11164
САРС хүндэрвэл хүүхдээ тээх эсэхийг эмч нар шийдэхээс аргагүй
Эрүүл мэнд
38 болон 39 долоо хоногтой төрөх тохиолдол их байна
Цахим хуудастаа бичсэн эмчийн үг. “Иргэд H1N1 вирусийг энгийн ханиад гэж ойлгоод байна. Энэ чинь цар тахалд хүргэдэг вирус” хэмээн бичжээ. Мөн сар шинийн баярын дараа хэдэн хүүхэд эндэх бол гэдгээс айж буйгаа илэрхийлсэн байв.
Анх 2003 онд САРС нэрээр Монголд тархаж байсан цартахал болох H1N1 вирус өдгөө улирлын томуу нэрээр манай улсад “нутагшиж” он гарснаас хойш эрчимтэй газар авсан. Ялангуяа, бага насны хүүхдүүд олноороо өвдөж, эмнэлгийн коридороор дүүрэн хэвтэж байлаа. Өдгөө ч хол хөдөлгөөн татраагүй байна. 1-4 дүгээр сарыг ханиад, томууны улирал гэдэг. Тиймээс ханиад хүрсэн хүмүүс эмчид үзүүлэхгүй өөрөө дур мэдэн эм уух тохиолдол их байдаг. Энэ нь эрүүл мэндийн байгууллагууд H1N1 вирусийн халдварыг энгийн ханиад мэтээр ойлгуулснаас ч болсон байх талтай. Бага насны хүүхэд, нялхсыг хамраад байсан уг вирусын дэгдэлт жирэмсэн ээжүүдийг ч сандаргаж байна.
Энэ талаар тодруулахаар нийслэлийн “Өргөө” амаржих газарт очиход H1N1 вирусийн халдвартай 12 жирэмсэн эх хэвтэн эмчлүүлж байлаа. Гэхдээ уг амаржих газар үүнээс дээш долоо хоногтой жирэмсэн эхчүүдийг л хүлээж авдаг. Харин 36-аас доош долоо хоногтой эхчүүд дүүргийнхээ эмнэлэгт ханддаг байна. Өөрөөр хэлбэл, бусад шатлалын эмнэлэгт өшөө олон ээж хандсан болж таарах нь. Чингэлтэй дүүргийн эрүүл мэндийн төвд он гарснаас хойш уг вирусийн халдвар авснаас жирэмсэн 12 эх хэвтэн эмчлүүлжээ.
“Эмчид үзүүлэхгүй гэртээ байж байгаад ханиад нь хүндэрсэн тохиолдол их байгаа. Жирэмсэн эх удаан ханиалгаснаар сав базалж, төрөлт хурдан явагддаг. Үүнээс болж төрөх хугацаанаасаа өмнө буюу 38 болон 39 долоо хоногтой төрөх тохиолдол их байна” хэмээн Нийслэлийн Өргөө амаржих газрын хавдар, тархвар судлаач эмч Т.Энхбаатар ярилаа.
Үүнээс гадна, ургийн хөгжилд өөрчлөлт гарах эрсдэлтэй гэдгийг ч эмч нар хэлж байна. “Ханиад нь улам хүндэрсэн тохиолдолд ургийн хүчилтөрөгчийн цусан хангамж багасаж, улмаар хөгжил нь саатах, өсөлтгүй болох, дутуу төрөх, зулбах эрсдэлүүд байдаг” хэмээн Чингэлтэй дүүргийн эрүүл мэндийн төвийн Эх барих эмэгтэйчүүдийн ахлах эмч Д.Батбилэг ярив. Тус эмнэлэгт уушгины эд эсийг хамарсан, хүндэрсэн хатгаатай жирэмсэн эхчүүд ирдэг байна. Ханиад нь үүнээс илүү хүндэрсэн тохиолдолд амьсгалын дутагдалд ордог. Ингэснээр эхийн амь нас дээсэн дөрөөн дээр ирж, улмаар хүүхдээ цааш тээх эсэхийг эмчийн зөвлөгөөнөөр шийдэхэд хүрдэг байна. Өөрөөр хэлбэл, төр нь хүртэл бууж өгсөн H1N1 вирусийн улмаас өвдсөн жирэмсэн эмэгтэйн тээж буй үрийнх нь амийг таслах хүртэл арга хэмжээ авах аюултай гэсэн үг юм.
Тиймээс амьсгалын замын халдварт өвчнийг эрт илрүүлэх, аль болох уг вирусээр өвдөхгүй байхыг сануулдаг аж.
Мөн H1N1 вирус нь энгийн ханиадыг бодвол хоруу чанар ихтэй. Тиймээс халдварыг нь цаашид нэмэгдүүлэхгүй байхын тулд эрүүл мэндийн байгууллагууд ямар нэгэн урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах хэрэгтэй.
Нийслэлийн эрүүл мэндийн газраас ханиад, томууны эсрэг ямар арга хэмжээ авч, жирэмсэн эхчүүдээ хамгаалж байгаа талаар тодруулахад “Жирэмсэн эхчүүдэд зориулсан арга хэмжээ аваагүй. Тусад нь үйлчилгээ үзүүлнэ гэж байхгүй. Хяналтандаа орж, эмчдээ тогтмол үзүүлэх ёстой байдаг. Өнгөрсөн оны аравдугаар сард зорилтод бүлгийн хүмүүсийг вакцинд хамруулсан” гэдгээс өөр тайлбар өгсөнгүй.
САНАЛ БОЛГОХ
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй