Нэгдэл дэлхийн эдийн засгийг аварна
Нийтлэлчийн булан
Маргасаар суугаад дэлхийн эдийн засгаа ангал руу унагачихгүйн тулд нэгдэх хэрэгтэй
Цас лавсаж, үүл бүрхсэн давост нэр нөлөө бүхий эрхмүүд дэлхийн эдийн засагт хуралдаж буй хямралын үүлийг хэрхэн нүүлгэхээ хэлэлцэж байна. Олон улсын шинжээчид өнгөрсөн онд Давосын чуулганаар өсөлтийн өмнөх дэлхийг хэлэлцэж байсан бол одоо уналттай нүүр тулсан цэнхэр гарагийг тольдон харж байна. Дэлхийн эдийн засаг ч, Давосын сэдвүүд ч тэр алга эргүүлэхийн адил өөрчлөгджээ.
Эрсдэл, сорилт өдрөөс өдөрт тэлсээр буй дэлхийн эдийн засаг хагарал, бутрал, маргаан тэмцлийн дунд эргэсээр байвал 2021 онд 0.8 хүртэлх хувиар агших төлөвтэйг Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагаас анхааруулав. Энэ таамгийг баталсан мэт дэлхийн эдийн засгийн чуулганы нээлттэй уралдан ОУВС 2019 оны өсөлтийн таамгаа дахин танаж буйгаа зарласан нь дайран дээр давс нэмлээ. Тус сангийн шинжээчид дэлхийн эдийн засгийн энэ оны төлөвийг 0.2 хувиар бууруулж, 3.5 хувьд хүргэсэн байна. Уг таагүй таамгийн учир шалтгаанаар АНУ, БНХАУ-ын худалдааны маргаан, Брексит, Холбооны нөөцийн банкны бодлого, шийдвэрийг нэрлэжээ. Ялангуяа, улс төр, геополитиктой учиг холбосон эрсдэлүүд улам хүрээгээ тэлэх болсон нь Давосын чуулганд оролцогчдын санааг чилээж байна. Шинжээчдийн зөгнөж буй 2021 оны дэлхийн эдийн засгийн хямралын шинж тэмдэг, суурь хөрс ийн бүрэлдсээр байгаа аж.
Улс төрийн зогсонги, тодорхойгүй байдал өмнөх жилүүдэд хөгжиж буй орнуудыг чиглэж байсан бол өдгөө хөгжингүй улсуудад ч хүрээгээ тэлсээр. Ялангуяа, улс төр, бодлогын залгамж халаа нь тэр бүр савлаад байдаггүй Евро бүсийн нөлөө бүхий орнуудад энэ эрсдэл нүүрлэж, Герман, Францын голлох үзүүлэлтүүд өнгөрсөн оныг урамгүй үдсэн нь илаарьшиж буй дэлхийн эдийн засгийн хүнд байдал сэдэрч эхэлснийг батлав. Тодорхойгүй бөгөөд тогтворгүй байдал дэлхийн эдийн засгийг хямрал руу улам хүчтэй түлхэж буй нь энэ.
Тиймээс маргаж, мэтгэлцсээр суугаад дэлхийн эдийн засгаа ангал руу унагачихгүйн тулд нэгдэн нийлж, хамтран ажиллахыг Давосын чуулганы индрээс олон улсын манлайлагчид уриалсаар байна. Японы Ерөнхий сайд Шинзо Абэ, Германы Канцлер Ангела Меркель, БНХАУ-ын дэд Ерөнхийлөгч Ван Чишань зэрэг чуулганы гол зочид түншлэлийг тэргүүнд тавьж, чөлөөт худалдааг дэмжихийг санууллаа. Мөн бизнес эрхлэгчид ч дуу хоолойгоо хүргэсэн. Дэлхийн бизнесийн нэрийн хуудас болсон HSBC, JPMorgan, Siemens зэрэг томоохон 20 гаруй компанийн төлөөлөл улс төр геополитикийн маргаан хувийн хэвшлийнхэнд тодорхойгүй байдал дагуулж буйг учирлалаа.
Давосын эдийн засгийн чуулганы гол сэдэв нь БНХАУ, АНУ-ын худалдааны маргаанаас гадна Хятадын эдийн засгийн удаашрал байв. Өнгөрсөн онд тус улсын эдийн засгийн өсөлт сүүлийн арван жилийн доод цэгтээ хүрч, Хятадын нөхцөл байдал төсөөлснөөс доогуур буй нь олон улсын анхаарлыг татаж байна.
Тус улсын эдийн засаг энэ онд ч илүү саарах бөгөөд уг удаашрал нь Хятадын эдийн засгийг бараадан хөгжиж буй орнууд болон түүхий эдийн зах зээлд илүү хүчтэй нөлөөлж мэдэх нь. Хөгжиж буй орнуудад халтай байж мэдэх энэ өөрчлөлт шилжилтээс өмнө эдийн засгийн дархлаагаа тэтгэж, нэгдэн нийлж, олон улсын хамтын ажиллагаа, харилцан түншлэлээ бэхжүүлэх хэрэгтэйг энэ удаагийн чуулганаар ойлгож болохоор байна. Улс хоорондын түншлэл, дэлхийг хэрсэн чөлөөт худалдааг улам бэхжүүлэх нь дэлхийн удирдагчдын албан ёсны мэдэгдлээрээ дайсан түлхүүр үгс байлаа. Үүнээс гадна улс орнуудын өрийн дарамт, ам.долларын ханшийн өсөлт зэрэг бидэнтэй танил эрсдэлүүдийг энэ үеэр хөндсөн нь манай улсын гадаад зах зээлийн сорилт улам нэмэгдэж, таамаглахад бэрх тодорхойгүй хүчин зүйлс хүрээгээ тэлж буйг илтгэв.
2019 оны төлөв
Дэлхийн эдийн засагт жинтэй байр суурь эзэлдэг томоохон орнууд болон голлох хүчин зүйлсийн энэ оны төлөвийг IHS Markit Economicsийн таамагласнаар хүргэж байна.
АНУ
Америкийн хөдөлмөрийн зах зээл болон бүтээмжийн өсөлт эрчимжиж, макро эдийн засгаа дэмжинэ. 2018 онд 2.9 хувиар өссөн тус улсын эдийн засаг 2019 онд 2.6 хувиар тэлэх төлөвтэй.
Евро бүс
Евро бүсийн удаашрал энэ онд үргэлжилж, эдийн засаг нь 1.5 хувиар хумигдах таамагтай. Герман, Францын улс төрд тодорхойгүй байдал нүүрлэж эхэлсэн нь бүс нутгийн эдийн засагт нөлөөлнө.
Япон
Японы эдийн засгийн сэргэлт энэ онд удааширч, ДНБ нь нэгээс доош хувиар тэлэх төлөвтэй. Өнгөрсөн онд 0.8 хувиар тэлсэн Японы ДНБ энэ онд 0.9 хувиар өснө гэж шинжээчид тооцож байна.
Хятад
БНХАУ-ын эдийн засгийн өсөлт саарна. 2018 оны гуравдугаар улиралд 6.6 хувиар тэлж, сүүлийн арван жилийн доод цэгт хүрсэн Хятадын эдийн засгийн өсөлт 6.3 хувьд хүрнэ.
Хөгжиж буй зах зээл
Хөгжиж буй зах зээлийн эдийн засаг 2019 онд ялимгүй саарч, ДНБ-ий дундаж өсөлт нь 4.6 хувьд хүрэх төлөвтэй. Худалдааны маргаан, ам.долларын ханшийн өсөлт дарамт болж магадгүй.
Түүхий эдийн зах зээл
Голлох түүхий эдийн эрэлт өсөх хэдий ч зах зээлийн эмзэг байдал үргэлжлэх төлөвтэй. Газрын тосны зах зээлд савлагаа ажиглагдах бол бусад түүхий эдийн ханш ялимгүй сулрах төлөвтэй.
Инфляц
Дэлхийн инфляцын дундаж түвшин гурван хувьд хадгалагдана гэж таамаглаж байна. Ялангуяа, хөгжингүй орнуудад инфляцын түвшин тогтвортой байх бол хөгжиж буй орнуудад өсөлт ажиглагдана.
Мөнгөний бодлого
Холбооны нөөцийн банк энэ онд мөнгөний бодлогын жишиг хүүгээ гурван удаа өсгөнө. Харин Европын төв банк 2020 он хүртэл суурь хүүгээ хөндөхгүй бол Японы төв банк сөрөг хүүгээ хэвээр хадгална.
Ам.доллар
Ам.долларын ханш өснө. Америкийн эдийн засгийн эрч нэмэгдэж, Холбооны нөөцийн банк мөнгөний бодлогоо хумьж буй нь ам.долларын ханш өсөх суурь нөхцөл болох аж.
Эрсдэл
Дэлхийн эдийн засгийн эрсдэл улам хүрээгээ тэлж, бодлогын гажуудал, худалдааны дайн зэрэг сорилтууд бодитоор мөнгөний урсгал болон бизнес эрхлэлтэд нөлөөлж эхэлнэ.
САНАЛ БОЛГОХ
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй