Цагаан сарын бэлэгний мөнгө Эрээнийг дэмжсээр байна
Нийтлэлчийн булан
357.3 тэрбум төгрөг зөвхөн бэлэгт зориулж гадагш нь урсгаж байна
Монголчуудын уламжлалт сар шинийн өдрүүд болоход ердөө хоёр долоо хоногийн хугацаа үлджээ. Энэ хугацаанд дор бүрнээ амжиж бэлэг, идээ шүүсээ бэлдэх гэсэн хүмүүс Мишээл, Дүнжингарав зэрэг томоохон худалдааны төвүүдэд бужигнаж байна. Хүнсний болон барааны захуудыг чиглэсэн автомашины түгжрэл ч амралтын өдрүүдэд огцом нэмэгдэж, “уртасгасан цагаар ажиллаж” эхэллээ.
Хол ойрын ахан дүүс, ураг төрлүүд жилдээ нэг удаа өргөн дэлгэр цугладаг сар шинээр гарын бэлэг гэгч зүйл өрхийн төсөвт хамгийн том дарамт болдог. Гэсэн ч ёс ёмбогор учраас айл бүр зочдын алгыг өөд нь харуулахын тулд цалин, тэтгэврийн зээл авч, хойд хормойгоороо урд хормойгоо нөхдөг. Нийтлэг энэ үзэгдлийн улмаас монголчууд жилд дунджаар 357.3 тэрбум төгрөгийг гадагш урсгаж байна гэсэн тооцооллыг үндэсний статистикийн хороо хийжээ. Улсын хэмжээнд нийт өрхийн 64 орчим хувь нь цагаан сарыг өргөн дэлгэр тэмдэглэдэг бөгөөд нэг өрх идээ ундаа, гарын бэлэгт зориулж хамгийн багадаа 1.5 сая төгрөгийн зардал гаргадаг байна.
Статистикийн хорооны мэдээллээр, цагаан сарын баярыг 572.6 мянган өрх тэмдэглэж, нийтдээ улсаараа 845.2 тэрбум төгрөг зарцуулдаг гэхээр санхүүгийн хувьд яалт ч үгүй нүсэр баяр. Бэлэгний 80 орчим хувийг импортын бараа, бүтээгдэхүүн эзэлдэг бөгөөд дунджаар 357.3 тэрбум төгрөг зарцуулж байна. Харин MMCG судалгааны байгууллагын хийсэн тооцоогоор цагаан сар тэмдэглэхэд санхүүгийн хувьд өрхөд хамгийн их дарамт болдог зүйл нь гарын бэлэг гэж иргэд хариулсан байдаг. Ийм хэмжээний мөнгө тэр чигтээ өмнөд хөршийн эдийн засгийг дэмжиж байна гэж бодохоор харамсалтай.
• Энэ сар гарсаар төгрөгтэй харьцах юанийн ханш 393.49 төгрөгтэй тэнцэж, Монголбанкны зарласан албан ханш бүх цаг үеийнхээ хамгийн өндөр түвшинд хүрээд байна.
• УБТЗ өнгөрсөн онд таван цонхоор зэрэг үйлчлээд ачааллаа дийлээгүй. Энэ жил 10 цонхоор зэрэг үйлчлэхэд мөн л ачаалалтай байна.
• Сар шинээр бусдаас авсан бэлэг хэрэгцээтэй байж чаддаг уу гэсэн асуултад оролцсон иргэдийн 64 хувь нь хэрэгцээгүй гэж хариулжээ.
Энэ сар гарсаар төгрөгтэй харьцах юанийн ханш 393.49 төгрөгтэй тэнцэж, Монголбанкны зарласан албан ханш бүх цаг үеийнхээ хамгийн өндөр түвшинд хүрээд байна. Үүнийг албаныхан сар шинийн баяр ойртсон тул юанийн эрэлт өссөн гэдгээр тайлбарласан юм.
Уламжлалт баяраар үндэсний үйлдвэрлэлээ дэмжих хөдөлгөөн, хувь хүний санаачилга цахим орчинд өрнөдөг, уг нь. Арга ядаад, facebook тэргүүтэй нийгмийн сүлжээнд “бэлэг бэлгийн дээд бэлэн мөнгө” гэсэн үг хүртэл гарсан. Хэдий тийм ч эл санаачилга төдийлэн газар авахгүй, Эрээн хотыг зорих олны урсгал буурахгүй байгаа юм. Зам тээврийн үйлчилгээ сайжирснаар эл урсгал бүр идэвхжээд байна. Монголын хамгийн хол аймаг, сумын худалдаачид, иргэд ч цагаан сарын бэлэг авахын тулд нийт 4000 гаруй км туулж, Эрээн хотод бөөнөөрөө саатах жишээтэй. Үүнээс болж энэ сард төмөр зам болон авто тээврийн ачаалал эрс нэмэгдсэн байна. “Улаанбаатар төмөр зам”-ын тасалбар худалдаалах төвийн дарга П.Оюунцэцэг “Өвлийн улиралд галт тэргээр зорчих үйлчлүүлэгчдийн тоо жилээс жилд нэмэгдэж байна. Цагаан сарын бэлтгэл хангагдах нэгдүгээр сард урд чиглэлд зорчигчдын тоо эрс нэмэгддэг. Бид нийт тасалбарынхаа 50 хувийг урьдчилсан захиалгаар борлуулдаг. Иргэдэд чирэгдэлгүй үйлчлэхийн тулд цахим захиалгын үйлчилгээ нэвтрүүлсэн. 5-6 вагон нэмэлтээр тогтмол аялуулж байна. Суудлын дүүргэлт хоёр талдаа 100 хувьтай байгаа. Ялангуяа, пүрэв, баасан гарагт ачаалал эрс нэмэгддэг. Бид өнгөрсөн онд таван цонхоор зэрэг үйлчлээд ачааллаа дийлээгүй. Энэ жил 10 цонхоор зэрэг үйлчлэхэд мөн л ачаалалтай байна” гэв.
Авто тээврийн үндэсний төвийн Зорчигч тээврийн тасгийн мэдээллээр, Улаанбаатар-Замын-Үүд-Улаанбаатар чиглэлд энэ сарын 17-ны байдлаар нийт 784 зорчигч тээвэрлэсэн бөгөөд энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 41 хувиар өсчээ. Рейсийн тоогоо таваар нэмэгдүүлсэн байна. Тэгвэл Улаанбаатар-Эрээн-Улаанбаатар чиглэлд 3124 иргэн тээвэрлэжээ. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 39 хувиар өссөн байна. Харин нэмэлт рейс 23 болжээ.
Дорнын соёлтой, цагаан сар тэмдэглэдэг Азийн орнууд манайх шиг уламжлалт баяраараа харь орны эдийн засгийг дэмжээд байдаггүй. Харин ч үндэсний үйлдвэрлэлээ дэмжсэн худалдан авалт хамгийн их хийдэг. Гэтэл манай улсад энэ соёл, дадал бүрэн суугаагүй, урьдын жишгээр Эрээн хотыг зорьсоор. MMCG-ийн хийсэн цагаан сарын хандлагын судалгаагаар, сар шинээр бусдаас авсан бэлэг хэрэгцээтэй байж чаддаг уу гэсэн асуултад оролцсон иргэдийн 64 хувь нь хэрэгцээгүй гэж хариулсан байна. Бэлэгний сонголт хийхдээ 36 хувь нь үндэсний үйлдвэрлэлийн бараа, бүтээгдэхүүн авдаг гэжээ.
