Илдийг хэрхэн залгидаг вэ?

UB Info

Илд залгидаг үзүүлбэр бол нүд хуурсан ердийн нэг илбэ биш харин урлаг юм. Мэргэжлийн үзүүлбэрчид хамгийн багадаа 40 см урт сэлмийг хоолойгоороо давуулж чаддаг. Харин хэрхэн үүнийг хийдэг нууц нь улаан хоолойны үйл ажиллагаатай нягт холбоотой юм.

Илд залгих эртний урлагийг эзэмшихийн тулд сонирхогчид биеийн рефлексүүдээ хянаж сурах зорилгоор олон жилийн турш сургуулилт хийдэг билээ. Тэдний хийх ёстой хамгийн анхны алхам бол огих, буюу бөөлжих рефлексээ хянаж сурах явдал юм. Ингэхийн тулд үзүүлбэрчид хоолойруугаа хуруугаа хийн сургуулилт хийдэг бөгөөд мөн халбага сэрээ, бийр, нэхмэлийн зүү, гуурс зэрэг зүйлс хийж цаашлаад хувцасны өлгүүр хоолой руугаа гулгуулж дадал болгодог ажээ. Үүний хажуугаар хоолой өвдөх нь маш нийтлэг зүйл юм.

Илд залгих үзүүлбэр нь дараах үндсэн гурван үе шаттайгаар хийгдэнэ. Эхлээд илдийг улаан хоолойн дээд хаагч булчингаар болгоомжтой гулсуулах ёстой. Уг булчин нь таныг идэх, хэхрэх, бөөлжих үед ажилладаг. Дараа нь илдийг зүрхнээсээ холуур гулсуулахын тулд үзүүлбэрч биеэ бөгтийлгөх ёстой. Эцэст нь улаан хоолойг ходоодтой холбодог доод хаагч булчингаар илдээ гулсуулна. Улаан хоолойн булчингууд нь ходоодонд байгаа юмсыг буцаад амаар гарахаас сэргийлдэг эрхтэн бөгөөд ямар ч үед рефлексээрээ ажиллах боломжтой юм. Харин эдгээр булчинг сулруулбал тухайн биед Ходоод, улаан хоолойн сөргөө өвчин үүсэх эрсдэлтэй аж.

Илд залгигчид маш их дадал сургуулилт хийж байж л улаан хоолойн булчингуудаа удирдаж сурдаг бөгөөд ингэснээр ходоод руугаа илдийг оруулж чаддаг байна. Цаашлаад мэргэжлийн үзүүлбэрчид нэгээс ч олон илдийг нэг дор хоолой руугаа хийж чадах бөгөөд дэлхийн рекорд нь 2009 онд 52 илдийг нэг дор залгисан хэмээн тогтоогдож байжээ. Мэдээж энэ бол үнэхээр аюултай үзүүлбэр. Ганц л буруу хөдөлбөл хоолойгоо зүсэж, дотор эд эрхтнүүдээ гэмтээх аюултай. Гэхдээ зөв хийж чадвал энэ нь бие организмаа хянаж сурах гайхалтай чадвар болно.

САНАЛ БОЛГОХ