2019 онд амтархан унших шилдэг 10 ном

UB Info

Колсон Уайтхед “Никель Жаалууд (The Nickel Boys)”

“Тэдгээр жаалууд үхсэн хойноо ч тэмцэл дагуулсаар байв.” Хэмээн эхлэх энэхүү зүрх түгшээм, сэтгэл санаа хиртхийлгэсэн түүхэн уран зохиолыг “Газар доорх төмөр зам (The Underground Railroad)” хэмээх гайхамшигт зохиолоороо дэлхийд алдаршсан Америкийн уран зохиолч Колсон Уайтхед бичиж туурвижээ. Зохиолоос цухасхан дурдвал: Америкийн арьс өнгөөр ялгаварлан үзэх нийгмийн давхаргын ялгаа хатуу тогтсон Жим Крөү-гийн цаг үед хар арьст өсвөр насны хөвгүүдийг Флорида хотод байрлах “Никель Академи” хэмээх сургууль руу илгээх бөгөөд тус сургууль нь бие бялдар, оюун ухаан болон ёс суртахууны цогц сургалт явуулдаг хэмээн нэрийдэх боловч үнэн хэрэгтээ тамлан зовоолт, бэлгийн дарамт, хүчирхийлэл гээд зовлон тамлалтыг л тэдэнд сургах зорилготой байв.

Уг номонд Никель жаалуудын дунд арьс өнгөний үзлийн эсрэг тэмцэгч Мартин Лютер Кинг –ийн сургаалыг зүрхнийхээ гүнээс дагагч, сургуульдаа эрдэм чадлаараа тэргүүлэгч Элвүүд болон түүнийг эцэс хүртлээ хамгаалах Турнер хэмээх хоёр хөвгүүний тухай гоцлон өгүүлэх ажээ.

Флорида дахь хөвгүүдийн сургуульд газар доор нууцаар булагдсан гаж хэрцгий хэлбэртэй цогцсууд хожим нь олдсоноор тус номыг бичих сэдэл болсон ажээ. 

Тони Моррисон “Өөрийгөө Үнэлэхүйн Үндэс – (The Source of Self-Regard)”

Энэхүү бүтээлд соёл урлаг, нийгмийн шударга ёсны тухай эссэ өгүүллэг, илтгэл болон эргэцүүлэмжийн цуглуулга багтсан бөгөөд үүнд зохиогчийн 1993 онд Нобелийн индэр дээр тавьсан өөрийн уран илтгэл, Жамес Балдвинд зориулсан түүний магтаал шүлэг, Мартин Лютер Кингийн илтгэлүүдэд хийсэн тайлбар үгс болон түүний өөрийн өмнөх бүтээлүүд дахь нууцын зангилаанууд багтжээ.

“Би өөрийн зохиолоороо юу хүнд бэрх, юу үнэн, юу хамгийн бат бөх байдаг вэ? гэдгийг илчлэхийг оролддог. Харин илчлэхийн тулд би энгийн сайхан амьдралтай яваа бус хамгийн хүнд хэцүү амьдралаар амьдарч байгаа хүмүүсийг ойлгож, тэднийг дүрслэх шаардлагатай байдаг.” Хэмээн тэрээр ярьжээ.

Бренда Виньяпл, “Зэмлэгчид – (The Impeachers)”

Тэртээх 19-р зуунд, 1868 оны 2-р сарын 25-ны өдөр АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын гишүүн асан Thaddeus Stevens танхимын бусад гишүүдийн дэмжлэгтэйгээр Andrew Johnson-ыг өндөр зэрэглэлийн томоохон гэмт хэрэг болон ажлын байрны ёс бус үйлдлүүд гаргасан хэмээн буруутган зэмлэсэн юм.

Учир нь тухайн үед АНУ-ын ерөнхийлөгч Abraham Lincoln-ийг орлож ажилладаг байсан Andrew Johnson Конгрессын үйлдлүүдийг эрс эсэргүүцэж, ерөнхийлөгчийн эрх мэдлийг булаан авч, хууль зөрчсөн хэргүүд үйлдсэн юм. Тэрээр “Америк бол цагаан арьстнуудын эх орон. Намайг ерөнхийлөгч байсан цагт энэ улс цагаан хүмүүсийн засаглал байх болно.” Хэмээжээ.

