Бид утуулж, Бээжин Цэлмэв

ЗГМ: Сэдэв


Улаанбаатар улсын нийслэл үү, үй олноор нь устгах биологийн зэвсэг үү


Бээжинд сурдаг Заяа улирлын амралтаараа эх орондоо ирээд ханиаданд дарлуулж, халуундаа шатаж байгаад буцлаа. Эх орон, элгэн садан дээрээ ирсэн ч гэлээ аргагүйн эрхэнд хүний нутаг руу буцсан нь энэ. Түүн шиг Хятадын томоохон хотод сурч буй олон монгол оюутан сүүлийн хэдэн жил Хятад, Монголын хорт утаа хэрхэн буурч буйг хэлж чадах амьд гэрчүүд. “Бээжингийн агаар цэвэр тунгалаг болчихсон гэж би хэлэхгүй. Гэхдээ Улаанбаатарынхтай харьцуулшгүй” хэмээн охин толгой сэгсэрч байна.

Бээжингийн иргэд өнгөрсөн өвлөөс цэнхэр тэнгэрийг утаан хөшиггүй хардаг болсон. Бүр сэрүү буусан өвлийн өдрүүдэд хүүхэд багачууд нь цэлмэг тэнгэртээ цаасан шувуу хийсгэн наадаж, өмнөх жилүүдийн өтгөн утаа жил жилээс сэмрэн шингэрч буйг мэдэрч, нүдээрээ харж байна. Гэтэл Хятад улстай хил залгадаг Монгол Улсын нийслэл Улаанбаатарын иргэд хорт хийн хөндийд торлогдож, хөгшид хүүхэд, дарга цэрэггүй 200 гаруй төрлийн хорт бодисоор "утуулсаар" буй. Дуу шүлэгтээ мөнхөлсөн цэнхэр тэнгэрийн дор бяцхан үрс эрх дураараа цэнгэн наадах нь бүү хэл эмнэлгийн хүйтэн шалан дээр халуу шатан, тарчилж хэвтэх юутай уйтай. Утааны гамшигт алаг үрс, ахмад настнууд торгуулийн суман адил түрүүлж хэлмэгдэн, харъяа дүүргийн эмнэлгүүдийн шалаар монгол хүний эрдэнэт амь нас, эрүүл мэнд хөглөрсөөр. Одоогийн Улаанбаатарыг орчин цагийн Монголын нийслэл үү, үй олноор нь утаж, устгах биологийн зэвсэг болсон эсэхийг ялгахад бэрх байна.

Улаанбаатарыг нөмөрсөн энэ эмгэнэл одоогоос тавхан жилийн өмнө урд хөршийн том хотуудыг торлож, таван настай хүүхэд утаанаас угшилтай, уушгины хорт хавдраар өвчилж, хүн төрөлхтний эмгэнэлийг төрүүлсэн. Дэлхий нийт хүнээ бус хөгжлийг тэргүүнд тавьсан Бээжингийн бодлогыг эрс буруутгаж, албан атлаа хатуухан үгээр бишгүй шүүмжилж байсан цаг өчигдөрхөн мэт.

Гэтэл хэдхэн жилийн өмнө дэлхийн шүүмжлэлийн бай болж байсан Бээжин "нүүрээ угааж", агаараа цэвэрлэж чадлаа. Байгалийн бохирдлоор толгой цохиж явсан Бээжин одоо бүс нутгийн утаатай орнууддаа агаарын бохирдлыг бууруулах аргыг заана хэмээн даналзаж, Хятадыг басаж байсан барууны удирдагчид ч Бээжингийн манлайллыг амаа олохгүй магтаж эхлэв. 2010-аад оны эхний жилүүдэд Бээжин ч, Улаанбаатар ч адилхан утаатай байсан.

