Шил яаж бууны сумыг зогсоодог вэ?

UB Info

Сумны хамгаалалттай шилний бат бөх чанар нь шилний зузаанаас хамаардаг.

Эхлээд харвал сумны хамгаалалттай шил нь жирийн л нэг вакуум цонхны шилнээс ялгагдах зүйлгүй мэт санагддаг. Гэхдээ ердөө ганцхан сумаар галлахад л вакуум цонх хагарч, сумны хамгаалалттай шил тэсэж үлддэг. Сум нэвтэрдэггүй шил нь зузаан байх тусам олон сум зогсоож чадах бөгөөд мөн ямар буугаар галлах нь шилний бат бөх чанарт ихээхэн хамааралтай байдаг аж. Тэгвэл энэхүү шил нь ямар онцлог давуу шинж чанарыг агуулсан болоод сумыг зогсоож дийлдэг юм бол?

Үйлдвэрлэгч компаниуд өөр өөрийн гэсэн онцлог арга барилаар сумнаас хамгаалалттай шил бүтээдэг. Гэхдээ үндсэндээ энгийн шилний хэлтэрхийнүүдийг поликарбонат материалтай давхарлаж үелүүлэн наах ажиллагаагаар боловсруулж хийдэг ажээ. Өөрөөр хэлбэл энгийн шилнээс хэд дахин зузаан шилэн материалыг үелүүлэн наах ажиллагаанаас гаргаж авдаг гэж ойлгож болно. Харин поликарбонат гэдэг нь Lexan, Tuffak, Cyrolon гэх мэт брендүүдээс үйлдвэрлэн гаргадаг хатуу тунгалаг хуванцар материал юм. Сумны хамгаалалттай шил нь 7-оос 75мм –ийн зузаантай байдаг. Харин шил рүү гал нээхэд сум шилний гадна давхаргыг цоолж нэвтрэх боловч давхарлагдсан поликарбонат материал сумны хүчийг шингээн авч дундаас нь зогсоодог байна.

Сумны хамгаалалттай шилний бат бөх чанар нь шилний зузаанаас хамаардаг. Винтов бууны сум гар бууны сумнаас илүү хүчтэй тусдаг тул үүнийг зогсооход илүү зузаан шил хэрэг болно.

Мөн түүнчлэн нэг талдаа сумнаас хамгаалах, нөгөө талдаа сум нэвтрүүлэх зориулалттай шил бас байдаг. Энэ нь сумнаас хамгаалагдаж байгаа хүнд зөрүүлээд гал нээх боломж олгодог гэдгээрээ давуу талтай юм. Ийм шилийг уян хатан чанартай материалыг хугарамхай материалтай давхарлан наах замаар боловсруулдаг аж.

Нэг талдаа сум нэвтэрдэггүй цонхтой машинд суулаа гэж бодоход таныг гаднаас нь буудвал сум шилний хугарамхай давхаргыг цоолж хүчээ алдах бөгөөд уян хатан чанартай материал сумны үлдсэн тийрэлтийг шингээн авч бүхэлд нь зогсоох болно. Харин та машин дотроос гадагшаа гал нээвэл сум ямар ч саадгүй шилийг цоо нэвтлээд байндаа тусна. Учир нь сум эхлээд уян материалыг цоолж гарвал дараа нь хугарамхай давхаргыг бутлаад гарахад ямар нэг хүндрэл учрахгүй юм.

САНАЛ БОЛГОХ