Нөгөө талаар, дотоодын эдийн засагт үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж 350 гаруй тэрбум төгрөг үлдээх боломж байгаа гэсэн үг. Үүнийг иргэдийн сонголт, хандлага, дотоодын үйлдвэрлэгчдийн үнийн бодлого, бүтээгдэхүүний чанар шийднэ. Сонгинохайрхан дүүргийн иргэн Ж.Пүрэвсүрэн “Би хүнд архи дарс, овор хэмжээ ихтэй, хэрэг болох эсэх нь мэдэгдэхгүй зүйл өгснөөс чанартай, эдэлж хэрэглэж болохуйц бэлэг өгье гэж боддог. Тийм учраас дотоодын үйлдвэрлэлээ сонгож худалдан авалт хийж байна. Хэдий импортын бараа, бүтээгдэхүүнтэй харьцуулахад үнэтэй боловч чанар сайтай, тэр бүр давтагдаад байдаггүй, дараа нь бэлэг өгсөн хүндээ дурсагдаж байх юм болов уу гэж сонголтоо хийдэг” хэмээн өгүүлсэн юм.
Гэхдээ л үндэсний үйлдвэрлэлээ сонгох нь одоо болтол мөрөөдлийн жагсаалт хэвээр байна. Gogo.mn сайтын явуулж буй “Цагаан сарын бэлгэндээ үндэсний үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн сонгоход юу саад болдог вэ? гэсэн цахим судалгаанд пүрэв гарагийн байдлаар 2370 иргэн саналаа өгсөн байна. Уг судалгааны дүнгээс харахад, хэт үнэтэй гэж нийт оролцогчдын 58 хувь нь хариулсан бол өнгө үзэмж тааруу гэж долоон хувь, олдоц багатай хэмээн гурван хувь саналаа өгчээ. Харин үндэсний үйлдвэрлэгчдийн хувьд өөр бодолтой байна.
Тухайлбал, “Хүлэг тайж” компанийн захирал Б.Хүлэгтбаатар “Манайх хатгамал бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Энэ жилийн хувьд цагаан сард зориулж даалин урласан. Дотоодын үйлдвэрлэлийн бараа, бүтээгдэхүүн үнэтэй байна гэж ярьдаг. Өмнөд хөрштэй харьцуулахад бидний хувьд үйлдвэрлэлийн өртөг, түрээсийн зардал өндөр. Зээлийн эх үүсвэр үнэтэй, бизнесийн орчин төдийлэн сайн биш. Үүнийг бас манай иргэд ойлгож хүлээж аваасай гэж боддог. Үйлдвэрлэлийн нөөц боломжоос шалтгаалаад нэг дор олноор үйлдвэрлэж чаддаггүй. Хатгамлын бүтээгдэхүүн хийгээд бид долоо, найман жил болж байна. Үндэсний бүтээгдэхүүнээ худалдан авах иргэдийн хандлага жил ирэх тусам нэмэгдэж байгаа. Хэдий тийм боловч импортын бараа, бүтээгдэхүүн бэлгийн гол сонголт хэвээр байна” гэв.
Сүүлийн жилүүдэд бэлгэнд хэт их ач холбогдол өгч, чамирхал газар авсан. Угтаа бэлэг өгөх нь ёс төдий гар цайлгах эртний уламжлал. Гэвч үүнийг хавтгайруулж, бэл бэнчинг харуулах нэг аргаа болгосон. Ингэснээр цагаан сарын утга учир алдагдаж, валютын ханшийн дарамттай үед Эрээний эдийн засгийг дэмжиж, өөрсдийн эдийн засгаа ч унагаж, зүдэрч байна. Үндэсний үйлдвэрлэгчид нь Эрээнтэй өрсөлдөхөөс аргагүй болсон. Үнэхээр бэлэг өгөхийг тэргүүнд үзэж байгаа бол бэлэн мөнгө эсвэл дээр үеийн уламжлалаар чихэр, боовоо өгөхөд юу буруудах билээ.
САНАЛ БОЛГОХ
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй