Хамгийн үнэтэй салалт 70 тэрбум доллар

UB Info

Дэлхийн хамгийн баян, чинээлэг хосууд өнгөрсөн долоо хоногт тус тусын твиттер хуудсаараа дамжуулан 25 жилийн гэрлэлтээ эцэс болгох гэж буй тухайгаа зарлаж олныг алмайруулаад амжсан билээ.

Энэ салалт нь Жефф Безосын Амазон дахь хувьцааг огцом бууруулж мэдэхийн хажуугаар түүний эхнэр Маккензид маш том хувьцаа эзэмшигч болох гарцыг нээж өгч болзошгүй хэмээн салалтын хуульчид болон компанийн удирдлагын шинжээчид үзэж байна.

Түүнчлэн хосууд Вашингтон муж улсад амьдардаг тул улсын хуулийн дагуу гэрлэлтийн үеэр бий болгосон өмч хөрөнгө, олсон ашиг орлого гээд бүгд л дундын өмч байхаас гадна салалтын дараа ч хоёр талд ижил тэгш хуваагдаж очих журамтай байдаг. Харин Амазон компани хосуудыг гэрлэснээс хожуу байгуулагдсан тул үүсгэн байгуулагч Жефф Безосын Амазоноос олсон 137 тэрбум долларын өмч хөрөнгийн тэн хагас нь эхнэрийн гар дээр ирэх учиртай гэж мэргэжилтнүүд тайлбарлав.

Гэрлэгсэд уг асуудлын хүрээнд урьдаас тохиролцоо хийсэн эсэх эсвэл удахгүй тохиролцоонд хүрэх гэж буй талаар ямар нэг мэдээлэл одоохондоо гараагүй л байна. Эсвэл гэрлэлтээ өөр улсад цуцлуулах эсэх нь ч тодорхой бус байгаа юм. Хосууд мөн Калифорниа, Техас, Вашингтон хот гэх мэт өөр олон газарт өмч хөрөнгө эзэмшдэг билээ.

Хэрэв хосуудын дунд ямар нэг тохиролцоо хийгдээгүй бол Амазоны гүйцэтгэх захирал Жефф Безос-д өөрийн 16%-ийн хувьцааныхаа талыг нэг бол маш яаралтай зарах эсвэл хуулийн дагуу эхнэртээ шилжүүлэх гэсэн хоёр сонголт үлдэх болно.

Харин түүний эхнэр 8%-ийн хувьцаагаа авсан даруйдаа компанийг өөрчлөлт рүү түлхэж нөхрийнхөө эсрэг талд зогсох бүрэн эрх мэдэлтэй болж мэдэх юм. Гэхдээ компанид өөрчлөлт оруулж чадах нь юу л бол.

“Ердөө наймхан л хувь шүү дээ. Энэ тоо том өөрчлөлт хийхэд арай багадна.” Хэмээн Wedbush-ийн шинжээч Michael Pachter өгүүлжээ. Харин Амазоны харилцаа холбооны газрын дэд ерөнхийлөгч Drew Herdener: “Жефф компанийн бүхий л үйл ажиллагаанд гар бие оролцсон хэвээр л байх болно.” Хэмээн ярьжээ.

Facebook-ийн Mark Zuckerberk, Snap-ийн Evan Spigel гэх мэт гүйцэтгэх захирлуудаас ялгаатай нь Амазон дахь Жефф Безосын ноёрхол хувьцааны өндрөөр бус хорин жилийн турш компанийг амжилттай чиглүүлж чадсан удирдагчийн чадвараар бий болсон юм. Тиймээс хувьцаа нь буурсан ч түүний Амазон дахь эрх мэдэл буурахгүй нь бараг тодорхой. Үнэндээ пуужингийн компаниа санхүүжүүлэхэд их мөнгө зарж байгаагаас болж Жеффийн хувьцаа сүүлийн жилүүдэд багассаар байгаа билээ.

Харин учирч болох нэг асуудал нь Амазоны хамгийн их хувьцаа эзэмшдэг хоёр хувь хүний дунд аливаа сөргөлдөөн үүсэх магадлал юм. Хэрэв тийм зүйл болбол Маккензи Безос өрсөлдөөн өрнүүлэхийг хүссэн болж таарна. Ийм тохиолдолд Маккензигийн хуулийн зөвлөх нь түүнд Амазоны үйл ажиллагаанд нь өөрчлөлт оруулах гэж оролдвол олон түмний амны бай болохоос гадна өөрийн хувьцааныхаа үнэ цэнийг унагах маш том эрсдэлтэй гэдгийг зөвлөж тайлбарлах нь баараггүй биз ээ. Тэгэхийн оронд компанитай нягт хамтран ажиллавал хэлэлцээрүүдийн үеэр түүнд тооцоолсноос ч илүү ашиг унах боломжтой гэдгийг эх сурвалжаас онцолсон байна.

Жефф болон Маккензи нарын салах тухай мэдэгдэл цацагдсаны дараахан Жефф өөр бүсгүйтэй уулздаг болсон талаар The New York Post, National Enquirer эх сурвалжуудаас мэдээлсэн билээ. Үүнтэй холбогдуулан “Tabloid Stories”-оос хосуудын салалтыг нэлээд дуулиантай болох төлөвтэй буйг онцолжээ.

“Хэрэв тэд энэ асуудлаа эвсэг шийдэж чадвал тэд зүгээр л дэлхийн хамгийн чинээлэг хувь хүмүүс болон үлдэж бүх зүйл хэвийн өрнөх болно.” Хэмээн Walzer Melcher LLP-г үндэслэгчдийн нэг, Америкийн гэрлэлтийн хуульчдийн академийн ерөнхийлөгч Peter Walzer ярьжээ.

Мөн тэрээр “Бизнест сэтгэл сэвтээм асуудлуудын хажуугаар гуравдагч хүн хутгалдвал үр дүнд нь маш их хэрүүл тэмцэл бий болж, өмгөөллийн төлбөр тэнгэр давж, маш их мөнгөний гарз болдог”хэмээн нэмэрлэжээ.

САНАЛ БОЛГОХ