Дуурийн тайзан дээр дахин гарна гэж бодохоор догдлоод байна

ЗГМ: Зочин


Дуурийн дуучид төгөлдөр хуурчдыг “Багш аа” гэж хүндэлдэг юм


Концертмейстер хүн дуурийн дуучин болон балетын бүжигчидтэй хамгийн ойр хамтран ажиллаж, тэднийг удирдан чиглүүлдэг амаргүй хэрнээ нэр хүндтэй ажил. УДБЭТ-т дуурийн концестмейтерээр нэгэн арваны турш ажиллаж байсан Ц.Мягмарцэрэнг сониныхоо хүндэт зочноор урьж ярилцлаа. Тэрбээр өдгөө Монгол Улсын консерваторийн Мэргэжлийн төгөлдөр хуурын тэнхимийн багшаар ажиллаж байгаа юм. Мэргэжлийн төгөлдөр хуурч болохоор бэлтгэгдэж буй хүүхдүүд зөвхөн түүний гараар дамжин хөгжмийн эрдэмд суралцдаг гэсэн үг. Ц.Мягмарцэрэн энэ ярилцлагадаа дуурийн театрт анх орсон түүх, монгол дуучдын ур чадвар болоод концертмейстер гэдэг мэргэжлийн онцлогийг дэлгэрэнгүй өгүүлсэн юм.

-Үе үеийн концертмейстерүүдийн хамтарсан тоглолт удахгүй болох юм байна. Тоглолтоо тэсэн ядан хүлээж байна уу?

-УДБЭТ-ын хамт олон үе үеийн концертмейстерүүдийг оролцуулсан тоглолт хийхээр төлөвлөсөн юм. Ийм концерт хийх нь надад таалагдаж байна. Би сургуулиа дөнгөж төгсөөд шууд УДБЭТ-д хуваарилагдан очсоноос хойш тэнд есөн жил ажилласан. Энэ хугацаанд арав гаруй дуурьт оролцсон. Сургуулиа төгссөний дараах анхны ажил болохоор их дурсгалтай санагддаг. Би эндээс их зүйл сурсан хүн. Дуурийн дуучидтай ажилласан хүн бусдыг гоё дуулуулж сургадаг юм. Амьсгаагаа яаж авах, аль хэсэгт өргөлт өгөх, дууны цэг, таслалыг ямар үед авах гээд хамгийн чухал зүйлсийг сургана гэсэн үг. Одоо хүүхдүүдэд хичээл заахад энэ чадвар маань маш их хэрэг болдог. Урьд нь хийж байсан ажлаа сэргээж, эргээд тайзан дээр гарна гэж бодохоор сайхан санагдаж байна.

-Дуурийн театрын концертмейстерээр сонгогдоно гэдэг амаргүй даваа. Та энэ ажилд хэрхэн орж байснаа сонирхуулаач?

-Би гуравдугаар курст байлаа. Тухайн үед дуурийн театр ганцхан концертмейстертэй байсан. Гэтэл концертмейстер нь Солонгос руу нэг сарын турш тоглолтоор явсан юм билээ. Ингээд төгөлдөр хуурчгүй болчихоод ардын жүжигчин Т.Цолмон багшийг ажиллаад өгөөч гэжээ. Харин Т.Цолмон багш өөрөө завгүй болоод оюутнуудаасаа намайг явуулсан юм. Очоод удирдаач Ч.Жамсранжав гуайтай хамт “Тоска” дуурийн бэлтгэлд оролцлоо. Тэгэхэд Жаамаа гуай миний тоглохыг хараад их олзуурхаж, “Чи төгсөөд манайд шууд орно шүү. Би чамайг авмаар байна” гэсэн. Ингээд сургуулиа төгстөл надаас асуулгүйгээр шууд дуурийн театрт хуваарилсан байсан. өөрийнхөө ажлыг санамсаргүйгээр олоод авсан гэх үү дээ.

-Оюутны ширээнээсээ салаагүй хүүхэд дуурьт ажиллах болчихоод сандарч байв уу?

-Сандраагүй ээ, харин ч гоё санагдсан. Төгөлдөр хуурын ард ганцаараа суугаад бэлтгэлээ хийдэг байсан бол урдаа нот тавьчихаад, дуучинтай хамт тоглоход сонирхолтой санагдсан. Залуу хүн өөр орчинд орохоор сайхан санагдалгүй л яахав. Харин сүүлийн үед би тайзан дээр гаралгүй их удлаа. Тиймээс энэ тоглолтод оролцохдоо сэтгэл хөдөлж, догдолж байна. Маш сайн давтах юм шүү гээд хичээж л байна.

• Есөн жил багшилсан хэрнээ одоо болтол туршлага суугаагүй л байна.
• Сургуулиа төгстөл надаас асуулгүйгээр шууд дуурийн театрт хуваарилсан байсан. Өөрийнхөө ажлыг санамсаргүйгээр олоод авсан гэх үү дээ.
• Монголчуудад мэргэжлийн хөгжимчин болох бүх өгөгдөл нь байна. Гэвч хөдөлмөрч зан дутагддаг.

