Төсөв 2010 оноос хойш анх удаа ашигтай гарлаа

Улс төр


Хувь хүний нууцтай холбоотой материалыг задалсан ТЕГ-ын даргыг чөлөөлнө


Монгол Улсын нэгдсэн төсөв 2018 онд гүйцэтгэлээр ашигтай гарсан талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар мэдээлэв. Тэрбээр “Нэгдсэн төсвийн орлого түүхэндээ анх удаа 10 их наяд төгрөгөөс давлаа. Энэ нь баталсан төсөвтэй харьцуулахад 25 хувиар нэмэгдсэн. Улсын төсвийн тэнцвэржүүлсэн орлого 9.2 их наяд төгрөг хүрсний дээр тогтворжуулалтын сан болон ирээдүйн өв санд хуримтлуулсан 827 тэрбум төгрөгийг нэмж дээрх хэмжээнд хүрч байгаа. Харин төсвийн зарлага 9.2 их наяд төгрөг болсон. Ингэснээр төсвийн орлого ₮10 их наяд хүрч, Монгол Улсын төсөв 2010 оноос хойш анх удаа ашигтай гарлаа. Харин төсвийн орлого хоёр их наяд төгрөгөөр нэмэгдэхэд уул уурхайгаас 670 тэрбум, бусад эх үүсвэрээс 1.3 их наяд төгрөгийн орлого нөлөөлсөн. Энэ нь зөвхөн зэс, нүүрсний орлого нэмэгдсэний дээр Засгийн газраас явуулж байгаа эдийн засгийн зөв бодлогын үр дүнд 1.3 тэрбум төгрөгөөр давж биелсэн. Төсөв ашигтай гарахад Монгол Улсын зээлжих зэрэглэл дээшилсэн нь нөлөөлсөн. Олон улсын гурван байгууллагын үнэлгээгээр зээлжих зэрэглэлийг нэмэгдүүлсэн нь эдийн засаг өсөх, хөрөнгө оруулалт нэмэгдэх шалтгаан болсон гэдгийг дурдах нь зүйтэй. Мөн төсвийн сахилга хариуцлагыг дээшлүүлсний зэрэгцээ төсөвт тодотгол хийгээгүй нь чухал нөлөө үзүүлсэн ”гэв.

Сангийн сайд мэдээлэлдээ төсвийн гүйцэтгэл 92 хувиар санхүүжигдсэн нь зарим зардал тодорхой шалтгаанаас хийгдээгүйтэй холбоотой гэлээ. Төсвийн зарлагын найман хувь буюу 800 орчим тэрбум төгрөгийн тал хувийг Засгийн газрын гаргах ёстой байсан бондын хүүд зориулах ба үлдсэнийг нь тендер нь шалгараагүй ажил үйлчилгээнээс хэмнэсэн байна.

• Төсвийн орлого ₮10 их наяд хүрч, Монгол Улсын төсөв 2010 оноос хойш анх удаа ашигтай гарлаа.
• Төсвийн ашгаас 12 тэрбум төгрөгийг Төрийн сангийн зарцуулалтад зориулна.
• Төсвийн зарлагад зориулсан мөнгөнөөс 800 тэрбум төгрөг үлдсэний тал нь Засгийн газраас гаргах байсан бондын хүүгийн зардал, үлдсэн нь тендер нь шалгараагүй ажил үйлчилгээнээс хэмнэсэн байна.

Сангийн сайд мэдээллийнхээ дараа сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

-Ашиг болж үлдэж байгаа 12 тэрбум төгрөгийг юунд зарцуулах вэ? Энэ мөнгийг аль нэг санг дэмжих зорилгоор санхүүжилт хийх үү?

-Төрийн санд хуримтлагдаж буй Засгийн газрын зээлийн хүүгийн төлбөрт зарцуулна.

-Энэ онд бизнесийн салбарынхан төгрөгийн ханшийн уналт эдийн засагт хамгийн том эрсдэл үүсгэхээр байна гэж санаа зовниж байна. Сангийн яам төгрөгийн ханшийг тогтвортой байлгахад ямар бодлого барьж байгаа вэ?

-Богино хугацаанд төгрөгийн ханшийг барихад монголбанк хариуцаж ажиллана гэдгийг хэлье. Сангийн яамны зүгээс үүнд хоёр чиглэлээр анхаарч байгаа. Эхнийх нь гадаад өрийн дарамтыг оновчтой, зөв бууруулж чадах юм бол дунд болон урт хугацаанд валютын ханшийн нөлөөллийг багасгана. Удаах нь экспортын орлого нэмэх чиглэлээр Сангийн яам тууштай анхаарч ажиллаж байгаа. Тэр ч үүднээс хилийн боомтуудын хяналтыг сайжруулахаар техникийн шинэчлэл хийж байна. Мөн экспортыг орлох бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжсэнээр валютын ханшид нөлөөлнө гэж тооцож байгаа.

-Сангийн яам оны төгсгөлд ЖДҮХС-гаас 19 тэрбум төгрөгийг бонд бүрдүүлэх нэрээр татсан гэдэг мэдээлэл байна. Энэ ямар учиртай юм бэ?

-ЖДҮХС-гийн санхүүгийн тайлангаар тус санд 342 тэрбум төгрөг байгаа. Сангийн яам долоон жилийн өмнө үнэт цаас гаргаад 150 тэрбум төгрөгийг тус санд өгсөн боловч эргэн төлөлт муу байсан. Тиймээс манай яам тэр сангаас авах ёстой мөнгөө л эргүүлж авсан.

-Татварын багц хуулийн төсөл бизнесийнхэн дунд хүлээлт үүсгээд байна. Энэ төслийг хэзээ хэлэлцэж эхлэх вэ?

-Манай яам жилийн өмнө татварын багц хуулийг боловсруулан, улс даяар хэлэлцүүлэг хийж өнгөрсөн хавар УИХ-д өргөн барьсан. Парламент хэлэлцэлгүй найман сар хойшлууллаа. Татварын багц хуулийг батлаад өнгөрсөн оноос хэрэгжүүлж эхэлсэн бол татвар төлөгчид нэлээн хөнгөлөлт эдэлж, эдийн засгийн өсөлтийг хангахад чухал нөлөө үзүүлэх байлаа.

-НӨАТ-ын буцаан олголтыг зарим банк зээлээр урьдчилан олгож байгаа нь зөв үү?

-Ийм хүсэлт Сангийн яаманд өмнө нь хоёр удаа ирж байсан. Энэ нь хууль бус юм аа. Хувь хүний нууцыг хуулиар хамгаалах үүрэгтэй. Хувь хүн, байгууллагын нууцыг ҮСХ-д ч өгдөггүй. Гэтэл татварын байгууллага яамнаас хориглосоор байтал хууль бус үйл ажиллагаа хийсэн. Үүнтэй холбогдуулж татварын ерөнхий газрын даргыг чөлөөлөх асуудлыг тавьж байгаа. Удахгүй шийдэх байх.

-Өмч хувьчлалаас өнгөрсөн онд яагаад орлого төвлөрүүлээгүй вэ?

-Засгийн газраас өмч хувьчлах хөтөлбөрийг 2018 оны зургадугаар сард УИХ-д өргөн барьсан. Үүнийг хийхдээ хөрөнгийн биржээр дамжуулах, дуудлага худалдаагаар явуулах зэрэг саналыг тавиад байгаа. Бас л парламент дээр уягдчихсан байна.

САНАЛ БОЛГОХ