Монголчуудтай болгоомжтой түншлэхийг дипломатууд нь анхааруулах болов

Зах зээл


Гэрээгээ мөрдөхгүй цагт хөрөнгө оруулагчид Монголоос зугтсаар байх нь


Хөрөнгө оруулалтын орчныг сайжруулна, хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаална, хууль эрх зүйн актуудаа тогтвортой байлгана, татварын дарамтыг багасгана... эдгээр амлалтууд үнэ цэнээ бүр алдаж гүйцлээ. Үүнийг манай засаг төр тоть мэт байнга давтаж, үе үеийн сайд, дарга нар амны уншлага болгосон ч хэлсэн үгнийхээ эсрэг хийтэй үйлдэл гаргасаар ирсэн нь хөрөнгө оруулалт дайжихад хүргэж байна. Бидний үгэнд ч гаднын хөрөнгө оруулагч бүрэн дүүрэн итгэж чадахаа байж. Итгэл байхгүй бол бизнес өрнөхгүй, хамтарч ажиллаж чадахгүй.


Гаднын хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах зөвлөлийг манай улс 2016 онд байгуулж, тэдний бизнест тулгарч буй хууль бус дарамт, шахалтыг хазаарлана гэж ам гарсан. Гэвч нөхцөл байдал үүнээс хойш өмнөхөөсөө дээрдэх бус улам дордож, хөрөнгө оруулалтын өртөг, зардал нэмэгдэж байна. Монголыг тойрох хямд мөнгөний урсгал бидэнтэй ялгаагүй хөгжиж яваа эдийн засгуудыг чиглэн шинэ боломжоор тэднийг тэтгэж, тэнд ажлын байр бий болгож, иргэдийнх нь амьжиргааг сайжруулж эхэллээ. Хамтарч ажиллахад хамгийн ээдрээтэй, хэлсэндээ хүрдэггүй орны нэгээр харин Монгол Улс тодорч, олон улсад нэр нүүрээ барж байна.


• Хөрөнгө оруулалт татах чадвар маань бусад улстай харьцуулахад сул гэсэн үнэлгээ авч, Монгол Улсын шүүх засаглалд олон улсын хөрөнгө оруулагчид эргэлзэж байгаагаа нуусангүй.

• Гаднын хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах зөвлөлийг манай улс 2016 онд байгуулж, тэдний бизнест тулгарч буй хууль бус дарамт, шахалтыг хазаарлана гэж ам гарсан.

• Хөрөнгө оруулалтын орчин муудахад нөлөөлж буй хоёр дахь хүчин зүйл нь гэрээний хэрэгжилт.


Хөрөнгө оруулалт татах чадвар маань бусад улстай харьцуулахад сул гэсэн үнэлгээ авч, Монгол Улсын шүүх засаглалд олон улсын хөрөнгө оруулагчид эргэлзэж байгаагаа нуусангүй. Тиймээс монголчуудтай бизнес хийхийн тулд маргаан гарсан тохиолдолд түүнийг Улаанбаатарт бус Сингапур аль эсвэл Лондоны шүүхээр шийдвэрлэх зохицуулалтыг заавал гэрээндээ суулгасан байх ёстойг хөрөнгө оруулагчид яс махаараа мэдэрч авчээ. Олон улсын хөндлөнгийн шүүхээр бизнесийн маргаанаа хагалж, өөрсдийн эрх ашгаа хамгаалуулах нь илүү цаг хугацаа, мөнгө хэмнэнэ гэж хөрөнгө оруулагчид үзэж байна.


“Монголд хөрөнгө оруулалт хийж, бизне сийн үйл ажиллагаа явуулахаар ирсэн өөрийн орны хөрөнгө оруулагчдад хандан гэрээндээ маргаан үүслээ гэхэд түүнийгээ заавал олон улсын шүүх, арбитрт мэдүүлэх хэрэгтэй гэж зөвлөдөг” тухайгаа Канад Улсаас Монгол Улсад суугаа элчин сайд Дэвид Струп албан бусаар илэрхийлсэн юм. Ер нь гаднын орнуудаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайдууд манай улсын хөрөнгө оруулалтын орчны эрсдэлийг маш өндөр гэж нэрлээд зогсохгүй гэрээний соёл бүрэн утгаараа хэрэгжиж чадахгүй байгаад эмзэглэж байгаагаа илэрхийлж буй. Элчин сайд Дэвид Спрул “Хөрөнгө оруулалтын орчныг сайжруулахад шударга шүүх юу юунаас илүү чухал. Монгол Улсын хувьд шүүх засаглалын чанар чансааг илүү сайжруулах бодитой шинэчлэл, өөрчлөлт хийгээсэй гэж хүсдэг” тухайгаа манай сонинтой хуваалцсан юм.


