг ёсондоо халдвар тээгч хүмүүсийг уг аралд тусгаарлан эмчилдэг байсан бөгөөд харин тэнд өөд болсон хүмүүсийг тус эмнэлгийн хүүр хадгалах газарт үлдээдэг байв. Харин 1951 онд хар тамхинд донтогчдыг эмчлэх төв болон ашиглагдаж байжээ.

Удалгүй 1963 онд North Brother арал нь бүхэлдээ орхигдож Нью-Йорк хотын өмч болсон бөгөөд одоо шувууны оромж болон ашиглагдаж байгаа юм.

Их Британийн эзэмшилд байдаг Энэтхэгийн далайн арал “Diego Garcia”

Diego Garcia бол өтгөн шигүү ой, цагаан элсэн эргүүдээр хүрээлүүлсэн арал боловч жирийн иргэдийг нэвтрэхийг хориглосон байдаг аж.

Зүүн Африк, Ойрх Дорнод, Зүүн өмнөд Азийн дунд байрлалтай Diego Garcia хэмээх энэхүү арал нь АНУ-ын стратегийн чухал ач холбогдол бүхий газар нутаг бөгөөд цэргийн баазаа ч тэнд байршуулсан байдаг юм.

Хүйтэн дайны үеэр Их Британи улс уг арлыг АНУ-д 50 жилийн хугацаатайгаар түрээслүүлэх гэрээ хийсэн боловч тухайн үед арал дээр оршин суугчид байсан юм. Тиймээс түрээслүүлэхийн өмнө Их Британи улс 2000 орчим хүнийг хүчээр нүүлгэн шилжүүлсэн байдаг.

Тэр үеэс хойш арлын уугуул иргэд эх нутагтаа эргэж очих эрхийнхээ төлөө дуугарсаар байсан боловч ямар ч үр дүнд хүрээгүй юм. Харин түрээсийн гэрээ 2016 онд дууссан бөгөөд хоёр гүрэн тэр даруйд нь гэрээг дахин 20 жилээр сунгасан билээ.

Их Британийн Цагаан захтнуудын клуб (The White’s Club)

Маш цөөхөн хүн ийшээ сэмхэн нэвтэрч ороод дотор нь юу болдог талаар олж мэдэж чадсан байдаг.

Дэлхийд одоог хүртэл эмэгтэйчүүд нэвтрэхийг хориглосон ер бусын гэмээр газрууд оршдог бөгөөд тэдгээрийн нэг нь “Жентлменүүдийн клуб” хэмээн нэрлэгддэг The White’s Club юмсанжээ. 1963 онд байгуулагдсан энэхүү клубд улс төрийн лидерүүд, хөрөнгөтнүүд, хаан сэнтийн угсаа залгамжлагч нар гишүүнчлэлтэй байдаг ажээ.

Хэдийгээр эмэгтэй хүн нэвтрэхийг хориглосон байдаг боловч Хатан Хаан Элизабет нэвтэрч орж байсан удаатай юм. Мөн Их Британийн ерөнхий сайд асан David Cameron “Өнөөгийн цаг үед хүйсээр ялгаж эмэгтэй хүнийг энэ клубд элсэхийг хориглосоор байгаа нь миний сэтгэлд үнэхээр нийцэхгүй байна. “ хэмээн яриад тус клубийг орхиж байсан удаа бий.

Лондонгийн хамгийн урт настай, хамгийн элит зиндааны The White’s Club –ийн гишүүнчлэлийн тоо 500 болж буурсан бөгөөд сүүлийн 200 жилийн турш хаалгаа барилгүй ажилласаар байгаа ажээ.

Исланд Surtsey арал

Исланд улсад 1963 онд галт уул дэлбэрсний нөлөөгөөр Surtsey арал бүрэлдэн бий болжээ.

Одоогоос 55 жилийн өмнө галт уул дэлбэрсний улмаас үүссэн Surtsey арал нь эрдэмтдэд экосистемийг илүү цааш судлах маш том боломжийг авчирсан юм. Ийм ч учраас олон нийтийн хөлд даруулахгүй гэж хориотой бүс болгожээ.

Тэртээ 1963 онд дэлбэрсэн галт уулын нөлөөнд бүрэлдэн бий болсон уг арал нь одоо дэлхийн хамгийн залуухан арлуудын тоонд орж буй бөгөөд харамсалтай нь ус болон салхины элэгдлээс болж хэмжээ нь жил ирэх бүр агшсаар байгаа юм. Энэ явцаараа жижгэрсээр 2100 он гэхэд далайн төвшинтэй зэрэгцэх хэмжээтэй болно гэдгийг эрдэмтэд тооцоолжээ.

Бактери болон мөөгөнцрүүд хамгийн түрүүнд арал дээр бий болсон зүйлс юм. Дараагаар нь амьтад болон ургамлын төрлүүд бий болж эхэлсэн бөгөөд UNESCO-ийн мэдээлснээр 89 төрлийн шувууд, 335 төрлийн сээр нуруугүй амьтад Surtsey-ийн аралд амьдарч байгаа нь тогтоогдсон аж.

Үүнд ямар нэг садаа учруулахгүйн тулд зөвхөн судлаачдыг л тус аралд нэвтрэхийг зөвшөөрсөн байгаа юм.

Хятад Jiangsu мужийн Үндэсний Аюулгүй Байдлын Боловсролын Музей

Гадны хүмүүс энд нэвтрэх эрс хориотой. Хятад улсын засгийн газар 2009 оноос эхлэн үндэсний тагнуулын музейгээ ард иргэддээ нээлттэй болгосон билээ.

Nanjing хотод байрлалтай энэхүү музейд Хятадын Коммунист намын эхэн үеэс 1920-иод оны сүүл үе хүртэлх тагнуулын нууц ажиллагаануудын түүхийг үзүүлэн болгосон байдаг.

Тухайн үеийн дуурайлгаж хийсэн зэр зэвсэг, нууц камер, чагнах төхөөрөмжүүд зэргийг үзэх нь сонирхолтой байж мэдэх ч музей руу гадны хүмүүс нэвтрэхийг эрс хориглодог ажээ.

САНАЛ БОЛГОХ