Хятад улс 2013 онд Агаарын бохирдолтой тэмцэх таван жилийн хугацаатай бодлого баталж, тус улсын 12 дахь таван жилийн төлөвлөгөөндөө тусгасан юм. БНХАУ утаатай тэмцэхэд 277 тэрбум ам.доллар (1.7 их наяд юань) зарцуулжээ. Цаасан дээр буусан төлөвлөгөөний цаг дуусахад Хятадын агаарын бохирдол илт буурсан нь нүдэн дээр мэдрэгдэж, амьсгалахад амтагдана. “Утаа багасаж байна”. Энэ бол коммунист засаглал амьд оршин буй БНХАУ-ын аль нэг дарга, албан тушаалтны амнаас унасан, үнэнээс хол үг биш. Иргэдээс нь эхлээд тэнд оршин суугаа олон улсын иргэдийн ам уралдан хэлж буй үг. Амьд гэрчүүдийн энэ үгээс гадна чимээгүй тоон дүнгүүд хүртэл Бээжингийн утаа буурсныг баталж байна.

Бээжингийн агаар дахь хорт бодисын хэмжээ 54 хувиар буурсныг олон улсын “Greenpeace” байгууллага өнгөрсөн онд мэдэгдсэн бол тус улсын 338 хотод агаарын чанарын үзүүлэлт сайжирч, бохирдол илт буурсныг Хятадын Экологи, байгаль орчны яам батлав. Эдгээр хотод жилийн нийт хоногийн 79.3 хувьд нь агаарын чанар "онц" үнэлгээ авчээ.

Монголчууд Улаанбаатарын утаа яриад 20 жил, агаарын бохирдолтой тэмцэж эхлээд 10 жилийг зарцуулж буй ч бид сая гаруйхан хүнтэй ганц хотоо утаанаас салгаж чадалгүй, саарал утааны өмнө цагаан туг өргөчихсөн суугаа. Гэтэл тав хүрэхтэй, үгүйтэй жилийн өмнө утааг бууруулахаар ханцуй шамлан орсон урд хөрш хэдхэн жилийн дотор зуу, зуугаар нь тоологдох хот тосгодоо утаанаас ангижруулж байна. Хүн төрөлхтний амь насанд заналхийлсан хорт утааны эсрэг Хятадын дайныг нийслэл Бээжин хот нь манлайлж явна.

Уг нь утааны эсрэг бодит үр дүн үзүүлж буй Бээжингийн утааны эх үүсвэр Улаанбаатарынхтай зарим талаар төстэй. Нүүрс, үйлдвэрлэл, автомашинаас уугиж буй утаа нийслэлийн агаарын бохирдлын эх үүсвэр болдог. Ялангуяа, Улаанбаатар хотын утааны хамгийн том эх болох гэр хорооллыг Бээжингийн аж үйлдвэрийн паркуудтай адилтгаж болмоор. Амьдрал хайсан хөдөө орон нутгийн иргэд улаанбаатарт ирж, хотын зах, хязгаарт суурьшсанаар нийслэлийн утаа нэмэгдсэн. Тэгвэл БНХАУ-ын нийслэлийн хотжилт, хүн амын эрэлт хэрэгцээг бараадан Бээжингийн хаяа, хязгаараар олон төрлийн үйлдвэрүүд үүдээ нээсэн нь агаарын бохирдлын үндэс болсон юм. Өөрөөр хэлбэл, хотжилт даган, хаяа хязгаараар нь байрласан өрх болон үйлдвэрлэлийн нүүдэл хоёр хотын хорт утааны эхлэлийг тавьжээ.

Улаанбаатарын утааг бууруулаагүй ч “утаа” болон замхарсан мөнгөний хэмжээ нэг их наяд төгрөг рүү дөхсөнийг Аудитын ерөнхий газраас өнгөрсөн онд мэдэгдсэн. Өнгөрсөн 10 гаруй жилийн хугацаанд цэвэр агаар хэмээх чимэгтэй нэрээр халхлан төрөөс хумсалсан мөнгөний хэмжээ зузаарч, үр дүн нь үл үзэгдсэн ажлын жагсаалт уртассан ч Улаанбаатарын утаа улам өтгөрөв. Гэтэл Бээжин сүүлийн дөрвөн жилд утааны эсрэг тэмцэлд долоо хүрэхгүй тэрбум ам.доллар зарцуулаад утаа нь бараг тал хувиар багасгаж, хотынхоо 20 сая иргэнийхээ насыг 3.3 жилээр хорогдохоос хамгаалж чаджээ. Харин биднээс бараг таван жилээр хоцорч утаатайгаа тэмцэж эхэлсэн Бээжингийн бадрангуй ялалт үйлдвэрлэл, эрчим хүч, дулаан, тээврийн хэрэгсэл, ногоон байгууламж зэрэг гинжин хэлхээ шиг атлаа бие даасан хэд хэдэн цогц салбарыг хамарсныг инфографикаас харна уу. Утаатай дайн зарласан эрх баригчдынх нь тэмцэл Бээжингийн захын хорооллын оршин суугч Байгаас эхлээд ган үйлдвэрлэгч шинд хэрхэн нөлөөлснийг дор тодотгоё. Та анхаарлаа хандуулна уу.