АНУ-ын ерөнхийлөгчийг буруутгасан анхны тохиол болоод мөн боолчлолын эцсийн том дайны талаар хийгээд улс төрийн томоохон зөрчлүүдийг харуулсан энэхүү номыг шагналт намтарч Wineapple бичжээ. 

Марлон Жеймс, “Хар Ирвэс, Улаан Чоно – (Black Leopard, Red Wolf)

Man Booker Prize шагналын эзэн Марлон Жеймс “Game Of Thrones” цувралын Африк хувилбар хэмээн нэрийддэг өөрийн гурван боть номоо гаргажээ. Энэхүү номонд Tracker гэгч гайхамшигтай үнэрлэх мэдрэхүйтэй хөлсний цэргийн тухай өгүүлэх бөгөөд түүний гол даалгавар бол сураггүй алга болсон хүүг олох юм. Есөн жилийн турш эрэл хийсний дүнд түүний мөрдлөг Nyka хэмээх зүсээ хувилгагч анчин ирвэс, Sangoma хэмээх хэрцгий хөлсний цэрэг, хэдэн зуун жилийн настай эмчлэгч шулам зэрэг өөр олон хачирхалтай хүмүүс рүү хөтөлдөг байна.

Түүнчлэн галзуу солиотой хаадууд, морьтон баатрууд, шидтэнүүд, дээврээр алхагчид, зүсээ хувилгагч цөөвөр чонууд болон цус гудрагч Ipundulu-үүд Tracker-ийг хорлох гэж оролдох бөгөөд харин алга болсон хүү тэдгээр дайснуудын гарт байж болзошгүй ажээ. Марлон Жеймс уншигчиддаа номынхоо тухай нэгэн сэжүүрийг өгсөн бөгөөд тэрээр “Матар сарыг залгидаг шиг үнэн зүсээ хувилгадаг.” Хэмээн ярьсан юм.

Оушн Вуонг, “Дэлхийд Бид Гайхамшиг – (On Earth We’re Briefly Gorgeus)

“Би танд хүрэхийн тулд бичиж байна…”хэмээн хүүхэд байхдаа Вьетнамаас АНУ-руу нүүн шилжсэн дүрвэгч залуу уншиж чадахгүй ээждээ ийнхүү бичиж байгаа нь энэ. Тэрээр өөрийн харгис хэрцгийллээр дүүрэн хүүхэд насны дурсамжуудаа эргэн судлах бөгөөд түүний эмээ нь Вьетнамд байсан залуу үеийнхээ дурсамжийг хуваалцаж, дайны үеэр хэрхэн амь гарч байснаа ярьж, мөн өвөөгийнх нь тухай ч бас дурсах ажээ. Уг номонд эх хүү, эмээ, анхны хайр, амьдралын талаарх утга зангилаадсан түүхийг төгс чамин хэллэгээр дүрслэн өгүүлэх болно.

Элизабет Маккракен, - “Bowlaway”

Маккракены энэхүү ер бусын комик зохиолд Массачусеттс мужийн Салфорд хотод ухаангүй олдох Bertha хэмээх бүсгүйн амьдралын эргэн тойрон хэрхэн хувьсан эргэлдэх тухай өгүүлнэ. Bertha боулинг тоглох чинхүү хүсэлтэй тул боулингийн зам байгуулж хоёр ажилтан хөлслөөд зогсохгүй хотын эмэгтэйчүүдийг цуглуулан баг бүрдүүлж гэнэ. Мөн тэрээр Нью-Брюнсвикээс нэгэн суу билэгтэй хар залуутай гэрлэдэг аж.

Удалгүй Minna гэдэг охинтой болох бөгөөд Миннагийн төрөлхийн авьяас түүнийг Нью-Йорк хотын хөгжмийн ертөнцийн оргилд хүргэдэг. Харин Bertha-гийн боувлингийн клубд шинэ төрлийн үйлчлүүлэгчдийн бүлгэм үүсэх бөгөөд тэд эмэгтэйчүүдийг клубд орохыг эсэргүүцэх болов. Уг ном нь тасралтгүй үргэлжилсээр буй хүйсийн ялгаварлал болон жижиг хотуудын хуваагдал, том амбиц, болон өдөр тутмын амьдралын ээдрээтэй өнцгүүдийг өнгөтөөр харуулах ажээ. 

