"Жинхэнэ амжилт ганцхан шалгуураар хэмжигддэг" Bill Gates, Warren Buffet

UB Info


Та өөрийгөө үнэхээр амжилттай яваа гэдгээ яаж мэдэх вэ?

Магадгүй та баян бас алдар нэртэй хүн байж болно. Магадгүй та олон мянган хүнийг хоолтой нь залгуулах бизнесийг бий болгосон байж болно.

Гэхдээ та Bill Gates болон Warren Buffet нарын өнцгөөс юмсыг харвал энэхүү асуултад өгөх таны хариултаас хамаарч та амжилтад хүрсэн үгүйгээ мэдэж болно гэдгийг ойлгох болно.

Мэдээж энэхүү хоёр эрхмийн хажууд би өөрийгөө амжилттай яваа гэж хэлж чадахгүй. Харин тэдний амжилтыг тодорхойлсон тодорхойлолт зарим талаараа санал нийцэхүйц, бас эс нийцэхүйц гэдгийг энд онцлох нь зүйтэй болов уу.

Ердийн л долоон үг

Өнгөрсөн долоо хоногт Bill Gates хувийн блог дээрээ “2018 онд миний ажлаасаа сурч мэдсэн шинэ зүйлс” нэртэй эссэгээ нийтэлсэн.

Өнгөрсөн хугацаанд Gates амьдралынхаа гол гол зүйлсийг жил бүр ингэж тоймлох болсон. Цаг өнгөрөх тусам түүний өөрөөсөө асуух асуултууд улам бүр гүн гүнзгий болж байгаа билээ.

Түүний бодлыг хурцлахад хамгийн ихээр нөлөөлсөн хоёр хүний нэг нь түүний эхнэр Melinda Gates болон Gates-ийн сэтгэлийг дүнсийлгэж, амжилтыг тодорхойлох 7 үгтэй асуулт асуусан Buffon нар билээ. “Таны хайртай хүмүүс эргүүлээд таныг ч бас хайрладаг уу? Хэмээх асуулт.

Дэлхийн хоёр дахь чинээлэг, баян эр одоо ч өөрийгөө амжилтад хүрч чадсан эсэхээ эргэцүүлж бодож буй нь үнэхээр хачирхалтай биш гэж үү? Эргэцүүлээд барахгүй тэрээр дэлхийн 3 дахь чинээлэг эрийн бодлыг сонирхож байна.

Мөнгө, алдар нэр, бизнес гурав. Эдгээр гурван зүйл Gates болон Buffett нарын хувьд хувийн амьдралын харилцаанаас нь илүү гарч чадсангүй нь бололтой. Тэдний чухалчлах зүйл нь одоо “Танд чин сэтгэлээсээ хайрлаж, анхаарал тавьдаг хүн бий юу, тэд чинь таныг ч бас хайрлаж байна уу?” хэмээх ээдрээт асуулт болжээ.

Хамгийн гол утга санаа

Гэвч миний бодлоор энд нэг эндүүрэл байна. Долоон үгтэй асуулт амжилтыг тодорхойлоход арай л хангалтгүй байна.

Ийм төрлийн асуултуудыг бараг бүх судалгааны байгууллагууд үндсээс нь судалж байдгийг бид үе үехэн чих тавин сонсдог шүү дээ. Жишээ нь гэхэд Харвардийн Анагаах Ухааны их сургуулийн насанд хүрэгчдийн хөгжлийн судалгааг авч үзэж болно.

Харвардийн профессорын явуулж буй уг судалгааны хамгийн гол утга санаа нь “Эерэг сайхан харилцаа биднийг эрүүл саруул, жаргалтай байлгахад нөлөөлдөг” гэсэн санаа юм.

Гэхдээ хүмүүс танд хайртай юу үгүйг хөндсөн 7 үгтэй асуулт таныг амжилтад хүрсэн үгүйг харуулдаг гэсэн.

Энэ асуултад хариулт байх боломжтой эсэхийг ч би хувьдаа мэдэхгүй юм. Та бусдын сэтгэлийг өнгийж харж чадна гэж үү?

Миний бодлоор та зөвхөн итгэж л чадна. Гэхдээ харж чадна гэдэг юу л бол.

Жинхэнэ чанар

Тийм ч учраас л магадгүй Buffett-ээс тэрхүү асуултыг сонсоод Gates хариулт олж чадаагүй байж мэдэх юм.

Харин тэрээр өөр чухал мэт асуултуудын талаар ярьсан билээ. “Би гэр бүлдээ хангалттай цагийг зарцуулж чадсан уу?, би хангалттай шинэ зүйлс сурч мэдсэн үү, би шинэ найз нөхөдтэй болж, хуучин найзуудтайгаа илүү дотно болж чадсан уу?”

Мөн тэрээр өөрийн ажиллаж буй чухал 5 ажлынхаа явцын талаар дурдсан.

· Alzheimer-ийн судалгаанд дэмжлэг үзүүлэх
· Полиомиелит (polio) өвчинг устгах
· Сэргээгдэх эрчим хүчийг дэвшилттэй болгох
· Дахин ноцтой халдварт өвчин тархахаас урьдчилан сэргийлэх
· Генийн засварыг ёс зүйн талаас нь судлах

Эдгээр ажлууд бол үнэхээр бахархууштай зүтгэл мөн. Бас эд бүгд хийгдэж дуусаагүй ажлууд билээ.

Бас эдгээр зүйлс нь Gates болон Buffet нарыг энд яригдаагүй ямар нэг өөр зүйлийг ойлгож байгаа юм болов уу гэсэн бодол руу намайг хөтөлсөн юм.

Тэр нь юу вэ гэвэл “Би амжилтад хүрсэн хүн үү?” гэдэг энэ асуултад хэзээ ч бодит хариулт гарч ирэхгүй гэдэгт оршино. Бид амьд байгаа цагтаа лав энэ асуултад хариулж чадахгүй. Магадгүй нөгөө ертөнцөд очсон ч чадахгүй биз. Тиймээс жинхэнэ чанар нь энэ биш гэж үү?

Учир нь хэрэв жинхэнэ амжилтын эцсийн оргил гэж юу болохыг тодорхойлох боломжгүй юм бол уналтад нь ч бас ёроол гэж үгүй гэдгийг л харуулж байгаа бус уу.

Ганц л үнэн бол та байгаа цэгээсээ үргэлжлүүлэн урагш тэмүүлж л чадна. Итгэл найдвараа өвөртлөөд ахиц дэвшлийн төлөө явж чадна. Тиймээс эцсийн хариулт бол та урагшаа л харах ёстой.

САНАЛ БОЛГОХ