ИРГЭН БАЙ СЯОЧЭН ТОРТГООС САЛЖ, МАШИНАА ШИНЭЧЛЭВ

Бээжингийн захын дүүрэгт оршин суудаг, 61 настай Бай Сяочэн өнгөрсөн өвлөөс эхлэн нүүрснээс татгалзаж, байгалийн хийн эх үүсвэрээр дулаанаа хангах болжээ. Бээжингийн захиргаа одоогоос хоёр жилийн өмнө хотын захын дүүргүүд рүү хийн хоолой татаж эхэлсэн аж. Газар ухаж, дэд бүтцийн шугам сүлжээ татах нь цаг хугацаа, хөрөнгө хүч их шаардаж байсан тул байгалийн хийн зарим хоолойг хотын төвийн гудамж талбайд ил тавьсан байна. Тиймээс ч хэдхэн сарын дотор хийн хоолой иргэн Байгийн хашааны үүдэнд иржээ.

Үүдэнд нь ойртсон дэд бүтцийг холбох ажлаа харин Бай өөрөө хариуцсан байна. Одоо тэрбээр утаагүй түлшинд нүүрсээс гурав дахин өндөр үнэ төлдөг. Гэхдээ энэ нь түүнд төдийлэн дарамт болоогүй аж. Учир нь утаагүй түлш ашиглаж эхэлсэн өрхүүдэд орон нутгийн засаг захиргаанаас нь тодорхой хэмжээний урамшуулал өгч байгаа бөгөөд дунджаар 360 юаниар (150 мянган төгрөг) хэмжигдэж байна. Төрөөс өгсөн энэ мөнгийг нэмэхэд нүүрсэнд төлдөгтэй бараг ижил мөнгөөр хийн түлш худалдан авдаг аж.

Мөн хийн эрэлт нэмэгдсэнээс үнэ нь өсөхөөс сэргийлэн БНХАУ-ын үндэсний хөгжил, шинэтгэлийн хороо дотоодын хэрэгцээнд зориулан хийн үнийн өсөлтийг хязгаарлах бодлого баримталсан нь иргэдээ бодсон нэг алхам байлаа. Тиймээс энгийн иргэд хийн хэрэглээнд дарамт, чирэгдэл багатай шилжиж буй нь энэ.

Тус улсын иргэд утааны нэг эх үүсвэр болох нүүрснээс ийн нүүр буруулснаас гадна автомашины утаа тортгийг бууруулахад хувь нэмрээ оруулжээ.

Бээжин 2015 оноос автомашинуудыг ангилан ялгаж, өндөр настай автомашинуудыг ашиглалтаас гаргасан аж. Бээжин хотод гэхэд л 300 мянган хуучин тээврийн хэрэгслийн ашиглалтыг зогсоожээ. Гэхдээ Хятадын төр иргэдээ явгалчихсан юм биш. Харин утаа үүсгэдэггүй автомашин худалдан авахад нь санхүүгийн дэмжлэг үзүүлсэн юм. Бээжингийн засаг захиргаа иргэдээ цахилгаан автамашин худалдан авахыг нь дэмжиж, 2009-2017 онд 20 гаруй тэрбум ам.доллар зарцуулжээ. Ийнхүү цэвэр автомашины борлуулалтын сувгийг дэлгээд зогсохгүй үйлдвэрлэлийн үүдийг нээв. Олон улсын цэвэр тээврийн зөвлөлийн тооцоогоор өнгөрсөн онд дэлхий дахинд нийт 1.1 сая цахилгаан хөдөлгүүрт автомашин үйлдвэрлэсний тэн хагасыг Хятад улсад үйлдвэрлэж, мөн тал орчмыг нь Хятадын хэрэглэгчид худалдан авсан байна.

Бээжин утааныхаа гуравны нэгийг бүрдүүлдэг нүүрс болон тээврийн хэрэгслийн утааг бууруулахад иргэдтэйгээ ингэж гар нийлжээ.

УТААГҮЙ БЭЭЖИН БА АЖ ҮЙЛДВЭР

Бээжинг эмжин байршсан гангийн жижиг үйлдвэрүүд утааны эсрэг тэмцлийн хамгийн эхний хохирогчид байв. 2014 оноос аж үйлдвэрийн голлох 21 салбарыг чиглэсэн байгаль орчны хяналт шалгалт, шаардлага өндөрссөнөөр бага хэмжээний хүчин чадалтай, ган хайлах үйлдвэрийн эзэн шин нэг л өдөр үүдээ хаахыг шаардсан бичиг хүлээн авав.

Хятадын төр үйлдвэрлэлийн зүрх болсон Бээжин, Тяньжин, Хэбэй зэрэг хотын жижиг үйлдвэрүүдэд төмөр нүүрээ харуулж, үйл ажиллагааг нь зогсоох хүртэл арга хэмжээ авсан. Эдгээр 28 дагуул хотын нийт үйлдвэрийн 70 гаруй хувьд нь ердөө хоёр сарын хугацаанд шалгалт хийж, 14 мянга орчим зөрчил илрүүлжээ. Мөн 150 сая юань буюу 21.8 сая ам.доллар орчим торгууль тавьсан юм.

Гэлээ гээд Хятадын гангийн гарц буураагүй. Хятадын гангийн гарц 2018 онд 900 сая тоннд хүрсэн гэх урьдчилсан таамгийг судалгааны байгууллагууд танилцуулж байна. Утаатай тэмцэхээр БНХАУ үйлдвэрийн үүдийг өчиггүй хаасан мэдээлэл хөвөрсөөр байхад Хятадын үйлдвэрлэл яагаад өсөв.

Бээжин цемент, гангийн үйлдвэр, дулааны станц, тавилга, тоног төхөөрөмжийн үйлдвэрүүдээ хаасан. Гэхдээ жижиг станцуудаа хааж, нэгтгэх байдлаар цэгцэлсэн юм. Тухайлбал, гангийн үйлдвэрлэлээр тэргүүлэгч Хэбэй мужийн тангшан хотод гэхэд үйлдвэрийн тоог 2020 онд 30, 2025 онд 25 болгохоор зорьж байгаа юм. Үр ашиггүй, өндөр бохирдол үүсгэдэг үйлдвэрүүдийг нэгтгэн нийлүүлж, том үйлдвэрүүдээ авч үлдсэн нь энэ. Мөн дэд бүтцээр холбосон суурьшлын шинэ бүсүүдэд тэдгээр үйлдвэрийг шилжүүлсний нэг нь шиний үйлдвэр юм.

• Хятад улс 2013 онд Агаарын бохирдолтой тэмцэх таван жилийн хугацаатай бодлого баталж, тус улсын 12 дахь таван жилийн төлөвлөгөөнд тусгасан юм.
• БНХАУ утаатай тэмцэхэд 277 тэрбум ам.доллар (1.7 их наяд юань) зарцуулжээ.
• БНХАУ-ын 338 хотод агаарын чанарын үзүүлэлт сайжирч, бохирдол илт буурсныг Хятадын Экологи, байгаль орчны яам батлав.

УТААГ БАГАСГАХ АРГЫГ ХОЛООС ХАЙХ ХЭРЭГГҮЙ

Дэлхийд коммунист засаглал оршин тогтнож буй цөөн орны нэг болох Хятад улс агаарын бохирдлыг багасгах шинэчлэлээ зөвхөн төрийн төмөр нүүр, түрэмгийллийг урдаа барин хийсэнгүй. Хэдийгээр барууны хэвлэлүүд агаарын бохирдлын эсрэг Хятадын тэмцлийг хүний эрхэнд халдсан, захиргаадалтын шинжтэй хэмээн хатуу шүүмжилж байсан ч урд хөршийн бодлогыг сөхвөл тун уран бөгөөд ухаалаг арга замыг ашигласан нь харагдана. Өөрөөр хэлбэл, хүч түрэн бус эдийн засгийн хөшүүргээр дамжуулж, дүрэм журам, стандарт шаардлагыг шинэчлэх замаар урд хөрш богино хугацаанд утаанаас ангижирч байна. Утааг бууруулах энэ ухаалаг алхмуудаа тэд хариуцлага, хяналт, хууль журам сахиулах зэрэг арга барилтай хослуулсан. Олон улсын байгууллагуудын хүний эрх, хэвлэлийн эрх чөлөөний индексээр Хятад улс дээгүүрт бичиддэггүй ч тэд иргэндээ ээлтэй, бизнес эдийн засагт үр ашигтайгаар эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг нь баталгаажуулж байна.

Урд хөршийн удирдагчид агаар бохирдуулж, иргэдийн эрүүл мэндэд заналхийлж буй утааны эх үүсвэрүүдэд төмөр нүүрээ чамгүй харуулсан. Гэхдээ түлшийг нь бэлтгээгүй атлаа нүүрсний хэрэглээг хориглож, хөлдөж үхэх, хууль зөрчих сонголтыг хүчээр тулгасангүй. Харин ч түлшний хоолойг иргэдийн оршин суудаг хороололтой нь холбож, хийн түлшний үнэ иргэдийнх нь нуруун дээр илүү ачаа болохоос сэргийлэн, ханшийн өсөлтийг хязгаарлах зэрэг үр дүнтэй, ухаалаг бодлого хэрэгжүүлж чадав. Бас болоогүй иргэдээ өнтэй, тохитой өвөлжөөрэй хэмээн төсвөөсөө хүртэл илүүчлэн, иргэддээ олгож байгаа юм. Тэгэхээр үүнийг иргэний эрхийг зөрчсөн төрийн хатуу бодлого гэж хэлэхэд дэгэстэх байх.

Хятадын томоохон хотуудад өнгөрсөн таван жилд агаарын бохирдлыг өргөс авсан мэт ор үндэсгүй алга болгочихоогүй нь үнэн. Гэхдээ агаарын бохирдлыг бууруулах арга замуудыг тууштай хэрэгжүүлэн, утаанаас илэрхий салж буй. Ирэх гурван жилд агаарын бохирдлоос ангижрах Бээжингийн зүтгэл илүү эрчимжинэ. Учир нь тэд утааг ор мөргүй болгох шинэ төлөвлөгөөг 2020 он хүртэл хэрэгжүүлэхээр төлөвлөчихсөн суугаа.

Утааг бууруулах аргыг бид хаа холоос эсвэл хуучирч, хоцорсон өнгөрсөн зуунаас хайх хэрэггүй. Тив, дэлхийг гайхшруулж буй тэргүүн туршлага хаяанд байхад аль XX зууны Лондон, 20 жилийн өмнөх Германы туршлагаас орчин цагийн Улаанбаатарын утааг бууруулах арга замыг хайсаар. Эсвэл утаагүй зуух, сайжруулсан түлш гэх мэт аар саар зүйлээр өдөр хоногийг өнгөрөөсөөр... үр дүн муутай явцуу бодлогоос нь төсвийн “хумслагчид” мөнгө завшсаар. Энэ эмгэнэлтэй дүр зураг Монгол Улс утаатай тэмцэж эхэлсэн 2008 оноос хойш, сүүлийн арван жилийн турш дахин давтагдсаар ужгирч, улам бүр гүн бат шигдсээр байна. Энэ маягаараа Монгол Улс хэзээ утаанаас салж, монголчууд эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхээ эдлэх вэ, эрх баригчид аа.

Үргэлжлэл бий...
САНАЛ БОЛГОХ