Лоренс Ферлингетти, “Жаал Хүү – (Little Boy)”

Японы Нагасаки арал дээр хаясан цөмийн бөмбөгний аймшигт хор хохирлын нүдэн гэрч болсон Жаал Хүү томроод Францад докторын зэрэг хамгаалж байх үедээ өөрийгөө жинхэнэ гоц яруу найрагч, зураач гэж бодож эхэлнэ. Ингэснээр тэрээр Америк руу буцаад үзэг цаасаа барин яруу найрагчдийн алтан үеийн нэгэн төлөөлөл болохоор зориглоно.

Хэдэн арван жил өнгөрсний дараа тэрээр далайн эргийн кафенд суунгаа цаг хугацааг өнгөрч буйг алаг нүдээрээ ажин сууна. Чамин ухаалаг үгсээр хүүрнэн өгүүлэгдсэн энэхүү гайхалтай номонд амьдралын алтан хором мөчүүдийг шингээсэн байх болно. 

Кристиан Кифер, “Хий Үзэгдлүүд – (Phantoms)”

Дэлхий 2-р дайнд сайн дураараа татагдан оролцсон Түрүүч Ray Kawasaki цэргийн албанаас халагдаад Калифорниа дахь гэртээ эргэн иртэл түүнийг хэн ч зочломтгой хүлээн авсангүй. Түүний түүхийн төгсгөлийг 40 жилийн дараа Вьетнам малын эмч John Frazier олж нээх бөгөөд тэрээр авга Evelyn Wilson-ны жолоочоор ажилладаг аж.

Гэтэл Evelyn Wilson нь Оакланд дахь түрүүч Ray-ийн ээж Kimiko Takahashi дээр очихыг туйлаас их хүсдэг нэгэн байв. 1942 онд Kimiko-г явснаас хойш нэгэн цагт хөршүүд байсан хоёр бүсгүй нэг нэгнээ ахиж хараагүй юм. Зохиол өрнөх тусам John хоёр гэр бүлийн нууцын гэрч болох ажээ. Энэхүү номонд дайны хахир хатуу цаг үеийн уй гуниг, гэмшил харуусал болон мартахын аюулын талаар өгүүлнэ. 

Намвали Серпелл, “Хуучин Урсгал – (The Old Drift)”

Өмнөд Африкийн Замби улсын түүхийн хоёр зууны үйл явдлыг уг номонд өгүүлжээ. Тухайлбал бүгд нэгэн газар суурьшдаг Их Британи, Энэтхэг, Итали зэрэг улсуудаас гаралтай гурван Замби гэр бүлийн тухай гарах бөгөөд жижигхээн урсгал алсдаа асар том сүйрлийн давлагаа болж гэр бүлүүдийн удам дамжсан үймээнийг үүсгэх болно хэмээн эхлэх ажээ. Харин зохиолын төгсгөл хэсэгт буюу 2050 онд гурван гэр бүлийн удмаас хайрын гурвалжин үүснэ. 

Лайла Лалами, “Бусад Америкчууд – (The Other Americans)”

Дрисс Геррауи үдийн хоолоо зооглож дуусаад хурдны замаар хөндлөн гарч байхдаа машинд дайруулж алуулах болно. Түүний үхэл зохиолын бусад дүрүүдтэй холбох гүүр болж өгөх аж. Тэдгээр дүрүүд бүгд л өөр өөрсдийн амьдралдаа бусдын л адил хайр дурлал, гэр бүл, ажил хөдөлмөрөө зохицуулах гэж ядарч яваа эгэл жирийн хүмүүс юм. Тэдгээр хүмүүс дунд Дриссийн төрсөн охин Нора, Оакландад амьдардаг түүний төгөлдөр хуурч эхнэр, Иракийн дайны хал цэрэг Норагийн ангийн хүүхэд байсан Жереми, шинэхэн цагдаагийн мөрдөгч Коүлмен, хэргийн цорын ганц гэрч Эфрэйн зэрэг хүмүүс байх ажээ. Аажим аажмаар хүрээгээ тэлэх энэхүү зохиолд ах дүүсийн атаа тэмцэл, гэмт хэргийн мөрдлөг, хайр дурлал болон гэр бүлийн нууц зэрэг адал явдлуудын талаар гардаг аж. Зохиолчийн гайхалтай хүүрнэх ур чадвар бүх дүрүүдийн дотоод ертөнцийг танд хамгийн ойроос мэдрүүлэх болно.

САНАЛ БОЛГОХ