-Концертмейстер гэдэг ямар онцлогтой ажил вэ?

-Дуурийн дуучид ихэвчлэн 16, 17-гоосоо суралцаж, 4-5 жил суралцаад дуучин болдог. Харин төгөлдөр хуурчид илүү олон жил бэлтгэгдэж төгсдөг. Театрт шинэ дуурь тавилаа гэхэд төгөлдөр хуурч бүгдийг судалж, мэдэж, ойлгосон байх ёстой. Шинэ дуурь тоглоход эхлээд дүрүүдээ хуваарилна. Дараа нь төгөлдөр хуурчид дээр аль дүрийн дуучин аль хэсгийг дуулахыг бас хуваарилдаг. Төгөлдөр хуурч хүн дуучиндаа бүгдийг зааж өгнө. Ерөнхийдөө бүх үндсэн ажлыг хийдэг гэж болно. Нэг дуурь бэлдэхэд хоёр сарын ажил байлаа гэж бодоход үүний 45 хоногт нь төгөлдөр хуурчид заавал ажиллаж таардаг. Д.Солонго эгч нэг ярилцлагадаа “Төгөлдөр хуурч бол дуучдын эх баригч” гэж хэлсэн байна лээ. Тиймээс дуучид төгөлдөр хуурчдыг “Багш аа” гэж хүндэлдэг юм.

-Та яагаад урлагийн хүн болсон юм бэ?

-Манай аав радиогоор “хөгжим бүжгийн коллеж элсэлт авна” гэснийг сонсоод ахыг дагуулан очсон юм билээ. Очоод шалгуултал тэнцчихэж. ингээд нэг багш дээр хуваарилагдан хичээллэж эхэллээ. Харин нэг удаа намайг харах хүнгүй болчихоод ахын хичээл дээр дагуулаад ирсэн юм. Тэгсэн чинь би ахын хажуугаар мэдэмхийрч орж ирээд заасан юмыг нь давхар сураад байж л дээ. Нөгөө багш миний гарыг харсан чинь яг л төгөлдөр хуурчны гар байсан гэнэ. Тэгээд дээрээс нь өөрөө сонирхоод байдаг. Тийм болохоор аавд “дараа жил аваад ирээрэй. Их сайн хөгжимчин болохоор хүүхэд байна” гэсэн. Ингэж л хөгжим бүжгийн коллежид орж байлаа. Ерөнхийдөө аав маань энэ замд хөтлөн оруулсан гэж болно.

-Төгөлдөр хуурыг хөгжмийн хаан гэж ярьдаг. Анх тоглож сурч байхад юу нь илүү сайхан санагдсан бэ?

-Тухайн үед европ хөгжим дэлгэрээгүй байлаа. Аав минь анх төгөлдөр хуур авчрахад бидний хувьд огт танихгүй хүнтэй уулзсан мэт л санагдаж билээ.  Анх их л сониучирхан тоглож байснаа санадаг. Ер нь төгөлдөр хуур 70, 80 хүнтэй оркестрийн дуугаралтыг ганцаараа гаргаж чаддаг онцлогтой хөгжим. тиймээс хөгжмийн хаан гэж нэрлэдэг юм.

-Одоо манай дуурийн дуучид гадаадад улсынхаа нэрийг гаргаад мундаг байна. Таныг ажиллаж байсан үеэс хойш дуучдын ур чадвар, түвшин хэр өөрчлөгдсөн гэж боддог вэ?

-Би дуурийн театрт есөн жил ажиллаад итали руу сургуульд явсан юм. Тэнд долоон жил сурахдаа итали хэл сурсан. Хэл мэддэг болчихоод эргээд дуурийг харахаар өөр санагддаг юм билээ. Үүнээс гадна дуурийг эх оронд нь сурч, тэдний школ ямар мундаг болохыг мэдэрсний дараа ялгааг нь маш тодоор хардаг. Үүний нэгэн адил техник технологи хөгжихийн хэрээр залууст том боломж гарч ирж байна. Youtube-ээс хүссэн бичлэгээ үзэж болно. Нотоо интернэтээс татаж аваад хүссэнээ сурч болно. Гэтэл бидний үед ийм боломж байсангүй. Хэрэгтэй ая нь ихэвлэн пянзан дээр бичигдсэн байдаг. Тэр нь барагтай л бол олдохгүй. Харин одоо бүх юм нээлттэй болсон тул залуу үе хурдан өсөн дэвжиж, нүд нь нээгдэж байна. Өнгөрсөн үетэй харьцуулахад хамаагүй давуу талтай болсон гэсэн үг. Энэ хэрээр ур чадвар нь улам сайжирч байгаа.

-Та хэдэн шавьтай болоод байна вэ?

-Би 2010 оноос хойш энд багшаар ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар 15 сурагчтай байна. Харин төгсгөж гаргасан гэвэл нэг хүүхэд бий. Жилд 1-2 хүүхэд л авч байгаа шүү дээ. Тэгэхээр төгссөн хүүхэд маань намайг ирэхэд 8, 9 дүгээр ангид байсан гэсэн үг. Төгөлдөр хуурч бэлдэнэ гэдэг нарийн ажил. Энэ сургууль чинь сонирхогч биш мэргэжлийн хөгжимчин бэлдэж байгаа гэдэг утгаараа шалгуур өндөр. Элсэж орсон хүүхэд төгсөн төгстлөө надтай хамт энэ өрөөнд ганцаарчилсан бэлтгэл хийдэг юм. Шавь төвтэй сургалтыг жинхэнэ утгаар нь хийдэг гэж болно.

-Авьяастай хүүхэд анхнаасаа мэдэгддэг үү?

-100 хувь урьдчилан олж харах хэцүү. Гэхдээ ерөнхий хана бол байна. Жишээ нь, элсэлтийн шалгалтын үеэр юу ч мэдэхгүй жаахан хүүхдийг ганц хоёр удаа хараад дүгнэлт хийх хэцүү. Тиймээс эхний ээлжинд бие бялдар, гар хурууны байдал, сонсгол зэргийг харж сонгодог. Бусдаас арай нүүрэмгий, цог золбоотой хүүхэд сонгож авахыг хичээнэ. Миний хувьд есөн жил багшилж байгаа ч одоо болтол туршлага суугаагүй л байна. Урлагийн хүний ерөнхий зан төрх байдаг даа. Дайчин, юмыг тултал нь хийдэг, хийж байгаа зүйлдээ дуртай, тайзан дээр гараад оргилсон, гайхуулсан, омголон гэх мэт. Иймэрхүү зан чанар яваандаа суух эсэхийг урьдчилж мэдэхэд хэцүү л дээ.

Төгөлдөр хуур 70, 80 хүнтэй оркестрийн дуугаралтыг ганцаараа гаргаж чаддаг онцлогтой
-Монгол төгөлдөр хуурчдын зэрэг зиндаа олон улсад ямар түвшинд байдаг бол?

-Дуурийн дуучид маань дэлхийн хэмжээнд гарчихлаа. Төгөлдөр хуурчид ч гэсэн түвшингээ ахиулах гээд үе үеийн багш нар хичээж л байна. Ерөнхийдөө дэлхийн түвшин рүү дөхөж байгаа гэж дүгнэнэ шүү. Төгөлдөр хуур Европт үүссэн, Европын хөгжим гэж ярьдаг. Гэтэл энэ зуунд лав тийм биш байна. Одоо хаана л уралдаан болно, тэнд хятад, япон, солонгосчууд дээгүүр өрсөлддөг болсон. Монголчуудын тухайд мэргэжлийн хөгжимчин болох бүх өгөгдөл нь бий. Юмыг их гоё мэдэрч чаддаг онцлогтой хүмүүс. Тэр ч утгаараа монгол хүнд бүх боломж нь бий. Хамгийн гол нь хөдөлмөрч зан л дутагддаг. Хүүхдүүд илүү сайжрахын тулд улам их хөдөлмөрлөх ёстой. Гэтэл одоо бүх юмаа дутуу хийж, өдөр хоногийг аргацаасан байдалтай байх нь элбэг болж.

-Мэдээж дуурь болгон өөрийн онцлог шинжтэй. Энэ дундаас хамгийн гоё санагддаг, тоглох дуртай дуурь гэвэл алийг нэрлэх вэ?

-Дуурь болгон л сайхан. Гэхдээ энэ дундаас Ж.Пуччинигийн “Тоска” дуурийг онцолъё. Ж.Пуччинигийн дуурь хүний дотоод сэтгэлийг хөгжмөөр чөлөөтэй илэрхийлж болохуйц байдгаараа онцлогтой. Дээрээс нь аялгуу үнэхээр гайхалтай.

-Удахгүй болох тоглолт дээр та аль дуурийн хэсгээс тоглох вэ?

-Ж.Пуччинигийн “Тоска” дуурийн хэсгээс тоглохоор бэлдэж байна. “Тоска” дуурьт хайрын алдартай хоёр хоршил бий. Үүнийг нэгийг тоглох юм. Гол дүрийн хоёр хүний нэг нь дуучин, нөгөө нь зураач. Урлагийн хүмүүсийн дурлалын түүхийг өгүүлнэ гэхээр их гоё романтик сонсогдож байгаа биз. Тэр хоёрын дурлалын дуэтийг Ш.Наранчимэг, М.Даваадорж хоёртой дуулна. Дараа нь метц сопрано хоолойтой гавьяат жүжигчин Р.Доржхоролтой хамт П.Масканигийн Cavalleria rusticana гэдэг алдартай дуурийн нэг гоё ариг бас тоглоно. Энэ бол үнэхээр гоё аялгуутай, хүний дотоод сэтгэлийг хөндсөн ари болохоор сонгосон юм. Мөн багш гэдэг утгаараа зургадугаар ангийн сурагч охинтойгоо хамт Бахын төгөлдөр хуурт зориулсан концертын хэсгээс тоглохоор төлөвлөсөн.

-Сайхан ярилцсанд баярлалаа. Тоглолтод тань амжилт хүсье.
САНАЛ БОЛГОХ