Аз жаргалтай байхыг хүсэж байна уу? Тэгвэл энэ асуултыг өөрөөсөө асуу

UB Info

Альберт Эйнштейн үүнийг бидний амьдралдаа гаргадаг хамгийн чухал шийдвэр гэж хэлсэн удаа бий.

Та өглөө сэрэхдээ хамгийн түрүүнд юуны тухай боддог вэ?

Арай шуудхан л өнөөх хийх ёстой ажлуудаа, шалгах ёстой зурвасууд, ширээ нь дээр овоорсон бичиг цаасны ажлууд, угааж арчих ёстой аяга шаазан мэтийн зүйлсээ түрүүлж боддог юм биш биз?

Эсвэл...

Энхрий бяцхан үрсээ үнсээд сургуульд нь оруулж өгчхөөд орой нь ажлаа тараад хайрт эхнэрийнхээ гарын хоолыг зооглоод гэр бүлээрээ хөгжилтэй нэвтрүүлэг үзээд инээлдэж суух зэрэг аз жаргалтай дүр зураглал хардаг уу?

Альберт Эйнштейн нэгэн удаа ийн өгүүлж байсан юм...

“Бидний амьдралдаа гаргадаг хамгийн чухал шийдвэр бол амьдралыг сайн сайхан гэж итгэх эсвэл муу муухай гэж итгэх явдал юм”.

Таны амьдардаг ертөнц сайн сайхан байна уу, эсвэл эсрэгээрээ байна уу?, - энэ асуултанд тохирох хариултыг зөвхөн та л сонгодог. Ертөнц сайн, муу байх нь таны өөрийн харах өнцгөөс хамаарах асуудал юм.

Миний хувьд би өдөр бүр л тохирох хариултыг сонгодог.

Өглөө болгон сэрээд би өөрөөсөө “Чи сайн сайхан ертөнцөд амьдарч байна уу, эсвэл муу муухайд уу?” гэж асуудаг.

Сайн, муухай гэх хоёр хариултын алийг нь сонгохоос шалтгаалж таны тухайн өдрийн хандлага ямар байх нь тодорхой болдог. Хүн эерэг бодох тусам нүдэнд нь оч гийж, биед нь эрч хүч орж, сэтгэл нь аз жаргалыг мэдэрдэг.

Ямар нэг санаанд оромгүй таагүй зүйлс тохиолдох үед ч эерэг бодолтой хүн ямагт хүлээцтэй хандаж чаддаг.

Хэн нэгэн таны машиныг хүчтэй шүргэсэн бол үүнд бухимдах зүйл байхгүй. Ядаж л та бэртэж гэмтээгүй байна шүү дээ.

Замын голд явган зорчигч удаан алхаад цаг бараад байна уу? Тэвчээртэй бай. Хүлээх зуураа эргэн тойрноо нэг ажаад урт гэгч нь сайхан амьсгаа авчих.

Өөрийгөө сайн сайхан ертөнцөд амьдарч байна гэдэг хариултаар өдрийг эхлүүлбэл тухайн өдөр аливаа асуудал тулгарах үед танаас сөрөг хандлага гарах нь бараг үгүй л болов уу.

Сайн зүйл сайн үр дүнг л авчирна

Сайны талд орж өдрийг эхлүүлбэл сайн зүйлс тохиолдож өдөр өнгөрсөөр байх болно. Өөрөөр хэлбэл энэ амьдралаас эерэг сайн сайхан бүхнийг хайх тусам тэр хирээр хайснаа олох болно. Сайн үйл буян хураана гэдэгтэй л ижил.

Харин сэрээд муу муухай ертөнцөд амьдрахыг та сонговол бүх зүйл ондоогоор эргэнэ. Олон хүнтэй газраар явж байтал урд чинь яст мэлхий шиг хүн зам таглаад эсвэл замын түгжрэлд уягдахад та маш ихээр цухалдаж хамаг нервээ барах болно. Дэлгүүрт ороод худалдагчийн лангуунд оочирлож хүлээх нь яг л үүрд үргэлжлэх мэт, ер нь хийж буй бүх зүйлс чинь 10 дахин хүнд болсон мэт санагдах болно.

Бүх зүйл болдог жамаараа болохгүй байгаа мэт санагдаж, харин та бүх зүйлийг буруугаар эргэхийг хүлээсээр байх бөгөөд ингэж л та муу муухай ертөнц оршдог гэдгийн баталгааг өөрөө бий болгож байгаа юм даа.

Эерэг бодол таны биед ч сайн нөлөөтэй

Эерэг бодолтой явах нь таны биеийн эрүүл мэндэд маш их ач тустай гэдгийг та мэдэх үү?

Депресс буюу сэтгэл цөхрөл гэдэг зовлонтой өвчнөөс сэргийлэх бөгөөд сэтгэл гутралд өртөх эрсдэлийг эрс бууруулаад зогсохгүй ядаргаатай нисдэг шавжнуудаас болж цухалдах мэдрэмжийг хүртэл уян хатан байлгахад тус болдог юм шүү. Амьдралаас сайн талыг нь олж хардаг хүмүүс илүү урт насалдаг бөгөөд хүнд хэцүү асуудлуудад хандахдаа илүү хаттай байдаг аж.

Мэдээж энэ их олон бачимдмаар асуудлуудын дундаас аль нэгэнд нь өртөх маш амархан гэдгийг ойлгож байна. Гэхдээ сөрөг бодолтойгоо хамт тэндээ гацаад л байх уу эсвэл өөдрөгөөр сэтгэж сэтлээд гарах уу гэдэг нь танаас шалтгаална. Сайн бүхний хажуугаар саар зүйлс байж л байдаг. Фэйсбүүкээ ухаж байх үед олон сайн сайхан зүйлсийн дунд ганц хэд хар бараан мэдээ цоройж л байдаг. Тэглээ гээд бүх дэлхий хар бараан гэсэн үг биш шүү дээ.

Сөрөг бодол таныг аз жаргалаас холдуулна. Таны амжилтад хүрэх боломжийг боож, шинээр сэтгэж, бүтээлч байх чадварыг тань хумсална. Хэрэв та өөрөө өөртөө шилдэг нь байхыг хүсэж байвал өглөөг эерэг бодолтойгоор угтахаас эхлээрэй.

Өдрийг хэрхэн эерэгээр эхлүүлэх вэ?

Хэрэв та эерэг бодолтой биш ч тийм байхыг хүсэж байгаа бол дараах хэдэн зөвлөгөөнд анхаарлаа хандуулаарай.

- Эерэг хандлагыг идэвхжүүлэх өөрийн гэсэн үг, уриатай болоорой.
Жишээ нь: “Өнөөдөр миний өдөр байх болно оо!”, “Өнөөдөр юу тохиолдох бол гэхээс тэсэж чадахгүй нь” гэх мэтчилэн.

- Таныг жаргалтай болгодог зүйлсдээ илүү анхаараарай.
 “Хүүхдүүдийнхээ урлагийн тоглолтыг өнөө орой үзэх юм байна шүү дээ.”, эсвэл “Энэ төсөл дууссаны дараа надад ямар шагнал, урамшуулал ирэх бол оо?”.

- Байгаа зүйлсдээ сэтгэл хангалуун бай.
 “Эрүүл саруул байгаа минь л яамай даа. Татвартай орлоготой, гэр бүлтэй байгаа минь юутай сайхан бэ.”

- Өөдрөг хүмүүстэй цагийг илүү их хамт өнгөрүүлж байгаарай.
Таныг ч илүү өөдрөг байхад тус болно.

Эдгээр алхмууд 100% үр дүн авчирна гэж хэлж чадахгүй ч та бага ч болов муугаас холдож сайн зүйлс дээр төвлөрөхийг хичээвэл тэр чинь л ахиц юм шүү. Хүүхэд хөлд орох үйл явцтай л ижилхэн.

Тиймээс та маргааш сэрэхдээ өөрөөсөө асуугаарай. ”Би сайн сайхан ертөнцөд амьдарч байна уу, эсвэл муу муухайд уу?”

Хариултыг зөвхөн та л сонгоно гэдгийг үргэлж санаарай. Өөрийнхөө төлөө сайн ертөнцөд амьдрахыг сонгоорой гэж хүсье.

САНАЛ БОЛГОХ