Хөрөнгө оруулалтын орчин муудахад нөлөөлж буй хоёр дахь хүчин зүйл нь гэрээний хэрэгжилт. Байгуулсан гэрээгээ мөрддөггүй, гэрээгээр хүлээсэн үүргээ цаг хугацаанд нь биелүүлдэггүй байдал хөрөнгө оруулалт хөрөнгө оруулагчтайгаа хамт манайхаас дүрвэх ээлжит шалтгаан болж байна. Ямар ч нөхцөлд гэрээгээ мөрдөж ажиллах нь хоёр талын үүрэг, хариуцлага атал байгуулсан гэрээгээ умартах муу соёлыг төр өөрөө түүчээлж, хөрөнгө оруулагчдыг айлган дарамтлах үзэгдэл нэг бус удаа гарч буй. Энэ байдалд хөрөнгө оруулагчид хамгийн эмзэг хандаж байгаа төдийгүй цаашид монголчуудтай бизнесийн түнш байх боломжгүй гэсэн үг зарим нь унагахад хүргэж байна.


Сангийн дэд сайдын хэлснээр, энэ онд гадаадын шууд хөрөнгө оруулалт өмнөх оноос 13 хувиар өсөж, 1.9 тэрбум ам.долларт хүрэх бөгөөд гадаад худалдааны эргэлт дөрвөн хувиар сайжирч, 14 тэрбум ам.доллар давахаар байгаа юм. Мөн гадаад валютын нөөц 28 хувиар нэмэгдэж, 4.1 тэрбум ам.долларт хүрнэ гэсэн тооцооллыг 2019 оны төсөвт зурагласан. Ийм өөдрөг төсөөллөөр хөрөнгө оруулалт нэмэгдэнэ гэж харж байгаа боловч Засгийн газартай холбоотой маргаанууд шинээр орж ирэх хөрөнгө оруулагчдын хөлийг чөдөрлөж мэдэхээр.


Шударга шүүх засаглал нь хөрөнгө оруулалт татах чадварыг нэмдэг
Авлигын индексээр Монгол Улс 175 орноос 103-т эрэмбэлэгдэж, 2017 онтой харьцуулахад 16 байраар ухарсан байна. Эндээс авлига нэмэгдэж байна гэсэн дүгнэлтэд шууд хүрч болохоор. Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах зөвлөл өмнө нь цаасаар санал, гомдол хүлээн авдаг байсан бол энэ оноос гомдлыг барагдуулах цахим системийг нэвтрүүлэхээр болсон нь нэг дэвшил. Мөн хөрөнгө оруулагчдад зориулсан нэг цэгийн үйлчилгээний төвийг энэ сард багтаан нээхээ мэдэгдсэн ч энэ нь одоогоор бодит ажил болж амжаагүй байна.


Монголбанкны мэдээлснээр, өнгөрсөн онд хөрөнгө оруулалт 2017 онтой харьцуулахад 30 гаруй хувиар нэмэгдсэн гэх. Гэхдээ үүний ард нөгөө л “Оюутолгой” төслийн хоёр дахь шатны хөрөнгө оруулалт буй. Өсөлтийн үлдсэн хэсэг нь ОУВС-гийн манай улсад хэрэгжүүлж буй хөтөлбөрийн хүрээнд хийсэн ам.долларын санхүүжилтээр тайлбарлагдана. Шинээр орж ирсэн хөрөнгө оруулагч, томоохон хөрөнгө оруулалт гээд дурдахаар тоо баримт маруухан. Бидний хувьд хөрөнгө оруулалт татахын тулд хамгийн наад захын соёл гэгдэх байгуулсан гэрээнийхээ өмнө өөрсдөө хариуцлагатай, ёс зүйтэй байх шаардлага хөрөнгө оруулагчдын зүгээс тавигдаж байна. Хэрэв ингэж чадахгүй бол юун хөрөнгө оруулалт мөрөөдөх. Төв банкны зарласан албан ханшаар ам.доллар лхагва гарагийн байдлаар 2629 төгрөгтэй тэнцэж байна. Гадаадын шууд хөрөнгө оруулалт хумигдсан жилүүдэд валютын орох урсгал татарч, ам.долларын эрэлт өсөж байлаа. Энэ хандлага одоо ч эдийн засагт хүчтэй хэвээр. Импортын хэрэглээ давамгайлсан манай улсад валютын ханшийн өсөлт эдийн засгийн хүндрэл бий болгоод зогсохгүй иргэдийн хэрэглээг ч улам үнэтэй болгож орхидог. Тиймээс экспортын орлогод дан ганц найдахаас гадна эдийн засгийн өсөлтийг дэмжих хөрөнгө оруулалтад найр тавих хэрэгцээ, шаардлага их байна. Ирэх жилүүдэд өндөр дүнтэй валютын зээлийн эргэн төлөлт биднийг хүлээж байгаа. Ийм нөхцөлд ам.доллар улам үнэтэй болох эрсдэл бидэнд байна.
САНАЛ БОЛГОХ